Ёхова яагаад Есүс гэж? | Ёхова = Есүс Христ

9454 읽음

“Ёхова Есүс мөн үү?” гэсэн асуултын тухайд асар олон тайлбар, үзэл ойлголт байдаг. Учир нь тэнгэр газар түг түмнийг бүтээж, Улаан тэнгисийг хуваасан Ёхова Бурхан, мужааны хүү болон мэндэлж, бидэнтэй ижил махбод бүхий дүр төрхөөр амьдарч байсан Есүс тэс өөр харагддагт юм. Тиймээс хүмүүс Есүсийг Ёхова Бурхан гэдэгт итгэхэд хэцүү байв. Гэвч хэрэв бид Ёхова Бурхан болон Есүсийн тухай Библийн ишлэлүүдийг харьцуулж үзэх юм бол шинэ гэрээний үеийн Ариун Хүү Есүс нь хуучин гэрээний үеийн Ариун Эцэг Ёхова Бурхан мөн гэдгийг баталж чадна.

Аврагч Ёхова, Есүс

Хуучин гэрээний Библид байнга гардаг Аврагч нь Ёхова Бурхан юм. Хуучин гэрээний Библид Эзэнээс (Ёховагаас) өөр Аврагч байхгүй гэж бичигдсэн байдаг.

“Би, зөвхөн Би ЭЗЭН, Надаас өөр аврагч үгүй.” Иса 43:11

Гэтэл шинэ гэрээний Библид Есүсээс өөр Аврагч байхгүй гэж бичигджээ.

“Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. …” Үйл 4:11

Хэрэв Ёхова Бурхан болон Есүс нь тусдаа оршихуй байсан бол дээрх хоёр ишлэлийн аль нэг нь буруу болох бөгөөд Библид зөрчил үүснэ. Гэхдээ энэ нь буруу биш юм. Учир нь Есүс бол энэ газарт махбодоор ирсэн Ёхова Бурхан мөн. Ёхова Бурхан болон Есүс нь нэг оршихуй учраас л “Ёховагаас өөр аврагч байхгүй” гэсэн үг ба “Есүсээс өөр аврагч байхгүй” гэсэн үг нь адилхан утгатай юм.

Нэгэн Хөвгүүн болон мэндэлсэн Эцэг Бурхан

Хуучин гэрээний Библид Эцэг Бурханыг нэгэн Хөвгүүн болон мэндэлж, Давидын сэнтийд заларна хэмээн зөгнөсөн байдаг.

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг гайхамшигт Зөвлөгч, хүчит Бурхан, мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. … Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. …” Иса 9:6-7

Энэ нь Ариун Эцэг Ёхова нэгэн Хөвгүүн болон мэндлээд, Давидын сэнтийд заларна гэсэн үг юм. Гэтэл шинэ гэрээний Библид уг зөгнөлийг Есүс биелүүлсэн хэмээн гэрчилдэг.

“… Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. … Эзэн Бурхан Түүнд (Есүст) өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд” Лук 1:30-33

Мариагийн биеэс хүүхэд болж төрөх Есүсийг “Давидын сэнтийд залрах болно” хэмээн тэнгэр элч хэлсэн байна. Тиймээс 700 жилийн өмнө бичигдсэн Исаиа 9-р бүлгийн зөгнөл дагуу нэгэн Хөвгүүн болон төрж, Давидын сэнтийд заларсан Эцэг Бурхан буюу Ёхова Бурхан бол Есүс гэдэг нь гарцаагүй.

Амралтын өдрийн Эзэн болсон Ёхова, Есүс

Ёхова Бурхан зургаан өдрийн бүтээлийн ажлаа дуусгаад долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоож, Амралтын өдрийг ариунаар сахихыг тушаасан (Эхл 2:2-3, Гэт 20:8-11). Амралтын өдөр сахигч ард түмэндээ ерөөл өгдөг Амралтын өдрийн Эзэн нь Ёхова Бурхан юм. Тийм ч учраас хуучин гэрээнд Ёховагийн Амралтын өдөр гэж бичсэн байдаг.

“—Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний (Ёховагийн) Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.” Гэт 31:13

Гэтэл шинэ гэрээний Библид Есүсийг “Амралтын өдрийн Эзэн” гэж бичсэн байдаг.

“Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.” Мат 12:8

Тиймээс Ёхова Бурхан болон Есүс нь нэг оршихуй бөгөөд Есүс Христ бол тэнгэр газар түг түмнийг бүтээсэн Бүтээгч Бурхан мөн. Тийм атал Ёхова Бурхан болон Есүсийг өөр гэж зүтгэх нь “Ёхова Бурханы Амралтын өдөр” гэсэн үг ба “Есүс Амралтын өдрийн Эзэн” гэсэн үгийн аль нэгийг үгүйсгэж байгаа хэрэг болох юм. Өөрөөр хэлбэл энэ нь биднийг аврахын тулд хүнтэй ижилхэн махан биеийн төрхөөр энэ дэлхий дээр ирсэн Бүтээгч Эзэнээ үгүйсгэж буй буруу үзэл баримтлал болно гэсэн үг.

Альфа Омега болох Ёхова, Есүс

Илчлэл 1-р бүлэгт Ёхова Бурхан Өөрийгөө Альфа ба Омега хэмээсэн.

“Байгаа, байсан, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан “Альфа ба Омега нь Би байгаа юм” хэмээн айлдаж байна.” Илч 1:8

Шинэ гэрээний Библид “Эзэн Бурхан” гэж Ёхова Бурханыг хэлдэг. Илчлэл 4-р бүлгээс бид байсан, байгаа, хожим ирэх Төгс хүчит “Эзэн Бурхан” бол тэнгэрийн сэнтийд залран, дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагчаас үеийн үед яруу алдар авах Бүтээгч Эзэн буюу Ёхова Бурхан мөн гэдгийг батлах боломжтой (Илч 4:8-11). Илчлэл 1:8-т гарч байгаа Эзэн Бурхан нь Ёхова Бурхан мөн гэдгийг Ариун Эцэг, Ариун Хүүг өөр өөр оршихуй гэж үздэг “Ёховагийн гэрчүүд” урсгалынхан ч хүртэл үгүйсгэж чаддаггүй юм. Тиймээс тэдний хэвлэсэн Библийн “Шинэ ертөнцийн орчуулга” гэсэн хувилбарт “Эзэн Бурхан бол Ёхова” гэж тодорхой бичсэн байдаг.

Иймд Илчлэл 1:8-т гарч байгаа үг “Ёхова Бурхан бол Альфа, Омега” гэсэн утгатай. “Альфа” нь грек цагаан толгойн 24 үсгийн эхний үсэг бөгөөд “Омега” нь сүүлийн үсэг тул “Ёхова Бурхан бол Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл” гэсэн утга ч болж байна. Энэ нь хуучин гэрээний үеэс л онцолж ирсэн үг юм (Иса 44:6). Гэтэл Илчлэл 22-р бүлэгт ч “Альфа, Омега нь Би байгаа юм” гэж хэлсэн Нэгэн бий.

“Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм.” Илч 22:13

Сая судалснаа авч үзэхэд энд гарч байгаа “Би” нь мэдээж Ёхова Бурхан шүү дээ. Харин дараагийн ишлэлд “Альфа ба Омега, Эхэн ба Эцэс нь Есүс” гэж бичсэн байна.

“Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. … Давидын Удам ба Үндэс, өглөөний гэрэлт од бол Би байгаа юм гэв.” Илч 22:13-16

Нэг хүний гараар бичигдсэн Илчлэл номын 1-р бүлэгт Ёхова Бурханыг “Альфа ба Омега” гэсэн байж 22-р бүлэгт нь Есүсийг “Альфа ба Омега” гэжээ. Эндээс харсан ч Ёхова Бурхан болон Есүс нь нэг оршихуй болохгүй гэж үү? Хэрэв Есүс зөвхөн Хүү байсан бол, Тэрээр Эцэг Бурхан биш байсан бол Түүнийг яагаад ч “Альфа” гэж нэрлэхгүй юм. Хэрэв Эцэгийг нь “Альфа” буюу “Эхэн” гэх юм бол Эцэгээс төрсөн Хүүг мэдээж удаах нь гэх ёстой шүү дээ. Гэтэл Библид Есүсийг ч “Альфа буюу Эхэн” гэдэг. Эндээс харахад Есүс нь гарцаагүй Ёхова Бурхан мөн.

Хэдийгээр Тэрээр эгэл даруу мужааны хүү болон төрж, бусдын нэгэн адил амьдарсан байлаа ч Есүс бол Альфа, Омега болсон Эцэг Бурхан юм. Есүс Өөрийгөө “Хүү” гэж нэрлэсэн учир нь Тэрээр ариун Бурханы яруу алдрыг бүрэн илчлээгүй бөгөөд Өөрийн хүүхдүүдийн нэгэн адил махан биеэр төрсөнд байгаа юм. Харин Библийг зөв ойлгосон хүн л бол Есүсийг Бурханы мөн чанар гэдгийг хүлээн зөвшөөрөх нь лав (Фил 2:5, Ром 9:5).

Есүс энэ дэлхий дээр Аврагч болон ирж, нүглийн уучлалын хууль болох шинэ гэрээ тогтоосон байдаг. Нэгэн хөвгүүн болон төрж, Давидын сэнтийд заларсан Есүс. Амралтын өдрийн Эзэн, Альфа ба Омега болох Есүс. Түүнийг Ёхова Бурхан мөн гэдгийг Библи баттай гэрчилдэг билээ.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기