- Бүтээлийн эхний өдөр: Гэрэл, харанхуй
- Бүтээлийн хоёр дахь өдөр: Огторгуйн дээрх ус ба огторгуйн доорх ус гэж хуваав
- Бүтээлийн гурав дахь өдөр: Далай, газар, ургамал
- Бүтээлийн дөрөв дэх өдөр: Нар, сар, одод
- Бүтээлийн тав дахь өдөр: Загас, шувуу
- Бүтээлийн зургаа дахь өдөр: Амьтан, хүн
- Бүтээлийн долоо дахь өдөр: Амралт
“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.” Эхл 1:1
Библийн анхны ном болох Эхлэл ном Бурхан (Елохим1) тэнгэр, газрыг бүтээсэн түүхээр эхэлдэг. Бурхан зургаан өдрийн турш тэнгэр газар, түг түмнийг бүтээж долоо дахь өдөртөө амарсан юм. Библийн түүх тэнгэр, газар бүтээснээр эхэлж, үхэл, зовлон гэж үгүй шинэ тэнгэр, шинэ газар буюу тэнгэрийн хаанчлал ирснээр төгсдөг (Илч 21:1-4).
- Еврей хэлний “Бурхан (Ел, Елоах)” гэдэг үгийн олон тооны хэлбэр. Эхлэл номын эхний өгүүлбэрээс эхлээд л хуучин гэрээний Библид Бурханыг ойролцоогоор 2500 удаа “Елохим” гэж бичсэн байдаг.
Бурхан Өөрийн ард түмнээ тэнгэрийн хаанчлалд хөтлөхийн төлөө авралын үйл хэргээ удирдан буй. Зургаан өдрийн бүтээл нь Бурханы авралын үйл хэрэгтэй холбоотой зөгнөл юм. Бүтээлийн үйл явц болон түүнд шингэсэн зөгнөлийн утгыг харцгаая.
Бүтээлийн эхний өдөр: Гэрэл, харанхуй
Бурхан эхний өдөр гэрлийг бүтээж, гэрлийг харанхуйгаас салган, гэрлийг “өдөр”, харанхуйг “шөнө” хэмээн нэрлэжээ (Эхл 1:3-5). Энэхүү гэрлийг шууд утгаар “гэрэл” гэж тайлбарлаж болох ч зөгнөлийн хувьд энэ нь “амийн гэрэл”-ийг, өөрөөр хэлбэл амь болох Бурханыг таньж мэдэх мэдлэгийн гэрлийг хэлж байгаа хэрэг.
“Эхэнд Үг байсан ба… Үг нь Бурхан байв. … Бүх юм Түүгээр буй болсон. … Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм.” Иох 1:1-5
“Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.”2Кор 4:6
Эхний өдрийн зөгнөлийн үе нь Адамаас Ноагийн үе хүртэл юм. Бурхан анхны хүн Адамын үеэс л Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг гэрэлтүүлсээр ирсэн. Гэвч хүн төрөлхтөн тэрхүү гэрлийг ухаараагүй тул Ноагийн үед ертөнц нүгэл хилэнцээр дүүрчээ. Бурхан дэлхий дээр хүнийг бүтээсэндээ харамсан, тэднийг усаар шүүв (Эхл 6:5-7).
Бүтээлийн хоёр дахь өдөр: Огторгуйн дээрх ус ба огторгуйн доорх ус гэж хуваав
Бурхан хоёр дахь өдөр огторгуйг бүтээж, усыг дээрх, доорх ус гэж тусгаарлан, огторгуйг “тэнгэр” хэмээн нэрлэв (Эхл 1:6-8). Огторгуй гэдэг нь тэнгэр болон агаар мандлыг хэлж байна. Усыг дээрх, доорх гэж хуваасан нь тэнгэр дээрх ус (үүл) болон доорх ус гэж хуваасан гэсэн үг юм.
“Тэр надад… ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.”Илч 17:15
Библид ус нь “хүн төрөлхтөн”-ийг илэрхийлдэг. Тиймээс тэнгэр дээрх ус нь аврал авах Бурханы ард түмнийг, доорх ус нь аврагдахгүй хүмүүсийг илтгэж байна.
Хоёр дахь өдрийн зөгнөлийн үе нь Ноагаас Абрахамын үе хүртэл юм. Үерийн дараа Ноагийн үр удам Бурханы хүслийг зөрчин, өөрсдийн нэрийг алдаршуулан, улмаар дэлхий даяар тараагдахгүйн тулд Бабел цамхаг барьжээ. Бурхан тэдний төлөвлөгөөг нураан, хэлийг нь хутгалдуулан самууруулж, тэднийг дэлхийгээр нэг тараав (Эхл 11:1-9).
Бүтээлийн гурав дахь өдөр: Далай, газар, ургамал
Гурав дахь өдөр нь тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдахад хуурай газар ил гарчээ. Үүний дараа Бурхан хуурайг нь “газар”, хуримтлагдсан усыг нь “далай” хэмээн нэрлэв (Эхл 1:9-10). Бурхан газар дээр ургамал ногоо, үр жимст моддыг ургуулав (Эхл 1:11-13).
Гурав дахь өдөр бүтээгдсэн далайн усаар хүн төрөлхтнийг заадаг шүү дээ (Илч 17:15). Мөн өвс ногоо, мод ургамал нь ч хүн төрөлхтнийг илтгэж байна (Иса 40:7, Лук 23:31). Ус нэг дор хуримтлагдан далай үүсгэнэ гэсэн нь хүмүүс газар газраас цуглан овог аймаг, улс үндэстэн бүрэлдэнэ гэсэн утгыг агуулж байгаа хэрэг.
Гурав дахь өдрийн зөгнөлийн үе нь Абрахамаас Мосегийн үе хүртэл юм. Итгэлийн өвөг Абрахамыг амьдарч байх хугацаанд олон улс үндэстэн бий болсноор гурав дахь өдрийн зөгнөл биелсэн ажээ.
Бүтээлийн дөрөв дэх өдөр: Нар, сар, одод
Дөрөв дэх өдөр нь Бурхан өдөр, шөнийг захируулахын тулд нар, сар гэсэн хоёр том гэрэлтүүлэгч бүтээв. Мөн газрыг гэрэлтүүлэхийн тулд оддыг ч бүтээжээ. Тэрээр мөн улирал, өдөр, жилийг бий болгов (Эхл 1:14-19).
Дөрөв дэх өдрийн зөгнөлийн үе нь Мосегоос Есүс хүртэлх үе бөгөөд энэ хугацаанд хуучин, шинэ гэрээ бий болсон юм. Дөрөв дэх өдөр бүтээгдсэн “хоёр том гэрэлтүүлэгч”-ийн нар нь шинэ гэрээг, сар нь хуучин гэрээг илтгэж байна. Сар өөрөөсөө гэрэл гаргадаггүй, харин нарны гэрлийн ойлтоор гэрэлтдэг шүү дээ. Үүний нэгэн адил хуучин гэрээний хуулиуд нь шинэ гэрээний үед төгс болох шинэ гэрээний үнэний гэрлийг тусгаж харуулсан юм. Дүгнээд хэлэхэд хуучин гэрээний хууль нь Бурханы ард түмнийг шинэ гэрээний үед гарч ирэх Христ рүү газарчлах зааварчлага байсан хэрэг (Гал 3:24).
“Нарыг өмссөн, хөл дороо сар, … нэгэн эмэгтэй”Илч 12:1
“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.”Гал 3:27
Нарыг өмссөн эмэгтэйн хөл дор сар байгаа нь хуучин гэрээний төгсгөл, шинэ гэрээний эхлэлийг зааж байгаа юм. Хуучин гэрээний үе бол хүмүүс сарны гэрэл доор шинэ гэрээний нарны гэрлийг, өөрөөр хэлбэл Христийн гэрэл гэрэлтэхийг хүлээж байсан үе юм.
Бурхан бүтээлийн дөрөв дэх өдөртөө улирал, өдөр, жилийг бий болгосон нь Бурханы хууль, зарлиг, баяр, Амралтын өдөр тогтоогдоно гэдгийг харуулсан зөгнөл байв.
Бүтээлийн тав дахь өдөр: Загас, шувуу
Тав дахь өдөр нь далайд загаснуудыг, тэнгэр огторгуйд шувуудыг бүтээн, тэднийг өсгөн олшруулжээ. Далай нь хүний нийгмийг илэрхийлдэг бөгөөд түр зуурын эзэн нь Сатан юм (Илч 12:9). Есүсийн сургаалт зүйрлэлээс харахад тэнгэрийн шувуудаар ч мөн диаволыг илэрхийлдэг. Диавол Бурханы үг болох сайн мэдээг устгах үүрэг гүйцэтгэдэг (Мат 13:3-4, Лук 8:11-12, 1Пет 1:23).
Тав дахь өдрийн зөгнөлийн үе нь Есүсийг цовдлогдсоны дараах хавчлагын үе болон 1260 жил үргэлжилсэн Шашны харанхуй үеэс МЭ 1798 онд Ромын VI Пьюс пап лам Францын хувьсгалт засгийн газрын цэргүүдэд баривчлагдсан үе хүртэл юм. Сатан хүчээ аваад байсан энэ үед Бурханы амийн үнэн устаж алга болон, харийн шашны зан үйл болон бэлгэ тэмдгүүд христийн сүмд орж ирэн байр сууриа эзэлсэн байна.
“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.”Дан 7:25
Сатаны гарт Бурханы цаг үе болон хуулиуд устана гэж зөгнөсөн ёсоор элч нарын үеэс хойш Бурханы үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэлсэн юм. МЭ 321 онд Амралтын өдрийг ням гаргийн мөргөл болгон өөрчилсөн бол МЭ 325 онд Алгасал баярыг устгажээ. Дараа нь нарны бурхны төрсөн өдөр гэгдэх Христмас, загалмайн шүтээн сүмд шургалан орж ирэв. Шашны харанхуй үед итгэгчид цөл рүү зугтан, элсэн цөл, уул, агуйгаар тэнүүчлэн, гаслант амьдрал туулсан билээ (Илч 12:6, 14).
Бүтээлийн зургаа дахь өдөр: Амьтан, хүн
Зургаа дахь өдөр Бурхан төрөл бүрийн амьтдыг бүтээж, хамгийн сүүлд Адам Ева хоёрыг бүтээсэн байдаг (Эхл 1:24-31). Энэ үед Бурхан “Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё” гэж айлдаад эр, эм хүн бүтээжээ. Эцэг Бурханы дүр төрхөөр эрэгтэй хүнийг, Эх Бурханы дүр төрхөөр эмэгтэй хүнийг бүтээв.
Адам нь “ирэх байсан Түүний (Есүс) дүрс” (Ром 5:14) бөгөөд Адамын эхнэр Еваг “амьд бүхний эх” хэмээжээ (Эхл 3:20). Зургаан өдрийн бүтээлийн сүүлчийн өдөр гарч ирсэн Адам Ева нь авралын ажлын сүүлчийн үед илчлэгдэх Эцэг Бурхан (Хоёрдугаар Есүс) болон Эх Бурханыг илэрхийлдэг юм. 1Коринт номд “Сүүлчийн Адам”-ыг “амь өгөгч сүнс” буюу хүн төрөлхтөнд мөнх амь соёрхох Аврагч гэж бичсэн байдаг (1Кор 15:44-49). Элч Иохан илчлэлт дундаа харсан Сүүлчийн Адам, Сүүлчийн Ева хоёрыг “Сүнс болон Сүйт бүсгүй” гэж тэмдэглэсэн юм.
“Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.”Илч 22:17
Хүссэн нэгэнд амийн ус үнэгүй өгөх Сүнс болон Сүйт бүсгүй бол хүн төрөлхтөнд мөнх амь соёрхох Эцэг Бурхан (Хоёрдугаар Есүс), Эх Бурханыг зааж байна.
Библид амьтнаар харь үндэстнүүдийг илэрхийлдэг (Үйл 10:1-16, 24-29). Адам Ева хоёр хамаг амьтдыг захирна гэсэн нь Сүүлчийн Адам Ева буюу Сүнс болон Сүйт бүсгүй махан биеэр ирээд, хүн төрөлхтнийг аврал руу хөтлөх тухай зөгнөл байсан юм.
Бүтээлийн долоо дахь өдөр: Амралт
Бурхан тэнгэр газар бүтээх ажлаа дуусгаад долоо дахь өдөртөө амарч, тэр өдрийг ерөөн, ариун болгов (Эхл 2:1-3). Тэгээд долоо дахь өдрийн Амралтын өдрийг Бүтээгч Бурханы хүч чадлыг дурсдаг өдөр болгон зайлшгүй дагах ёстойг хуульчлан тогтоов (Гэт 20:8-11, Лук 4:16).
Долоо дахь өдрийн тухайд “Үдэш болоод, өглөө болсон нь долоо дахь өдөр” гэсэн үг байдаггүй. Учир нь энэ нь хэзээ ч дуусахгүй мөнхийн амралтыг бэлгэддэг юм (Евр 4:1-11 үзэх). Бурхан израильчуудад дэлхийн Канаан нутагт орохыг “амралт” болгон өгсөн байдаг (Иош 21:44). Үүнтэй адил сүнслэг израиль ард түмэн тэнгэрийн Канаан болох тэнгэрийн хаанчлалд, мөнхөд амрах ертөнц рүү орох болно.
Бурханы тэнгэр газар бүтээсэн түүхэндээ шингээсэн авралын агуу төлөвлөгөө ганц ч зөрөөгүй биелсэн бөгөөд эдүгээ ч биелсээр байна. Дуулал номын зохиогч түмэн бодисыг хайраар бүтээсэн Бурханы ажил үйлийг магтан, Түүний алдар, Түүний үг дэлхийн хязгаарт ч хүрнэ хэмээн шүлэглэсэн байдаг (Дуу 33:6-7, 19:1-4). Тэрхүү дууллын нэгэн адил энэ цаг үед Бүтээгч Елохим Бурханы алдрын мэдлэгийн гэрэл дэлхий дахинаа гэрэлтэн гийж байна. Эдүгээ амийн ус өгөгч Сүүлчийн Адам Ева буюу Сүнс болон Сүйт бүсгүйг ухааран, хүлээн авах ээлж хүн төрөлхтөн бидэнд иржээ.