Загалмайн үүсэл ба түүх | Харийн шашны бэлгэдэл

44782 읽음

Олон хүн христийн шашны бэлгэ тэмдэг гэж үздэг загалмай нь үнэн хэрэгтээ харийн шашнаас үүсэлтэй шүтээн юм. Энэ нь христийн шашин үүсэхээс ч өмнө харийн шашны сүсэг бишрэлийн бэлгэ тэмдгээр ашиглагдаж байжээ. Элч нарын үед бичигдсэн шинэ гэрээний Библийн хаана нь ч загалмайг сүмийн бэлгэ тэмдэг болголоо гэсэн юм уу загалмай босголоо гэсэн тэмдэглэл байхгүй. Харин ч элч нар шүтээн шүтэхийг буруушааж, шүтээн шүтэгчид нь ёс бус бөгөөд Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэж бичсэн байдаг (1Кор 6:9-10). Тэгэхээр загалмайг яагаад сүмд байрлуулах болсон юм бол?

Загалмайн үүсэл

Өнөөгийн сүмүүдэд хэрэглэгддэг загалмай нь Христ зовлон эдэлсний дараа анх гарч ирсэн шүтлэгийн чанартай бэлгэ тэмдэг биш, харин эртний Вавилонд үүсчээ.

“Сүмд хэрэглэдэг, хоёр мод зөрүүлж хийсэн загалмайн дүрс нь эртний Халдеи (Chaldea)-д үүссэн бөгөөд Халдеи, Египет төдийгүй хөрш зэргэлдээ орнуудад нь Таммуз (Tammuz) бурхны бэлгэ тэмдгээр ашиглагдаж байв. (Нэрнийх нь эхний Тау үсгийн хэлбэр).” WE Vine, “Vine’s Complete Expository Dictionary of Old and New Testament Words”, Thomas Nelson Publishers, 1996, 138хуу

Халдеи нь Вавилоны төвийн нутаг байв. Вавилонд Таммуз шүтэхийн тулд Таммуз гэх нэрний эхний “Т” үсгийг шүтлэгийнхээ бэлгэ тэмдэг болгон ашиглаж байжээ. Уг зан үйл хөрш зэргэлдээ орнуудад нь ч дэлгэрсэн бөгөөд загалмайг Египет, Ассири гэх мэт эртний улсуудын эд өлгийн зүйлээс ч олж харж болно. Ромын эзэнт гүрэн байгуулагдсаны дараа ч загалмайд сүсэглэх зан үйл хэвээр байв.

Загалмай сүмд нэвтрэх болсон түүх

Загалмайг сүмд Константины үеэс хэрэглэж эхэлжээ. Константин хаан христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс өмнө Ромын эзэнт гүрний зүгээс сүмийг ихээхэн хавчиж байлаа. Загалмайг ариун хүмүүсийг цаазлах хэрэгсэл болгон ашиглаж ч байв. Гэтэл ийм нөхцөлд цаазын аймшигт хэрэгсэл болох загалмайг сүмд нэвтрүүлж, христийн шашны сайн сайхны бэлгэ тэмдэг болгон ашиглана гэдэг огт байж боломгүй хэрэг юм. Үнэндээ Есүсээс хойш Константин хааны үе хүртэл 300 орчим жил сүмд загалмай байрлуулж байгаагүй юм.

“Христчүүд Константин хааны үеэс эхлэн загалмайг христийн шашны бэлгэ тэмдэг болгон албан ёсоор хэрэглэх болжээ. Анхны сүмийн итгэгчдийн хувьд загалмай нь сонсохоос ч бие зарсхийм аймшигт зүйл байсан бөгөөд загалмайг бэлгэшээх тийм аюул өөрсдөдөө дуудаагүй юм.” “Загалмай”, “Бейкерийн шашин судлалын нэвтэрхий толь (Baker’s 신학사전)” орчуулсан Шин Сон Жун, Эммау, 1996 он.

Гэтэл Константин хаан христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа бүх зүйл орвонгоороо өөрчлөгджээ. Христчүүдийг дэмжих бодлого хэрэгжсэнээр сүм асар хурдтайгаар ертөнцлөг зан үйлд ууссан юм. Улмаар ялзралд идэгдсэн Ромын католик шашны удирдлагууд илүү олон харь шашинтнуудад сайн мэдээ тараах нэрийдлээр харь шашны үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн авчээ. Загалмай нь тэдгээрийн нэг байв. Тэд загалмайн дүрсийг хэзээний ариун гэж үздэг байсан харь шашнаас орж ирэгсдэд загалмайг “Есүс цовдлогдсоны бэлгэ тэмдэг” гэж ойлгуулан, улмаар үүнийгээ сүмд нэвтрүүлж, шүтээн болгожээ. Үүнээс гадна тэд харийн шашны дарь эх шүтдэг байсан хүмүүсийг сүмд дасан зохицоход нь туслах үүднээс Есүсийн эх Мариаг бурхан мэт тахиулав. Түүнчлэн харийн янз бүрийн бурхдынх нь оронд ариун хүмүүс болон сургаалынхаа төлөө амиа зориулсан итгэгчдийн дүрс шүтээнийг бий болгон үйлчлүүлэв.

Анхандаа энэ мэт замаар орж ирсэн харийн шашны үзэл санаа, бэлгэ тэмдэг цаг хугацааны явцад сүмд баттай байр суурь эзэлсэн байна. Хүмүүс эдгээр шүтээнийг Бурханд үйлчлэх нэгэн төрлийн хэрэгсэл гэдэгт, христийн шашны итгэл сүсгийн бэлгэдэл гэдэгт итгэх болов. МЭ 431 онд загалмайг сүмийн дотоод танхимд босгож, дараа нь сүмийн орой дээр байрлуулжээ.

“431 онд загалмайг сүмд болон албан өрөөнд нэвтрүүлсэн бөгөөд 568 онд сүмийн цамхгийн орой байрлуулжээ.” “Загалмай,” Жозеф Х.Вилси, “Харперын баримтуудын ном (Harper’s Book of Facts)”, Харпер энд бродерс, 1895

Загалмай шүтэх нь шүтээн шүтэж буй хэрэг юм

Эндээс харахад загалмай нь элч нарын үеийн итгэл үнэмшилтэй ямар ч холбоо хамааралгүй бөгөөд сүм ертөнцлөг зан үйлд уусан, харийн шашинтай холилдох үйл явцад хожим нэвтэрсэн шүтээн байх нь.

“Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь юмны ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. …” Гэт 20:4-5

Арван тушаалын хоёр дахь тушаалаараа Бурхан Өөрийн хүмүүстээ шүтээн хийж, үйлчлэхийг хатуу хориглосон байдаг. Өөр бурхдад зориулан шүтээн босгох нь бүү хэл Бурханд үйлчлэхийн төлөө ч шүтээн битгий хий гэж тушаасан байна (Гэт 20:23). Шүтээн бүтээж, босгох нь Бурханыг жигшсэн үйлдэл болох бөгөөд тийн үйлдвэл хараагдана гэдгийг Библид тодорхой гэрчилдэг юм (Дэд.Хуу 27:15).

Хуучин гэрээний үеийн израильчууд энэхүү анхааруулгыг үл тоон Канаан нутагт орсон хойноо эргэн тойрныхоо харь шашинтнуудын үйлчилдэг Баал, Ашера зэрэг шүтээнүүдийг хүлээн авч, өөрсдийн итгэл үнэмшилтэй хослуулсан юм. Тэд янз бүрийн шүтээн хийн, мөргөдөг байсан ч үүнийгээ Бурханд илүү сайн үйлчлэх арга хэмээн зөвтгөдөг байлаа. Үүнийхээ уршгаар тэд Бурханы хараал, сүйрлээс зайлж чадаагүй юм (Иер 2:27-28).

Өнөөгийн сүмүүд ч тэдний энэ мэт мунхаг үйлийг давтаж байна. Харь шашны бэлгэ тэмдэг болох загалмайг христийн шашны бэлгэ тэмдэг болгон хүлээн авч, байрлуулах нь өөрөө “Ямар нэг дүрс бүү хий, бүү үйлчил” гэсэн Бурханы тушаалыг зөрчиж буй хэрэг юм. Загалмайг зөвхөн сүмийн бэлгэ тэмдэг гэж маргалддаг ч олон хүн загалмайд онцгой ач холбогдол өгдгийг нь болиулах аргагүй.

Израилийн түүхэн дэх загалмай шүтэх тухай зөгнөл

Хүрэл могой шүтсэн израиль ард түмэн

Бурхан өнгөрсөн үеийн түүхээр дамжуулан сүмүүд загалмай шүтэх тухай урьдчилан зөгнөсөн байдаг. Египетээс Канааныг чиглэн цөлд явж байсан израильчууд аян замын улмаас Бурханы эсрэг гомдоллов. Үүнээс болж олон хүн могойд хатгуулж үхэв (Тоо 21:4-6). Ард түмэн хожимдож гэмшин, авралынхаа төлөө залбирахад Бурхан тэдэнд могойд хатгуулан үхэж буй хүмүүсийг аврах нэгэн арга зааж өгчээ.

“Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв. Мосе хүрэл могой хийж, түүнийг шураг дээр байрлуулав. Хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал тэр хүн хүрэл могойг хараад амьд үлдэж байлаа.” Тоо 21:7-9

Шураг дээрх хүрэл могойг харсан хэн бүхэн амьдарч, гайхамшигтай зүйл тохиов. Энэ нь хүрэл могой хүч чадалтайд байсангүй, харин “Хүрэл могойг харвал амьдрах болно” хэмээсэн Бурханы үгээр энэ бүхэн боломжтой болсон юм. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс тэр хүрэл могой өөрсдийг нь аварсан гэж бодоод, Хезекиагийн үе хүртэл шүтсээр ирэв.

“Тэр өвөг эцэг Давидынхаа хийсний адил, ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдэв. Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн шонгуудыг цавчиж хаяжээ. Бас тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд Мосегийн бүтээсэн зэс могойд утлага уугиулж, түүнийг Нехуштан гэдэг байсан тул тэрхүү зэс могойг тэрээр сэглэж хаяв.” 2Хаа 18:3-4

Хезекиа Алгасал баяр тэмдэглэснийхээ дараа шүтээнүүдийг устгажээ. Тэрээр могойг сэглэж хаяв. Тэр могойг “Нехуштан” буюу “хүрлийн хэлтэрхий” гэдэг байсан аж. Энэ нь хүрэл могой зөвхөн хүрлээр хийгдсэн шүтээн гэдгийг ойлгуулж байна.

Загалмай шүтдэг сүмүүд

Энэхүү түүх нь хожим Есүсийн загалмай дээр биелүүлэх авралын ажлыг мэдүүлсэн зөгнөл байсан юм.

“Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ.” Иох 3:14-15

Мосе цөлд хүрэл могой өргөсөн шиг Есүс Өөрөө ч бас тийн өргөгдөнө гэдгээ хэлж байна. Мосе хүрэл могой өргөсөн түүх нь Есүс загалмай дээр өргөгдөхийг харуулсан зөгнөл юм. Үхэж буй хүмүүс хүрэл могойг хараад дахин амьдарсан шиг загалмай дээрх Есүсийн золиосоор хүн төрөлхтөн аврагдах болсон билээ.

Хуучин гэрээний үед израиль ард түмэн хүрэл могойн хүчээр аврагдсан юм биш шүү дээ. Гэтэл тэд Бурханы үгийн хүчийг мартаж, өөрсдийн харж чадах хүрэл могойд үйлчилсэн байдаг. Өнөөгийн сүмүүд ч ялгаагүй. Хүн төрөлхтний аврал загалмай дээр урссан Христийн золиосын цусаар биелсэн болохоос (Ефе 1:7, 1Пет 1:18-19) загалмай гэгч зүйл аврал, нүглийн уучлал өгдөг юм биш. Гэтэл Бурханд итгэдэг гэж ярьдаг олон хүн хүн төрөлхтнийг аварсан Христийн золиосыг мартан, загалмайд сүсэглэцгээж байна.

Бурхан Израилийн шүтээний зан үйлийг эвдсэн Хезекиаг “Эзэнээс зуурч, Түүнийг дагахаа болилгүй, харин Мосед Эзэний тушаасан тушаалуудыг сахижээ” (2Хаа 18:6-7) хэмээн магтаад, асар ихээр ерөөсөн байдаг. Энэ үед ч шүтээнээс хэтрэхгүй загалмайн шүтээнийг эвдэж, үнэхээрийн анхаарч ач холбогдол өгөх ёстой авралын мөн чанар, Христийн золиосоор байгуулагдсан шинэ гэрээний үнэ цэнийг ухааран, дагадаг хүмүүс л авралын ерөөл хүртэх болно.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기