Есүс Христийн замнал
| Сайн мэдээ, үйл хэрэг, сургаал

52490 읽음

Библийн зөгнөлийн дагуу ирсэн Христ, Есүсийн сайн мэдээний замнал огтхон ч дардан байгаагүй юм. “Бурхан Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад болно” (Иса 8:13-15) гэж Исаиа номд зөгнөсөн ёсоор Есүс олон хүнд тийм ч амархан танигдахааргүй энгийн дүр төрхтэй ирсэн бөгөөд бүх л төрлийн хавчлага, доромжлолыг тэсэн тэвчсэн юм. Цөөн хэдэн шавь нь л Есүсийг авралын суурийн чулуу, үнэт эрдэнэ хэмээн хүлээн авсан. Гэвч Есүс эцсээ хүртэл хүн төрөлхтний авралын төлөө Өөрийгөө зориулсан юм. Библид тэмдэглэгдсэн Есүсийн үйл хэрэг дунд Түүний гүн гүнзгий хайр, авралын үнэт сургаал дүүрэн шингэсэн байдаг.

Есүсийн сайн мэдээний замналын эхэн

Есүс баптисч Иоханаас баптисм хүртсэний дараа сайн мэдээний замналаа эхлүүлжээ (Мар 1:1-9). Понти Пилат Иудейг захирч, Херод Антипас Галилын захирагч байх үед Иохан олон хүнд гэмшлийн баптисм хүртээн, араасаа ирэх Мессиаг тунхаглаж байлаа (Лук 3:1-6). Дараа нь Есүс баптисм хүртэхээр өөр рүү нь ирэхэд тэрээр Есүсийг ард олны хүлээж байсан Христ мөн хэмээн гэрчилжээ.

Баптисм хүртсэнийхээ дараа Есүс цөлд очиж, 40 хоногийн турш мацгийн залбирал хийжээ. Дараа нь Тэрээр хоол хүнс, Бурханы хүч чадлыг сорих хүчин зүйл, ертөнцийн эд баялаг, сүр хүчээр диаволд соригддог. Есүс “Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна”, “Бурхан Эзэнээ бүү сорь”, “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” хэмээх Библийн үгсээр диаволын сорилтыг эрс шийдэмгий хөөн зайлуулжээ (Мат 4:1-11). Үүний дараа Тэрээр “Гэмшицгээ!” хэмээн, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж эхлэв.

“… Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:12-17

Есүсийн сайн мэдээний ул мөр

Тунхаглахад бүхнээ зориулсан нь

Есүс Галил нуурын эргээс загасчин Петр, Андрей, Иаков, Иохан нарыг дуудаж шавиа болгожээ. Дараа нь Тэр тэдэнтэй хамт Галилыг тойрон явж, өвчтэй хүмүүсийг эдгээн, зовж шаналагсдад тусламжийн мутраа сунгадаг байлаа (Мат 4:23-25).

Олон хүн Есүсийн тухай цуу яриа сонсоод хуран цуглав. Есүс тэдэнд христчин хүний эдэлж болох найман ерөөлийн талаар болон тэнгэрийн хаанчлалд хэрхэн орох аргыг сургажээ (Мат 5-6-р бүлэг). Хэдийгээр бид энэ дэлхий дээр хавчигдаж байсан ч Бурханы хүү гэгдэн мөнхийн тэнгэрийн хаанчлалд орох нь жинхэнэ ерөөл гэдгийг Тэрээр сануулж байв. Тэрээр биднийг хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлохыг сануулж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд ёс бусыг үйлдэх ёсгүй, харин Бурханы хүслийг дагах ёстойг айлдсан юм (Мат 7:15-23). Эдгээр үг сургаалаа Тэрээр уулан дээр байхдаа айлдсан тул “Уулан дээрх номлол” гэж ч хэлдэг.

Есүсийн сургаал нь тухайн үеийн иудейчүүдийн шашны нийтлэг ойлголтоос олон талаараа ялгардаг байжээ. Гэвч Есүс халуун сэтгэлээр амрах ч сөхөөгүй сайн мэдээ тунхаглаж явсны дүнд олон хүн Түүний ивээлтэй сургаал, хүч чадлыг биширч, дагалдагсдынх нь тоо улам бүр нэмэгдсээр байв.

Саад хавчлагатай тулгарсан нь

Олон түмэн Есүсийн үгэнд чих тавихын хэрээр Түүнийг гүтгэн доромжилж, хяхан хавчих явдал бүр ч дийлдэхээ байв. Фарисайчууд Есүсийг Амралтын өдрийг зөрчиж чөтгөрийн хүчээр чөтгөр хөөлөө хэмээн гүтгэж байлаа. Назарчууд Есүсийг хадан цохионоос түлхэж унагахыг санаархан, зарим иудейчүүд Түүн рүү чулуу шүүрэн авч шидэж байв. Тэд Есүсийг зөвхөн махан биеийн нүдээр л харцгааж, эцэс төгсгөлгүй үгүйсгэн, хавчсаар байлаа.

“Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:30-33

Шинэ гэрээ байгуулсан нь

Есүс элдэв төрлийн хавчлага, зовлон зүдгүүр амссан ч тунхаглахаа ер зогсоогоогүй юм. Түүнчлэн Есүс хуучин гэрээний үеийн Мосегийн хуулиар биш, шинэ хууль болох Христийн хуулийн дагуу баяр тэмдэглэх жишээ бидэнд үзүүлсэн юм. Амралтын өдөр амьтны цус урсгаж тахил өргөхийн оронд Тэрээр синагогт мөргөл тэмдэглэн, сургамжилж байв (Лук 4:16-19). Майхан баярын үеэр Есүс Өөрт нь итгэгсдэд амийн ус буюу Ариун Сүнсний ерөөлөө буулгаж өгсөн юм (Иох 7:2, 37-39).

Сүүлчийн Алгасал баярын үеэр Тэрээр шавь нарын хамт талх, усан үзмийн дарсаар ариун зоогийн ёслол үйлдсэн юм. Тэрээр Алгасал баярын талх, усан үзмийн дарсыг Өөрийнх нь мах, цус хэмээж, идэж уусан хүмүүст нүглийн уучлал, мөнх амь соёрхохоо амласан (Мат 26:19, 26-28, Иох 6:53-54). Тэгээд Алгасал баярыг Өөрийнх нь цусаар тогтоогдох “шинэ гэрээ” хэмээн айлдсан (Лук 22:20). Дараагийн өдөр нь Есүс загалмай дээр цусаа урсган, золиос болж шинэ гэрээгээ гүйцэлдүүлсэн билээ. Ийнхүү Тэр нүгэлтнийг ялладаг Мосегийн хуулийг “амь өгдөг” Христийн хууль болгож бүрэн өөрчилсөн юм.

Есүсийн сургаал

Гурван жилийн сайн мэдээний зовлонт амьдралдаа гагцхүү тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглахад л Өөрийгөө зориулсан Есүсийн сургаалууд нь бидэнд тэнгэрийн хаанчлалын зам заах дэнлүүний үүрэгтэй юм. Есүсийн сургаалыг дуулгавартай дагаж, шинэ гэрээний үнэнийг сахин үйлсдэгсэд эцэстээ тэнгэрийн хаанчлалд хөл тавих болно.

Сүнсний ертөнц ба тэнгэрийн хаанчлал

Есүс зөвхөн нүдэнд харагдах энэ ертөнцөд л найдвар тавин амьдрагсдад сүнслэг ертөнцийн талаар ухааруулсан. Тухайн үеийн ихэнх иудейчүүд урт насалж, эд баялаг, алдар нэр эдлэхийг л Бурханы ерөөлд тооцдог байжээ. Гэвч Есүсийн айлдсан ерөөл нь тэдний бодож байснаас ялгаатай байжээ. Есүс махан биеийн үхэлд захирагддаггүй сүнс гэж байдгийг гэрчилж, хожим буцах сүнсний эх нутаг тэнгэрийн хаанчлалын тухай бидэнд мэдүүлсэн юм. Тэрээр мөн үхлийн дараах Бурханы шүүлтийн талаар анхааруулж, бид материаллаг ерөөлийг биш сүнсний ерөөл болох тэнгэрийн шагналыг хүсэж эрмэлзэх ёстойг сургаж байлаа (Мат 10:28, Лук 16:19-24).

Бурхан ба итгэгчдийн харилцаа

Хуучин гэрээний зарим нэг хэсэгт Бурханыг “Эцэг” гэсэн байдаг ч ихэнх тохиолдолд “Эзэн” эсвэл “Хаан” гэж илэрхийлсэн нь бий. Энэ нь Бурхан ба израиль ард түмний хоорондын харилцааг Эзэн ба зарц эсвэл Хаан ба албатын хооронд үүсдэг захирах захирагдах харилцаа гэж үзэх ойлголт давамгайлж байсныг илтгэж байна. Гэвч Есүс Бурханыг “Тэнгэр дэх бидний Аав” гэж айлдсан. Есүс Бурханыг “Эцэг” гэж дуудахад Түүнд гомдсон хүмүүс байв. Тэд Есүсийг Өөрийгөө Бурхантай адил тэгш эрхтэй болгох гэлээ гэж гүтгэдэг байсан ч Тэрээр сайн мэдээний үйлчлэлийнхээ он жилүүдэд шавь нартаа Бурхан бол тэдний сүнсний Эцэг гэдгийг ойлгуулж байсан юм (Мат 6:9, 23:9, Иох 17:1-2, 21:17). Энэ нь итгэгчдийг Бурханы хүүхдүүд гэдгийг ойлгуулсан хэрэг байлаа.

Дөлгөөн, даруу зан

Есүс Өөрөө дөлгөөн, даруу байж, ийм чанарыг онцолсон байдаг (Мат 11:29). Тухайн үеийн шашны удирдагчид өөрсдийгөө ард түмний дээр өргөмжлөгдөх зохистой хүмүүс гэж ойлгодог байв. Гэтэл Есүс хамгийн дээд Бурхан атлаа Өөрийгөө даруу болгосон юм (Фил 2:5-8). Тэрээр иудейчүүдийн дорд үздэг байсан татвар хураагчид болон нүгэлтнүүдэд ч мөн авралын сургаалаа соёрхсон. Мөн Тэрээр хүүхэд адил даруу хүмүүс тэнгэрийн хаанчлалд орно хэмээн сургасан юм (Мат 18:1-4).

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기