Ням гаргийн мөргөл Библид үндэслэгдээгүй | Үүсэл, түүх

42346 읽음

Өнөө үед олон сүм ням гаргийг “Эзэний өдөр” гэж нэрлэдэг бөгөөд тэд ням гарагт мөргөлөө тэмдэглэдэг. Гэтэл Библийн дагуу авч үзвэл Бурханы бидэнд сахихыг тушаасан мөргөлийн өдөр нь долоо дахь өдрийн Амралтын өдөр бөгөөд гаргийн тогтолцоогоор авч үзвэл энэ нь бямба гараг юм (Эхл 2:1-3, Гэт 20:8-11). Есүс болон элч нар ням гарагт биш, харин Амралтын өдөр мөргөлөө тэмдэглэдэг байжээ (Лук 4:16, Үйл 17:2, 18:4). Мөргөлийн өдөр хэрхэн ням гарагт болж өөрчлөгдсөн юм бол? Ромын нарны бурхны, өөрөөр хэлбэл Митрагийн шашны ариун өдөр гэгддэг ням гараг христийн шашны мөргөлийн өдөр болсон талаарх үйл явцыг судалцгаая.

Ням гараг нь анх Митраизмын ариун өдөр байв

Христийн шашин Ромд дэлгэрэх үед Ромын эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий шашин нь Митраизм байлаа. Персийн Зороастерын шашнаас үүсэлтэй Митраизм нь нарны бурхан Митраг шүтдэг шашин бөгөөд МЭӨ 1-р зууны үед Ромд нэвтэрчээ. Митра нь “Ялан дийлдэшгүй бурхан”, “Мөнхийн залуу бурхан” гэх цол гуншинтай байсан бөгөөд цэргийнхний дунд ихээхэн шүтэгддэг байв. Хожим нь Митраизм язгууртны давхарга болон хааны ордонд хүртэл нэвтэрч, Митраг эзэнт гүрэн, эзэн хааныг хамгаалагч бурхан хэмээн дээдлэх болов. Митраизмын ариун өдөр нь ням гараг байлаа.

“③ Харь шашны ням гаргийн давуу тал: Христийн шашны эхэн үед Ромын эзэнт гүрэнд, ялангуяа Ромын цэргүүдийн дунд дэлгэрч байсан дорно дахины олон шашны нэг нь Персээс нэвтэрсэн Митраизм байлаа. Митра нь нарны бурхан юм. Дүгнэж хэлэхэд Митраизмд ням гаргийг ариун өдөр гэж үздэг байлаа.” “Эзэний өдөр”, “Христийн шашны нэвтэрхий толь, 14-р боть”, Христийн шашны ном зохиол хэвлэлийн газар 1998, 116хуу

Ням гаргийн мөргөлийн үүсэл

Ромын эзэнт гүрэнд христийн шашныг хавчих нь улам ширүүсэв

Митраизмаас ялгаатай нь иудеин болон христийн шашин нь ромчуудад хүлээж зөвшөөрөгдөөгүй байв. Олон бурхант шашны үзэлтэй ромчуудын хувьд цорын ганц Бурханд сүсэглэдэг иудеин болон христийн шашны аль алийг нь ойлгодоггүй байжээ. Түүгээр ч зогсохгүй Ромын эзэнт гүрэн шашны шалтгаанаар эзэн хаанд мөргөөгүй, төрийн арга хэмжээнд оролцохоос татгалзсан иудейчүүд болон христчүүдийг урвагч гэж үздэг байлаа. Ялангуяа олон үндэстэнд дэлгэрсэн христийн шашин цөөнх үндэстнээр хязгаарлагдсан иудеин шашнаас өөр байсан тул ромчуудын санааг зовоож байлаа.

1-2-р зууны үед Ромын эзэнт гүрэн болон иудейчүүдийн хоорондох мөргөлдөөний улмаас Иудеин дайн хоёр ч удаа гарч байжээ. Ромчуудын байр сууринаас авч үзэхэд иудейчүүд удаа дараа бослого гаргаж байв. Энэхүү мөргөлдөөний явцад ромчууд иудейчүүдийг хавчих болжээ. Гэтэл христчүүд иудейчүүдтэй адил цорын ганц Бурханд итгэж, Амралтын өдрийн мөргөл тэмдэглэхээр цугладаг байсан нь христийн шашныг улам бүр хавчихад хүргэжээ.

Ням гаргийн мөргөлийг баримталдаг Ром сүм

Тэр үед Ромд төвлөсөн барууны сүмд харь үндэстний итгэгчид зонхилдог байв. Тэд Есүсийг цовдолж, христийн шашныг тууштай хавчиж ирсэн иудеин шашныг хүчтэйгээр эсэргүүцэж байлаа. Түүгээр ч барахгүй иудейчүүдийг хавчих хавчлага туйлдаа хүрэхэд Бурханы тушаал Амралтын өдрийг христчүүдийг хавчиж ирсэн иудеин шашны мөргөлийн өдөр гэж үзэх хандлага нэмэгдэж байв. Сүмийн зүгээс ч Амралтын өдөр сахихын төлөө Ромын эзэнт гүрний их хавчлагад өртөх шаардлагагүй гэж үзэх болов. Хэрэв Амралтын өдрийн оронд ням гаргийг мөргөлийн өдөр болгон хүлээж авбал ням гаргийг ариунд үздэг байсан ромчуудаас ая тал олж, тэдний зүгээс ирэх саад хавчлагыг сулруулан, улмаар тэдний шүтлэгийг хүртэл өөрчлөхөд дөхөм болно гэж үзсэн хэрэг.

Эцэст нь Ром сүм 2-р зууны эхээр Амралтын өдрийн оронд ням гарагт мөргөл тэмдэглэх болов. Тэд Есүс ням гарагт амилсан үйл явдлыг шалтаг болгон, ням гаргийн мөргөлийг зөвтгөж байлаа. Түүнчлэн тэд бямба гарагт Амралтын өдрийн мөргөл тэмдэглэдэг байсан Есүс болон элч нарын жишээг үл хэрэгсэн, хүний ​​үзэл бодлыг нэмсэн байна. Гэсэн ч тухайн үед бүх сүм ням гаргийн мөргөлийг хүлээн авсан юм биш. Зүүний сүмүүд Ромд төвтэй барууны сүмүүдээс ялгаатай нь 4-р зууны эхэн үе хүртэл Амралтын өдрөө бямба гарагт тэмдэглэдэг байлаа.

“2 дахь буюу элч нарын дараах үе (МЭ 100-313)

Энэ үеийг хүртэл тэд долоо хоног бүр Амралтын өдрийн мөргөл тэмдэглэж байв. Тэгснээ аажмаар долоо хоногийн эхний өдөр буюу ням гарагт мөргөлөө тэмдэглэх болжээ.” Сун Наг Вон “Сүмийн түүх”, Игон хэвлэлийн газар 1981, 101хуу​​

“Агуу Константин анх удаа зарлиг гаргаж, ням гарагт төрийн болон шүүхийн ажил явуулдгийг зогсоов. Дараа нь эл өдөр цэргийн сургуулилт хийх, урлагийн тоглолт үзэж сонирхохыг хоригложээ. Харин тэрээр хуучин гэрээний Амралтын өдрийг ням гарагт шилжүүлэхийг оролдсонгүй. Зүүний сүмүүдийн тухайд бямба гарагт Амралтын өдөр тэмдэглэдэг байлаа.” “Сүмийн түүх”, Хянан тохиолдуулсан Ким Ы Хуан, Сэжун мүнхуа хэвлэлийн газар, 1992, 145хуу​​

Ням гаргийн мөргөлийг бий болгосон түүх

Миланы зарлиг ба христийн шашныг хүлээн зөвшөөрсөн нь

МЭ 313 онд Константин эзэн хааны Миланы зарлигаар христийн шашин шилжилтийн үетэйгээ золгожээ. Константин хаан Миланы зарлигаараа христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Улмаар христийн шашныг дэмжсэн төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлсэн байна.

Константин хаан христийн шашныг дэмжсэн ч тэрээр жинхэнээсээ христийн шашинд итгэдэг хүн биш байв. Тэрээр насан эцэс болтлоо Ромын шашны дээд тэргүүн тахилчийн “Понтифекс Максимус (Pontifex Maximus)” хэмээх цолтой байлаа. Түүнчлэн тэрээр харь шашны тахилын зан үйлд огтхон ч эрээлхэж цээрлэлгүй оролцдог байсан юм. Түүний зоосон дээр “мөнхийн нар” гэсэн харийн бурхны бэлгэ тэмдэг сийлээтэй байдаг байв.

“Константин Понтифекс Максимус (Ромын сүм дэх шашны дээд албан тушаал) хэмээх харийн шашны тэргүүн тахилчийн цол хэргэмтэй байсан бөгөөд арван жилийн турш түүний зоосон дээр түүний ихэд таалдаг “Ялан дийлдэшгүй нар”-ны бурхны бэлгэдэл байдаг байв. … Константины өмнөх шүтлэг болох нарны шашны зан үйлийг ойлгох нь чухал. … Константин нарны бурхан болон христийн шашны Бурханыг адилханд үздэг байв.” Лайон хэвлэл, “Сүмийн түүхийн гарын авлага”, орчуулсан Сун Гуан Тэг, Амийн үг хэвлэлийн газар, 1991, 130-131хуу

Константин эзэнт улсаа бүхэлд нь нэгтгэн захирах төрийн бодлого болгон христийн шашныг сонгосон аж.

“Гэвч Константин хаан төр барихдаа христчүүдийг ихээхэн дэмжиж байлаа. Харин түүний зорилго бол улс орноо бүхэлд нь зангидан удирдахад христийн шашныг ашиглах явдал байсан гэж дүгнэж болох юм.” JWC Wand, “Сүмийн сүүх-анхны хэвлэл (A History of the Early Church)”, орчуулсан И Жан Сиг, Солонгосын христийн шашны утга зохиолын нийгэмлэг, 2000, 192хуу

Ням гарагт амрах зарлиг

Константин өөрийн хамгийн их таалдаг нарны бурхныг Христтэй адилхан бурхан гэж үзэн, христийн шашны хүч нөлөөг нарны шашны хүч нөлөөтэй нэгтгэхийг оролджээ. Ийм санаа агуулсан хууль бол МЭ 321 онд тунхагласан Ням гарагт амрах зарлиг юм.

“Бүх шүүгч, ард иргэд, гар урчууд сүр жавхлант нарны өдөр (Sunday) амрах ёстой. … МЭ 321 оны 3-р сарын 7”, “Константины зарлиг” Лайон хэвлэл, “Сүмийн түүхийн гарын авлага”, орчуулсан Сун Гуан Тэг, Амийн үг хэвлэлийн газар, 1991, 144хуу

Дээрх зарлигт “Сүр жавхлант нарны өдөр” гэж дурдсанаас үзэхэд “Ням гарагт амрах зарлиг” нь Ромын христчүүдэд төдийгүй Митра шашинтнуудад тал зассан зарлиг байсныг ойлгож болохоор байна. Ням гаргийг бэлгэшээдэг нарны шашин болон Бурханы сургаалаас нүүр буруулаад ням гаргийн мөргөл сахих болсон барууны сүмийг хооронд нь нэгтгэх арга сүвэгчилсэн нь энэ байв. Тийм учраас ням гаргийг ариун өдөр гэж үздэг Митра шашинтнуудад ч энэхүү зарлигийг эсэргүүцэх шалтгаан байсангүй.

“Гэвч магадгүй энэ бодлогын хамгийн чухал нотолгоог ням гарагт мөргөл тэмдэглэх тухай 321 оны зарлигаас олж болно. Энэхүү захирамж нь ням гарагт ажил хийлгүй, Эзэний өдрийг харийн шашинтнуудын баяр ёслолтой адил түвшинд хийхийг онцолдог. Гэсэн хэдий ч энэ өдрийг христийн шашны нэрээр нэрлэлгүй, харин зүгээр л сүр жавхлант нарны өдөр гэсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд ямар ч харийн шашинтан үүнийг нь эсэргүүцэж чадаагүй аж.”

※ Англи хэл дээрх номны эх хувилбарт латин хэлээр “dies venerabilis solis (Сүр жавхлант нарны өдөр)” гэсэн байдаг. JWC Wand, “Сүмийн сүүх-анхны хэвлэл (Early Edition)”, орчуулсан И Жан Сиг, Солонгосын христийн шашны утга зохиолын нийгэмлэг, 2000, 193хуу

Эзэн хаан эрх мэдлээрээ эзэнт гүрнийхээ бүх хүнийг ням гарагт амрахыг тулган шаардсан утгатай “Ням гарагт амрах зарлиг” гэгч нь Амралтын өдрийг устгаж, ням гаргийн мөргөлийг байр сууриа бат эзлэхэд хүргэв. 321 оноос өмнө Ром сүм болон түүний хүч нөлөөн дор байсан зарим нэг сүм л ням гарагт мөргөл тэмдэглэж байсан юм. Гэвч 321 оноос хойш Амралтын өдрийг нандигнан сахиж ирсэн зүүний сүмүүд хүртэл Ромын нарны шашинд бууж өгсөн байна. Ийнхүү өнөөгийн үй олон сүм Библийн Амралтын өдрийг сахилгүй нарны шашны ариун өдөр гэх ням гаргийг “Эзэний өдөр” хэмээн тэмдэглэх болсон түүхтэй.

Ням гаргийн мөргөл нь хүний ​​тушаал

Түүхээс харахад ням гаргийн мөргөл нь Есүс болон элч нарын сургаалаас эхтэй биш, харин хүний ​​бодолд үндэслэгдэн бий болсон “хүний тушаал” аж. Олон сүм тэмдэглэлээ гээд нарны бурхны мөргөлийн өдөр буюу ням гаргийг Бурханы мөргөлийн өдөр болгон өөрчлөх боломжгүй шүү дээ.

Есүс фарисайчууд болон хуулийн багш нарыг Бурханы тушаалаас илүү хүний ​​бий болгосон зан заншлыг чухалчиллаа хэмээн зэмлэдэг. Тэрээр Исаиа эш үзүүлэгчийн зөгнөл (Иса 29:13-14)-ийг тэр чигт нь эш татан, хүний ​​тушаал сахидаг мөртлөө Бурханыг зөвхөн уруулаараа л хүндлэх нь ямар ч ерөөл авхуулахгүй, дэмий хоосон мөргөж буй хэрэг болохыг онцолсон юм.

“Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв.” Мат 15:7-9

Энэ нь ердөө 2000 жилийн өмнөх фарисайчуудад хамаатай үг биш. Бурханы тушаалыг орхигдуулж, хүний тушаал сахидаг хүн хичнээн гүн гүнзгий, үнэн сэтгэлээсээ сүсэглэн мөргөлөө ч ямар нэг ерөөл хүлээн авахгүй юм. Бурханаас үнэнээр эмээдэг, Бурханыг хайрладаг итгэгч хүн бол Бурханы тушаалыг л сахина шүү дээ (Иох 14:15). Авралын ерөөл нь Библид гэрчилж буй Бурханы тушаал, долоо дахь өдөр Амралтын өдрийг сахидаг хүмүүст л өгөгдөх учиртай.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기