
Бурхан зөвхөн тэнгэрт л оршиж авралын үүх түүхээ гүйцэтгэдэг биш юм. Тэрээр энэ дэлхий дээр махан биеэр ирж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхагласан. Библид хүн төрөлхтнийг аврахын төлөө махан биеэр ирсэн Бурханыг “Христ” гэж илэрхийлдэг.
Христ гэдэг үгийн үүсэл нь “Тослогдсон нэгэн” гэсэн утгатай “Христос (Χριστός)” гэсэн грек үг юм. Хуучин гэрээний үед Бурхан хаан, тахилч, эш үзүүлэгчийг томилохдоо тосолдог байжээ (Гэт 40:13, 1Хаа 19:15-16). Мөн Христийг бэлгэдсэн түүхэн хүмүүсийг дээрх гурван төрлийн албан тушаалд сонгон томилж, шинэ гэрээний үед ирэх Христийн талаар зөгнөсөн байдаг. Тийм учраас Христ Давид шиг хаан, Мелхизедек шиг тахилч, Мосе шиг эш үзүүлэгч болж ирсэн юм.
Хүмүүс Бурханыг “Төгс Хүчит” гэж хэлдэг ч Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд “махбод болно” гэсэн Библийн сургаалыг хүлээж авахад амаргүй байдаг мэт. Харин тэд махан биеэр ирсэн Бурханыг ямар ч шалтгаангүйгээр үгүйсгэж байгаа нь “Та Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” хэмээн Есүс рүү чулуу авч шидсэн иудейчүүдийн хандлагаас нэг их ялгараад байх юм алга (Иох 10:33). Христийн шашны итгэл сүсгийн гол үндэс нь “Хөвгүүн болж мэндэлсэн Бурхан” өөрөөр хэлбэл махбодоор ирсэн Бурханд итгэх явдал юм (Иса 9:6). Анхны сүмийн итгэгчид махбодоор төрж, өссөн Есүсийг “Бүх юмсыг бүтээгч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн” хэмээн гэрчилдэг байжээ (Иох 1:1-3, Ром 9:5, 1Иох 5:20).
Хүмүүн болох Христ
Иудейчүүд 2000 жилийн тэртээ Есүсийг “Христ” гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байсны нэг шалтгаан нь Тэрээр өөрсөдтэй нь адилхан махан биеийн төрхөөр ирсэнд байв (Иох 10:30-33). Харин элч нар хүнтэй адилхан дүр төрхөөр ирээд, хүний туулдаг амьдралаар амьдарсан Есүсийг “Бурхан” гэдэгт бат итгэцгээсэн юм. Тэдний бичсэн шинэ гэрээнд махан биеэр ирсэн Есүст итгэх ёстойг онцолсон олон ишлэл бий. Паул элч Тимотод бичсэн захидалдаа Есүсийг “хүмүүн” гэж онцолсон байдаг.
“Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна.” 1Тим 2:5
Тэрээр “хүмүүн” гэсэн тодотгох үг нэмж “хүмүүн болох Христ” гэж дурджээ. Энэ нь Паулын өөрийнх нь итгэдэг, хүн төрөлхтний хүлээн авах ёстой Христ бидэнтэй адилхан хүн төрхтэй Нэгэн байсныг тодорхой илчилсэн хэрэг байв. Эндээс харахад элч нар 2000 жилийн өмнө “Та Хүн байж Өөрийгөө Бурхан болгож байна” хэмээн Есүсийг үгүйсгэсэн тухайн үеийн иудейчүүдээс тэс өөр бодолтой байжээ. Харин ч тэд хүн болж ирсэн Христээр бахархдаг байсан аж. Элч Иохан ч мөн Есүсийг махбодоор ирснийг эсэргүүцдэг хүн бүр антихристийн сүнсийг хүлээн авагчид хэмээн хэлсэн байдаг.
“Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд аль хэдийнээ байна.” 1Иох 4:2-3
Иохан элч Есүсийг махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас, эсрэгээрээ Христийг бидэнтэй адилхан махбодоор ирсэн гэдгийг нь үгүйсгэдэг сүнс бол антихристийнх, өөрөөр хэлбэл Бурханыг эсэргүүцэгч Сатаны сүнс гэж хэлсэн байна. Ийнхүү Бурхан буюу Христ хүн төрөлхтнийг аврахын төлөө махбодоор ирсэн гэдгийг элч нар хүчтэйгээр гэрчилдэг байлаа.
Христийг хүлээн авагчдад өгөгдсөн ерөөл
2000 жилийн өмнө төдийгүй өнөө цагт ч Бурханыг бидэнтэй адилхан хүн болж ирснийг хүлээн зөвшөөрч чаддаггүй олон хүн бий. Бурхан төсөөлөхийн аргагүй яруу алдар дунд илчлэгдэнэ гэсэн тэдний хэвшмэл ойлголт сүнслэг нүдийг нь сохолсон хэрэг л дээ. Гэвч элч нар сул дорой махан биеийн төрхөөр илчлэгдсэн Есүсийг зүй ёсоор хүлээн авсан юм. “Махбодоор ирсэн Бурхан”-ыг хүлээн авсан элч нарт Бурхан тэнгэрийн хаанчлалын түлхүүр өгч, хүүхэд нь болох эрхийг олгосон.
“Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм. … Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө.” Мат 16:16-19
“Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.” Иох 1:10-12
Бид хүн төрөлхтнийг аврахын төлөө махбодоор ирсэн Бурханыг хэвшмэл ойлголтондоо баригдан үгүйсгэхийн оронд Библийн зөгнөлүүдээр Түүнийг зөв таньж мэдэн, хүлээн авч гэмээнэ мөнхийн тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэх юм.
Христийн бие хүн – Цохих чулуу болж ирсэн Бурхан
Бурханыг энэ дэлхийд ирнэ гэхээр хүмүүс Түүнийг нүдэнд харагдахуйц сүр жавхлан дунд ирнэ гэж төсөөлөн хүлээдэг. Библид бас тэгж заадаг юм болов уу?
“Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ? Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.” Иса 53:1-2
Хуучин гэрээний Библид Есүсийг ирэхээс ойролцоогоор 700 жилийн өмнө хүн төрөлхтний нүглийг оронд нь үүрч зовлон амсах Түүний талаар “хуурай газраас гарсан үндэс мэт” хэмээн зөгнөсөн байдаг. “Хуурай газраас гарсан үндэс” гэхээр усгүйгээс сайн ургаж чадаагүй гэсэн үг юм. Түүнд мөн Бурхан гэж хүлээн зөвшөөрөгдөхүйц онцгой дүр төрх байхгүй гэдгийг ч хэлжээ. Түүний тухайд хэлбэр дүрс ч, цог жавхлан ч, хүмүүсийг татахуйц дүр төрх ч алга гэсэн байна. Хожим ирэх Бурхан ертөнцийнхний найдаж байснаас тэс өөрөөр, энэ мэт сул дорой дүр төрхөөр ирэхийг Библид ийн зөгнөсөн хэрэг. Гэвч хэрвээ бид Христийг махбодын талаас нь мэдэхийг оролдвол гарцаагүй Түүнд бүдрэх болно.
“Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд урхинд орж баригдана гэв.” Иса 8:13-15
“Израилийн хоёр гэр” гэдэг нь Бурханд итгэдэг хүмүүсийг хэлж байгаа юм. Гэтэл энд Ёхова Бурхан тэдэнд цохих чулуу, бүдрүүлгийн хад, урхи занга болж, олон хүн Бурханы улмаас унаж, бүдэрнэ гэж зөгнөжээ. Хэрвээ Бурхан бүх хүн хүлээн зөвшөөрөхүйц сүр жавхлант төрхөөр илчлэгдсэн бол хэн ч Түүнд бүдрэхгүй нь лав. Харин махан биеэр ирэх болохоор л олон хүн Бурханыг махбодын талаас нь хараад унаж, хэмхэрч, бүдрэх юм. Авралд нь туйлын хэрэгтэй Христ тийм хүмүүсийн хувьд цохих чулуу, бүдрүүлгийн хад болно гэсэн үг л дээ. Исаиа 8-р бүлгийн зөгнөл махан биеэр ирсэн Есүсээр биеллээ олсныг элч Петр гэрчилдэг.
“Эзэнд ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. … итгэгч та нарт энэ нь үнэт, харин үл итгэгчдэд “Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов” гээд “Бүдрүүлгийн Чулуу, тээглэх Хад болсон юм” гэсэнчлэн болой. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд таарсан аж.” 1Пет 2:4-8
Есүс тэдэнд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад болсон шалтгаан нь Тэрээр Бурхан гэж итгэхэд хэтэрхий сул дорой махан биеийн дүр төрхөөр ирсэнтэй нь холбоотой юм. Үнэндээ Есүсийн аж амьдрал, ахуй орчныг судлаад үзэхэд Түүний махан биеийг л онцолдог хүмүүсийг бүдрүүлэхэд хангалттай байлаа. Тэгээд л Петр бүдрэх нь “тэдэнд таарсан” гэж хэлжээ. Христийг махан биеийн талаас нь хардаг хүн хэзээ ч Түүнийг таньж чадахгүй байхаар Бурхан хүслээ ийн тогтоосон ажээ.
Есүсийг Христ мөн гэдгийг Библийн зөгнөл гэрчилдэг болохоос Түүний махан биед хамаатай зүйлс нь биш юм (Иох 5:39). Гэтэл тухайн үеийн иудейчүүд Есүсийн биелүүлж буй Библийн зөгнөлийг анхаарахын оронд өөрсдийнх нь итгэж найдсанаас тэс өөр байдалтай байсан махан биеийг нь хараад л бүдэрцгээсэн хэрэг. Өнөө үед бид Христийг буюу махбодоор ирсэн Бурханыг махбодын талаас нь харах биш, харин Библийн зөгнөлөөр дамжуулан мэдэх ёстой билээ.