Хуучин гэрээний Ёхова Бурханы авралын ажил | Гэрээний ач холбогдол

24085 읽음

Бурхан хүн төрөлхтний авралын төлөө авралын үйл хэргээ гүйцэтгэж байна. Хуучин гэрээний үед Ёховагийн нэрээр ажилласан Бурхан сонголт ба гэрээн дээр үндэслэн, авралын түүхийн үндэс суурийг тавьсан юм. Тэрээр Израилийн ард түмнийг сонгож, тэдэнтэй хуучин гэрээ байгуулан, гэрээг сахигчдыг аварчээ. Энэхүү хуучин гэрээний түүхээс бид Бурханы гүйцэтгэж буй авралын ажлын ерөнхий чиг хандлагыг харж болно.

Ёхова Бурханы авралын ажил I. Тэнгэр газар бүтээх ~ Овгийн үе

Адам Ева хоёр хөөгдсөн нь

Ёхова Бурхан тэнгэр газар түг түмнийг бүтээж, тоос шороо, амин амьсгалаас хүнийг бүтээн, Еден цэцэрлэгт тэднийг амьдруулжээ. Еден цэцэрлэгт идвэл мөнх амьдрах амийн мод (生命果) байсан боловч Адам Ева хоёр могойн уруу таталтаас болж сайн муугийн жимс идээд нүгэл үйлдэж, Еденээс хөөгджээ.

Бурхан Адамд амийн жимсийг сэргээж чадах үнэнийг харуулсан юм. Тиймд Адам тэрхүү үнэнийг Каин Абел хоёрт гэрчилсэн боловч Каин хүлээж авалгүй өөрийн бодлоо даган газар тариалангийн бүтээгдэхүүнээр тахил өргөв. Абел үнэнийг дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн авч, хурганы цус урсган тахил өргөсөн бөгөөд Бурхан үүнийг нь хүлээж авсан юм (Эхл 4:1-4). Энэхүү цус урсгасан тахилын тогтолцоо Мосегийн үе хүртэл үргэлжилжээ (Эхл 8:20-21, 12:7, 15:9).

Ноаг сонгосон нь

Адамын үр удам дунд Абел, Енох нар шиг Бурханы хүслийг дагадаг хүмүүс байсан ч ихэнх нь тийм биш байв. Эцэст нь Ноагийн үед ертөнц ёрын муугаар дүүрсэн тул Ёхова Бурхан дэлхийг үерээр устгасан юм. Гагцхүү Бурхан тэдний дундаас Ноад үерийн өмнө бүхээг барихыг тушааж, авралын ивээлээ соёрхжээ.

Үерийн дараа Ноагийн үр удам бардамнан цуглацгааж, Бурханы хүслийг зөрчин Бабел цамхаг барьжээ. Бурхан тэдний хэлийг хутгалдуулан самууруулж, тэднийг бие биенийхээ хэлийг ойлгохгүй болгон, дөрвөн зүгт тараав.

Абрахамтай гэрээ байгуулсан нь

Бурхан Халдеин Ур тосгонд амьдарч байсан Абрахамыг дуудаад, түүний үр удмыг өсгөн олшруулж, Канаан нутгийг тэдэнд өв болгон өгөхөө амлав. Абрахам Бурханы үгийг бүрэн дагаж, Канааныг зорьжээ. Абрахамыг 99 настай байхад нь Бурхан Абрахамтай болон түүний ирэх жил төрөх үр удамтай нь гэрээ байгуулж, тэдний Бурхан болно гэдгээ амласан юм. Мөн Тэрээр хозлолыг гэрээний тэмдэг болгосон байна (Эхл 17:1-14).

Исаак, Иаков, Израиль

Абрахамыг 100 настай байхад Бурханы амлалтын дагуу эхнэр Сара нь Исаак хэмээх хүү төрүүлэв. Бурхан Исаакийг Абрахамын өв залгамжлагч болгожээ. Исаак Есав, Иаков хэмээх ихэр хөвгүүдтэй байсан бөгөөд Бурхан төрөхөөс нь өмнө амласан ёсоороо ууган хүүгийн эрх болон ерөөлийг дүү Иаковт нь өгөхөөр сонгосон юм. Иаков Бурханы ерөөлийг хүлээн авахын тулд ямар ч хүнд хэцүүг даван туулж, хожим нь “Израиль” хэмээх нэр алдрыг олсон билээ.

Канаан нутагт сүрхий ган гачиг нүүрлэхэд Бурхан Иаковын гэр бүлийг түүний арваннэгдүгээр хүү Иосефоор дамжуулан Египет рүү нүүлгэж, тэднийг аварсан байна. Цаг хугацаа өнгөрөхөд Иаковын арван хоёр хүүгээс Израилийн арван хоёр овог бий болжээ. Израильчууд Египетэд агуу үндэстэн болов. Гэвч Египетийн Фараон хаан тэднээс ихэд болгоомжилсон тул тэднийг дарлан зовоож, эцэст нь боол болгов.

Ёхова Бурханы авралын ажил II. Египетээс гарсан үе ~ Нэгдсэн хаант улсын үе

Израильтай гэрээ байгуулж, тэднийг Канаан руу хөтөлсөн нь

Ёхова Бурхан израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөхийн тулд эш үзүүлэгч Мосег илгээжээ. Дараа нь Тэрээр Синаи уулан дээр Арван тушаалаа тунхаглан зарлаж, гэрээ байгуулсан бөгөөд үүнийг “хуучин гэрээ” буюу “Мосегийн хууль” гэж нэрлэдэг юм. Ингэснээр Адамын үеэс уламжлагдан ирсэн цус урсгах тахилын тогтолцоо хууль болон тогтжээ. Бурхан Өөрийн гэрээ болон хууль сахигчдыг Өөрийн ард түмэн болгоно гэж тунхагласан юм.

Бурхан урьд Абрахамд амласан ёсоороо израиль үндэстнийг Канаан руу хөтлөв. Мөн Канаан руу явах цөлийн замд Тэрээр израильчуудад Бурханы гэрээ, хуулиудын талаар зааж сургасан юм. Энэ нь тэднээр Бурханы гэрээг сахиулж, ерөөл авхуулахын тулд байв. Израильчуудын цөлд өнгөрүүлсэн 40 жил нь тэдний Бурханд итгэх итгэл болон гэрээгээ дуулгавартай дагах эсэхийг нь шалгаж сорих цэвэршүүлэлтийн цаг мөч байсан юм (Дэд.Хуу 8:1-16). Цөлийн эхний үеийнхэн ихэнх нь сорилтонд бүдэрч, цөлд өвдөг шороодсон юм. Зөвхөн Иошуа, Калеб болон цөлийн хоёр дахь үеийнхэн л Канаан нутагт орж, амралт эдлэх боломжтой болов.

Гэрээг мартан, шүтээнд үйлчилсэн нь

Израильчууд цөлд 40 жил тэнүүчилсний эцэст Канаан нутагт хүрч, газар нутаг эзэлж авахын тулд олон дайн хийжээ. Гэвч тэд уг нутгийн уугуул үндэстнүүдийг хөөн зайлуулах Бурханы тушаалыг бүрэн биелүүлээгүй бөгөөд Бурханы гэрээг ч мартсан юм. Үүний уршгаар тэд канаанчуудыг даган, шүтээнүүдэд нь үйлчилж эхлэв. Нүглээсээ болж эргэн тойрныхоо үндэстнүүдийн хүчирхийлэл, дарлалд өртсөн израиль ард түмэн зовлон зүдгүүрийнхээ төлөө Бурханд залбирал өргөжээ. Бурхан тэднийг дайснуудынх нь дарлалаас ангижруулахын тулд шүүгчдийг босгосон боловч байдал намжмагц тэд мөн л Бурханыг мартан, нүгэл үйлддэг байлаа. Нүглийн энэ мэт хорон мөчлөг Шүүгчдийн үеийн турш давтагдсаар байсан юм.

Шүүгчдийн үеийн төгсгөлд израиль ард түмэн Бурханаас эргэн тойрны үндэстнүүд шиг нь хаантай болгож өгөхийг хүсэв. Бурхан тэдэнд хаант засаглалын бусармаг байдлыг харуулсан боловч тэд бодлоо өөрчлөөгүй юм. Эцэст нь Бурхан Саулыг Израилийн анхны хаан болгож, тэд нэгдсэн хаант улсын эрин үетэй золгожээ. Хожим Саулыг Бурханд дуулгаваргүй хандмагц хаан ширээнээс нь буулгаж, Давидыг хаан болгов. Давид Сион хотыг эзлэн, Иерусалимыг шинэ нийслэлээ болгож, гэрээний авдрыг Иерусалимд авчирчээ. Давид Бурханы гэрээ болон хуулиудыг үнэнчээр дагасан учраас Бурхан түүнийг “Миний зүрх сэтгэлийн дагуух хүн” гэж хүлээн зөвшөөрсөн юм. Түүний хаанчлалын үед Израиль улс цэцэглэн хөгжжээ.

Ёхова Бурханы авралын ажил III. Хаант улсын хуваагдсан үе ~ Олзлогдсон амьдралаас эргэж ирсэн үе

Соломон шүтээн шүтэж, Израиль хуваагдсан нь

Давидын хүү Соломоны үед Израиль улс Бурханы ивээл ерөөл дор мандан бадарч байв. Мөн Иерусалим ариун өргөөг барьж байгуулан түүхэн дээд амжилт олсон үе байв. Гэвч Соломон хаанчлалынхаа төгсгөлд Бурханы гэрээ, хуулиудыг орхин, Ашторэт, Милком зэрэг шүтээнүүдэд мөргөв. Үүний улмаас Израилийн хүч суларч, Соломоныг өөд болсны дараа Хойд Израиль, Өмнөд Иуда гэсэн хоёр хаант улс болон хуваагджээ.

Хойд Израилийн хаант улс анхнаасаа л Бурханы гэрээнээс урваж, алтан тугал шүтээнд мөргөн, Бурханаас холдсон байна. Үүний дараа ч тэд Бурханы жигшдэг Баал, Ашера гэх мэт харийн бурхдад үйлчлэн, шүтээний зан үйлээс ангижирч чадахгүй хэвээр байв. Бурхан тэднийг хамгаалаагүй бөгөөд МЭӨ 721 онд Хойд Израиль Ассирийн эзэнт гүрний улмаас мөхөлтэйгөө золгожээ.

Өмнөд Иуда улс зарим үед Бурханд чин үнэнчээр үйлчилж, харийн довтолгооноос аврагддаг байв. Өмнөд Иудагийн Иехошафат хаан Давидын анхны замаар явж, Бурханы хуулийг сахиснаараа Моаб, Аммоны түрэмгийллээс улс орноо хамгаалсан байдаг. Хезекиагийн үед ч мөн удаан хугацаанд тэмдэглэгдээгүй байсан Алгасал баярыг тэмдэглэж, Бурханы хамгаалалт дор Ассирийн довтолгооноос аврагдсан түүх бий.

Гэрээг зөрчсөнөөр Вавилонд олзлогдсон нь

Өмнөд Иуда улс Алгасал баяр тэмдэглэсэн тул МЭӨ 586 он хүртэл Бурханы хамгаалалт дор оршин тогтнож байв. Гэвч тэдний үр удам Бурханы гэрээг орхисон тул Вавилоны довтолгоонд өртөж, ард түмэн нь олзлогдон, Өмнөд Иудагийн нийслэл Иерусалим эзгүйрч сүйрсэн байна (2Хаа 24:14).

Вавилонд олзлогдсон Иудагийн ард түмнийг 70 жил олзлогдсоны эцэст эх нутагтаа буцна хэмээн эш үзүүлэгчээрээ дамжуулан үлдээсэн Бурханы зөгнөл бий (Иер 25:11). Зөгнөлийн 70 жил гүйцмэгц зөгнөлд итгэж, тэвчээртэй хүлээсэн хүмүүс нь баяр хөөртэйгөөр эх орондоо буцаж иржээ. Тэд самаричуудын эсэргүүцэл саад гэх мэт үй түмэн саад бэрхшээлийг үл ажран Иерусалим ариун өргөөг барьж байгуулан, хотын хэрмийг сэргээн босгоход хамаг хүчээ зориулжээ. Тэд мөн Бурханы хууль, гэрээг умартсан учраас харийнхны халдлагад өртөж, улс оронгүй үндэстэн болсон гэж боддог байв. Тиймээс тэд Бурханы гэрээнээс дахин хэзээ ч урвахгүйгээр Мосегийн хуулийг чанд сахихыг хичээсэн. Тэдний хүчин чармайлт Есүсийг ирэх үе хүртэл үргэлжилсэн юм.

Ёхова Бурханы авралын ажил ба гэрээний ач холбогдол

Хуучин гэрээний үед Ёхова Бурханы удирдсан авралын үйл хэргийн гол цөм нь мэдээж гэрээ юм. Бурхан Өөрийн ард түмнээ “Тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн” (Дуу 50:4-5) хэмээн нэрлээд, Бурхан ард түмэнтэйгээ хууль болон гэрээгээр холбогдсон гэдгийг онцолсон байдаг. Тэрээр гэрээгээ сахигчдыг үргэлж ерөөж, гэрээг нь зөрчиж, орхигдуулагчдыг сүйрүүлдэг (Иер 11:6-11).

Тухайлбал Өмнөд Иудагийн Хезекиа хаан ширээнд суусан даруйдаа ариун өргөөг цэвэрлэж, удаан хугацааны турш тэмдэглэгдээгүй байсан Бурханы гэрээ болох Алгасал баярыг тэмдэглэсэн байдаг. Тэрээр Хойд Израиль улсад зарлагуудаа илгээн Алгасал баярыг хамтдаа тэмдэглэхийг ятгасан боловч Хойд израильчууд зарлагуудыг зэвүүцэн, инээлдэж, доромжилж байв (2Шас 30:1-10). Дараа нь Ассири улс довтлох үеэр гэрээгээ зөрчсөн Хойд Израиль мөхсөн юм. Гэрээг сахиж байсан Өмнөд Иуда Бурханы хамгаалалтыг авчээ (2Хаа 18:9-12, 19:30-34).

Энэ түүх Иосиа хааны үед ч давтагджээ. Гэрээний үгийн дагуу Алгасал баяр тэмдэглэсэн Иосиаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы хуулийг дуулгавартай дагасан хэмээн Бурхан магтдаг (2Хаа 23:21-25). Харин Иосиаг нас барсны дараа Бурханы гэрээг орхисон Өмнөд Иуда Вавилоны довтолгоонд өртөн, сүйрэл амссан байна. Бурхан тэдэн дээр яагаад гай гамшиг буулгасныг эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан тодорхой хэлсэн байдаг.

“Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон. Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.” Иер 44:22-23

Шинэ гэрээ байгуулах Ёхова Бурхан

Ёхова Бурхан Израилийг сонгон, тэдэнтэй хуучин гэрээ байгуулж, удирдан хөтөлсөн шалтгаан нь сүнсний израильчуудад буюу аврагдах итгэгчдэдээ сургамж өгөхийн тулд байв (Ром 15:4). Хуучин гэрээг үнэнчээр дагасан хүмүүс ерөөгдөж байсан тухай хуучин гэрээний түүх нь хожим Бурханы гэрээг нандигнан сахигчид ч мөн авралын ерөөл хүртэхийг илэрхийлсэн юм.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. … “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.” Иер 31:31-33

Ёхова Бурхан шинэ гэрээ байгуулна гэж зөгнөжээ. Тэрээр мөн шинэ гэрээний хууль дагадаг хүмүүсийг Өөрийн ард түмэн болгож, тэдний Бурхан нь болно гэдгээ амлажээ. Шинэ гэрээний үеийн Ариун Хүү Бурхан буюу Есүс Маркийн дээд давхрын өрөөнд шавь нарынхаа хамт Алгасал баяр тэмдэглэж, шинэ гэрээ байгуулснаар уг зөгнөл биелсэн юм (Лук 22:19-20). Хуучин гэрээний үед Бурхан сонгосон ард түмэнтэйгээ гэрээ, хуулиудаа байгуулж, итгэлээр дуулгавартай байгчдад ивээл хайрлаж байв. Үүний нэгэн адил шинэ гэрээний үед ч Бурхан сонгосон хүмүүстээ зориулан шинэ гэрээ болон Христийн хуулийг тогтоож, шинэ гэрээ сахигчдад аврал болон мөнх амийн ерөөлөө соёрхох юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기