2000 жилийн тэртээ Ёхова Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд нэгэн Хөвгүүн, Хүү болон махбодоор мэндэлсэн. Тэр бол Есүс Христ юм. Улаан буудайн үр газар унан үхвэл тэндээс нь нахиа гарч, цэцэглэж, улмаар зуу, мянга дахин их ургац өгдөг шиг Есүс үхэх хүртэл золиос амссанаараа олон хүнийг аварсан билээ. Тэрээр үнэт мах цусаараа шинэ гэрээ байгуулж, авралд хүрэх замыг бидний өмнө нээсэн юм.
Шинэ гэрээ бол хуучин гэрээний үеэс эхлээд л Бурхан эш үзүүлэгчдээрээ дамжуулан ач холбогдлыг нь зөгнөсөн үнэ цэнэтэй үнэн юм. Мөн шинэ гэрээний гол цөм нь Алгасал баяр. Есүс шинэ гэрээний Алгасал баяраар үхлийн боол байсан хүн төрөлхтнийг чөлөөлсөн билээ.
Нүглийн уучлалын төлөө байгуулсан гэрээ
Еден цэцэрлэгт Адам Ева хоёр сайн муугийн жимс идэж болохгүй гэсэн Бурханы тушаалыг дагаагүйн улмаас үхэх болсон байдаг. Энэ нь хүн төрөлхтний хувьд үлгэрлэсэн зүйл юм. Хүн төрөлхтөн сүнсээр энэ мэт нүгэл үйлдсэнийхээ улмаас үхэх ялаар шийтгэгдсэн тухай Библид бичсэн байдаг (Ром 3:9-10, 6:23). Тийнхүү тэд нүгэл болон үхлээс зугтаж чадахааргүй хөөрхийлөлтэй оршихуй болжээ (Ром 7:24). Бурхан үүнд харамсаж, тэдний нүглийг уучлах тогтолцоо болгон, хуулиа буюу гэрээгээ байгуулжээ.
Хуучин гэрээний үед Ёхова Бурхан израиль ард түмнийг сонгосон байдаг. Тэрээр Синаи уулан дээрээс ард түмэндээ Арван тушаал өгч, хууль буюу хуучин гэрээгээ тогтоов (Гэт 34:28, Езе 20:10-12). Хуучин гэрээний хуулиуд дунд нүгэл үйлдсэн израильчууд ариун газар руу зорьж очин, амьтныг шатаалт тахилын ширээн дээр өргөж, цус урсгаснаараа нүглийн уучлалын ивээл авах ёслол үйлддэг байжээ (Лев 4:1-35).
Шинэ гэрээ байгуулна хэмээсэн Бурхан
Гэвч израиль ард түмэн Бурханы хуулиудыг байнга зөрчиж, тэрхүү нүглийнхээ улмаас хараагдан, сүйрэлд өртдөг байв. Энэ тухай элч Паул “Хууль нь үхлийг авчирсан” гэж хэлсэн байдаг (Ром 7:7-11).
Ард түмэн хуулийг (хуучин гэрээ) нь зөрчиж, үхэл дор хоригдох болоход Ёхова Бурхан хэрэв сахих л юм бол хэн бүхэн болзолгүйгээр амьдрах хууль буюу шинэ гэрээ байгуулна хэмээн айлдсан байдаг. Тэрээр мөн шинэ гэрээ сахигчдын Бурхан болно гэдгээ амласан.
ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.”Иер 31:31-33
Шинэ гэрээ байгуулсан Есүс Христ
Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан зөгнөсөн ёсоор Ёхова Бурхан “Есүс” хэмээх нэрээр энэ дэлхий дээр ирж, Алгасал баяраар шинэ гэрээ байгуулсан юм.
“… Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.”Лук 22:15-20
Есүс Өөрийн цусаар шинэ гэрээ байгуулав. Хуучин гэрээний үед ард түмэн амьтны цусыг нүглийн тахил болгон урсгаснаараа нүглийн уучлал авдаг байсан бол шинэ гэрээний үед Алгасал баярын Хурганы бодит болох Есүс Христийн цусаар нүглийн уучлал авдаг болгожээ (1Кор 5:7). Шинэ гэрээний Алгасал баярын усан үзмийн дарс бол нүглийн уучлал олгох гэрээний цус гэдгийг Есүс тодорхой хэлсэн байна.
“… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, … Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-28
Амьтны цусаар байгуулагдсан хуучин гэрээгээр бүх хуулийг сахих ч боломжгүй, нүглээ бүрэн уучлуулах ч боломжгүй байв. Харин Есүсийн ариун цусаар байгуулсан шинэ гэрээгээр хүссэн хэн боловч нүглээ үнэгүйгээр, бүрэн төгс уучлуулах боломж бий (Ефе 1:7).
Есүс шинэ гэрээгээр нүглийг бүрэн уучилна
Элч Паул хуучин болон шинэ гэрээний талаар ийн бичжээ.
“Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. Гэвч Тэр тэднээс дутагдал олоод “«Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна.”Евр 8:7-8
Анхны гэрээ дутагдалтай байсан шалтгаан нь нүглийн уучлал болон авралыг бүрэн дүүрэн өгч чадахгүйд байв. Харин Есүсийн байгуулсан “хоёр дахь” буюу шинэ гэрээ нь нүглийн уучлал олгодог өө сэвгүй, төгс үнэн юм. Хүн төрөлхтнийг аврахын төлөө энэ дэлхий дээр ирсэн Есүс шавь нараа Алгасал баярт бэлтгүүлж, амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг шинэ гэрээний Алгасал баяраар дүүргэсэн. Тэрээр “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” хэмээгээд, үхэлд ороогдсон хүн төрөлхтөнд мөнх амь өгөхөө амласан юм.
Хүмүүс энэ ертөнцөд төрсөн ч үхлээс зугтаж чаддаггүй. Тэд хичнээн хичээсэн ч эцэст нь үхлээр эцэслэдэг. Есүс амийн Сүнсний хууль болон шинэ гэрээний Алгасал баяраар хүн төрөлхтнийг нүгэл ба үхлийн гинжнээс чөлөөлөн, аварсан юм (Ром 8:1-2). Хуучин гэрээний үед Египетэд удаан хугацаагаар боолчлогдож байсан израильчууд Алгасал баяр сахиж тэндээс чөлөөлөгдсөнтэй адил (Гэт 12:1-14) шинэ гэрээний үеийн итгэгчид шинэ гэрээний Алгасал баяр сахиж байж нүгэл ба үхлээс ангижран, тэнгэрийн хаанчлалыг чиглэсэн авралын замд хөл тавих юм.