Өнөө үед Есүс Христэд итгэдэг хүн олон байдаг ч Есүсийн цусаар тогтоож өгсөн шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг христчүүд олддоггүй. Учир нь МЭ 325 онд Никеагийн зөвлөлөөр Алгасал баяр устсан юм. Эзэн хаан Константины удирдлаган дор хуралдсан Никеагийн зөвлөл нь тухайн үедээ болсон дэлхийн хэмжээний шашны анхны хурал байсан бөгөөд сүмийн болон дэлхийн түүхэнд томоохон орон зай үлдээсэн юм.
Есүс “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийн та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” хэмээн айлдаад, бидэнд ч бас сахихыг хичээнгүйлэн захисан шинэ гэрээний Алгасал баяр яагаад, хэрхэн яаж замхран алга болсныг сүмийн түүхийг үндэс болгон судалцгаая.
Шинэ гэрээний Алгасал баярын үнэн өөрчлөгдсөн нь
Есүс Алгасал баярын өдөр (ариун тооллын 1-р сарын 14-ний орой, пүрэв гараг) ариун зоог барьж, дараагийн өдөр нь болох Исгээгүй талхны баяраар (ариун тооллын 1-р сарын 15, баасан гараг) загалмай дээр эцсийн амьсгалаа хураасан юм. Тэрээр Исгээгүй талхны баярын дараах Амралтын өдрийн маргааш (ням гараг) амилсан байдаг. Өөрөөр хэлбэл Амилалтын баяр нь Исгээгүй талхны баярын дараах анхны ням гарагт болдог бөгөөд Есүсийн зовохоосоо өмнө тэмдэглэсэн Алгасал баяраас тэс ондоо өдөр юм (Лук 22:15).
Анхны сүм Христийн гэрээслэл ёсоор ариун тооллын 1-р сарын 14-ний орой Христийн үхлийг дурсан Алгасал баярын ариун зоог барьдаг байв (1Кор 5:7, 11:23-26). Маргааш нь буюу 15-нд нь тэд Исгээгүй талхны баяраа тэмдэглэн, мацаг барьдаг байсан бөгөөд (Мар 2:19-20), Исгээгүй талхны баярын дараах анхны ням гарагт нь талх хуваан Амилалтын баяраа сахидаг байжээ (Үйл 20:6-7, Лук 24:30-31). Гэтэл элч нарыг өөд болсны дараа шинэ гэрээний эдгээр үнэн аажим аажмаар өөрчлөгдсөн юм.
Тухайн үедээ “дэлхийн нийслэл” гэгдэж байсан Ром хотод байрладаг Ромын сүмийн итгэгчдийн дийлэнх нь боол шивэгчин гэх мэт доод давхаргынхан байв. Гэвч дунд болон язгууртны давхаргынхны тоо нэмэгдэхийн хэрээр ойролцоох сүмүүддээ нөлөөлж эхэлсэн байна. Гэтэл энэхүү Ром сүм Христийн сургаалаас гажиж, Алгасал баяраар ариун зоог барихаас татгалзан, Алгасал баярын дараа болдог ням гарагт нь (Амилалтын баяр) ариун зоогийн ёслол үйлддэг болжээ. Хэдийгээр ариун зоогийн ёслол нь Христийн амилсныг бус үхлийг дурсдаг ёслол байсан ч (1Кор 11:26) тэд Алгасал баяр, Амилалтын баяр гэх өөр өөр баяруудыг нэгтгэсэн байна.
Алгасал баярын талаарх анхны маргаан
Ромд төвлөсөн барууны сүмүүдийн бий болгосон шинэ зан үйл нь Есүсийн үеэс л ариун тооллын 1-р сарын 14-ний орой ариун зоог барьж ирсэн зүүний сүмүүдтэй маргаан үүсгэв. 155 оны орчим Ром сүмийн удирдагч Аникетус болон Смирна сүмийн харгалзагч Поликарп нарын хооронд маргаан дэгдсэн байна. Поликарп нь Есүсийн шавь Иоханаар сургагдсан харгалзагч байв. Тэрээр уг маргаан дээр өөрийгөө болон бусад элч нарыг жил бүр ариун тооллын 1-р сарын (нисан сарын) 14-нд Алгасал баяр сахиж ирснээ дурдсан байдаг. Түүнчлэн тэрээр Алгасал баяраар ариун зоог барих нь Есүсийн үеэс уламжлагдан ирснийг онцлон тайлбарласан байна. Гэвч талууд тохиролцоонд хүрч чадаагүй.
“Гэхдээ зүүн болон барууны сүмүүдийн хооронд ялгаа байв. Ази дахь хамгийн чухал өдөр бол Нисан сар 14-ний өдөр байсан бөгөөд… Тэд талархлын ариун зоогийн ёслол (Eucharist) үйлдэх зан үйлтэй байв. Гэвч барууны сүмүүд Нисан сар 14-нөөс хойш, ирэх ням гараг хүртэл нь мацгаа үргэлжлүүлж байгаад Алгасал баярын ариун зоогийн ёслол үйлддэг байв. … 155 онд Поликарп энэ асуудлаар Ромын пап лам Аникетустай (Anicetus) санал зөвлөлджээ. Гэвч талууд харилцан биенээ ятгаж дийлээгүйн улмаас өөр өөрсдийн баримталдаг өдөрт тэмдэглэхээр тогтов.” JWC Wand, “Сүмийн түүх-анхны хэвлэл (Church History-Early Edition)”, орчуулсан И Жан Шиг, Солонгосын Христийн шашны утга зохиолын нийгэмлэг, 2000, 121-122хуу
Алгасал баярын талаарх хоёр дахь удаагийн маргаан
Алгасал баярын маргаан МЭ 197 оны үед дахин ширүүсэв. Тухайн үед Ром сүмийн харгалзагч (одоогоор пап лам) Виктор ариун зоогийн ёслолыг Алгасал баяраар (ариун тооллын 1-р сарын 14-ний орой) биш, харин Алгасал баярын дараагийн анхны ням гарагт (Амилалтын баяраар) барих нь “Доминикийн дүрэм (Эзэний дүрэм)” хэмээн олон сүмд тулган шаардаж, сенсаац дэгдээсэн байдаг. Есүс нисан сарын 14-ний орой ариун зоог барьсан билээ. Тийн атал Виктор эл өдрийн дараах ням гарагт ариун зоог барьдаг Ром сүмийн зан үйл л Есүсийн зарчим мөн хэмээн зөрүүдлэн байв.
“Энэ маргаанаас ч илүү ноцтой маргаан 197 онд Ромд дэгджээ. Ромын пап лам Виктор (Victor) Аникетусаас илүү хүчирхэг байсан бөгөөд тэрээр бүх үймээн самууныг намжааж, Амилалтын баярыг ням гарагт тэмдэглэдэг Доминикийн дүрмийг (Dominical Rule) дагаж мөрдөхөөр болов. Виктор өөрийн онцгой эрх мэдлийг ашиглан, уг дүрмээс эрс шийдэмгий татгалзсан сүмүүдэд хатуу арга хэмжээ авсан байна. Харин хэргийг ийн шийдвэрлэсэн нь эсэргүүцлийн шуурга дэгдээв.” JWC Wand, “Сүмийн түүх-анхны хэвлэл (Church History-Early Edition)”, орчуулсан И Жан Шиг, Солонгосын Христийн шашны утга зохиолын нийгэмлэг, 2000, 122хуу
Иймд барууны сүмүүд Ром сүмийн шийдвэрийг дагахаар болов. Харин элч нарын үеэс л ариун тооллын 1-р сарын 14-нд Алгасал баярын ариун зоог барьж ирсэн Ази дахь сүмүүд үүнийг няцаасан аж. Ефесийн харгалзагч Поликратес пап лам Викторт илгээсэн захидалдаа Ази дахь сүмүүдийг удирддаг байсан Филип, Иохан зэрэг элч нар, мөн үй олон амиа зориулагчид 1-р сарын 14-нд Алгасал баяр тэмдэглэдэг байсан тухай дурдсан байна. Мөн тэрээр 8 дахь үеийн харгалзагч болохынхоо хувьд энэхүү уламжлалыг даган 1-р сарын 14-нд Алгасал баяр тэмдэглэж байгаагаа илэрхийлээд, шинэ гэрээний Алгасал баяр тэмдэглэх ёстойг хатуухан байр сууринаас хэлжээ. Үүнд Виктор Ази дахь сүмүүдийг гаж гэж үзээд, харьяаллаасаа хөөхийг оролдсон ч олон сүмийн удирдагчдын ятгалгаас шийдвэрээ цуцлахад хүрсэн байна.
“Гэхдээ Азийн харгалзагчид эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн зан үйлээ дагана хэмээн байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэднийг Поликратес (Polycrates) гэдэг хүн удирдаж байв. Тэрээр Викторт (Victor) болон Ром сүмд бичсэн захидалдаа өөрсдөд нь уламжлагдан ирсэн зан үйлийн талаар ийн тайлбарласан байдаг.”
“Бид баяруудаа үнэн мөнөөр нь зөв сахиж байгаа. Бид үүн дээр нэмсэн юм уу хассан зүйл байхгүй. … Арван хоёр шавийн нэг болох Филип элч… Иохан элчийн булш ч энэ Ефест байна. … Энэ хүмүүс огтхон ч замаасаа хазайлгүй итгэлийн зөв зарчмыг дагаж сайн мэдээнд байгаачлан 14-ний өдөрт Алгасал баяраа тэмдэглэж байлаа. Мөн Поликратес миний бие та нарын хажууд мөхөс нэгэн боловч өмнөх харгалзагчдынхаа мөрдөж байсан зан үйлийг ном ёсоор нь уламжлуулж ирсэн болно. …”
“… Энэхүү захидлыг хүлээн авсан Ром сүмийн харгалзагч Виктор Ази дахь болон хөрш зэргэлдээх бүхий л сүмийг уламжлал ёсоо дагаагүй гэх шалтгаанаар хилстүүлж, шашны бүлэглэлээс шахан гаргахыг оролдсон байна. Улмаар хаа сайгүй мэдэгдэл бичиг илгээж, тэндхийн ахан дүүсийг бүгдийг нь байр сууринаас нь хална гэж сүрдүүлэн тунхаглажээ. Гэвч энэ нь харгалзагч нарын зөвшилцөж гаргасан шийдвэр биш байсан аж.” Иосебиус Памфилус, “Иосебиусын сүмийн түүх (Eusebius’ Ecclesiastical History)”, орчуулсан Ом Сон Уг, Инсон, 1990, 294-295хуу
Никеагийн хурлаар шинэ гэрээ Алгасал баярыг устгасан нь
Аникетус, Виктор нарын Ромын папууд Алгасал баярыг устгах гэж ямагт оролдсон хэдий ч устгаж дийлээгүй юм. Харин энэхүү маргааны гал IV зуунд дахин асчээ. Эцэст нь Ромын эзэн хаан Константины удирдсан Никеагийн зөвлөлөөр Алгасал баярыг устгасан байна. Ром сүм он удаан жил Алгасал баярыг устгахыг санаархаж ирсэн нь 325 онд Никеад болсон шашны хурлаар биеллээ олов. Чингэхдээ Ром сүмийн үзэл баримтлал ёсоор Алгасал баярыг устгаж, оронд нь Амилалтын баяраар ариун зоог барих шийдвэрт хүрчээ.
Мөн Амилалтын баярыг хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс бүтэн сар гарсны дараах анхны ням гарагт сахихаар тогтжээ. Тэд Алгасал баяр, Исгээгүй талхны баяр гэх Библийн тогтоолыг авч хэрэгсэлгүйгээр Амилалтын баярын өдрийг тогтоохыг оролдов. Тэгээд Библид байдаггүй “хаврын өдөр шөнө тэнцэх өдрөөс хойших бүтэн сар” гэх шинэ онол гаргаж ирээд, бүтэн сар гарсны дараах анхны ням гарагт Амилалтын баяр тэмдэглэхээр тогтов.
3. Никеагийн (Nicaea) хурал
1) Хурал болсон өдөр болон хурал санаачлагч
325 оны 5-6 сард, Константин эзэн хаан…
3) Хурал зарласан шалтгаан
① Амилалтын баярын өдрийн талаар хэлэлцэх (Зүүний сүмүүд Алгасал баярыг сахин, барууны сүмүүд ням гаргийг чухалчлав)…
6) Хурлын шийдвэр
… ③ Амилалтын баярыг ням гарагт сахихаар шийдвэрлэв. И Жун Ги, “Сүмийн товч түүх (간추린 교회사)”, Сэжун соёлын хэвлэл, 2004, 64-67хуу
Үүний дараагаас Ром сүмийн эрх мэдэлд захирагдахгүй 1 сарын 14-нд ариун зоогийн ёслол үйлддэг байсан сүмүүдийг “тэрс” хэмээн үзэж, хавчин дарамтлах болжээ. Есүсийн сургаалыг даган амьдрахыг хүссэн итгэгчид цөл, уул, агуйд бүгэн Алгасал баяраа тэмдэглэх шаардлагатай болов (JWC Wand, “Сүмийн түүх-анхны хэвлэл (Church History-Early Period)”, 283хуу
Шинэ гэрээний Алгасал баяр ийнхүү түүхэн дунд устаж алга болжээ. Сатан Бурханы цаг үеүд ба хуулийг өөрчилж, түрхэн зуурын ялалт олно гэсэн Библийн зөгнөл дагуу энэ бүхэн тохиосон юм (Дан 7:25). Тэр цагаас хойш ч Библид байхгүй зан үйл болон шүтээнүүд сүмд нэг нэгээрээ нэвтэрч, Есүсийн зааж сурган, анхны сүмийн итгэгчдийн нандигнаж байсан амийн үнэн Шашны харанхуй үед замхарсан байна.