
Тэмдгүүд болон гайхамшгуудыг бус харин Библийн зөгнөлийг судалж байж л бид Христийг зөв таньж мэдэн, итгэж чадна.
Тэмдгүүд болон гайхамшгууд нь Христийн нотолгоо биш
Зөвхөн тэмдгүүд болон гайхамшгуудаар жинхэнэ Бурханыг хайж олох гэх нь тун аюултай бодол юм. Эцсийн өдрүүдэд хуурамч христүүд гарч ирж, тэмдгүүд болон гайхамшгуудаар хүмүүсийг мэхэлнэ гэж Есүс зөгнөсөн байдаг.
“Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ.” Мат 24:24
Эцсийн өдрүүдэд хуурамч христүүд тэмдэг гайхамшгуудаар хүмүүсийг мэхэлнэ гэсэн байхад Бурхан Өөрийн хүмүүсийг хэзээ ч тэдэнтэй адилхан аргаар аврах учиргүй юм. Тиймээс тэмдгүүд, гайхамшгууд нь Христийн нотолгоо болж чадахгүй. Хэрэв бид тэмдгүүд, гайхамшгуудыг дагавал хуурамч христүүдэд мэхлэгдэн, улмаар аврагдах боломжгүй болох юм.
Христийг гэрчилдэг Библи
2000 жилийн өмнө хүмүүс Есүсийн үзүүлсэн гайхамшгийг харсан ч Есүсийг Христ гэж хүлээн аваагүй. Таван арвайн талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллох ер бусын гайхамшиг хараад Есүсийг дагасан хүмүүс Түүнийг яг мөнх амийн үнэний үгээ айлдахад нь цөм орхин одсон юм. Зөвхөн арван хоёр шавь нь л үлддэг (Иох 6:1-15, 54-66). Тэмдгүүд, гайхамшгууд дээр анхаарлаа төвлөрүүлсэн хүмүүс Христийг таньж чадахгүй.
“Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. … Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй.” Иох 6:54–66
Есүс Библийг Өөрийг нь гэрчилдэг хэмээн айлдсан (Иох 5:39). Анхны сүмийн итгэгчид Библийн зөгнөлөөр дамжуулан Есүсийг Христ гэдэгт итгэж, Түүний тухай гэрчилсэн байдаг (Үйл 17:2-3, 11-12, Лук 24:25-32). Энэ үед ч ялгаагүй. Бид Христийг хүлээн авахын тулд тэмдэг, гайхамшгууд харах бус харин Библийн зөгнөлийг сайтар судлах хэрэгтэй юм.
Хамгийн агуу гайхамшиг үзүүлсэн Ан Сан Хун Христ
Үнэндээ Ан Сан Хун Христ хамгийн агуу гайхамшиг үзүүлсэн юм. Тэрээр хүмүүст үхэхгүй, мөнх амьтай болох аргыг мэдүүлсэн.
Хэрэв хэн нэгэн үхлийн өвчнийг эдгээлээ, эсвэл үхсэн хүнийг амилууллаа гэвэл үүнийг агуу гайхамшиг гэлцэх байх. Гэвч эдгэрсэн хүн ч, үхээд амилсан хүн ч мөнх амьдрах боломжгүй бөгөөд хэзээ нэгэн цагт үхэх нь мэдээж. Өвдөж зовон байж амьдраад, эцэст нь тамд орох тавилантай хүмүүсийн хувьд жинхэнэ гайхамшиг нь баяр хөөр, аз жаргал ундрах тэнгэрийн хаанчлалд мөнхөд амьдрах явдал юм. Энэ бол зөвхөн Бурханы л үйлдэж чадах гайхамшиг юм (1Тим 6:15-16).
Ан Сан Хун Христ шинэ гэрээний Алгасал баярыг буюу зөвхөн Бурхан л бидэнд соёрхох боломжтой мөнх амийн үнэнийг сэргээсэн юм. Ингэснээр МЭ 325 онд устаж үгүй болсноос хойш 1600 орчим жилийн турш хэний ч мэддэггүй байсан Алгасал баярыг хүн төрөлхтөн бид тэмдэглэх боломжтой болсон юм. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан шинэ гэрээний Алгасал баяраар хүн төрөлхтөн бидэнд “мөнх амь” хэмээх хамгийн агуу гайхамшгийг соёрхсон билээ.