Хамгийн агуу тушаалыг хэрхэн сахих вэ?
| Хайр нь хуулийн гүйцэлдэл мөн

36712 읽음

2000 жилийн тэртээ нэгэн хуульч Есүсээс “хамгийн агуу тушаал” юу болохыг асуув. Есүс “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь хөршөө өөрийн адил хайрла” хэмээн айлдсан байдаг. Бүх хуулийн гүйцэлдэл хайр гэдэг нь дээрх үгнээс харагдаж байна.

Энэ үед Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан Есүсийн айлдсан “хамгийн агуу тушаал”-ын жинхэнэ утгыг болон үүнийг хэрхэн сахиж болохыг бидэнд зааж мэдүүлсэн юм. Үүнд Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний баяруудаар төгс хайранд хүрч, сайн үйлсээрээ Христийн золиос, хайрын замыг дагах ёстой гэсэн утгатай сургаал агуулагддаг.

Хамгийн агуу тушаал “хайр” нь хуулийн гүйцэлдэл мөн

Бурхан ард түмнээ аврахын тулд тэдэнд хуучин шинэ гэрээний үед Мосегийн хууль ба Христийн хуулийг тус тус өгчээ. Есүс эдгээр бүх хуулийг гүйцэлдүүлэх нь хамгийн агуу тушаал буюу “хайр” хэмээн айлдсан байдаг.

“Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.” Мат 22:35-40

“Хамгийн агуу бөгөөд анхны тушаал нь Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах, хоёр дахь нь хөршөө өөрийн адил хайрлах” гэжээ. Мөн Тэрбээр “Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгч тулгуурладаг” гэсэн буюу тэдгээрийг хамгийн чухал гэж үзжээ. Үүнээс харахад хуучин гэрээний бүх хууль энэ хоёр тушаал дотор нэгтгэгдсэн нь илт байна.

Хуучин гэрээний хуулиудыг төлөөлдөг Арван тушаал нь үндсэндээ хоёр төрөлд хуваагддаг. Арван тушаалын эхний дөрвөн тушаалд Бурхантай харилцах харилцаандаа сахих ёстой “Бурханд хамаарах тушаалууд” багтдаг. Харин таваас арав дахь тушаал нь хүн хоорондын харилцаанд мөрдөх ёстой “хүнд хамаарах тушаалууд” юм.

Эхнийх нь “Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла” гэсэн тушаалаар биелэх боломжтой. Учир нь Бурханыг хайрладаг хүн яавч өөр бурхан, шүтээнүүдэд үйлчилж, Бурханы нэрийг дэмий хоосон дурдахгүй. Сүүлийнх нь ч мөн “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн тушаалаар хэрэгжинэ. Яагаад гэхээр хэрэв хэн нэгнийг хайрлах л юм бол түүнд хор хүргэх муу зүйл огт хийхгүй шүү дээ. Есүсийн айлдсанаар Арван тушаалаар төлөөлүүлсэн бүхий л хууль нь хайраар гүйцэлдэх учиртай. Бурханы хүслийг ойлгосон элч Паул ч мөн “Хайр нь хуулийн гүйцэлдэл” гэдгийг гэрчилжээ.

“… Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.” Ром 13:8-10

Хамгийн агуу тушаалыг сахих арга, шинэ гэрээний баярууд

Хуучин гэрээний үед “Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла” гэсэн тушаал бүрэн хэрэгжих боломжгүй байв. Арван тушаал нь хуучин гэрээний баяруудтай адилхан ч (Гэт 34:18-28 үзэх) хуучин гэрээний үед Бурханы ард түмэн мал амьтдыг золиосын тахил болгон өргөх замаар баяруудаа тэмдэглэдэг байжээ. Тэдгээр амьтдын золиосоор хүн Бурханы хайрыг бүрэн дүүрэн ухаарч, бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах нь хэцүүхэн хэрэг байв.

Харин шинэ гэрээний үед Бурхан Өөрөө хүн төрөлхтний авралын төлөө махбод болж, эвлэрүүлгийн золиосын тахил болсон билээ. Тэрээр загалмай дээрх золиосын цусаараа Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний баяруудыг тогтоож өгсөн. Ариун хүмүүс шинэ гэрээний баяр тэмдэглэх бүрдээ Бурханы золиос, хайрыг дурсан санаж, Бурханы эрхэм дээд хайраар амьдруулсан үй олон сүнсийг хэрхэн хайрлахаа тунгаан боддог байжээ (1Кор 10:16-17).

Эндээс харахад бид шинэ гэрээний баяраар Бурханы золиос, хайрыг ухаарсан үедээ л “Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хөршөө өөрийн адил хайрла” гэсэн хамгийн агуу тушаалыг сахих боломжтой болох юм.

Шинэ гэрээний Алгасал баяр нь “Бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаал

Алгасал баярын талх, усан үзмийн дарсаар байгуулсан шинэ гэрээ нь “Бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаалтай үндсэндээ адилхан гэдгийг Хоёрдугаар Христ Ан Сан Хун бидэнд сургасан. Энэ нь бүх хуулийг гүйцэлдүүлдэг хамгийн агуу тушаал болох “хайр” нь шинэ гэрээний Алгасал баяртай уялдаа холбоотойг илтгэж байгаа хэрэг.

“Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:20

“Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.” Иох 13:34

Лук 22, Иохан 13-р бүлэгт Алгасал баярын үеэр болсон үйл явдлуудыг тэмдэглэсэн байна. Лук номд “шинэ гэрээ”, Иохан номд “шинэ тушаал” гэж тэмдэглэсэн нь Есүс адилхан цагт, адилхан газар байхдаа айлдсан үгс юм. Харин Лук номд “шинэ тушаал” гэсэн тэмдэглэл байхгүй, Иохан номд “шинэ гэрээ” гэсэн тэмдэглэл ч байхгүй. Учир нь Библид гэрээ болон тушаал нь адилхан утгатай гэж заадаг. Нэг жишээ дурдахад хуучин гэрээний үед Бурхан Арван тушаалыг “гэрээ” гэж нэрлэсэн байдаг (Гэт 34:28, Дэд.Хуу 4:13). Тиймд шинэ гэрээний Алгасал баяр нь “Бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаал болж байгаа хэрэг.

Шинэ гэрээний Алгасал баярт агуулагддаг хайрын зарчим

Бид шинэ гэрээний Алгасал баярт агуулагддаг хайрын зарчмыг ухаарах юм бол хэдий үг хэллэг нь өөр байсан ч шинэ гэрээ болон шинэ тушаал нь адилхан гэдгийг мэдэж болно. Шинэ гэрээний Алгасал баяраар Есүс итгэгчдэд хамтад нь Өөрийн мах цусаа идүүлж уулган, Өөртэйгөө нэг бие болгосон юм (Мат 26:17-28, Лук 22:7-20, Иох 6:53-56).

“Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг.” 1Кор 10:16-17

Итгэгчид шинэ гэрээний Алгасал баяраар Есүсийн мах цусанд оролцсоноороо нэгэн бие болдог. Бид Христ дотор нэг бие болсон байж хэрхэн өөрийн биеийг үзэн ядна гэж? Бурхан шинэ гэрээний Алгасал баяраар итгэгчдийг нэг болгон, бие биенээ хайрлах боломжтой болгосон юм.

Түүнчлэн Алгасал баярын ариун зоог нь Есүсийн мах цусыг идэж уун, хүн төрөлхтний авралын төлөө загалмай дээр махаа урж, цусаа урсгасан Христийн золиос, хайрыг ухаарах ёслол юм. Угийн л бусдыг хэрхэн хайрлахаа мэддэггүй ёрын муу байсан бидний сүнс шинэ гэрээний Алгасал баяраар Христийн золиос, хайрыг бүрэн ухаарч, улмаар бусдыг хайрлах чадварт суралцах юм. Энэ нь шинэ гэрээнд агуулагддаг хайрын зарчимд үндэслэн шинэ тушаалыг хэрэгжүүлж сурна гэсэн үг.

Хамгийн агуу тушаал болох “хайр”-ыг хэрэгжүүлдэг итгэгчдийн сайн үйлс

Ан Сан Хун Христ шинэ гэрээгээр аврагдсан итгэгчдэд “Бие биенээ хайрлагтун” гэсэн шинэ тушаал хэрэгжүүлэх ёстойг мэдүүлсэн юм. Үүгээр Тэрээр бидэнд хамгийн агуу тушаал болох хайр хэрэгжүүлэхийг захисан. Христ Бурханыг мэддэггүйдээ нүгэл үйлдэж, үхлийн замаар алхаж яваа сүнснүүдийг өрөвдөн үзэж, тэднийг аврах хайраа харуулсан билээ. Тэрээр итгэгчдээсээ ч мөн Өөрийнх нь жишээг даган, үхэж буй сүнснүүдийг аврах хайр үзүүлээсэй гэж хүссэн юм.

Хамгийн агуу тушаал болох “хайр” дотор амийн үг тунхаглахаас гадна сайн үйлсээрээ Бурханаа алдаршуулах, хүмүүсийн зүрх сэтгэлийг Бурхан руу эргүүлэх явдал багтдаг. Бурханы ивээлээр нүглээс ангижирсан итгэгчид сайн үйлсээрээ гэмшсэнээ харуулж, Бурханд таалагдах амьдралаар амьдрах учиртай. Тиймээс Есүс бидэнд сайн үйлсээрээ Бурханаа алдаршуулахыг захисан бөгөөд элч Петр ч мөн сайн үйлс хийхийг итгэгчдэд уриалсан юм.

“Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” Мат 5:16

“Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь хараад Түүний харгалзлын өдөр Бурханыг алдаршуулах болно.” 1Пет 2:12

Үнэн хичнээн зөв байлаа ч хэрэв итгэгчдийнх нь үйлс ёрын муу хэвээр бол сайн мэдээний гэрэл бүдгэрэхээс өөр аргагүй юм. Харин тунхаглаж буй үнэн нь ч зөв, тунхаглаж буй хүмүүсийнх нь үйлс ч сайхан бол сайн мэдээний гэрэл улам тодорно. Итгэгчдийнх нь сайн үйлс үл итгэгчдийн зүрхийг гэмшүүлж, тэднийг Бурхан руу хөтлөх хөшүүрэг болоход Бурхан баярладаг юм.

Тиймээс энэ үеийн Бурханы жинхэнэ ард түмэн шинэ гэрээний баярууд сахиж, тэдгээр баяруудаар зөвшөөрөгдсөн Бурханы золиос, хайрыг бүрэн ухаарах юм. Түүнчлэн хуулийн гүйцэлдэл болох хайрыг бусдад үзүүлж амьдрах учиртай. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хоёрдугаарт хөршөө өөрийн адил хайрлах ёстой юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기