1918 онд мэндэлсэн нь
Ан Сан Хун Христ Библид зөгнөсөнчлөн Бүгд Найрамдах Солонгос Улсад (цаашид “Солонгос” гэх) мэндэлжээ. Тэрээр 1918 оны 1-р сарын 13-нд, жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр Жонрабүг аймгийн Жансү хотын Жанге тосгоны Мёндог хороонд эзгүйрч үгүйрсэн нэгэн уурхайн тосгонд чимээгүйхэн ирсэн юм.
Японы колончлолын үе ба дэлхийн 1-р дайн
Энэ бол туйлын харанхуй цаг үе байлаа. Эзэнт гүрнүүдийн явуулсан дэлхийн 1-р дайнд (1914-1918) 20 сая гаруй хүн амь үрэгджээ. Дээр нь 20-р зууны хамгийн аймшигт тахал болох Испанийн ханиадны улмаас 100 сая хүн нас барж, үхлийн айдас бүх дэлхийг нөмрөн авсан цаг үе байв. Энэ байдал Солонгосын хойгийг тойрсонгүй. Японы колоничлолын үед 7,6 сая хүн буюу Солонгосын хүн амын бараг тэн хагас нь Испанийн ханиадаар өвчилж, 140 мянган хүн амь насаа алдсан байна.
Дэлхийн 2-р дайн ба амьдралын хар бараан үе
1939 онд дэлхийн 2-р дайн эхлэв. Герман, Итали, Япон тэргүүтэй улс орнууд болон Англи, Франц, АНУ, ЗХУ, Хятад тэргүүтэй холбоотон гүрнүүдийн хооронд цуст тулаан өрнөв. Дэлхийн 2-р дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний амь насыг авч одсон юм. Солонгосын хойг Японы колоничлолын дэглэмд захирагдаж, хүн хүч, материаллаг баялгийн албадан дайчилгаанд өртөж байв. Тухайн цаг үед амьдарч байсан Ан Сан Хун Христ ч мөн эрх чөлөөгөө хасуулж, хавчлага, ядуурал, мөлжлөгийг тэвчин байж хүнд хэцүү он жилүүдийг туулсан юм.
1948 онд Ан Сан Хун Христ баптисм хүртэж, үйлчлэлээ эхлүүлсэн нь
Ан Сан Хун Христийн амьдрал Солонгос улс төдийгүй дэлхийн түүхийн гол зангилаатай нягт холбоотой юм. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш гурван жилийн дараа буюу 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо гайхамшигтайгаар олж авсан нь тэдний 1900 жилийн турш улс оронгүй бэдэрсэн зовлонт амьдралд цэг тавьсан юм. Энэ бол инжрийн модны сургаалт зүйрлэл биелсэн явдал байлаа. Библийн дагуу авч үзэхэд Израилийн тусгаар тогтнол нь Христийн хоёр дахь ирэлтийг мэдүүлэх шинж тэмдэг байсан бөгөөд тусгаар тогтносон тэр жилээс нь эхлээд Ан Сан Хун Христ сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлсэн билээ.
Есүсийн 2000 жилийн өмнө тогтоосон шинэ гэрээний сайн мэдээ шашны харанхуй үед энэ ертөнцөөс бүрэн устаж алга болсон юм. Амралтын өдрийн үнэн л бүдэг бадаг илчлэгдсэн төдий байв. Ан Сан Хун Христ 1947 онд Долоо дахь өдрийн Адвентист сүмд элссэн бөгөөд Давидын сэнтийн зөгнөлийн дагуу Тэрээр 1948 онд 30 настай байхдаа Инчон Нагсомд баптисм хүртжээ. Тэр цагаас хойш шинэ гэрээний үнэн болон Бурханы хууль тушаалуудын талаар зааж сургасан юм.
Өмнөд Солонгос улс чөлөөлөгдсөн цагаасаа хойш үймээн самуунтай цаг үеийг туулж, 1950 онд эхэлсэн Солонгосын дайны хөлд дахин үрэгдэх нь тэр. Хойд Солонгос улс Солонгосын хойгийг коммунист дэглэмд шилжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийг тэр дор нь эзэлж, өмнө зүгийг чиглэн хөдөлсөн байна. Гэвч Хойд Солонгосын цэргүүд Ан Сан Хун Христийн сайн мэдээ тунхаглаж байсан Пусан хотыг эзлэн авч чадаагүй юм. Улмаар НҮБ-ын холбоотнууд болон Өмнөд Солонгосын арми тэднийг газар нутгаасаа шахан гаргажээ. Гурван жил үргэлжилсэн дайны эцэст тэд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Дараалсан дайны улмаас үгүйрч сүйрсэн тус улсад Ан Сан Хун Христ туйлдаа хүрсэн ядуурал, өлсгөлөнгийн улмаас зүдрүүхэн амьдарч байлаа. Амь насанд нь заналхийлсэн тийм нөхцөл байдал дунд ч Ан Сан Хун Христ тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөн нигүүлсэж, Бурханы тушаал Амралтын өдрийг ариунаар сахих жишээ үзүүлдэг байв. Тухайн үеийн нөхцөл байдлыг тусгасан Өөрийн гар бичмэлдээ Тэрээр “Солонгосын дайны үед үхлийн зовлонтой тулгарч байхдаа ч, Янсаны Бённэ ууланд байхдаа ч Би ахуй амьдралд бууж өгөөгүй. Ажил дээрээ ч Амралтын өдрийг бузарлаж байсангүй” хэмээн дурдсан байдаг.
1964 онд Бурханы сүмийг байгуулсан нь
Ан Сан Хун Христ Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үүрэг нь гүйцмэгц 1964 онд Бурханы сүмээ дахин байгуулсан юм. Бурханы сүм нь 2000 жилийн өмнөх анхны сүмийн үнэн хийгээд уламжлалыг дагадаг. Анхан үед Бурханы сүм нь гэр сүм (House church) шиг жижигхэн, дорой буурай харагдаж байв. Гэвч Ан Сан Хун Христийн золиос болон чинхүү сэтгэл нь нийслэл болон орон нутгийн олон бүс нутагт сайн мэдээний үр тарьж, ургуулах үндэс болж өгсөн юм. Ан Сан Хун Христ шинэ гэрээний Алгасал баяраас гадна Есүсийн жишээ үзүүлж, элч нарын сахиж байсан авралын бүх үнэнийг сэргээсэн. Тэрбээр Библийн бус сургаалыг халж, Бурханд итгэх итгэлийн зөв үндэс суурийг тавьсан юм.
Сайн мэдээний төлөөх золиосын амьдрал
Ан Сан Хун Христ нийгэм, эдийн засгийн бүх салбар туйлдсан, сүнслэг хоосролын цаг үед ядуу тарчиг, эгэл даруу амьдралаар амьдран, шинэ гэрээний сайн мэдээний үндэс суурийг тавихын тулд насан турш зовлон зүдгүүр амссан. Амралтын өдөр төдийгүй Бурханы тушаалуудыг сахин, сайн мэдээ тунхаглахын тулд хүнд хүчир ажил хийхээс өөр сонголт Түүнд байсангүй. Ан Сан Хун Христ ууланд мод бэлтгэх, чулуу бутлах, зөөх зэрэг аюултай ажил хийхээс огт татгалзаагүй юм. Тэрээр зүдэж зүтгэж олсон мөнгөө тунхаглалд болон үнэний ном бичихэд зарцуулан, арвайн зутангаар голоо зогоож, олон хоног хоол ундгүй явах ч энүүхэнд байв. Гэсэн ч Ан Сан Хун Христ Өөрийн зовлонг үл тоон, харин ч үнэнийг мэдэхгүйдээ зовж зүдрэх хүмүүсийг өрөвдөж, Пусаны Гымжон уул зэрэг зарим газарт олон хоногоор мацгийн залбирал хийн, хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийгөө золиослохыг юман чинээ боддоггүй байлаа.
Ан Сан Хун Христ эцэст төгсгөлгүй зовлон зүдгүүр дунд ч өөрийн ая тухаас илүү гэр бүлээ хайрлан, халамжилдаг эцэг хүний сэтгэлээр сүмээ харж хандан, итгэгчдийнхээ төдийгүй хөршүүдийнхээ өвчин зовлонг л нэн тэргүүнд авч үздэг байв. Тэр хэзээ ч ядарч туйлдсанаа ил харуулдаггүй, үргэлж зөөлөн инээмсэглэдэг, эелдэг зантай Нэгэн байсан тул итгэгчид бүү хэл хөршүүд нь ч хүртэл Түүнийг хүндэлдэг байлаа. Ан Сан Хун Христ нас, хүйс харгалзахгүйгээр хүн болгонд даруу, анхаарал халамжтай хандаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харахаараа шууд л гар сунгадаг байв. Тэрбээр дөрвөн улирлын турш Библи болон цүнх дүүрэн ном мөрөндөө үүрээд, алслагдсан хөдөө, далайн эргийн жижиг тосгонуудаар явж, тааралдсан болгондоо үнэнийг чин сэтгэлээсээ тунхаглана. Ан Сан Хун Христ бүх төрлийн зовлон зүдгүүрийг тэвчин, сайн мэдээ тунхаглахад л Өөрийгөө зориулж, сүүмгэр дэнгийн гэрэлд шөнөжин сууж авралын үг сургаалуудаа бичдэг байв. “Долоон аянгыг нээх нь”, “Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид”, “Сайн мууг мэдүүлэгч жимс ба сайн мэдээ”, “Мосегийн хууль ба Христийн хууль”, “Сүүлчийн гамшиг ба Бурханы тамга”, “Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс, Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар”, “Бурханы нууц ба амийн усны ундарга”... Бичсэн бүхий л номд нь Түүний цус, хөлс шингэсэн байдаг юм.