Буудай болон үрийн сүүлний сургаалт зүйрлэл | Утга, зөгнөл, ялгах арга

41881 읽음

Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглаж, олон сургаалт зүйрлэл ашиглан хүмүүст сургасан байдаг. Тэдгээрийн дотроос “Буудай ба үрийн сүүлний сургаалт зүйрлэл” нь сүнслэг тариалантай зүйрлэсэн Христийн сайн мэдээний ажлын тухай зөгнөлийг дотроо агуулж байдаг. Дэлхий дээрх үй түмэн сүм дундаас жинхэнэ болон хуурамч сүмийг ялгаж салгах аргыг буудай болон үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлээс олж мэдэж болох юм.

Есүсийн заасан буудай болон үрийн сүүлний сургаалт зүйрлэл

Есүсийн хэлсэн буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийг доор өгүүлье.

“Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.” Мат 13:24-30

Эзэн эхлээд сайн үр тарьжээ. Хожим нь дайсан эзний тариалангийн ажилд саад хийхийн тулд үрийн сүүл (хогийн ургамал) тарьсан байна. Үрийн сүүл нь гадаад төрхөөрөө буудайтай тун төстэй тул буудайн дундаас үрийн сүүл ялгаж салгахад ихээхэн хүндрэлтэй байж. Мөн үрийн сүүл нь ургах чадвар сайтай тул тэдгээрийг зулгаалгүй, буудайтай хамт орхих аваас талбай төд удалгүй үрийн сүүлээр дүүрчихнэ.

Буудай болон үрийн сүүлний сургаалт зүйрлэлийн утга, зөгнөлийн биелэлт

Есүс ч мөн буудай болон үрийн сүүлний сургаалт зүйрлэлийг тайлбарласан байдаг.

“… Тэр —Сайн үр таригч нь Хүний Хүү, талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хөвгүүд, үрийн сүүлийн үрүүд нь ёрын муу нэгний хөвгүүд, тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм. Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. … ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. …” Мат 13:36-42

Энд сайн үр таригч нь Хүний Хүү буюу Есүс, ургац хураах цаг нь үеийн төгсгөл гэжээ. Тиймээс буудай болон үрийн сүүлний энэхүү сургаалт зүйрлэл нь Есүсээс эхлэн үеийн төгсгөл хүртэл шинэ гэрээний үед болох үйл хэргийн зөгнөл юм. Мөн сургаалт зүйрлэлд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж бооно гэж байгаа ч тайлбарт нь “Ёс бусыг үйлдэгчийг бөөгнүүлээд, галтай зууханд хаяна” гэжээ. Тиймээс үрийн сүүл нь ёс бусыг үйлдэгчдийг заасан хэрэг.

Үрийн сүүл тарьсан дайсан нь диавол гэжээ. Эзний сайн үр тарьсан талбайд дайсан үрийн сүүл тарьж саад хийсэн нь Христийн сайн мэдээний үйл хэрэгт саад хийхийн тулд диавол дэлхий дээр ёс бусыг дэлгэрүүлнэ гэсэн утгатай юм. Энэхүү сургаалт зүйрлэлд дурдсанчлан Есүсийг тэнгэрт одсоны дараа Сатаны улмаас Бурханы хуулийг зөрчигч ёрын муу гарч ирж, улмаар газар авч эхлэв. Есүсийн зааж, жишээ үзүүлсэн шинэ гэрээний үнэний оронд ёс бусыг баримтлах дуу хоолой цуурайтаж эхэлсэн бөгөөд ням гаргийн мөргөл гэх мэт харийн шашнаас үүдэлтэй хуурамч зан үйл сүмд газар авав. МЭ 325 онд шинэ гэрээний үнэний гол цөм Алгасал баярыг устгасан байна.

Тэр цагаас 1600 жил өнгөрөөд буй өнөө үед дэлхий дээр өөр өөр зан үйл баримталдаг олон сүм байдаг ч тэд бүгд ням гаргийн мөргөл, Христмас зэрэг Библид байхгүй зан үйлийг сахицгааж байна. Шинэ гэрээний үнэнийг бүрэн дүүрэн сахидаг сүмийг олох боломжгүй болж. Тариалангийн талбайг зулгаахгүй бол үрийн сүүлэнд дарагдахтай адил ёс бусыг үйлдэгч сүмүүд өч төчнөөнөөрөө олширч. Талбайд үрийн сүүл хичнээн өсөж олширсон ч тариачин баярладаггүйн адил ёс бусыг үйлдэгчид хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй юм.

“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23

Тэд гаднаа Есүсийг хичнээн “Эзэн минь, Эзэн минь” гэж дуудан, христчин хүн мэт харагдаж байсан ч ёс бусыг үйлчдэгчид тэнгэрийн хаанчлалд орохгүй. Энэ нь гаднаа буудай мэт харагдах үрийн сүүл амбаарт хураагдахгүй, харин галтай зууханд хаягддагтай адилхан юм.

Буудайг үрийн сүүлнээс хэрхэн ялгах вэ?

Аврал аваад, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид үрийн сүүл биш буудай болох ёстой. Библид биднийг үрийн сүүл таригдахаас өмнөх итгэл рүүгээ буцаж очих ёстойг сургадаг.

“Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” Ефе 2:20

Бид элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр тулгуурласан итгэлтэй байх ёстойг энд дурджээ. Энэ нь бид Есүс болон Есүсээр шууд заалгасан элч нарын дагадаг байсан анхны сүмийн итгэл сүсэг хийгээд үнэнийг дагах ёстой гэсэн үг юм. Есүсийн зааж, жишээ үзүүлсэн үнэний гол төлөөлөлд Амралтын өдөр (Лук 4:16, Үйл 17:2), Алгасал баяр (Мат 26:17-28), толгойны алчуурын зарлиг (1Кор 11:1-6), Пентэкостын өдөр (Үйл 2:1-4), Майхан баяр (Иох 7:2, 37-39) багтдаг. Элч нар төдийгүй анхны сүмийн итгэгчид бүгд шинэ гэрээний эдгээр зарлигийг дагаж мөрддөг байв. Үрийн сүүл таригдахаас өмнөх эдгээр цэвэр үнэнийг сахидаг сүмийг сургаалт зүйрлэл дэх “буудай” гэж хэлж болох юм.

Буудай болон үрийн сүүлний сургаалт зүйрлэлээр дамжуулан Есүс Өөрийг нь тэнгэрт одсоны дараа энэ ертөнцөд ёс бус дэлгэрч, шинэ гэрээний үнэн устаж алга болно гэдгийг зөгнөсөн ажээ. Тэрээр бас Өөрийг нь дахин энэ ертөнцөд ирэхэд итгэл олдохгүй хэмээн айлдсан байдаг (Лук 18:8). Жинхэнэ итгэл олдохоо больсон ийм ертөнцөд Христ хүн төрөлхтний авралын төлөө хоёр дахиа ирнэ гэж Библид зөгнөжээ (Евр 9:28). Шинэ гэрээний устаж алга болсон үнэнийг сэргээн, авралд хүрэх замыг нээж өгөх Нэгэн нь зөвхөн Хоёрдугаар Христ юм. Бид Библийн зөгнөл дагуу дахин ирсэн Христийг зүй ёсоор угтан авч, Түүний сургаал дагуу шинэ гэрээний зарлигуудыг сахих аваас Бурханыг баярлуулах буудай болж чадах юм.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기