Хоёрдугаар Есүс шинэ гэрээг сэргээсэн нь

42999 읽음

2000 жилийн өмнө Есүс хүн төрөлхтний авралын төлөө мэндэлсэн юм. Давидын сэнтийн зөгнөлийн дагуу Тэрээр 30 настайдаа баптисм хүртэж, гурван жилийн турш шинэ гэрээний сайн мэдээ тунхаглан, үүргээ гүйцээгээд тэнгэрт одсон билээ (Үйл 1:6-9).

Өнөө үед олон христчүүд тэнгэр ширтэн, Хоёрдугаар Есүсийг үүлэн дунд ирнэ гээд хүлээж буй (Мат 24:30-31). Гэвч Хоёрдугаар Есүс энэ дэлхийд аль хэдийн ирчихсэн. Тэрээр дахин нэг удаа хүний ​​төрхөөр илчлэгдэж, амийн үнэн болох Сатаны устгасан шинэ гэрээг сэргээн, авралд хүрэх замыг нээсэн юм.

Есүс яагаад хоёр дахиа махбодоор ирэх ёстой вэ?

Есүсийг тэнгэрт одсоноос хойш энэ ертөнцөд олон зүйл өөрчлөгдсөн. Есүс Сатан хожим энэ газарт ёс бусыг тарина гэдгийг, мөн Тэрээр хоёр дахиа ирэхдээ жинхэнэ итгэл олохгүй гэдгээ зөгнөсөн байдаг (Лук 18:8). Тийн зөгнөсөн ёсоор элч нарын үеийн шувтарга үеэс хойш тарьсан ёс бусын үр өдрөөс өдөрт үржиж, авралын үнэн болох шинэ гэрээ дэлхийгээс ор мөргүй алга болсон юм.

Гэрэл болох үнэн алга болсон тул харанхуй цаг үетэй золголоо. 16-р зуунд өрнөсөн шашин шинэчлэлээс хойш Библи судлаач, шашны урсгалууд үй олноороо бий болсон ч хэн нь ч шинэ гэрээний алдагдсан үнэнийг сэргээж чадаагүй бөгөөд өөр өөрсдийн үзэл баримтлалыг зөв гэцгээх болжээ. Сүнслэг харанхуйд үнэнийг ялгаж салгах, зааж таниулах хэн ч байсангүй. Тиймээс Христ хоёр дахиа энэ дэлхийд махбодоор ирж, алдагдсан үнэнийг дахин илчилсэн билээ. Тэрээр анх ирсэн үе шигээ хонин сүргээ хариулах Хоньчны үүргээр ирсэн юм.

“Энэ хашаан дахь хоньдоос өөр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.” Иох 10:16

Шинэ гэрээг сэргээх“Давидын Үндэс”буюу Хоёрдугаар Есүс

Элч Иохан үнэнийг сэргээх Хоёрдугаар Есүсийн тухайд “Давидын Үндэс” хэмээн зөгнөсөн байдаг.

“Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. … Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.” Илч 5:1-5

Бурханы ном лацдуулсан хэмээсэн байна. Энэ нь хүн төрөлхтний авралд ноцтой асуудал учирна гэсэн үг. Тиймээс Иохан элч ном лацтай байхыг хараад ихэд гашуудан уйлжээ. Есүсийг тэнгэрт одсоноос хойш элч Иоханы сүүлийн жилүүддээ бичсэн Илчлэл ном нь ирээдүйд юу болох тухай илчлэлтүүдийг агуулдаг юм (Илч 1:1). Тиймээс энэ нь Анхны Есүсийн зааж мэдүүлсэн авралын үнэн буюу шинэ гэрээ алга болох тухай зөгнөл юм. Гэвч тэрээр шинэ гэрээний үнэн үүрд лацтай хэвээр үлдэхгүй, харин Давидын Үндэс нээнэ хэмээн хэлдэг.

Библид Давидын Үндэс нь Есүс юм (Илч 22:16). Харин Илчлэл 5-р бүлэг нь Анхны Есүсийг тэнгэрт одсоны дараа юу болох тухай зөгнөл учраас энд гарч байгаа Давидын Үндэс нь Хоёрдугаар Есүсийг илтгэж байна. Шашны харанхуй үед алдагдсан шинэ гэрээний үнэнийг сэргээж чадах цорын ганц Хүн бол Хоёрдугаар Есүс гэдгийг Библи гэрчилдэг.

Библийн зөгнөл дагуу ирсэн Хоёрдугаар Есүс, Ан Сан Хун Христ

Давидын Үндэс болон илчлэгдэх Хоёрдугаар Есүсийн тэмдэг нь Есүсийн цусаар байгуулсан шинэ гэрээ буюу “мөнхийн гэрээ” юм (Иса 55:3, Евр 13:20, Лук 22:20). Энэ үед хүн төрөлхтөнд шинэ гэрээг сэргээсэн Нэгэн бол Ан Сан Хун Христ.

Анхны Есүсийн нэгэн адил Түүний хоёр дахь ирэлтийг ч Библид зөгнөсөн байдаг. Хоёрдугаар Есүс нар мандах дорно зүгийн хязгаарт ирэх бөгөөд инжрийн модоор бэлгэдсэн Израиль улсыг дахин сэргэх үед сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлнэ хэмээн Библид зөгнөдөг. Энэхүү зөгнөл дагуу дорнын хязгаарт орших Солонгос улсад ирсэн Ан Сан Хун Христ 1948 онд буюу Израиль улс гайхамшигтайгаар тусгаар тогтнолоо олж авсан тэр жил 30 насандаа баптисм хүртээд, сайн мэдээний үүр цайлгасан юм.

Ан Сан Хун Христ Сатаны улмаас устаж, өнө удаан хугацаанд хэний ч сахиагүй байсан шинэ гэрээний гол цөм Алгасал баярыг тунхагласан юм. Тэрээр мөн гурван удаагийн долоон баярыг бүрэн төгс сэргээснээрээ сүнсний Сионыг дахин байгуулах тухай зөгнөлийг биелүүлсэн. 1964 онд Тэрээр Бурханы сүмээ албан ёсоор байгуулж, Давидын сэнтийн зөгнөлийг биелүүлэхийн тулд 37 жил сайн мэдээний замаар алхсаны эцэст 1985 онд тэнгэрт одсон билээ. Ан Сан Хун Христ мэндэлсэн цагаасаа өөд болох хүртлээ Библийн зөгнөл дагуух амьдрал туулсан байдаг.

Хоёрдугаар Есүсийн золиос ба Бурханы сүм

2000 жилийн өмнө Бурхан махбод болж, энэ дэлхий дээр ирсэн боловч Өөрийнхөн нь Түүнийг хүлээж аваагүй юм (Иох 1:1-11, 14). Есүс Библийн зөгнөлийг биелүүлэн, амийн үнэнийг зааж сургасан ч хэн ч үүнд нь анхаарал хандуулаагүй. Харин ч тэд Есүсийг жишим ч үгүй гүтгэж, “Хүн байж Өөрийгөө Бурхан болгох гэлээ” гэцгээж байлаа. Тэд Түүнийг мужааны хүү хэмээн дорд үзэж, гарал үүсэл, орчин нөхцөлийг нь асуудал болгон, ад үзэж байсан юм (Иох 10:33, Мат 13:54-57). Эцэст нь тэд Есүсийг загалмайд цовдлов. Есүсийг амилсан үед ч хүртэл тэргүүн тахилч нар цуу яриа тараалгахын тулд хуурамч гэрчүүдийг хахуульдаж байв (Мат 28:11-15).

Ариун Сүнсний үед Есүсийг дахин ирэхэд ч байдал нэг их дээрдсэнгүй. Үнэний гэрэл сүнслэг харанхуй бүрхсэн ертөнцийг гэрэлтүүлсэн ч хүмүүс үүнийг тийм ч амар хүлээж аваагүй бөгөөд саад хийгчид олон байв. Гэвч Хоёрдугаар Есүс Ан Сан Хун Христ шинэ гэрээний үнэнийг сэргээхийн тулд Библид зөгнөснөөр 37 жил сайн мэдээний үйлчлэлд Өөрийгөө чимээгүйхэн зориулж байлаа. Тухайн үеийн Өмнөд Солонгос улс Японы колончлол болон Солонгосын дайны улмаас сүйрч, эзгүйрээд байсан юм. Ан Сан Хун Христ цаг үеийн ийм л бэрхшээлийг даван туулж байхдаа ч амрах сөхөөгүй шинэ гэрээний сайн мэдээ тунхагласаар байв.

Түүний золиос, хайраар өнөөгийн хүн төрөлтхний авралын хоргодох газар Сионы их зам цэлийн нээгдсэн билээ. Ан Сан Хун Христийн байгуулсан Бурханы сүм бол анхны сүмийн итгэлийг бүрэн утгаар нь өвлөж авсан жинхэнэ сүм бөгөөд Елохим Бурханы яруу алдар, шинэ гэрээний үнэний гэрлээрээ дэлхий ертөнцийг удирдан чиглүүлж буй сүм билээ.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기