Тэнгэрийн гэр бүл, Бурхан бидний харилцаа

35658 읽음

Хүмүүс Бурханыг ихэвчлэн “Эцэг” гэж дууддаг. Учир нь Есүс 2000 жилийн тэртээ Бурханыг “тэнгэр дэх бидний Аав” гэж зааж өгсөн байдаг (Мат 6:9). Харин Есүс Бурханыг “Аав”, “Эцэг” гэсэн нь зөвхөн Эцэг Бурхан л байдаг гэсэн утгатай юм болов уу?

“Эцэг” гэдэг үг айл гэрт хэрэглэгддэг нэр томьёо юм. Эцэг байвал хүүхэд бий, үр хүүхдээ төрүүлэх ээж ч бий. Газрын гэр бүл гэж байдгийн адил тэнгэрт ч Эцэг Бурхан, Эх Бурхан, Бурханы хүүхдүүд бүхий тэнгэрийн гэр бүл байдгийг Библи гэрчилдэг юм.

Газрын гэр бүл нь тэнгэрийн гэр бүлийн хуулбар, сүүдэр

“Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.” Евр 8:5

Хуучин гэрээний үед Бурхан Мосед тэнгэр дэх ариун газрыг жишээ болгон газар дээрх асар барихыг тушаажээ. Энэ нь израиль ард түмэнд газрын ариун газраар дамжуулан нүдэнд үл харагдах тэнгэрийн ариун газрыг ойлгуулах гэсэндээ тэр байв. Бурханы эл хүсэл гэр бүлийн тогтолцоонд ч шингэсэн байдаг. Бурхан бидэнд нүдэнд харагдахгүй тэнгэрийн гэр бүлийн талаар хялбархан ойлгуулах үүднээс газрын гэр бүлийн тогтолцоог сүүдэр, хуулбар болгон бүтээсэн юм.

“Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу?” Евр 12:9

Махбодын эцэгтээ хэрхэн хандах ёс зүйгээр дамжуулан сүнсний Эцэгтээ хэрхэн хандахыг бидэнд сургасан юм. Сүүдэр болох энэ газрын гэр бүлд махбодын эцэг байдгийн адил бодит болох тэнгэрийн гэр бүлд ч сүнсний Эцэг буюу Эцэг Бурхан байх нь гарцаагүй.

Тэнгэрийн гэр бүлийн гишүүд

Шууд утгаараа “эцэг” гэж үр хүүхэдтэй эрэгтэй хүнийг хэлдэг. Дахин хэлэхэд хэн нэг эр хүн зайлшгүй үр хүүхэдтэй байж л “эцэг, аав” гэж дуудуулна шүү дээ. Үүн шиг Бурханыг Эцэг гэж дуудаж байгаа нь Бурхан хүүхдүүдтэй гэсэн үг юм.

“… Эзэн айлддаг. … Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.” 2Кор 6:17-18

Библид итгэгчдийг Бурханы хүүхдүүд, өөрөөр хэлбэл хөвгүүд, охид гэж заадаг. Харин эцэг хүн ганцаараа үр хүүхдээ төрүүлж чадах уу? Үгүй. Үр хүүхдээ хэвлийдээ тээж, төрүүлэх нь эхийн үүрэг юм. Эх байхгүй бол хүүхэд ч байх боломжгүй, хүүхэд байхгүй бол эцэг ч байх боломжгүй. “Эцэг” гэсэн үг үр хүүхэд төдийгүй “эх” байдгийг ч нотолдог юм. “Эцэг Бурхан” гэсэн нэр томьёо нь “Эх Бурхан” байдгийг мэдүүлж байна.

“Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм.” Гал 4:26

“Дээр” гэдэг нь тэнгэрийг хэлж байна. Библид тэнгэр Эх буюу Эх Бурхан байдгийг тодорхой гэрчилдэг. Газрын гэр бүл тийм байдагчлан тэнгэрийн гэр бүл ч тэнгэр Эцэг, тэнгэрийн хүүхдүүд, тэнгэр Эхтэй.

Мөнх амь соёрхох тэнгэр Эх

Хорвоод ээжгүйгээр төрсөн хүн бий юү? Мэдээж аав байх ёстой ч амь тээж төрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг нь ээж шүү дээ. Энэ зүйл тогтол зөвхөн хүн дээр төдийгүй шувуу, загас, зэрлэг ан амьтан гээд бүхий л амьд биетээс түгээмэл харагддаг.

Бурхан бүх зүйлийг Өөрийн хүслээр бүтээж, тэнгэр дэх зүйлсийн хуулбар, сүүдэр болгон газрын зүйлсийг бүтээсэн (Илч 4:11, Евр 8:5). Тэгвэл үр хүүхэд заавал эхээсээ амь авч төрдөг болсон Бурханы хүсэл юунд оршиж байгаа юм бол? Энэ нь мөнх амийг Эцэг Бурхан, Эх Бурхан хоёулаа хамт байж өгдгийг бидэнд ойлгуулах гэсэндээ тэр юм.

“Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. …” Эхл 1:26

Урт удаан хугацаанд хүн төрөлхтөн Бурханыг зөвхөн эрэгтэй ​​дүр төрхөөр нь л ойлгож, “Эцэг Бурхан” гэж дуудсаар ирсэн. Хүнийг бүтээсэн Бүтээгч Эзэн Бурхан ердөө ганц л Эцэг Бурхан байсан бол Бурхан мэдээж “Би дүр төрхийнхөө дагуу Өөртэйгөө адилхан хүнийг буй болгоё” гэж айлдах байсан биз. Гэтэл “Бид” гэсэн байна. Яагаад “Бид” гэсэн юм бол? Учир шалтгаан нь дараагийнх нь ишлэлд гарч байгаа.

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:27

Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр, Өөртэйгөө адилхан хүн бүтээжээ. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн байна. Энэ нь Бурхан эрэгтэй дүр төрхөөр болон эмэгтэй дүр төрхөөр оршдгийг илтгэж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн эрэгтэй дүр төрхийн Бурханыг “Эцэг” гэж дууддаг бол эмэгтэй дүр төрхийн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж “Эх” гэх ёстой шүү дээ. Эхлэл номын эхний хуудаснаас л мөнх амь соёрхох тэнгэр Эх оршдгийг Библид гэрчилж байна. Тиймээс бид Библийн сургаалын дагуу Эцэг Бурханд төдийгүй Эх Бурханд итгэж гэмээнэ мөнх амьтай Бурханы хүүхдүүд болох юм.

Цусаар холбогддог гэр бүл

Гэвч зүгээр л Эцэг Бурхан, Эх Бурханд итгэлээ гээд тэнгэрийн гэр бүлийн гишүүн болчихдог юм биш. Хүүхдүүд эцэг эхийнхээ цусыг өвлөн авдаг шиг бид ч бас Бурханы хүүхэд болохын тулд Бурханы цусыг өвлөх ёстой. Тэгээд л Есүс бидэнд Бурханы цусыг өвлөн авч болох нэгэн үнэнийг зааж өгсөн нь шинэ гэрээний Алгасал баяр юм.

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-15, 20

Юуг Есүсийн цус гэж айлдсан бэ? Алгасал баярын усан үзмийн дарсыг. Алгасал баяр сахиснаараа бид Бурханы цусыг өвлөн авна. Шинэ гэрээний Алгасал баяр нь сахих л юм бол тэнгэрийн цусыг өвлөн авч Бурханы хүүхэд болох боломж бидэнд олгодог нандин үнэн билээ.

Бурханы хүүхэд болно гэдэг маань мөнхийн тэнгэрийн хаанчлалыг өвлөн авах Бурханы өв залгамжлагч болно гэсэн үг (Ром 8:16-17). Зарим хүн Бурхан болон итгэгчдийн хооронд эзэн, боолын харилцаатай гэж боддог. Гэхдээ Библийн нотолгоо нь өөр. Бурхан бол сүнсний Эцэг, Эх маань. Харин итгэгчид бол сүнслэг цусаар нь холбогдсон Бурханы хүүхдүүд. Сүр жавхлант тэнгэрийн хаанчлалд мөнхийн аз жаргал эдлэх тэнгэрийн гэр бүл болох арга зам нь Эцэг Эх Бурханд итгэж, шинэ гэрээний Алгасал баяр сахих явдал юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기