Ариун Сүнс гэж юу вэ?
| Библи дэх Ариун Сүнсний тухай

65581 읽음

Ариун Сүнс (聖靈, Holy Spirit) гэдэг үгийг толь бичигт “Ариун Гуравын сэнтий нэг”-ийн Бурханы Сүнс бөгөөд “Христчүүдийн сүнслэг амьдралын үндсэн хүч” гэж тодорхойлдог. Тэгэхлээр Ариун Сүнс биет үү эсвэл биет бус хүч үү? Хэрэв биет бол мөн чанарын хувьд Бурхантай адилхан уу эсвэл өөр үү? Дээрх асуултуудад Библи тодорхой хариулт өгдөг. Ариун Сүнс бол биет, Бурханы мөн чанар бөгөөд итгэгчдэд Ариун Сүнсний бэлгүүд соёрхдог Нэгэн юм. 2000 жилийн тэртээ Хүү болж, өөрөөр хэлбэл Ариун Хүү Есүс болж махбодоор ирсэн Ариун Сүнс эцсийн өдрүүдэд дахин ирж, хүн төрөлхтөнд амийн ус өгнө хэмээн зөгнөсөн байдаг.

Ариун Сүнс гэж юу вэ?

Зарим хүн Ариун Сүнсийг радио долгион, энерги мэт идэвхтэй хүч гэж үздэг байна. Гэвч энэ нь асар буруу ойлголт юм. Библийн дагуу авч үзвэл Ариун Сүнс итгэгчдийн буруу үйлдлийн төлөө санаа зовдог, гомддог (Ефе 4:30). Ёолдог, залбирдаг, боддог (Ром 8:26-27). Бас биечлэн үг айлддаг (Үйл 10:19-20). Энэ бүх сэтгэлийн хөдөлгөөн нь бодож сэтгэдэг, мэдрэмжтэй ​​хүнээс л гарна шүү дээ. Энэ нь Ариун Сүнс бол зүгээр нэг идэвхтэй хүч биш гэдгийн тод нотолгоо юм. Ариун Сүнс буюу Бурханы Сүнс бол Бурханаас тусдаа оршихуй биш Бурхан Өөрөө юм. Учир нь Бурхан бол Сүнс (Иох 4:24).

“… Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажгуу. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч эс мэднэ.” 1Кор 2:10-11

Хүний бодлыг өөрөөс нь өөр хэн ч мэддэггүй шиг Бурханы бодлыг зөвхөн Бурхан л мэднэ шүү дээ. Гэтэл Ариун Сүнс зөвхөн Бурханы л мэдэх бүх нууцыг бүрэн дүүрэн нягталдаг гэсэн байна. Хэрэв Ариун Сүнс Бурханаас тусдаа оршихуй байсан бол ингэх нь боломжгүй хэрэг юм. Тиймээс Бурханы Сүнс буюу Ариун Сүнс нь Сүнсээр оршиж буй тэрхүү Бурхан Өөрөө юм.

Ариун Сүнсний бэлгүүд гэж юу вэ?

Та сүмд очихоороо “Ариун Сүнс авах”, “Ариун Сүнс гуйх” гэх мэт үг хэллэг байнга сонсдог байх. Тиймээс Ариун Сүнсийг зүгээр л Бурханы хүч, Бурханы бэлэг гэх мэтээр буруу ойлгох тохиолдол бий байх. Харин “Ариун Сүнс”, “Ариун Сүнсний бэлэг” гэсэн ойлголт нь өөр юм. Ариун Сүнс хамт оршиж байгаа газарт Ариун Сүнсний хүч илчлэгддэг бөгөөд тэрхүү хүч буюу авьяас чадварыг “Ариун Сүнсний бэлэг” гэж нэрлээд байгаа хэрэг. Энэ нь Ариун Сүнсний нигүүлслээр өгөгддөг бэлэг гэсэн утгатай. Ариун Сүнсний бэлэг олон янз байдаг бөгөөд Ариун Сүнс тэдгээрийг хүн нэг бүрд Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг аж (1Кор 12:4-11). Ариун Сүнс нь хүч чадал биш, харин хүн тус бүрээс янз янзын чадвар гаргахын тулд тэрхүү бэлгийг өгдөг Нэгэн юм.

“Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв.” Үйл 2:4

Пентэкостын өдөр тэмдэглэсэн анхны сүмийн итгэгчид ч мөн “Ариун Сүнсээр дамжуулан өгөгдсөн”-ий дагуу харь хэлээр ярих бэлэг хүлээн авчээ. Дахин хэлэхэд Ариун Сүнс итгэгчдийн дээр бууж, үйлчлэл үзүүлсэн тул тэднээс харь хэлний чадвар гэх Ариун Сүнсний бэлэг илэрсэн хэрэг. Түүнчлэн “Ариун Сүнс буулгах” болон “Ариун Сүнс хүлээн авах” гэсэн хэллэг Библийн хаа сайгүй таардаг. Тодорхой илэрийлэх үед Ариун Сүнсний бэлэг гэдэг ч товчхондоо Ариун Сүнс гэдэг байна (Үйл 2:18, 33). Хэдийгээр “Ариун Сүнс” гэж адилхан илэрхийлсэн байлаа ч нөхцөл байдлаас шалтгаалан “Сүнсээр орших Бурхан”-ыг ч хэлсэн байж болно, “Ариун Сүнсний бэлэг” гэсэн санаагаар хэлсэн ч байж болох юм.

Ариун Сүнс, Ариун Хүү Есүс нь нэг

2000 жилийн тэртээ Бурханы Сүнс буюу Ариун Сүнс махбодон хувцас өмсөж, энэ дэлхий дээр Хүүгийн төрхөөр ирсэн. Тэр бол Мариагийн биеэс төрсөн Ариун Хүү Есүс юм (Иса 9:6, Мат 1:18-23). Есүсийг энэ дэлхий дээр махан биеэр ирсэн Бурхан гэж зөв ойлгосон элч нар Ариун Сүнс болон Ариун Хүү Есүсийг нэг гэдгийг гэрчилсэн байдаг.

“Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. … Христ Есүс нь… Бурханы баруун талд буй, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм.” Ром 8:26-27, 34

Элч Паул гэрчлэхдээ Ариун Сүнсийг итгэгчдийн төлөө зуучлан гуйдаг гэснээ Есүсийг ч мөн итгэгчдийн төлөө зуучлан гуйдаг гэжээ. Энэ нь Ариун Сүнс болон Есүсийн уг мөн чанар адилхан гэдгийг илтгэж байна. Элч Петр ч мөн ижилхэн утгатай тэмдэглэл үлдээжээ.

“… та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан, өөрсдөд нь байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягталж үзжээ. Учир нь Христийн зовлон ба дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.” 1Пет 1:10-11

“Бичвэрийн нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.” 2Пет 1:20-21

Элч Петр хуучин гэрээний эш үзүүлэгчдийг Христийн Сүнсээр хөдөлгөгдөн зөгнөдөг байсан талаар ч хэлж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөн эш үзүүлсэн гэж ч хэлсэн байна. Эдгээр ишлэл ч мөн Ариун Сүнс болон Есүс нь адилхан гэдгийг нотолж байна.

Ариун Сүнс нь Ариун Сүнсний үеийн Аврагч, Хоёрдугаар Есүс

Түүнчлэн шинэ гэрээний Библид Ариун Сүнсний үеийн Аврагч болох Хоёрдугаар Есүсийг “Ариун Сүнс” гэж илэрхийлсэн нь тодорхой гардаг.

“… Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв. … Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ! …” Илч 19:7-9

Энд “Хурга” гэж Есүсийг хэлж байна. Тэрээр анх ирэхэд нь илчлэгдээгүй байсан Сүйт бүсгүйтэйгээ хамт гарч ирж байна. Тэгэхлээр энд гарч байгаа Хурга нь Хоёрдугаар Есүс юм. Элч Иохан эцсийн өдрүүдэд Сүйт залуу буюу Хоёрдугаар Есүс Сүйт бүсгүй (эхнэр)-н хамт гарч ирнэ гэж зөгнөсөн байдаг. Гэтэл нэг гараар бичигдсэн Илчлэл 22-р бүлэгт нь Ариун Сүнс болон Сүйт бүсгүй гарч ирээд, тэнгэрийн хуримын найрандаа үй олон хүнийг урих талаар зөгнөдөг.

“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.” Илч 22:17

Эцсийн өдрүүдэд цангасан нэгэн, хүссэн нэгэнд амийн ус (аврал) үнэгүйгээр өгөх Аврагч буюу Хоёрдугаар Есүс бол тэрхүү Ариун Сүнс мөн. Есүс ч мөн хожим хоёр дахиа ирэх талаараа ийн зөгнөсөн байдаг.

“Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. … Би (Есүс) та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.” Иох 14:16-18

Есүс өөр Туслагч илгээнэ гэснээ, залгуулаад Өөрөө ирнэ гэж хэлсэн нь Есүс өөр Туслагч болон дахин ирнэ гэсэн утгатай юм. “Өөр Туслагч” гэдэг нь хожим ирэх Ариун Сүнсийг зааж байна.

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.” Иох 14:26

Есүсийн гэрчилсэн “Миний нэрээр илгээх Ариун Сүнс” гэдэг нь Анхны Есүсээс хойш дахин ирэх Ариун Сүнс Бурхан бөгөөд эцсийн өдрүүдэд гарч ирэх Аврагч буюу Хоёрдугаар Есүсийг хэлж байна. Ийнхүү Есүс дахин ирэхдээ Өөрийгөө “Ариун Сүнс” гэж нэрлэж.

Ариун Сүнсний нэр юу вэ?

Үеийн төгсгөлийн өдрүүдийг нэвт харсан Есүс бидэнд Ариун Эцэг, Ариун Хүүгийн нэр төдийгүй Ариун Сүнсний нэр байгааг мэдүүлсэн.

“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, …” Мат 28:19-20

Эцэгийн нэр нь Ариун Эцэгийн үеийн Аврагчийн нэр бөгөөд Хүүгийн нэр нь Ариун Хүүгийн үеийн Аврагчийн нэр юм. Эдгээр нэрстэй цуг Ариун Сүнсний нэрийг дурдсан нь Ариун Сүнсний нэр нь Ариун Сүнсний үеийн Аврагчийн нэр болохыг илтгэж байгаа хэрэг.

Илчлэл номд Ариун Сүнсний нэрийг Есүсийн шинэ нэр буюу Хоёрдугаар Есүсийн нэр хэмээн зөгнөсөн байдаг (Илч 3:12, 2:17). Тиймээс Матай 28:19-д гарч буй “Ариун Сүнс” нь Ариун Сүнсний үеийн Аврагч болох Хоёрдугаар Есүсийг хэлдэг юм. Ариун Сүнс гэдэг нь Бурханы Сүнсийг хэлдэг ч нөгөө талаар Ариун Сүнсний үеийн Аврагч, Хоёрдугаар Есүсийг заадаг.

Бурханы мөн чанар болох Ариун Сүнс нь Ариун Эцэгийн үед ч, Ариун Хүүгийн үед ч Өөрийн ард түмэнтэйгээ хамт байж, авралын үйл хэргээ удирдаж байсан юм (2Сам 23:2, Үйл 8:29). Мөн Ариун Сүнсний сүүлчийн үед Есүс энэ дэлхий дээр хоёр дахь удаагаа шинэ нэрээр ирж, амийн усны ундаргыг нээн, авралаа соёрхсон. Энэ үеийн Аврагч, Хоёрдугаар Есүсийг зөвхөн Библийн тусламжтайгаар л ухаарах боломжтой аж (Иох 5:39).

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기