Библи дэх эш үзүүлэгч Мосегийн түүх | Төрөхөөс үхэх хүртэлх 120 жил

64635 읽음

Мосе бол Бурханы хүслийн дагуу израильчуудыг Египетийн боолчлолоос гаргасан эш үзүүлэгч юм. Библийн Гэтлэл болон Тооллого номуудад Мосегийн амьдралын тухай өгүүлдэг. Тэрээр Египетийн хааны гэр бүлийн баян тансаг амьдралаа орхиж, израильчуудын удирдагч болон, тэдэнтэй хамт зовлонгийн замаар замнасан юм. Тэрээр Бурханы дуу хоолойг шууд сонссоноо ард түмэнд дамжуулж, тэднийг амлалтын Канаан нутагт хүргэхийн тулд Бурханы хүч чадал, яруу алдрыг ухааруулж байв.

Мосе төрж, Бурхан түүнийг дуудсан нь

Иаков (Израиль) Иосефын зөвлөгөөг даган, гэр бүлийнхэнтэйгээ цуг Египетийн Гошен нутагт ирж суурьшсаны дараа Израилийн хөвгүүд буюу еврей үндэстэн өнөр өтгөн болж олшров (Гэт 1:7). Цаг хугацаа өнгөрөхөд Иосефын үед амьдарч байсан бүх хүн нас барж, Иосефыг мэддэггүй шинэ Фараон Египетийг захирав. Фараон хэрвээ дайн дэгдвэл өөрийнх нь нутаг дахь еврейчүүд дайсан улсуудтай нь нэгдэн, Египет рүү довтлох вий гэж түгшдэг байлаа. Тиймээс тэрээр харгалзагчдыг томилж, еврейчүүдийг хүнд хүчир ажилд нухлуулсан боловч дарлах тусам нь израиль ард түмний тоо нэмэгдсээр байжээ. Тэгэхэд Фараон еврейчүүдийг хүү төрүүлбэл Нил мөрөнд хаяж, охин төрвөл амьд үлдээ гэж зарлигдав.

Байдал ийм үед Левийн үр удмын Амрам Иохебед хоёроос нэгэн хүү төрсөн юм. Эх Иохебед нь хүүгээ гурван сар нуужээ. Гэвч цаашид нууж чадахгүй болмогцоо хулсан сагсанд хийж, голын эргийн зэгсэн дунд тавьжээ. Яг тэр үеэр Фараоны охин усанд орохоор гол руу ирээд хүүг олов. Тэрээр хүүг еврейчүүдийн хүүхэд гэдгийг мэдсэн ч түүнийг өрөвдөн өөрийн өргөмөл хүүгээ болгон, уснаас гаргаж авсан гээд “Мосе” гэж нэрлэв. Үүнээс хойш Мосе 40 нас хүртлээ Фараоны охины хүү гэгдэн амьдарч байлаа (Үйл 7:21-23).

Мосе насанд хүрч нэгэн өдөр хааны ордны гадна гартал өөрийнх нь үндэстэн хүнд хүчир хөдөлмөрөөс болж зовж байгааг нүдээрээ харав. Тэр үед нэг египет хүн еврей хүнийг цохиж байгааг Мосе хараад дэлбэртлээ уурлаж, өнөөх египет хүнийг хөнөөв. Мосе египет хүн хөнөөсөн тухай Фараон сонсоод түүнийг алахаар хайв. Харин Мосе Мидиан нутаг руу дайжжээ. Мосе Мидианд очоод тахилч Реуелын охин Зиппоратай гэрлэж тэндээ суурьшжээ.

Мосе хадам эцгийнхээ хонийг хариулдаг байв. Нэгэн өдөр Мосе хонин сүргээ тууж, Бурханы уул Хоребт хүрчээ (Гэт 3:1). Тэнд гал дүрэлзэн байсан боловч бут шатахгүй байгааг Мосе хараад тэрхүү ер бусын үзэгдлийг сайтар харах гэж ойртон очив. Дараа нь Бурхан бутан дундаас Мосетой ярьжээ. Бурхан Египет дэх Өөрийн ард түмний зовлон шаналал, хашхирааныг сонссон хэмээгээд, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах даалгавар Мосед өгөв. Мосе эхэндээ Бурханы өгсөн даалгаврыг хүлээж авахад хэцүү байлаа. Гэсэн ч тэр дороо Бурханы хүч чадал, тусламжийг ухаарч, Бурханы үгэнд дуулгавартай хандан хадам эцэгтээ баяртай гэж хэлээд, гэрийнхний хамт Египет рүү аян замд гарлаа. Энэ үед Мосе 80 настай байжээ (Үйл 7:30-34).

Арван төрлийн гамшиг ба Алгасал баяр

Мосе ах Аароны хамт Фараон дээр очиж “Израилийн Бурхан ЭЗЭН израиль ард түмнээ явуулахыг шаардлаа” хэмээн Бурханы үгийг түүнд дамжуулав. Фараон “Эзэн гэгч хэн болоод би Түүнийг сонсох ёстой юм?” гээд татгалзжээ. Мосе, Аарон нар дахин шаардсан боловч Фараон оронд нь еврейчүүдийг илүү хүчир ажлаар зовоов. Израильчууд зовж зүдэрсэндээ Мосе Аарон хоёрын эсрэг гомдоллов. Иймд Мосе өөрийг нь Фараон руу очиж Бурханы үгийг дамжуулснаас хойш Фараон тэднийг бүр ч илүү дарлах болсон тухай Бурханд өчжээ.

Бурхан Египетэд арван төрлийн үлэмж гамшиг ар араас нь буулгав. Египетийн бүх голыг цус болгон хувиргах нэг дэх гамшгаас эхлээд мэлхий, дэлэнч, ялаа, тахлаар мал амьтад үхэх, хортой буглаат хатги гарч арьс ялзрах, аянга мөндөр, царцаа, түнэр харанхуй гэх мэт гамшиг Египетийн бүх нутагт буув. Гэвч израильчуудын амьдардаг Гошен нутгийг гамшиг дайрсангүй. Гамшиг буух болгонд Мосе Аарон нар Фараон руу очиж израильчуудыг явуул гэж шаарддаг байжээ. Тэгэх болгонд Фараон тухайн зовлонг тэсвэрлэж чадахгүйдээ израиль ард түмнийг явуулна гэж амладаг ч гамшиг намжихаар сэтгэл нь бүр ч хатуурч, амлалтаа зөрчдөг байв.

Арав дахь гамшиг нь ууганууд үхэх гамшиг байлаа. Бурхан Мосе, Аарон нарыг дуудаж, тэрхүү гамшгаас хэрхэн хамгаалагдахыг тэдэнд мэдүүлэв. Энэ нь Алгасал баяр тэмдэглэх явдал байлаа. Бурхан Алгасал баярын хурганы цус түрхсэн айл гэр дээр тэрхүү цус нь тэмдэг болж, гамшиг тэднийг алгасан өнгөрнө хэмээн айлдлаа. Мосе Израилийн ахмадуудыг дуудан Бурханы тушаасан бүхнийг уламжилж, ард түмэн Бурханы хэлсэн ёсоор үйлджээ.

Алгасал баярын шөнө Бурхан египетчүүдийн бүх ууган хүүхдүүд болон малын анх төрөгсдийг хөнөөж, Египетэд асар их уйлаан майлаан болов. Фараон цаашид тэвчиж чадахаа больж, шөнө дөлөөр Мосе Аарон нарыг яаралтай дуудан “Израиль ард түмнээ мал сүрэгтэй нь дагуулаад яв, Бурхандаа үйлчил” гэж хэлжээ. Египетчүүд хүртэл израильчуудыг бушуухан явуулах гэж шавдуулав. Мосе болон израиль ард түмэн Алгасал баярын маргааш буюу эхний сарын 15-ны өдөр удаан хугацаанд боолчлогдсоны эцэст Египетийг орхин гарцгаав (Тоо 33:3). Бурхан Израилийг Египетийн боолчлолоос чөлөөлсөн эрх мэдлийн өдөр болох Алгасал баярыг үеийн үед мөнхийн зарлиг болгон тэмдэглэхийг тушаажээ (Гэт 12:1-14). Тэрээр мөн Алгасал баярын маргаашнаас Улаан тэнгис гатлах хүртэл амссан зовлон зүдгүүрийг нь сануулах үүднээс Исгээгүй талхны баяр гэх баярыг тогтоов.

Улаан тэнгисийн гайхамшиг ба Арван тушаал тунхаглагдсан нь

Египетээс гарсан израильчууд Улаан тэнгист хүрчээ (Гэт 14:1-2). Фараон бодлоо өөрчилж, Египетийн бүх тэрэг, цэргийг удирдан тэдний араас хөөв. Ард түмэн айсандаа Бурханд хандан хашхирч, Мосегийн эсрэг гомдоллов. Тэр үед Мосе Бурханы тушаасан ёсоор далай дээгүүр гараа сунгахад ус хоёр хуваагдан далайг хуурай газар болголоо. Ард түмэн шөнөжин далай гаталж, ус тэдний баруун зүүн талд ханаран байв.

Ард түмэн үүрийн гэгээнээр далайг эсэн мэнд гаталж, хуурай газарт хүрэв. Бурханы хэлснээр Мосе гараа далай руу дахин сунгахад далайн ус эргэж хэвэндээ оржээ. Израильчуудын араас хөөж байсан Фараоны бүх цэрэг живж үхэв. Бурханы гайхамшигт хүч чадлыг хараад ард түмэн сая нэг Бурханаас эмээж, Мосед итгэн, Бурханд талархал, яруу алдар өргөв. Бурхан тэдний Улаан тэнгисийг гаталсан өдрийг Ургацын анхны үрийн баяр болгон тогтоож, жил бүр дурсан тэмдэглэхийг тушаажээ.

Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр ард түмэн Елим болон Синаи уулын хоорондох Син (Sin) цөлд хүрэв. Хоол хүнс дуусахад хүмүүс Мосе, Аарон нарын эсрэг дахин гомдоллож, тэднийг цөлд өлсгөлөнгөөр алах гэлээ гэв. Дараа нь Бурхан тэдэнд тэнгэрээс манна буулгажээ. Зургаа дахь өдөр тэдэнд хоёр дахин их манна буулгаад, долоо дахь өдөр буюу Амралтын өдөрт бэлтгэхийг тушаалаа.

Улаан тэнгис гаталснаас 40 дэх өдөр буюу ариун тооллын гурав дахь сарын нэгний өдөр израиль ард түмэн Синаин цөлд хүрч, Синаи уулын өмнө майхнаа босгов. Мосе Бурханы дуудлагаар Синаи ууланд гарчээ. Гурав дахь өдөр нь Бурхан Синаи уулан дээр галан дунд морилон бууж, Арван тушаалаа тунхаглав. Аянга, цахилгаан, бүрээн дуу, утаа багширсан уулыг хараад ард түмэн дагжин чичирч байлаа. Тэд Бурханы дуу хоолойг сонсвол үхэж мэднэ гэж айсан тул Бурханы үгийг өөрсдөд нь дамжуулахыг Мосегоос гуйжээ. Иймд Бурхан ард түмнийг майхан руу нь буцааж, Мосег дуудан 3 удаагийн баярыг багтаасан бүх тогтоол, зарлиг, хуулиа хэлж зааварлаад, тэдгээрийг ард түмэнд зааж, сахин үйлдүүл хэмээн айлдав.

Мосе буцаж ирээд, Бурханы айлдсан бүхнийг тэдэнд хэлэхэд ард түмэн Бурханы үгийг дагахаа санал нэгтэйгээр хариулжээ. Маргааш өглөө нь Мосе уулын бэлд тахилын ширээ босгож, Бурханд шатаалт тахил, эвийн тахил өргөлөө. Бурхан ард түмнээ сургахын тулд хууль, тушаалаа буюу Арван тушаал бичсэн чулуун хавтанг өгнө гээд Мосег дахин Синаи уул руу гарч ирэхийг тушаалаа. Улаан тэнгис гаталснаас тавь дахь өдөр Мосе уул өөд өгслөө. Уулыг үүл бүрхэн, Бурханы алдар дээр нь тогтов. Мосе 40 хоногийн турш Синаи ууланд байлаа (Гэт 24:18). Бурхан Мосед ариун газрын бүтэц, хэмжээг харуулан, тайлбарлаад, харсан загварынхаа дагуу ариун газар барихыг түүнд тушаав (Гэт 25:1-9). Тэгээд Тэрээр Өөрийн мутраар бичсэн Гэрчлэлийн хоёр хавтанг Мосед өгчээ. Мосе Арван тушаал авахаар Синаи уул өөд гарсан өдөр нь Долоо хоногуудын баярын үүсэл болсон юм.

Алтан тугал шүтээнд мөргөсөн ба асар барьсан түүх

Мосег уулнаас бууж ирэлгүй 40 хоноход ард түмэн алтан тугал шүтээн бүтээж мөргөв. Синаи уулнаас бууж ирсэн Мосе гэнэтийн энэ үзэгдлийг хараад уур нь дүрэлзэж, гартаа барьж явсан Арван тушаал бүхий чулуун хавтангаа уулын бэл рүү шидээд, хагалж орхилоо. Мосе ард түмэн эмх замбараагүй болсныг хараад Левийн хөвгүүдэд алтан тугалд мөргөсөн хүмүүсийг хөнөөхийг тушаажээ. Тэр өдөр 3000 орчим хүн алагдав.

Мосе ард түмний өмнөөс гэмшин, Бурханаас өршөөл гуйжээ. Ард түмэн гашуудаж, гоёл чимэглэлээ тайлаад, зүрх сэтгэлээ ариусгасны дараа Бурханд мөргөхөөр гадагшаа гарав. Мосе майхнаа хуарангийн гадна хол нүүлгэж, Бурхан израильчуудтай хамт байгаасай хэмээн залбирдаг байжээ. Мосе чин сэтгэлээр залбирсанд Бурхан Мосед урьдын адил хоёр чулуун хавтанг өөртөө бэлтгэж, Синаи уул өөд гарч ир гэв. Ариун тооллын 6 сарын 1-ний өдөр Мосе хоёр чулуун хавтангаа бариад Синаи ууланд гарав. Бурхан тэдэнд өмнө нь өгсөн гэрээний үгс буюу Арван тушаалаа тэрхүү хавтан дээр бичиж өгчээ. 40 хоногийн дараа 7 сарын 10-ны өдөр Мосе Арван тушаалаа бариад уулнаас буун ирж, Бурханы үгийг Израилийн бүх хөвгүүдэд уламжиллаа (Гэт 34:32). Бурхан Мосегийн хоёр дахиа Арван тушаал аваад бууж ирсэн тэр өдрийг Эвлэрүүлгийн өдөр болгон тогтоож, түүнээс арав хоногийн өмнө буюу 7 сарын 1-ний өдрийг Бүрээдэлтийн өдрөөр товложээ.

Дараа нь Мосе Бурханы тушаасан ёсоор Арван тушаал хадгалах асар барьж эхлэв. Тэрээр израильчуудыг цуглуулаад асар барихын төлөө янз бүрийн өргөл авчрахыг тушаан, асар барих болон сав суулга хийх ухаалаг хүмүүс хэрэгтэйг хэлэв. Дараа нь зүрх нь хөдөлсөн болон сайн дурын сэтгэлтэй хүмүүс өргөлөө баяртайгаар авчирчээ (Гэт 35:1-29). Ард түмэн асрын материал өргөхийн тулд долоо хоногийн турш шаргуу ажиллалаа. Мосе Безалел, Охолиаб хоёрыг асрын барилгын ажлыг хариуцах хүмүүсээр томилж, бүх хүнийг барилгын ажилд сайн дураараа оролцуулав. Ард түмэн материал цуглуулж, асар барьж байсан үеийг дурсах зорилгоор Бурхан Майхан баярыг тогтоож, тэмдэглэхийг тушаажээ. Дараа жилийнх нь эхний сарын эхний өдөр асар барьж дуусгахад, дээгүүр нь үүл бүрхэж, Бурханы цог жавхлан асрыг дүүргэн байлаа.

Тэр жилийнхээ ариун тооллын эхний сарын 14-ний үдэш израильчууд Бурханы үгийн дагуу Синаин цөлд Алгасал баяр тэмдэглэв. 2 сарын 1-ний өдөр Бурхан Мосед хүн амын тооллого явуулахыг тушаажээ (Тоо 1:1-2).

Канааныг тандсаны дараа

Мосе болон израиль ард түмэн Параны цөл дэх Кадеш Барнеад хүрч ирээд буудаллав (Дэд.Хуу 1:19). Энд Мосе Бурханы айлдсанаар овог бүрээс төлөөлөгч болгон арван хоёр хүнийг сонгоод Канаан нутгийг тандахаар явуулжээ. Канааныг 40 хоногийн турш тагнаад буцаж ирсэн тандагчдын арав нь уг нутгийн талаар базаахгүй мэдээ дэлгэрүүлж, тэндхийн ард түмэн аварга биетэй тул Израиль тэднийг дийлж чадахгүй гэжээ. Энэ үгийг сонссон ард түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнөжин ард олон уйлалдан, Мосе Аарон нарын эсрэг гомдоллож байлаа. Газар нутгийг тагнасан тандагчдын дунд Иошуа Калеб хоёр хувцсаа урж, Бурхан бидэнтэй хамт байгаа тул тэр газар нутгийг бидэнд өгнө, канаанчууд бидний хоол болно хэмээн хашхирч байв. Гэвч айдаст автсан ард түмэн тэдний үгийг сонсохгүй, харин ч бүр Иошуа Калеб хоёр руу чулуу шидэх гэлээ. Бурхан ихэд хилэгнэн ард түмнийг зэмлэж, Иошуа Калеб хоёроос өөр хэн ч, хорь ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн буюу Бурханд гомдоллогсод амлалтын газарт орж чадахгүй хэмээн айлджээ. Үүнээс хойш ард түмэн цөлд тэнүүчлэх болов.

Левийн овгийн Кора болон Реубений овгийн Датан, Абирам, Он нар тахилчийн албанд шунахайрч, хоёр зуун тавин удирдагчтай хамт хөдлөн, Мосе Аарон нарыг эсэргүүцэн бослоо (Тоо 16:1-2). Мосе тэднийг яагаад өөрсдийн байр суурийг голон, тахилчийн албанд шунахайрч, Бурханд тэрслэв хэмээн зэмлэсэн боловч тэд сонссонгүй. Үүний уршгаар Кора, Датан, Абирам болон гэрийнхнийг нь мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт газар залгив. Хоёр зуун тавин удирдагч ч Бурханы галаар устав. Дараагийн өдөр нь ард түмэн Мосе Аарон нар дээр ирж, та нар Бурханы ард түмнийг үхэлд хүргэсэн хэмээн гомдоллов. Бурхан хилэгнэж гамшиг буулгасан бөгөөд энэ гамшгаар арван дөрвөн мянга долоон зуун хүн үхжээ.

Израильчууд дахин Зин (Zin)-ий цөлд ирж, Кадешт буудаллажээ (Тоо 20:1, 33:36-37). Уух усгүй болоход ард түмэн Мосе, Аарон нарыг тойрон цугларч, гомдоллов. Бурхан Мосе Аарон нарт таягаараа хад цохиж ус гарга гэж айлдлаа. Мосе, Аарон нар ард түмнийг хадны өмнө цуглуулаад, “Сонсогтун, тэрслэгчид ээ. Бид энэ хаднаас та нарт ус гаргах ёстой юу?” гэж хэлэв. Тэгээд таягаараа хадыг хоёр удаа цохиход хаднаас арвин их ус оргилон гарч ард түмэн, мал амьтад ундаалжээ. Гэвч ийн хэлсэн нь Мосегийн алдаа болов. Хаднаас ус гаргасан нь Бурхан байсан ч ард түмний гомдолд зовж зүдэрсэн Мосе өөрөө ус өгч байгаа аятай үг хэлсэн байв. Бурхан Мосе, Аарон нарт “Ард түмний нүдний өмнө Намайг ариун хэмээн харагдуулахаар та нар Надад итгээгүй учраас Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй” гэж айлдлаа.

Хүрэл могойн явдал ба шүтээн шүтсэн нь

Израильчууд Хор уулнаас хөдөлж, Едом хаан өөрсдийг нь газар нутгаараа дамжин өнгөрөхийг зөвшөөрөөгүй тул аргагүйн эрхэнд Едом нутгийг холуур тойрч явахаар болжээ. Тэгмэгц ард түмэн мөн л Бурханд болон Мосегийн эсрэг гомдоллож эхлэв (Тоо 21:4-5). Иймээс Бурхан ард түмний дунд хорт галт могойнуудыг илгээхэд тэдгээр нь ард олныг хатгаж, олон хүн үхэж эхлэв.

Ард түмэн Мосе дээр ирж “Бид Бурханы мөн таны эсрэг ярьснаас болж нүгэл үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар Бурханд зуучлан залбираач” гэж гуйв. Мосе ард түмний төлөө залбирахад Бурхан “Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно” гэж айлдлаа. Мосе Бурханы айлдсанаар хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулахад могойд хатгуулсан хүмүүс хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.

Моаб эмэгтэйчүүд Зиддимд байсан израильчуудыг мэхэлж, садар самууны нүгэл үйлдэхэд хүргэв. Тэд өөрсдийн бурхаддаа тахил өргөхдөө израиль ард түмнийг урьж, хамтдаа хооллон, ард түмнийг бурхаддаа мөргүүлж, Пеорын Баалд буюу шүтээнд мөргүүлжээ.

Иймд Бурхан ихэд хилэгнэн, Израиль дээр гамшиг буулгасан бөгөөд гамшгаар олон хүн үхжээ. Мосе Израилийн шүүгчдийг дуудаж Пеорын Баалтай нийлсэн бүх хүнийг алагтун гэв. Ард түмэн уулзалтын майхны үүдэнд цуглаад уйлалдав. Тэр үед Симеон овгийн эцгийн бүлийн нэг удирдагч Мосе болон Израилийн хөвгүүдийн даяар хотол түмний нүдний өмнө мидиан эмэгтэйг дагуулан майханд оров. Тахилч Аароны ач, Елеазарын хүү Финехас үүнийг хармагцаа зэвүүцэж, жад аван майханд нь орж, тэднийг хөнөөснөөр гамшиг зогслоо. Гамшгаар үхэгсэд хорин дөрвөн мянга болжээ. Гамшиг зогссоны дараа Бурхан Моабын талд Мосе ба тахилч Елеазар нарт дахин ард түмнийг тоолохыг тушаав (Тоо 26:1-2). Синаин цөлд тооллого хийснээс хойш бараг 40 жилийн дараа хийсэн 2 дахь тооллого энэ байлаа.

Мосегийн үхэл

Бараг дөчин жилийн цөлийн амьдралын эцэст Бурхан Мосед Небо ууланд гарч Израилийн хөвгүүдэд өгсөн газрыг хар гэж айлдлаа. Ард түмэн Зин цөл дэх Кадешт ус байхгүйгээс гомдоллоход Бурхан Мосед “Бурханыг ариун гэж харагдуулаагүй тул амлалтын газарт орж чадахгүй” гэж хэлсэн билээ. Тэрээр мөн Нуны хүү Иошуаг авчирч, түүн дээр гараа тавьж, бүх ард түмний удирдагчаар томилохыг захив. Мосе Бурханы айлдсан ёсоор Иошуаг дуудан, тахилч Елеазар болон бүх ард түмний өмнө зогсоон, түүн дээр гар тавьж удирдагч болгожээ.

Мөн Израилийг завхралд автуулж, шүтээнд мөргүүлсэн Мидианаас өшөө авсныхаа дараа Мосег эцэг өвгөд рүүгээ буцах болно гэж айлдлаа. Мосе овог бүрээс нэг мянга, нийт арван хоёр мянган хүнийг сонгоод тэднийг зэвсэглэн дайнд явуулжээ. Израиль Бурханы тушаасан ёсоор Мидиан руу дайрч, тэднийг устгав. Тэр үед Реубены болон Гадын хөвгүүд Мосе, Елеазар, удирдагч нар руу ирж, өөрсдөд нь Иорданы зүүн талын газар нутгийг өгөхийг хүсжээ. Мосе үүнийг сонсоод эхэндээ уурласан боловч овгийнх нь эрчүүд Иорданы баруун талын (Канаан) бүх газар нутгийг эзлэх хүртлээ гэртээ буцаж ирэхгүй, хамт тулалдана гэж тэднийг хэлэхэд тэрээр саналыг нь хүлээн авав.

Египетээс гарснаас хойш 40 дэх жилийн 11 сарын 1-ний өдөр Мосе болон израиль ард түмэн Иордан голын зүүн талд Моабын талд хүрлээ. Тэнд Мосе ард түмэнд сүүлчийн удаа сургажээ (Дэд.Хуу 1:5). Египетээс гараад энд ирэн иртэлх 40 орчим жилийнхээ аян замыг тэрээр тайлбарлаад, үхэл амьдрал аз эз Бурханаас хамааралтайг, дуулгавартай байх нь ерөөл, дуулгаваргүй байх нь хараал дагуулдгийг сануулж, хууль дагаж мөрдөхийг зөвлөжээ. Дараа нь Мосе израильчуудыг ерөөгөөд Небо ууланд гарч, амлалтын газрыг хараад, тэндээ нас барсан бөгөөд түүнийг хөндийд оршуулав. Тэр үед Мосе 120 настай байжээ.

Мосед өгөх үнэлгээ

Мосе “газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн” байжээ (Тоо 12:3). Тэрээр өөрийнх нь эсрэг юм л бол дургүйцэн, гомдоллодог израиль ард түмнийг ихэд хайрладаг байсан юм. Тэрээр ард түмний нүглийн төлөө Бурханд залбирч, тэднийг Канаан руу хөтлөхийн тулд өөрийгөө бүрэн зориулжээ. Тиймээс Библид Мосегийн тухай “Бурханы бүх гэрт итгэмжит байсан” хэмээн бичсэн байдаг (Евр 3:5). Мосе бол Бурхантай нүүр тулан ярилцсан цорын ганц эш үзүүлэгч байсан бөгөөд түүнээс хойш түүн шиг эш үзүүлэгч Израильд гараагүй ажээ.

Мосе нь хожим ирэх Христийг бэлгэдсэн түүхэн хүн юм (Дэд.Хуу 18:17-18, Үйл 3:20-22). Мосегийн үйлс нь Есүс Христийн хийх ажлыг харуулсан сүүдэр, загвар байв. Үүний нэг жишээ нь Мосе цөлд хүрэл могой өргөсөн үйл явдал нь Есүс загалмай дээр өргөгдөхийг харуулсан зөгнөл байсан юм (Иох 3:14-15). Мосегийн үйлсийн дагуу тогтоогдсон 3 удаагийн 7 баяр нь Есүсийн гүйцэтгэх үйл хэргийн зөгнөл байсан билээ.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기