Ан Сан Хун Христийн танилцуулга

Ан Сан Хун Христ бол хүн төрөлхтний авралын төлөө хоёр дахиа махан биеэр ирсэн Есүс бөгөөд уг мөн чанар нь Эцэг Бурхан юм.

Библийн зөгнөлийн дагуу амийн үнэн "шинэ гэрээний Алгасал баяр"-ыг сэргээж, үхлийн гинжинд хүлэгдсэн хүн төрөлхтөн бидэнд мөнх амь соёрхсон юм.

Тэрээр элч нарын үеэс хойш устаж үгүй болоод байсан авралын үнэн, итгэлийн зөв чиг хандлагыг сэргээн, төгс шашин шинэчлэл явуулж, анхны сүмийн зан үйлийг бүрэн төгс уламжлан авсан Бурханы сүмийг дахин байгуулж, улмаар дэлхийн сайн мэдээний үндэс суурийг тавьсан билээ.

Ан Сан Хун Христ насан турш туйлын гачлант зовлон бэрхшээл дунд сайн мэдээний үнэ цэнэтэй амьдралаар амьдарч ирсэн юм. Тэрээр хайр, даруу чанар, нигүүлсэл, золиосын үлгэр дуурайл үзүүлэн, үнэний зам гэж юу болохыг дэлхий дахинаа зааж мэдүүлсэн юм.

Түүнчлэн Ан Сан Хун Христ амийн усны ундарга болох Эх Бурханыг тунхаглан мэдүүлж, мөнх амь, аз жаргал бялхсан гэрэлт ирээдүй, мөнхийн тэнгэрийн хаанчлалын замыг хүн төрөлхтний өмнө нээж тавьсан билээ.

Ан Сан Хун Христ

Товч намтар

Ан Сан Хун Христ (安商洪, Ahnsahnghong)
1918.01.13-1985.02.25
1918
1 сарын 13-нд мэндлэв (БНСУ-ын Жонбүг аймгийн Жансү хот, Жанге тосгон (Хуучнаар Генэ тосгон, Мёндог хороо)
1948
12 сарын 16-ны өдөр баптисм хүртэв (Инчон, Нагсом)
1955
“Долоон аянгыг нээх нь” номоо туурвив
1964
Бурханы сүмийг байгуулав (Пусан, Хэүндэ дүүрэг)
1970
Солонгост 4 сүм
1980

Солонгост 13 сүм

“Бурханы нууц ба амийн усны ундарга” номоо хэвлүүлэв

1981
“Долоо хоног тутмын шашин” сонинд өгсөн ярилцлага. Хоёрдугаар Христийн үйл хэрэг, мөн амьсгал хураах талаараа урьдчилан мэдэгдэв
1984

Сүүлчийн Алгасал баярын ёслолоо удирдан явуулав (Сөүл)

- Эх Бурханыг тунхаглах

- Залгамжлагчаа зарлах (Ким Жү Чоль пастор)

1985

Ан Сан Хун Христ тэнгэрт одов

- Түр чуулган дээр Эх Бурханыг дахин тунхаглав

- Түр чуулган дээр залгамжлагчаа дахин зарлав

Ан Сан Хун Христийн ахуй амьдрал

Анхан үе

1918 онд мэндэлсэн нь

Ан Сан Хун Христ Библид зөгнөсөнчлөн Бүгд Найрамдах Солонгос Улсад (цаашид “Солонгос” гэх) мэндэлжээ. Тэрээр 1918 оны 1-р сарын 13-нд, жавар тачигнасан өвлийн жихүүн өдөр Жонрабүг аймгийн Жансү хотын Жанге тосгоны Мёндог хороонд эзгүйрч үгүйрсэн нэгэн уурхайн тосгонд чимээгүйхэн ирсэн юм.

Японы колончлолын үе ба дэлхийн 1-р дайн

Энэ бол туйлын харанхуй цаг үе байлаа. Эзэнт гүрнүүдийн явуулсан дэлхийн 1-р дайнд (1914-1918) 20 сая гаруй хүн амь үрэгджээ. Дээр нь 20-р зууны хамгийн аймшигт тахал болох Испанийн ханиадны улмаас 100 сая хүн нас барж, үхлийн айдас бүх дэлхийг нөмрөн авсан цаг үе байв. Энэ байдал Солонгосын хойгийг тойрсонгүй. Японы колоничлолын үед 7,6 сая хүн буюу Солонгосын хүн амын бараг тэн хагас нь Испанийн ханиадаар өвчилж, 140 мянган хүн амь насаа алдсан байна.

Дэлхийн 2-р дайн ба амьдралын хар бараан үе

1939 онд дэлхийн 2-р дайн эхлэв. Герман, Итали, Япон тэргүүтэй улс орнууд болон Англи, Франц, АНУ, ЗХУ, Хятад тэргүүтэй холбоотон гүрнүүдийн хооронд цуст тулаан өрнөв. Дэлхийн 2-р дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний ​​амь насыг авч одсон юм. Солонгосын хойг Японы колоничлолын дэглэмд захирагдаж, хүн хүч, материаллаг баялгийн албадан дайчилгаанд өртөж байв. Тухайн цаг үед амьдарч байсан Ан Сан Хун Христ ч мөн эрх чөлөөгөө хасуулж, хавчлага, ядуурал, мөлжлөгийг тэвчин байж хүнд хэцүү он жилүүдийг туулсан юм.

1948 онд Ан Сан Хун Христ баптисм хүртэж, үйлчлэлээ эхлүүлсэн нь

Ан Сан Хун Христийн амьдрал Солонгос улс төдийгүй дэлхийн түүхийн гол зангилаатай нягт холбоотой юм. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш гурван жилийн дараа буюу 1948 онд Израиль улс тусгаар тогтнолоо гайхамшигтайгаар олж авсан нь тэдний 1900 жилийн турш улс оронгүй бэдэрсэн зовлонт амьдралд цэг тавьсан юм. Энэ бол инжрийн модны сургаалт зүйрлэл биелсэн явдал байлаа. Библийн дагуу авч үзэхэд Израилийн тусгаар тогтнол нь Христийн хоёр дахь ирэлтийг мэдүүлэх шинж тэмдэг байсан бөгөөд тусгаар тогтносон тэр жилээс нь эхлээд Ан Сан Хун Христ сайн мэдээний үйлчлэлээ эхлүүлсэн билээ.

Есүсийн 2000 жилийн өмнө тогтоосон шинэ гэрээний сайн мэдээ шашны харанхуй үед энэ ертөнцөөс бүрэн устаж алга болсон юм. Амралтын өдрийн үнэн л бүдэг бадаг илчлэгдсэн төдий байв. Ан Сан Хун Христ 1947 онд Долоо дахь өдрийн Адвентист сүмд элссэн бөгөөд Давидын сэнтийн зөгнөлийн дагуу Тэрээр 1948 онд 30 настай байхдаа Инчон Нагсомд баптисм хүртжээ. Тэр цагаас хойш шинэ гэрээний үнэн болон Бурханы хууль тушаалуудын талаар зааж сургасан юм.

Өмнөд Солонгос улс чөлөөлөгдсөн цагаасаа хойш үймээн самуунтай цаг үеийг туулж, 1950 онд эхэлсэн Солонгосын дайны хөлд дахин үрэгдэх нь тэр. Хойд Солонгос улс Солонгосын хойгийг коммунист дэглэмд шилжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийг тэр дор нь эзэлж, өмнө зүгийг чиглэн хөдөлсөн байна. Гэвч Хойд Солонгосын цэргүүд Ан Сан Хун Христийн сайн мэдээ тунхаглаж байсан Пусан хотыг эзлэн авч чадаагүй юм. Улмаар НҮБ-ын холбоотнууд болон Өмнөд Солонгосын арми тэднийг газар нутгаасаа шахан гаргажээ. Гурван жил үргэлжилсэн дайны эцэст тэд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Дараалсан дайны улмаас үгүйрч сүйрсэн тус улсад Ан Сан Хун Христ туйлдаа хүрсэн ядуурал, өлсгөлөнгийн улмаас ​​зүдрүүхэн амьдарч байлаа. Амь насанд нь заналхийлсэн тийм нөхцөл байдал дунд ч Ан Сан Хун Христ тусламж хэрэгтэй хүмүүсийг өрөвдөн нигүүлсэж, Бурханы тушаал Амралтын өдрийг ариунаар сахих жишээ үзүүлдэг байв. Тухайн үеийн нөхцөл байдлыг тусгасан Өөрийн гар бичмэлдээ Тэрээр “Солонгосын дайны үед үхлийн зовлонтой тулгарч байхдаа ч, Янсаны Бённэ ууланд байхдаа ч Би ахуй амьдралд бууж өгөөгүй. Ажил дээрээ ч Амралтын өдрийг бузарлаж байсангүй” хэмээн дурдсан байдаг.

1964 онд Бурханы сүмийг байгуулсан нь

Ан Сан Хун Христ Долоо дахь өдрийн Адвентист сүмийн үүрэг нь гүйцмэгц 1964 онд Бурханы сүмээ дахин байгуулсан юм. Бурханы сүм нь 2000 жилийн өмнөх анхны сүмийн үнэн хийгээд уламжлалыг дагадаг. Анхан үед Бурханы сүм нь гэр сүм (House church) шиг жижигхэн, дорой буурай харагдаж байв. Гэвч Ан Сан Хун Христийн золиос болон чинхүү сэтгэл нь нийслэл болон орон нутгийн олон бүс нутагт сайн мэдээний үр тарьж, ургуулах үндэс болж өгсөн юм. Ан Сан Хун Христ шинэ гэрээний Алгасал баяраас гадна Есүсийн жишээ үзүүлж, элч нарын сахиж байсан авралын бүх үнэнийг сэргээсэн. Тэрбээр Библийн бус сургаалыг халж, Бурханд итгэх итгэлийн зөв үндэс суурийг тавьсан юм.

Сайн мэдээний төлөөх золиосын амьдрал

Ан Сан Хун Христ нийгэм, эдийн засгийн бүх салбар туйлдсан, сүнслэг хоосролын цаг үед ядуу тарчиг, эгэл даруу амьдралаар амьдран, шинэ гэрээний сайн мэдээний үндэс суурийг тавихын тулд насан турш зовлон зүдгүүр амссан. Амралтын өдөр төдийгүй Бурханы тушаалуудыг сахин, сайн мэдээ тунхаглахын тулд хүнд хүчир ажил хийхээс өөр сонголт Түүнд байсангүй. Ан Сан Хун Христ ууланд мод бэлтгэх, чулуу бутлах, зөөх зэрэг аюултай ажил хийхээс огт татгалзаагүй юм. Тэрээр зүдэж зүтгэж олсон мөнгөө тунхаглалд болон үнэний ном бичихэд зарцуулан, арвайн зутангаар голоо зогоож, олон хоног хоол ундгүй явах ч энүүхэнд байв. Гэсэн ч Ан Сан Хун Христ Өөрийн зовлонг үл тоон, харин ч үнэнийг мэдэхгүйдээ зовж зүдрэх хүмүүсийг өрөвдөж, Пусаны Гымжон уул зэрэг зарим газарт олон хоногоор мацгийн залбирал хийн, хүн төрөлхтнийг аврахын тулд Өөрийгөө золиослохыг юман чинээ боддоггүй байлаа.

Ан Сан Хун Христ эцэст төгсгөлгүй зовлон зүдгүүр дунд ч өөрийн ая тухаас илүү гэр бүлээ хайрлан, халамжилдаг эцэг хүний сэтгэлээр сүмээ харж хандан, итгэгчдийнхээ төдийгүй хөршүүдийнхээ өвчин зовлонг л нэн тэргүүнд авч үздэг байв. Тэр хэзээ ч ядарч туйлдсанаа ил харуулдаггүй, үргэлж зөөлөн инээмсэглэдэг, эелдэг зантай Нэгэн байсан тул итгэгчид бүү хэл хөршүүд нь ч хүртэл Түүнийг хүндэлдэг байлаа. Ан Сан Хун Христ нас, хүйс харгалзахгүйгээр хүн болгонд даруу, анхаарал халамжтай хандаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг харахаараа шууд л гар сунгадаг байв. Тэрбээр дөрвөн улирлын турш Библи болон цүнх дүүрэн ном мөрөндөө үүрээд, алслагдсан хөдөө, далайн эргийн жижиг тосгонуудаар явж, тааралдсан болгондоо үнэнийг чин сэтгэлээсээ тунхаглана. Ан Сан Хун Христ бүх төрлийн зовлон зүдгүүрийг тэвчин, сайн мэдээ тунхаглахад л Өөрийгөө зориулж, сүүмгэр дэнгийн гэрэлд шөнөжин сууж авралын үг сургаалуудаа бичдэг байв. “Долоон аянгыг нээх нь”, “Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид”, “Сайн мууг мэдүүлэгч жимс ба сайн мэдээ”, “Мосегийн хууль ба Христийн хууль”, “Сүүлчийн гамшиг ба Бурханы тамга”, “Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс, Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар”, “Бурханы нууц ба амийн усны ундарга”... Бичсэн бүхий л номд нь Түүний цус, хөлс шингэсэн байдаг юм.

Амьдралынх нь шувтаргын үе

Библийн сүүлчийн нууц болох Эх Бурханыг гэрчилсэн нь

Ан Сан Хун Христ сайн мэдээний амьдралынхаа сүүлийн он жилүүдэд Библийн хамгийн агуу нууц болох Эх Бурханыг тунхаглахад анхаарлаа хандуулсан юм. Хүн төрөлхтөн амийн усны ундарга болох Эх Бурхантай уулзаж байж л аврал авах тул Тэрээр энэхүү үйл хэргийн төлөө асар их хүчин чармайлт гаргажээ. Ан Сан Хун Христ бүх үнэнийг нэгтгэн, 1980 онд “Бурханы нууц ба амийн усны ундарга” нэртэй номоо хэвлүүлж байв. Тэрээр Библи болон янз бүрийн гэрчлэлээр дамжуулан “Тэнгэр Иерусалим”, “Хурганы эхнэр”, “Ариун Сүнсний Сүйт бүсгүй” хэмээн илэрхийлэгдсэн Эх Бурханы тухай гэрчилсэн юм.

Хүмүүсийн огт ухаараагүй байсан Эх Бурханыг зөвхөн Эцэг Бурхан л илчилж чадна. Тиймээс Ан Сан Хун Христ сайн мэдээний үйлчлэлийнхээ эхэн үеэс л Эх Бурханыг хичээнгүйлэн гэрчилсэн юм. Түүний Өөрийн гараар бичсэн дэвтэр, сургаалын эмхэтгэл, үнэний номд нь Эх Бурханы тухай илчлэлт, Библийн баримт нотолгоо, үг сургаалууд тодорхой тэмдэглэгдсэн байдаг.

Ан Сан Хун Христ 1984 оны 4-р сарын 15-нд энэ дэлхий дээрх сүүлчийн Алгасал баяраараа Эх Бурханыг албан ёсоор илчилсэн юм. Тэрээр шавь нартаа, тэр дундаа Ким Жү Чоль пасторт Эх Бурханы үнэнийг нэгд нэггүй зааж өгчээ. Үүгээрээ Тэр араасаа ирэх Бурханыг гэрчлэх “Елиагийн үүрэг”-тэй холбоотой зөгнөлөө бүрэн биелүүлсэн ажээ.

Ан Сан Хун Христ Гар бичмэл болон үнэний ном
1981년 3월 18일자 《주간종교》 신문에 ‘소문 안 난 새 종교-하나님의 교회’라는 제목으로 “다시 오시는 주님은 암행어사로 이 땅에 오셔서 37년간 복음사업을 하다가 죽어야 한다”는 내용이 보도됐다.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “1985 онд тэнгэрт одох” тухайгаа урьдчилан мэдэгдсэн нь

Ан Сан Хун Христ 1985 онд дэлхий дээрх сайн мэдээний үйлчлэлээ дуусгахаас дөрвөн жилийн өмнө нэгэн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа Хоёрдугаар Христийн үхлийн талаар урьдчилан зөгнөсөн байдаг. 1981 оны 3-р сарын 18-ны өдрийн “Долоо хоног тутмын шашин” сонинд “Яригдаж байгаагүй нэгэн шинэ шашин: Бурханы сүм” гэсэн гарчигтайгаар “Дахин ирэх Эзэн энэ газарт нууцаар ирж, 37 жилийн сайн мэдээний ажлаа гүйцээгээд үхэх ёстой. Бурханы сүм... Есүсийн дахин ирэх үеийг өнөө үе хэмээн итгэж, мөн хоёр дахиа ирэхдээ нүд, хамар, ам, чихтэй буюу махан биеэр төрнө гэдэгт итгэдэг. ... Анхны Есүсийн үед байгуулсан шинэ гэрээ шашны харанхуй үеийн туршид гишгэгдсэн болохоор шинэ гэрээ буюу амийн үнэнийг сэргээхийн төлөө Эзэн Өөрийн биеэр ирэх ёстой” хэмээн тодорхой дурдсан байдаг. Ингэснээрээ Хоёрдугаар Христийн тухай Библийн зөгнөл болон хэрхэн биелсэн талаарх баримтуудыг үй олон хүнд үлдээсэн байна.

Ан Сан Хун Христ эцсийн бэлтгэлээ хийж, 1984 оны тавдугаар сард Ким Жү Чоль пасторт ёслолын хувцсаа гардуулан өгч, түүнийг залгамжлагчаа хэмээн зарлав. Бурханы сүмийг Эх Бурханы сургаалын дагуу зөв хөгжүүлэхийн тулд Тэрээр сүмийн дэг журмыг тогтоож, Библи, үнэний ном, нотлох баримт болох гэрэл зургуудаа үлдээн, бат итгэлтэй, дуулгавартай байж, сүнс аврахын төлөө тунхаглалын ажлаа гүйцээхийг захисан байна. Мацаг, залбирлаар хүн төрөлхтний авралыг туйлын ихээр хүссэн Ан Сан Хун Христ хүн төрөлхтөнд мөнх амь, тэнгэрийн хаанчлалын замыг нээн 37 жилийнхээ сайн мэдээний үйлчлэлийг дуусгаад, Библийн бүх зөгнөлийг гүйцээн 1985 оны 2-р сарын 25-нд тэнгэрт одсон юм.

Ан Сан Хун Христ тэнгэрт одсоны дараах Бурханы сүм

Ан Сан Хун Христийн хүслийн дагуу Бурханы сүм хүн төрөлхтний авралын төлөө сайн мэдээ тунхаглаж, Эх Бурханы удирдамжийн дагуу Бурханы хайрыг түгээхэд анхааран ажиллаж байна. Сүм байгуулагдсанаас хойш 50 жилийн дотор дэлхийн 175 орны 7500 бүс нутагт 3,2 сая итгэгчтэй болж, дэлхийн хэмжээнд өргөжин тэлсээр. Сүмийн итгэгчид дэлхийн бүх хүнийг “нэгэн гэр бүл” гэж үзэн, Бурханы хүүхдүүдийн хувьд ертөнцийн гэрэл, давсны үүргээ гүйцэтгэж, гамшиг, өлсгөлөн, өвчин эмгэг, ядууралд нэрвэгдсэн хүн зонд тусламжийн гар сунган, итгэл найдвар бэлэглэж ирсэн. Түүнчлэн орон орны засгийн газар, агентлагуудын зүгээс энх тайван, эв нэгдлийн төлөө Бурханы сүмтэй хамтран ажиллаж, итгэгчдийн сэтгэл шингэсэн сайн дурын ажлыг өндрөөр үнэлэн, төрөл бүрийн шагнал урамшуулал олгосон юм. Улмаар сонин, телевиз, интернет мэдээ зэрэг хэвлэл мэдээллээр Хоёрдугаар Христ Ан Сан Хун, Эх Бурхан, түүнчлэн Бурханы сүмийн тухай мэдээ тогтмол цацагдаж байна. Хүн төрөлхтнийг гай гамшгаас аварч, аз жаргалтай байлгахыг хүссэн Эцэг Бурхан болон Эх Бурханы үнэн хийгээд хайр дэлхий дахинд түгсээр.

Бурханы сүмийн талаар мэдэх

Ан Сан Хун Христийн үйл хэрэг

Хоёрдугаар Христтэй холбоотой
Библийн зөгнөлийн биелэл

Библид Христийн хоёр дахь ирэлтийн шалтгаан, хугацаа, байршил, авралын арга замыг тодорхой зөгнөсөн байдаг. Ан Сан Хун Христ тэр бүх зөгнөлийг биелүүлж, хоёр дахь ирэлттэйгээ холбоотой үйлчлэлийг бүрэн гүйцээсэн юм.

Давид хааны зөгнөл

Лук 1-р бүлэгт Аврагчаар ирэх Христ "Давидын сэнтийд заларна" гэсэн зөгнөл бий. Давид хаан 30 настайдаа хаан болж, 40 жил хаанчилсан. Тэрхүү зөгнөл ёсоор Есүс 30 настайдаа баптисм хүртсэн боловч гурван жилийн турш сайн мэдээ тунхагласны эцэст загалмайн золиос амссан юм. Хоёрдугаар Христ ч мөн сүнсний Давид хаан болохынхоо хувьд 30 насандаа баптисм хүртэн, зөгнөлийн хувьд үлдсэн 37 жилийн сайн мэдээний үүргээ гүйцээгээд тэнгэрт одох учиртай юм. Иймд Ан Сан Хун Христ 30 нас хүрсэн жилээ буюу 1948 онд дорнын хязгаарын Солонгос улсад баптисм хүртэн, Бурханы сүмийг дахин байгуулжээ. Тэрээр шинэ гэрээний үнэнийг болон Бурханы хууль тушаалуудыг зааж сурган, 37 жилийн турш тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглаад 1985 онд тэнгэрт одсоноороо зөгнөлийг биелүүлсэн юм.

Инжрийн модны сургаалт зүйрлэл

Матай 24-р бүлэгт “Инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. ... үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг мэдэгтүн" гэж гардаг. Инжрийн модоор зүйрлэсэн Израиль улс эхэлж сүйрээд, дараа нь тусгаар тогтнох ба тэр үед нь Хоёрдугаар Христ ирнэ гэж зөгнөсөн байдаг. Энэхүү зөгнөлийн дагуу МЭ 70 онд Израиль улсыг Ром улс мөхөөж, 1900 орчим жил ард түмэн нь төр улсгүй, дэлхийгээр нэг хэрэн тэнүүчлэн, зовж зүдэрсний эцэст 1948 онд сая нэг тусгаар тогтнолоо олж авсан юм. 1900 жил алдчихаад байсан газар нутгаа эргүүлэн авсан цорын ганц улс бол Израиль юм. Христийн ирэхийг мэдүүлэх Бурханы шинж тэмдэг ёсоор, Ан Сан Хун Христ 1948 онд хүн төрөлхтний авралын төлөөх сайн мэдээний амьдралаа эхлүүлсэн билээ.

Корешийн зөгнөл

Персийн хаан Кореш Вавилонд олзлогдсон израильчуудыг чөлөөлсөнтэй адил эцсийн өдрүүдэд “Кореш” хэмээн зөгнөгдсөн Аврагч дорно зүгийн хязгаарт гарч ирнэ гэж Библид бий. Энэ зөгнөл ёсоор Ан Сан Хун Христ дорнын хязгаарын Солонгос улсад ирж, нүгэлт энэ ертөнцөд зовж шаналан буй Бурханы ард түмнийг “Бурханы тамга” болох шинэ гэрээний Алгасал баяраар сүнслэг чөлөөлөлт рүү удирдсан юм.

Мелхизедекийн зөгнөл

Эхлэл номд Мелхизедек хэмээх нэгэн онцгой хүн гардаг. Тэрээр итгэлийн өвөг Абрахамыг талх, дарсаар ерөөсөн тахилч байсан бөгөөд Абрахам түүнд орлогынхоо аравны нэгийг өгсөн байдаг. Мелхизедек нь зөгнөлийн хувьд Алгасал баярын талх, дарсаар бүх хүнд мөнх амийн ерөөл соёрхох Есүсийг илэрхийлдэг юм (Евр 5:8-10). Гэтэл Мелхизедекийн талаар тайлбарлахад бэрх гэсэн ишлэл Библид бий. Учир нь Тэрээр эцэггүй, эхгүй (Бурханд итгэдэггүй эцэг эх), угийн бичиггүй (Израильд биш харь оронд төрөх), эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй (талх, дарсаар ерөөх Бурхан) аж. Мелхизедекийн тухай энэ зөгнөл Христийн хоёр дахь ирэлтээр бүрэн биелэх юм. Ан Сан Хун Христ уг мөн чанар нь Бурхан бөгөөд Израильд бус харь орон болох Солонгост ирсэн юм. Тэрээр Бурханд итгэдэггүй эцэг эхээс төрсөн бөгөөд Алгасал баярын талх, дарсаар бидэнд мөнх амийн ерөөл өгч, Мелхизедекийн зөгнөлийг бүрэн биелүүлсэн.

Елиагийн зөгнөл

Елиа бол Израилийн хуваагдсан хаант улсын үед амьдарч байсан Хойд Израилийн Ахаб хааны үеийн эш үзүүлэгч юм. Тэрээр мунхаг ард түмэнд жинхэнэ Бурханыг таньж мэдэхэд нь туслах үүднээс 850 хуурамч эш үзүүлэгчтэй орь ганцаар тэмцэн, Бурханы нурсан тахилын ширээг босгож, хуурамч эш үзүүлэгчдийг устгасан байдаг (1Хаа 18:30-40). Елиагийн үүрэгтэй ирсэн Ан Сан Хун Христ ч мөн элч нарын үеэс хойш устаж үгүй болсон Бурханы шинэ гэрээний үнэнийг ганцаараа сэргээж, үй олон хуурамч эш үзүүлэгчтэй тэмцэн, хүмүүст жинхэнэ Бурханыг ялгаж танихад нь тусалсан юм. Елиа гэдэг нь “ЭЗЭН бол миний Бурхан” гэсэн утгатай. Елиагийн үүргийг хүлээн авсан Нэгэн араасаа ирэх Аврагчийг гэрчилнэ гэж Библид ч мөн зөгнөдөг. 2000 жилийн өмнө Христийг анх ирэхэд баптисч Иохан Есүсийн тухай гэрчилж, энэхүү үүргийг биелүүлсэн юм. Өнөө үед хоёр дахиа ирэхдээ ч мөн Ан Сан Хун Эцэг Бурхан араасаа ирэх Аврагч буюу Эх Бурханыг гэрчилж, Елиагийн үүргийг биелүүлжээ.

Авралын үнэн сэргэсэн нь

Хүн төрөлхтөн бид аврагдаж, тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл мөнх амийн замыг зөв мэдэж байх ёстой. Ан Сан Хун Христ Есүсийн бий болгосон амийн үнэнийг сэргээснээрээ биднийг мөнх амийн зам руу баттай хөтөлсөн юм.

Шинэ гэрээний Алгасал баяр

2000 жилийн өмнө Есүс шинэ гэрээний Алгасал баяраар нүглийн уучлал, мөнх амь амласан юм. Гэсэн хэдий ч элч нарын үеэс хойш сүм ертөнцөд уусан, Никеагийн шашны хурлаар Алгасал баяр устжээ. (“Сүмийн түүх-анхны хэвлэл”, “Иосебиусын сүмийн түүх”, “Сүмийн хураангуй түүх” номуудыг үзэх). Тэр цагаас хойш шашны харанхуй үеийг дамнан, 1600 орчим жилийн турш хэн ч Алгасал баярыг сэргээж дийлээгүй юм. Библийн зөгнөл дагуу Ан Сан Хун Христ Бурханы хүүхэд болох ерөөл, гамшгаас хамгаалах амлалт, мөнхийн тэнгэрийн хаанчлалын өвийг агуулсан шинэ гэрээний Алгасал баярыг сэргээсэн билээ. Тэрээр үхэх тавилантай хүн төрөлхтөнд хамгийн ерөөлтэй “найдварын мэдээ” дамжуулсан юм.

Шашин шинэчлэлийг гүйцээсэн нь

16-р зууны үед Мартин Лютер Ромын католик сүмийн завхралыг шүүмжилж, шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо өргөж байсан ч амийн үнэнийг сэргээж чадаагүй юм. Тэр цагаас хойш 500 орчим жил өнгөрөөд байгаа өнөө үед ч мөн үй олон сүм хийд, шашны урсгал байгаа хэдий ч Библийн янз бүрийн өөр өөр тайлбараас болоод авралын үнэнийг олоход нэн бэрх болсон юм. Ан Сан Хун Христ л Есүсийн тунхаглаж, элч нарын сахиж байсан анхны сүмийн бүх үнэнийг сэргээсэн. Тэрээр гурван удаагийн долоон баяр (Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Ургацын анхны үрийн баяр (Амилалтын баяр), Долоо хоногуудын баяр (Пентэкостын өдөр), Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр, баптисм, Амралтын өдөр, толгойны алчуурын зарлиг зэрэг шинэ гэрээний хууль тушаалуудыг хүмүүст зааж ухааруулахын сацуу шүтээн шүтэх, хүний ​​тушаал зэргийг ялгаж салгаж өгсөн юм. Мөн Тэрээр загалмай, ням гаргийн мөргөл, Христмас, Талархлын баяр зэрэг өнөөгийн сүмүүдийн зан үйл нь Бурханы тушаал бус харин харийн шашны зан үйлээс улбаатай болохыг илчилжээ. (Бейкерийн шашин судлалын толь бичиг”, “Сүмийн түүх”, “Эх хэлний тайлбар толь бичиг”, “Сүмийн түүхийн гарын авлага”, “Дэлхийн нэвтэрхий толь бичиг” гэх мэт номноос үзэх). Ан Сан Хун Христ зөвхөн “итгэлийн шинэчлэл” бус Бурханы үнэн хийгээд итгэл сүсгийг сэргээх “үнэний шинэчлэл”-ийг хийж, шашин шинэчлэлийг бүрэн утгаар нь гүйцээсэн юм.

Бурханы сүм

Ан Сан Хун Христийн байгуулсан Бурханы сүм нь 2000 жилийн өмнө Есүс болон элч Петр, Иохан, Паул нарын явж байсан Бурханы сүмийг унаган хэлбэрээр нь өвлөн авсан юм. “Бурханы сүм” гэдэг нэр нь ч Библиэс эхтэй (1Кор 1:2, Гал 1:13). Энэ нь “Бурханы байгуулсан сүм”, “Бурхан Өөрөө Эзэн нь болсон сүм” гэсэн утгатай нэр. “Бурхан Өөрийн цусаар өмчилж авсан сүм” (Үйл 20:28) гэж Библид бичсэнчлэн, Бурханы үнэт цусыг агуулсан шинэ гэрээний Алгасал баярыг тэмдэглэдэг цорын ганц сүм бол Бурханы сүм юм. Түүнчлэн авралын газар хэмээн Библид тэмдэглэгдсэн Сионы тухай зөгнөлийг биелүүлсэн сүм юм. Сион бол Бурханы баярыг тэмдэглэдэг, Бурхан оршин суудаг, нүглийн уучлал, мөнх амь, авралын ерөөл соёрхдог газар юм.

Эх Бурханыг гэрчилсэн нь

Хүмүүс Эх Бурхан байдгийг ухаарахгүй зөвхөн Эцэг Бурханыг л мэддэг, итгэдэг байсан. Ан Сан Хун Христ Эх Бурханы оршихуйг илчилж, мөнхийн хайр, аз жаргал, тайтгарал, амар амгалангийн өлгий рүү биднийг хөтөлсөн билээ.

Библи

Библид тэнгэр газар түг түмнийг бүтээхээс эхлээд хуучин шинэ гэрээний үе, улмаар өнөөгийн сүүлчийн цаг үе хүртэл Эцэг Бурхан, Эх Бурхан хүн төрөлхтний авралын үйл хэргийг хэрхэн гүйцэлдүүлж байгааг тэмдэглэсэн юм. Ан Сан Хун Христ Эхлэл номноос Илчлэл ном хүртэлх хуучин шинэ гэрээний сургаалт зүйрлэл, зөгнөл, илчлэлт, шууд тайлбар гэх зэргээрээ Эх Бурханы тухай тодорхой гэрчилсэн байдаг.

Гар бичмэл болон үнэний ном

Ан Сан Хун Христ сайн мэдээний амьдралынхаа эхэн үеэс л араасаа ирэх Аврагч буюу Эх Бурханыг гэрчилсээр ирсэн юм. Тэрээр Солонгосын дайны үймээн самуун намжаагүй байсан 1953 оноос эхлээд л “Миний харсан илчлэлт”, “Долоон аянгыг нээх нь”, “Би эш үзүүлэгч Елиаг илгээнэ”, “Сүнс болон Сүйт бүсгүй”, “Бурхантай хамт алхах нь” гэх мэт гарчигтай гар бичмэлийн дэвтэр, сургаалын эмхэтгэл, номууддаа Эх Бурхантай холбоотой илчлэлт, Библийн нотолгоо болон үг сургаалуудыг тэмдэглэж үлдээсэн байдаг.

Сүүлчийнх нь Алгасал баяр

Анхны Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнөх сүүлчийн Алгасал баяраар шинэ гэрээ байгуулан, мөнх амь амласны нэгэн адил Ан Сан Хун Христ ч мөн 1984 оны 4-р сарын 15-нд сүүлчийн Алгасал баяраараа амийн эх үндэс болсон Эх Бурханыг тэнгэрийн доорх үндэснүүдэд илчилсэн юм. Бусад жилүүдээс ялгаатай нь Тэрээр Алгасал баярыг сүмд биш, хуримын ордонд хийж, сүйт залуу сүйт бүсгүйн бэлгэдэл болсон хөх, улаан лаа асаасан байдаг. Ингэснээрээ Тэрээр амийн ус өгөгч Сүнс болон Сүйт бүсгүйн оршихуйг илчилжээ. Түүнчлэн Ан Сан Хун Христ 1984 оны 5-р сарын 18-нд эцэг эхийн ач ивээлийн бэлгэдэл болсон лиш цэцгийн баглаа барьсан байдалтайгаар Сүнс болон Сүйт бүсгүйн зургийг үлдээж, сүнсний Эхийг тод гэрчилжээ. Тэрээр мөн шавь нартаа Эх Бурханы үнэнийг мэдүүлж, амийн ус өгөгч Эх Бурханыг дагах ёстойг захиж үлдээсэн байна.

Сургаал

"Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно" (Иох 14:26). Библид ийн зөгнөсөн ёсоор Ан Сан Хун Христ Есүсийн илчилсэн бүх үнэнийг зааж, тунхагласан юм.

Ан Сан Хун Христийн сургаал хүн төрөлхтний өнө удаан хугацаанд тайлахыг хүссэн асуултын хариуг нэг дор шийдэж өгсөн юм. Хүний гарал үүсэл, мөн чанар юу болох, яагаад энэ дэлхий дээр төрөөд амьдарч байгааг, үхсэний дараа хүн хаашаа явдгийг, Бурхан гэж хэн болохыг, бидэнтэй ямар холбоотойг, хүн төрөлхтөн аврагдаж, тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл юу хийх ёстойг гээд л. Эдгээрийн хариултыг зөвхөн Бүтээгч Бурхан л бидэнд өгч чадна шүү дээ.

Ан Сан Хун Христ Библид бичигдсэн Бурханы зүй тогтол, зөгнөл, тэнгэрийн хаанчлал болон сүнсний амьдрал, хүн төрөлхтний сахих ёстой шинэ гэрээний хууль тогтоолууд, Бурханы хүүхдүүдийн зан чанар, үйлс үйлдлийн тухай дэлгэрэнгүй зааж сургасан юм. Үндсэн сургаалуудаас нь доор сийрүүлье.

Эх Бурхан

"Тэнгэр дэх бидний Аав" (Мат 6:9) болон "Дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний Эх юм" (Гал 4:26). Библид ийнхүү сүнсний Эцэг Эхийг гэрчилдэг.

Эхлэл 1-р бүлэгт Бурханыг олон тоон дээр "Бид" гэж илэрхийлсэн байдаг бөгөөд энэ нь эрэгтэй Бурхан (Эцэг), эмэгтэй Бурхан (Эх) байдгийг мэдүүлж байна. “Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ” гэсэн эхний ишлэлээс авхуулаад л "Бурхан" гэдэг үгийг еврей эх хэлний Библид ойролцоогоор 2500 удаа “Елохим” гэж олон тооны нэр үгээр бичсэн байдаг.

Энэ нь ганц Бурхан биш, харин "Бурхад" байдаг гэсэн үг юм.

Библийн сүүлчийн бүлэг болох Илчлэл 22-р бүлэгт ч “Ирээрэй... амийн усыг аваг" хэмээн айлдах Сүнс болон Сүйт бүсгүй гарч ирдэг. Амийн усыг зөвхөн Бурхан л өгч чадах тул Сүнс нь Эцэг Бурханыг, харин амийн ус хамт өгч буй Сүйт бүсгүй нь Эх Бурханыг хэлж байна.

Эцэг Бурхан төдийгүй Эх Бурханыг хүлээн авсан хэн боловч мөнхийн авралын ерөөл хүртэх юм.

Тэнгэрийн орны гэр бүл ба газар дээрх гэр бүл

Аав, ээж гэдэг бол айл гэрт хэрэглэгддэг нэр томьёо юм. Энэ дэлхий дээрх эцэг, эх, үр хүүхдүүдээс бүрддэг гэр бүлийн тогтолцоо нь тэнгэрт Эцэг Бурхан, Эх Бурхан, Бурханы хүүхдүүд байдгийг харуулсан загвар юм (Евр 8:5).

Энэ дэлхийд хайран дээр тогтдог гэр бүл байдаг шиг тэнгэрийн хаанчлалд ч мөнхийн хайран дээр тогтдог сүнсний гэр бүл гэж бий.

Гэр бүл нь цусан төрлийн холбоотой байдаг шиг тэнгэрийн гэр бүл ч мөн Алгасал баяраар Бурханы мах, цусыг өвлөн авч холбогддог юм. Бурханы хүүхдүүд сүнсний Эцэг Эхийнхээ сургаалыг дагадаг бөгөөд хожим тэд тэнгэрийн хаанчлалын өвийг залгамжлан авна ( 2Кор 6:18, Ром 8:16-18 ).

Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид

Хүн төрөлхтөн бид өмнөх амьдралдаа Бурхантай хамт тэнгэрт аз жаргалтай амьдарч байсан юм. Бид тэнгэр элч байсан (Ном.Үгс 12:7, Сур.Үгс 8:22-30). Гэвч үхвэл зохих нүгэл үйлдээд энэ газар дэлхий рүү хөөгдөж, хүнд хэцүү амьдралыг туулж байна.

Сүнслэг нүгэлтнүүдийн хувьд бид нүглийн уучлал, мөнх амь авч байж л тэнгэрийн эх нутагтаа буцаж чадна. Гэвч бид энэ асуудлыг өөрсдөө шийдэх боломжгүй тул нүгэл уучлах эрх мэдэлтэй Бурхан махбодоор ирж, хүүхдүүдийнхээ төлөө золиосын зам, авралын замаар алхсан (Лук 19:10, Ефе 1:7).

Энэ дэлхий бол сүнсний шорон бөгөөд аянчны аян зам юм. Хэрэв бид амьдралын маань мөн чанар болох сүнсний авралын төлөө Бурханы зааж мэдүүлсэн үнэний сургаалд итгэн, дагах юм бол үхэл, өвчин, гашуудал, зовлон гэж үгүй тэнгэрийн хаанчлалдаа буцан явах юм (Евр 11:13-16, Илч 21:4).

Шинэ гэрээний Алгасал баяр (Passover)

Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд нүглийн уучлал, мөнх амь амласан баяр бөгөөд хүн төрөлхтний хүсэн хүлээсэн амийн үнэн юм.

Эхлэл номон дахь Еден цэцэрлэгийн сургаалт зүйрлэл нь үхлийн эхлэлийг төдийгүй амьдрах нууцыг ч агуулдаг юм. Хэрэв чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идвэл үхнэ, "харин амийн жимснээс идвэл мөнх амьтай болно" (Эхл 3:22) гэж бий.

2000 жилийн өмнө Есүс "Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай" хэмээн айлдаж, Еден цэцэрлэг дэх амийн жимсний бодит нь Христ мөн болохыг илчилсэн. Мөн Тэрээр хүн төрөлхтний нүглийн төлөө загалмай дээр золиос болохынхоо өмнөх өдөр Христийн мах, цусыг илэрхийлдэг Алгасал баярын талх, дарсаар нүглийн уучлал, мөнх амь амлаж шинэ гэрээ байгуулсан юм. Тэрээр үхэх тавилантай хүн төрөлхтөнд амийн жимс идээд, мөнхөд амьдрахыг зөвшөөрсөн юм (Иох 6:53-54, Мат 26:17-28, Лук 22:19-20).

Алгасал баяр нь “Гамшиг алгасан өнгөрнө” гэсэн утгатай. Энэ нь хуучин гэрээний үед Египетэд боолчлогдож байсан израильчууд Бурханы тушаасны дагуу Алгасал баяр тэмдэглэж, хурганы цусаар тэмдэг хийн, улмаар уугануудыг хөнөөх гай гамшгаас ангижран, чөлөөлөгдсөн үйл явдлаас үүсэлтэй.

Шинэ гэрээний үед Алгасал баярын хурганы бодит болон ирсэн Есүсийн золиос хийгээд шинэ гэрээний ивээлээр хүн төрөлхтний өмнө авралын зам нээгдсэн билээ. Хэрэв та Алгасал баяр сахих юм бол Бурханы мах, цусыг өвлөн авсан хүүхэд нь болж, тэрхүү цусных нь ивээлээр гай гамшгаас хамгаалагдана. Түүнчлэн тэнгэрийн гэр бүл болсныхоо хувьд жинхэнэ хайрын хуваалцагч болох юм.

3 удаагийн 7 баяр

Хуучин шинэ гэрээнд үндэслэсэн Бурханы жилийн баяруудад нүглийн уучлал, мөнх амь, амилалт, Ариун Сүнс зэрэг Бурханы ерөөлийн амлалт бий. Үүний зэрэгцээ Бурханы баярууд нь хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы хайр, золиос, хүч чадал, нигүүлсэл, эвлэрүүллийн утгыг дотроо агуулж байдаг юм.

  • Алгасал баяр: Ариун тооллын эхний сарын 14-ний орой болдог, "Гамшиг алгасан өнгөрөх" гэсэн утгатай, Христийн ариун зоогийн өдөр.
  • Исгээгүй талхны баяр: Ариун тооллын эхний сарын 15, хөрөнгө хийгээгүй талх гэсэн утгатай бөгөөд Христийн загалмайд цовдлогдсон өдөр (Мацаг барих, зовлонгийн баяр).
  • Амилалтын баяр: Исгээгүй талхны баярын дараах анхны ням гарагт болдог. Есүс Христийн амилалтыг дурсана. Хуучин гэрээний нэр нь Ургацын анхны үрийн баяр.
  • Пентэкостын өдөр: Амилалтын баярын дараах 50 дахь өдөрт нь (ням гарагт) болдог, Ариун Сүнс бууж ирснийг дурсах өдөр. Хуучин гэрээний нэр нь Долоо хоногуудын баяр.
  • Бүрээдэлтийн өдөр: Ариун тооллын 7-р сарын 1, бүрээ үлээн дурсах өдөр гэсэн утгатай бөгөөд Эвлэрүүлгийн өдөрт бэлтгэдэг баяр юм.
  • Эвлэрүүлгийн өдөр: Ариун тооллын 7-р сарын 10, жилд нэг удаа ариун газрыг ариусгаж, эвлэрүүлэл хийгддэг өдөр.
  • Майхан баяр: Ариун тооллын 7-р сарын 15-22, асар барьсан үйл явдлыг болон Христийн тунхаглалыг дурсдаг, Ариун Сүнс буухыг зөгнөсөн баяр.

Амралтын өдөр

Бүтээгч Бурхан 6 өдрийн турш тэнгэр газрыг бүтээгээд долоо дахь өдрөө амарсан бөгөөд энэ өдрийг ариусган, ерөөж, Өөрийн ард түмэндээ сахь хэмээн тушаасан.

Библи болон түүхэн баримт дээр үндэслэн, өнөөгийн гаргийн тогтолцоогоор авч үзэхэд энэ нь бямба гараг юм.

Хэдийгээр ихэнх сүм долоо хоногийн эхний өдөр буюу ням гарагт мөргөл тэмдэглэдэг ч Библид долоо дахь өдрийн Амралтын өдрийг Бурханд мөргөх ариун өдөр гэж заасан байдаг.

Шинэ гэрээний үед Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг (бямба гарагт) заншил болгон сахиж, загалмайн дараа ч элч Паул болон анхны сүмийнхэн Амралтын өдрийг эрхэмлэн сахидаг байв.

Баптисм

Энэ нь нүглийн биеийг усанд оршуулж, дахин төрөхийг бэлгэдсэн ёслол юм. Христийн шашны янз бүрийн урсгалд үүнийг "усан баталгаа" гэж нэрлэдэг боловч Библийн эх хэлний утгаараа "баптисм" гэх нь зөв юм.

Ан Сан Хун Христийн сургаалын дагуу Бурханы сүм Библийн дагуух баптисм хүртээдэг.

Библид баптисмыг Бурханы амласан авралын бэлгэ тэмдэг (2004 оны хэвлэлт 1Пет 3:21) гэсэн байдаг. "Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ"гэх Есүсийн сургаалын дагуу Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байж жинхэнэ баптисм болох юм. Түүнчлэн баптисм хүртэхийг хүссэн хүн Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэсний үндсэн дээр хүртэх ёстой.

Толгойны алчуурын зарлиг

Библид тэмдэглэгдсэн Бурханы сүмийн зарлигийн дагуу авч үзэхэд эрэгтэй итгэгчид залбирах юм уу мөргөл тэмдэглэхдээ толгойгоо ямар нэг зүйлээр бүтээх ёсгүй, харин эмэгтэй итгэгчид толгойны алчуур зүүх ёстой байдаг.

1Коринт 11-р бүлгээс харахад энэ нь Христийн үзүүлсэн дуурайл юм. Бурханы бүтээлийн зүй тогтлыг шингээн сүмийн дэг журмын төлөө ийн тогтоогдсон юм.

Өнөөгийн протестант сүмүүд эр эмгүй толгойгоо бүтээдэггүй, харин католик шашны эр хүйстэй дээд санваартнууд меса буюу мөргөлийнхөө үеэр малгай өмсдөг. Гэвч эдгээрийн аль аль ч Библийн бус зарчим юм.

Анхны сүмээс хойш сүм ертөнцийн хэв маягт ууссан. Тэр үеэс сүмд орж ирсэн баярууд болон хуулиудыг Бурханы тушаал биш хүний тушаал гэж үзэж болно.

Тухайлбал МЭ 321 онд Ромын эзэн хаан Константины тогтоосон ням гаргийн мөргөл, Эртний Ромын өвлийн туйлын тахилын өдрөөс үүсэлтэй Христмас баяр, АНУ-ын анхдагч түүхэнд бий болсон Талархлын баяр зэрэг нь хүнээс гаралтай тушаалууд юм. Түүнчлэн ихэнх сүмүүдэд өлгөөтэй байдаг загалмай нь Библид хориглосон шүтээн тул тэдгээрийг хийх, босгох, шүтэх нь Бурханы сургаалыг зөрчиж буй хэрэг. Загалмайг эртний харь шашныхан шүтлэгийн бэлгэ тэмдэг, нас барагсдад зориулсан сахиус болгон ашигладаг байсан бөгөөд Есүсийг анх ирэх үед цаазын ялын хэрэгсэл байжээ.

Ан Сан Хун Христийн сургаалын дагуу Бурханы сүм загалмайд биш харин Христийн загалмайд урсгасан үнэт цусанд ач холбогдол өгдөг юм.

Гол ном зохиол

Ан Сан Хун Христийн авралын үнэнийг бичиж тэмдэглэсэн номнууд.
Библид лацдагдсан авралын үнэнийг хүссэн хэн боловч ухааран, мөнх амь олж аваг гэсэн үүднээс Тэрээр эдгээр номд сургаал номлолоо дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.

Бурханы нууц ба амийн усны ундарга - Ан Сан Хун Христ Гол ном зохиол

Бурханы нууц ба амийн усны ундарга

Энэ бол Бурханы сүүлчийн үлдсэн ард түмэндээ өгөхөөр нууцалсан Бурханы нууц ба амийн усны ундарга юу гэдгийг зааж мэдүүлсэн ном юм. Уг номд Мелхизедекийн хэргэм, Давид хааны түүх, Есүсийн хоёр дахь ирэлт, шүүлт гэх мэттэй холбоотой Бурханы зөгнөлүүд ба тэдгээрийн биелэлт, энэ үед бидний ухаарах ёстой үнэн юу болох талаар агуулдаг.

Ном унших

Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид

Энэхүү номд тэнгэр элчийн ертөнцөд нүгэл үйлдээд, нүгэлт энэ дэлхийд хүн болж төрсөн үй олон тэнгэр элч нар нүглийн ялаас чөлөөлөгдөн, дахин тэнгэр элчийн ертөнц рүүгээ буцан явах баярт мэдээний тухай өгүүлсэн юм. Тэнгэр элч гэж хэн болох, хүний ​​сүнс хэрхэн бүтээгдсэн, бид хаанаас ирсэн, хаашаа явахыг дэлгэрэнгүй тайлбарладаг. Сүнсний асуудлыг зөв ойлгож, ухамсарлаж гэмээнэ мөнхийн баяр баясгалан, итгэл найдвар олж авч чадна.

Ном унших
Тэнгэр элчийн ертөнцөөс ирсэн зочид - Ан Сан Хун Христ Гол ном зохиол
Сүүлчийн гамшиг ба Бурханы тамга - Ан Сан Хун Христ Гол ном зохиол

Сүүлчийн гамшиг ба Бурханы тамга

Бурханы ард түмэнд сүүлчийн гамшиг, гай зовлонгоос зугтах арга замыг харуулсан авралын баталгаатай мэдээг уг ном агуулдаг. Хуучин гэрээний үед их үерийн үеэр Бурханы үгийг дуулгавартай даган бүхээг хийж аврагдсан Ноа болон түүний гэр бүл шиг, өнөө үед Бурханы тамгыг хүлээн авч аврагдах сүүлчийн ариун хүмүүсийн тухай зөгнөлүүд болон үнэний талаар уг номноос мэдэх боломжтой.

Ном унших

Мосегийн хууль ба Христийн хууль

Библид 2 төрлийн хууль байдаг. Хуучин гэрээн дэх Мосегийн хууль ба шинэ гэрээн дэх Христийн хууль гэж бий. Уг номд Мосегийн хууль ба Христийн хуулийн утга учир, чиг үүргийг тодорхой тайлбарладаг. Өнгөрсөн үеэс одоог, одоогоос ирээдүйг мэдэх боломж олгодог Бурханы зүй тогтол шиг сүүдэр болох Мосегийн хууль (хуучин гэрээ)-аас бодит болох Христийн хууль (шинэ гэрээ)-ийг мэдэх боломж бидэнд олгодог.

Ном унших
Мосегийн хууль ба Христийн хууль - Ан Сан Хун Христ Гол ном зохиол
Сайн мууг мэдүүлэгч жимс ба сайн мэдээ - Ан Сан Хун Христ Гол ном зохиол

Сайн мууг мэдүүлэгч жимс ба сайн мэдээ

Бурхан Адам Ева хоёрыг яагаад бүтээсэн, яагаад тэднээр нүгэл үйлдүүлсэн, хуучин гэрээний хоргодох хотыг яагаад байгуулсан, авралын төлөвлөгөө зохиох болсон шалтгаан, зорилгыг уг ном өгүүлдэг. Шинэ гэрээний сайн мэдээ юу болох, хүн төрөлхтөн нүглээс аврагдах хүртэлх төлөвлөгөө юу гэдгийг бид эндээс сурч мэдэх боломжтой.

Ном унших

Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар

Өнөө үед дэлхий дахины христчүүд Бурханд итгэдэг ч Бурхан гэж хэн бэ, Есүсийн мөн чанар хэн бэ гэдгийг тодорхой мэддэг хүн цөөхөн. Учир нь сүм бүр үүнийг өөр өөрөөр тайлбарладаг. Библийн дагуу авч үзвэл Ариун Эцэг Бурхан, Ариун Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан нь тусдаа Оршихуй биш, харин нэг Бурхан юм. Уг ном хуучин шинэ гэрээний Библийг хамруулан Бурханы талаарх таны эргэлзээг тайлж, үнэн зөв хариулт танд өгөх болно.

Ном унших
Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар - Ан Сан Хун Христ Гол ном зохиол