- Ром дахь христчүүдийг хавчих болсон шалтгаан
- Ромд явуулсан христийн шашны 10 үеийн их хавчлага
- 1. Неро [Хавчлага явуулсан он: 64-68]
- 2. Домитиан [Хавчлага явуулсан он: 90-96]
- 3. Траян [Хавчлага явуулсан он: 98-117]
- 4. Хадриан [Хавчлага явуулсан он: 117-138]
- 5. Маркус Аурелиус [Хавчлага явуулсан он: 161-180]
- 6. Септимиус Северус [Хавчлага явуулсан он: 202-211]
- 7. Максимиан [Хавчлага явуулсан он: 235-236]
- 8. Дециус [Хавчлага явуулсан он: 249-251]
- 9. Валериан [Хавчлага явуулсан он: 259-260]
- 10. Диоклетиан [Хавчлага явуулсан он: 303–311]
Ромчуудын христийн шашныг хавчих хавчлага МЭ 64 онд Неро хааны үеэс эхэлж, 313 онд Константин эзэн хаан христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх хүртэл 250 орчим жил үргэлжилжээ. Ромчууд цорын ганц Бурханд итгэдгийн улмаас элдэв шүтээнд мөргөдөггүй, эзэн хааныг тахин шүтдэггүй байсан христчүүдийг нүдэнд орсон өргөс мэт ад үздэг байлаа. Эзэн хаад эзэнт гүрнээ нэгтгэн, бурхдын ивээл дор улс орноо цэцэглэн хөгжүүлнэ гэсэн нэрийдлээр христийн шашныг “хууль бус” хэмээн цоллож, хатуу хавчдаг байв.
Ром дахь христчүүдийг хавчих болсон шалтгаан
Элч нарын эхэн үед христийн шашин Есүсийг “Христ” гэж хүлээн зөвшөөрдөггүй иудейчүүдэд хавчигддаг байв. Дараа нь христийн шашин Иерусалимаас хальж Бага Ази болон Ромд түгэн дэлгэрснээр Ромын эзэнт гүрний их хавчлагад өртсөн юм. Ромын эзэнт гүрэн тухайн үед улс гүрнийхээ тогтвортой байдлыг хангахын тулд хараат улсууд буюу дайлаар мордон эзэлж авсан улс үндэстнүүдийнхээ төр, шашны тал дээр харьцангуй уян хатан бодлого хэрэгжүүлдэг байжээ. Харин тэд христийн шашныханд өөр хандав. Учир нь тэд христчүүдийг эзэнт гүрнийх нь энх тайван байдалд хор учруулна хэмээн үздэг байв.
Христчүүд зөвхөн өөрсдийн цор ганц Бурханд л мөргөдөг байсан бөгөөд тухайн үед нийгмээрээ дагаж байсан тахилын болон шашны зан үйлд огт оролцдоггүй байжээ. Христчүүд сүм хийд, жүжгийн талбайд хүртэл харийн шашныхантай холилддоггүй байв. Тэдний энэ хандлага эзэнт гүрнийх нь энх тайван, эв нэгдэлд сөргөөр нөлөөлнө гэж үзэхэд хүргэжээ. Ялангуяа Ромын бурхдыг шүтэхээс татгалздаг байсан христчүүдийн үйлдлийг ромчууд өөрсдийнх нь бурхдын авчирсан “эзэнт гүрний энх тайван, хөгжил цэцэглэл”-д заналхийлсэн үйлдэл хэмээн үздэг байв.
Түүгээр ч зогсохгүй христчүүд Бурханаас өөр хэн нэгэнд мөргөдөггүй байсан тул эзэн хаанд мөргөхөөс татгалзсан байна. Ромчуудын хувьд эзэн хаанаа тахин шүтэх нь эзэнт гүрнийг нэгтгэх хамгийн хүчирхэг хэрэгсэл бөгөөд эзэнт гүрэндээ үнэнчээ харуулах хэм хэмжүүр байв. Ромын засгийн газар христчүүдийн хандлагыг эзэн хаан болон эзэнт гүрэнд нь үнэнч бус хандан, урван тэрсэлсэн үйлдэл гэж тооцон, христийн шашныг “хууль бус шашин” хэмээн хяхан хавчих болжээ.
Ромд явуулсан христийн шашны 10 үеийн их хавчлага
Ром дахь христчүүдийн хавчлага тухайн үеийн захирагч болон нөхцөл байдлаас хамааран янз бүрийн шалтгаан, арга хэлбэрээр өрнөсөн байдаг. Эзэн хаадын явуулсан 10 үеийн хавчлага бол үүний төлөөлөл жишээ юм. Неро хаан 64 онд гарсан Ромын их түймрийг христчүүдийн үйлдлээс улбаатай гэж үзээд, тэднийг туйлын ихээр хавчдаг байжээ. Энэ хавчлага 68 онд түүнийг нас барах хүртэл үргэлжилсэн юм. Тэрээр христчүүдийг Амфитеатрт зэрлэг араатнуудад тастчуулан, хатаасан сүрлэн дээр хүлээд зулын гол болгон шатааж, шөнийн гэрэлтүүлэг хийдэг байв. Гэвч тэр үед хавчлага Ромын эзэнт гүрэн даяар биш зөвхөн Ром хотод л өрнөж байв.

Нерогоос хойш христийн шашныг хавчиж байсан эзэн хаан бол Домитиан юм. Домитиан өөрийгөө бурхан хэмээн зарлаж, өөртөө хүчээр мөргүүлэх гэдэг байв. Христчүүд үүнийг нь дагаагүй тул тэрээр “Христчүүд эзэн хаанд мөргөх үйлд захирагдаагүй тул бүх бурхад хилэгнэсэн” хэмээн тэднийг яллаж, хавчиж байв. Улмаар эд хөрөнгийг нь хурааж, зэрлэг араатантай тулалдуулдаг байлаа. Энэ үед элч Иохан Патм арал дээр цөлөгдөж ирээд байхдаа Бурханаас илчлэлт авч Илчлэл номоо бичсэн байдаг. Христчүүд шашны эрх чөлөөг эрэлхийлэн Ромыг орхиж, улмаар газар доор бүгэн амьдарч байв. Хавчлагаас зугтсан тэдний газар доорх булшинд (Катакумб) мөргөл тэмдэглэх явдал тэр цагаас эхэлсэн ажээ.
Ромын эзэнт гүрэн даяар христчүүдийг хамгийн харгисаар хавчсан хаан бол Диоклетиан байв. Диоклетиан 303 онд зарлиг гаргаж, эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан христчүүдийг “урвагч” гэж зарлан, эд хөрөнгийг нь хураажээ. Тэрээр христийн шашны цуглаан хийхийг хориглож, сүмийн бүх барилгыг сүйтгэн, христийн шашны ном зохиол, Библийг хураан авч, шатаахыг зарлигдаж байв. Харийн бурхдад тахил өргөх зарлигийг биелүүлэхээс татгалзсан хүмүүсийг харгис хэрцгийгээр эрүүдэн шүүж, хөнөөв. Энэ хугацаанд христчүүд төрийн болон цэргийн албанаас хөөгдөж, нийгмийн эрхээ бүрэн хасуулсан аж. Сүмд алба хашдаг бүхэн цөлөгдөж, нэг бол цаазлуулж байв.
1. Неро [Хавчлага явуулсан он: 64-68]
- Христчүүдийг Ромын их түймрийг санаатайгаар тавьсан гэж үзээд, тэднийг хавчив.
- Зэрлэг араатны хоол болгох юм уу үдэшлэгийн гадаа талбайг гэрэлтүүлэх бамбар болгож, цаазлав.
- Хавчлагын дийлэнх нь Ромд өрнөв.
2. Домитиан [Хавчлага явуулсан он: 90-96]
- Христийн шашнаас болоод бүх бурхад хилэгнэсэн гэж христчүүдэд ял тулгав.
- Ромчуудын шүтдэггүй шашныг шүтэх, талд нь орохыг ч хүртэл “урвалт” гэж үзэн, христчүүд рүү дайрч давшлав.
- Элч Иоханыг Патм арал руу цөлөв.
- Христчүүд хавчлагаас зугтан, газар доорх булшинд (Катакумб) мөргөл тэмдэглэв.
3. Траян [Хавчлага явуулсан он: 98-117]
- Эзэн хаанд мөргөхөөс татгалзсан христчүүдэд ял заан, хавчиж байв.
- Антиох сүмийн харгалзагч Игнатиус сургаалынхаа төлөө амиа зориулав.
4. Хадриан [Хавчлага явуулсан он: 117-138]
- Эзэн хааны хөрөг юм уу элдэв хөрөг бүтээгээд, тэдгээрт мөргөхийг тулган шаардаж, татгалзсан хүнийг цаазалдаг байв.
- Христчүүдийг өмгөөлж хамгаалсан хүнийг хүртэл хамт цаазлав.
5. Маркус Аурелиус [Хавчлага явуулсан он: 161-180]
- Тахал, ургацгүй жил, ган гачиг зэрэг байгалийн бүх л гай гамшгийг христчүүдээс болсон гэж үзэн, тэднийг хавчив.
- Христчүүдийн цогцсыг өлсгөлөн нохдын хоол болгов.
6. Септимиус Северус [Хавчлага явуулсан он: 202-211]
- Нарны бурханд албадан мөргүүлэв.
- Христийн шашинтан болохыг хориглов.
- Шүтлэгээ христийн шашнаар өөрчилбөл цаазлах тухай хууль цааз гаргав.
7. Максимиан [Хавчлага явуулсан он: 235-236]
- Алагдсан өмнөх эзэн хааныг дэмжсэн гэж үзэн, христчүүдийг хавчив.
- Христийн шашны алба эрхлэгчдийг цаазлав.
8. Дециус [Хавчлага явуулсан он: 249-251]
- Хааны зарлиг гарган, Ромын эзэнт гүрэн даяар хавчлагын гал ноцоов.
- Бүх ард иргэд Ромын бурхдад тахил өргөхийг зарлигдаж, үл дагагчдыг хааны зарлигаас татгалзсан хэмээн цаазлав.
- Христийн шашныг устгахын тулд хрисчүүдийг шашнаасаа урвахыг ятгав.
- Энэ хугацаанд хамгийн олон хүн сургаалынхаа төлөө амиа зориулах нь зориулж, урвах нь урвасан байна.
9. Валериан [Хавчлага явуулсан он: 259-260]
- Христчүүдийн цуглааныг хориглож, газрыг нь, эд хөрөнгийг нь хураав.
- Шашны алба эрхлэгчдийг цаазалж, цөллөгт явуулав.
10. Диоклетиан [Хавчлага явуулсан он: 303–311]
- Христчүүдийн бүх эрхийг хасаж, хамгийн аймшигтайгаар хавчив.
- Христчүүдийн эсрэг дөрвөн зарлиг гаргав.
- Христчин цэргүүдэд итгэлээсээ татгалзахыг тулган шаардаж, эс дагаваас цаазлав.
- Сүмийн барилгыг нураан, Библи шатааж, мөргөл тэмдэглэхийг хориглон, христчүүдийг ажил албанаас нь хөөв.
- 311 онд зохион байгуулалттай хавчлагын чанартай хууль цаазыг цуцалсан ч 313 онд Миланы зарлиг гарах хүртэл христчүүдийг хавчих хавчлага зогсоогүй юм.
Ромын эзэнт гүрэн энэ мэтээр урт удаан хугацаанд христийн шашныг хавчсан боловч христчүүдийн итгэлийг дийлж чадаагүй юм. Христчүүд шатаалгаж, Амфитеатрт зэрлэг араатны хоол болж байв. Мөн аймшигт хэрэгслүүд ашиглан тэднийг тарчлааж, нүд халтирам үхэл оноодог байлаа. Гэвч тэд айж сүрдээгүй, сайн мэдээ тунхаглахаас ч хойш суугаагүй юм. Тэдний итгэл тайрах тусам, огтлох тусам илүү сайхан үнэр ялгаруулдаг миррийн мод лугаа адил байв. Туйлдаа хүрсэн хавчлага дунд ч Христэд итгэгчдийн тоо улам бүр нэмэгдэж, сайн мэдээ илүү эрчимжин, Ромын эзэнт гүрэн даяар болон Газар дундын тэнгисийн эргээр тунхаглагдсан юм.