
- [Зовлонгийн долоо хоног: Ням гараг] Есүс Иерусалимд орж ирэв
- [Зовлонгийн долоо хоног: Даваа] Үр жимсгүй инжрийн модыг харааж, сүмийг цэвэрлэсэн нь
- [Зовлонгийн долоо хоног: Мягмар-Лхагва] Зөгнөл болон зүйрлэл ашиглан сургасан нь
- [Зовлонгийн долоо хоног: Пүрэв гараг] Есүс сүүлчийнхээ Алгасал баярыг тэмдэглэж, олон хүн Түүнийг баривчлан авч явсан нь
- [Зовлонгийн долоо хоног: Баасан гараг] Зовж тарчлан, загалмай дээр амьсгал хураасан нь
Библийн зөгнөл дагуу энэ дэлхий дээр ирсэн Есүс Христийн амьдрал тэр чигтээ зөгнөл байлаа. Гэтэл израиль ард түмэн Библид бичигдсэн Мессиа яруу алдар дунд ирнэ гэсэн хэвшмэл үзэлд баригдчихаад байсан тул тэд аминаасаа ч илүү эрхэмд үздэг Бурханаа таньж чадалгүй, эцэст нь загалмайд цовдолсон юм.
“Зовлонгийн долоо хоног” гэдэг нь Есүс илжиг унан Иерусалимд орж ирснээс хойш цовдлогдох хүртэлх долоо хоногийг хэлдэг юм. Зовлонгийн долоо хоногийн үеэр Есүс шавь нарынхаа хамт сүүлчийн Алгасал баяраа тэмдэглэж, тэр шөнөдөө баривчлагдан, дараагийнх нь өдөр хүртэл харгис хэрцгийгээр тамлагдсан байдаг. Исаиагийн зөгнөл дагуу Тэрээр хатгуулж, шархалж, ташуурдуулж, тамлагдсан боловч тэр бүхнийг чимээгүйхэн тэвчсэн юм. Есүс Христийн зовлонгийн долоо хоногт хүн төрөлхтний авралын төлөө үхэх хүртлээ амссан золиосын хайр дүүрэн шингэсэн байдаг.
[Зовлонгийн долоо хоног: Ням гараг] Есүс Иерусалимд орж ирэв
Есүс гурван жилийн сайн мэдээний үйлчлэлээ дуусган, сүүлчийн Алгасал баяр нь ойртсон үед зөгнөл биелүүлэхээр шавь нарынхаа хамт Иерусалим руу явжээ. Тэрээр Иерусалимын ойролцоо Чидун уулын бэл дэх Бетфаг, Бетан зэрэг нутгуудад ирэхдээ хоёр шавиа тосгон руу илгээж, илжигний дудран авчрахыг тэдэнд тушаав (Мат 21:1-2, Мар 11:1-2). Шавь нар дудранг авчраад өөрсдийн дээлүүдээ нуруун дээр нь тохоход Есүс дудранг унав. Тэр үед Есүсийг дагаж байсан хүмүүс гадуур хувцсаа зам дээр дэвсээд, модны мөчир огтлон зам дээр дэлгэж, далдуу модны мөчрөөр даллан чангаар хашхирцгаав.
“Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!”
Ард түмэн Иерусалим руу орж ирж буй Есүсийг баярлан угтжээ. Үүгээр Сионы Хаан дудран унаж ирнэ гэсэн хуучин гэрээний Библийн зөгнөл биелсэн аж (Зех 9:9). Орой болоход Есүс арван хоёр шавиа хотоос гадагш Бетан руу дагуулан явжээ.
[Зовлонгийн долоо хоног: Даваа] Үр жимсгүй инжрийн модыг харааж, сүмийг цэвэрлэсэн нь
Маргааш өглөө нь Есүс шавь нартайгаа Бетанаас гарч, Иерусалим руу буцах замдаа навчит инжрийн модыг харав. Есүс ойртон ирээд, инжрийн улирал болоогүй тул тэр мод жимсгүй байхыг харав. Есүс мөнөөх инжрийн модонд хандан “Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг” гэж айлдлаа.
Түүнийг сүм рүү ороход тэнд худалдаачдын хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Есүс Бурханы сүмд мөнгө олох гэсэн үйл ажиллагаа явагдаж байгааг хараад ихэд хилэгнэв. Тэрээр “Та нар Миний гэрийг дээрэмчдийн үүр болголоо” хэмээн зэмлэж, сүмд худалдаа хийж байсан хүмүүсийг хөөн гаргажээ. Орой нь дахин хотоос гарч Бетаныг зорилоо.
[Зовлонгийн долоо хоног: Мягмар-Лхагва] Зөгнөл болон зүйрлэл ашиглан сургасан нь
1. Шашны удирдагчидтай маргасан нь
Маргааш өглөө нь Есүсийг дахин хот руу орж ирэхэд шавь нар нь Түүний өмнөх өдөр хэлсэн инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсан байхыг үзээд ихэд гайхав. Энэ нь инжрийн модоор зүйрлэсэн Израиль хараагдаж, ийн мөхнө гэдгийг нь бодит сургаалаар өгсөн явдал байлаа. Есүсийг сүмд ороход тухайн үеийн шашны удирдагчид элдэв маргаан дэгдээн Түүнийг сорьж байлаа. Фарисайчууд Есүсийг занганд унагах гэсэндээ Ромын эзэн хаанд татвар төлөх нь зүйд нийцэх эсэхийг Түүнээс асуув. Иймд Есүс “Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг” гэх хариултаар тэдний амыг таглажээ. Мөн амилал гэж байхгүй гэдэгт итгэдэг садукайчууд Түүнтэй амилалтын талаар мэтгэлцэхэд “Бурхан бол үхэгсдийн биш харин амьдын Бурхан” гэсэн сургаалаараа олон түмнийг шагшруулжээ. Ийнхүү Есүс ухаалаг хариултаараа элдэв саад хавчлагыг хөөн зайлуулж байлаа. Мөн гаднаа зөвт харагдавч дотроо ёс бусаар дүүрсэн хуулийн багш нар болон фарисайчуудыг Тэрээр цагаанаар будсан булштай зүйрлэн, тэднийг тамын шийтгэлээс огт зугтаж чадахгүйг сануулдаг.
2. Эцсийн өдрүүд болон Есүсийн хоёр дахь ирэлттэй холбоотой зөгнөл
Тэднийг сүмээс гарч явах үед шавь нарынх нь нэг сүмийн барилгыг зааж, сүр жавхланг нь бахдан биширчээ. Есүс сүмийн нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй, бүгд нурна хэмээн зөгнөв. Түүнийг Чидун уулан дээр очоод сүмийн эгц өөдөөс хараад сууж байхад шавь нар нь Түүнээс энэ нь хэзээ болох, үеийн төгсгөлийн болон Түүний хоёр дахь ирэлтийн шинж тэмдэг юу байх талаар болгоомжлон асуув.
Есүс дайн, өлсгөлөн, газар хөдлөлт нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл, хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид олноор гарч олныг төөрөгдүүлж, ёс бус явдал өсөн, хайр хөрнө хэмээн зөгнөв. Тэрээр хоёр дахь ирэлтийнхээ шинж тэмдгийн тухайд инжрийн модноос сургамж ав гэж айлдаад “Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн” гэв. Мөн итгэмжит сайн зарц ба олиггүй муу зарцын тухай сургаалт зүйрлэл, арван охины сургаалт зүйрлэл, талантны сургаалт зүйрлэл, хонь ба ямааны сургаалт зүйрлэл… Энэ бүх сургаалт зүйрлэлийг ашиглан Тэрээр сүүлчийн үед Бурханы ард түмэнд байх ёстой итгэлийн талаар зааж сургасан юм. Эдгээр үгээ Есүс Алгасал баяраас хоёр хоногийн өмнө айлджээ.

Есүсийг нүдэнд орсон өргөс мэт үзсэн тэргүүн тахилч, хуулийн багш, ахлагч нар тэргүүн тахилч Каиафын ордонд цугларч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар ярилцав. Тэр үед Есүсийн арван хоёр шавийн нэг Искариотын Иудас тэдэнтэй уулзахаар нууцаар ирлээ. Искариотын Иудас мөнгөнд шунахай эр байсан тул Есүс дээр үнэтэй үнэрт тос цутгаж, хүндэтгэл үзүүлсэн эмэгтэйд хүртэл уурлаж байв. Тэр тэргүүн тахилч нарт хэрэв Есүсийг өөрсдөд нь хүлээлгэж өгвөл хэр их мөнгө төлөхийг асуув. Тэргүүн тахилч нар баярлан түүнд 30 мөнгөн зоос төлөхөд Иудас тэр үеэс эхлэн Есүсийг барьж өгөх боломж отож байлаа.
[Зовлонгийн долоо хоног: Пүрэв гараг] Есүс сүүлчийнхээ Алгасал баярыг тэмдэглэж, олон хүн Түүнийг баривчлан авч явсан нь
1. Шавь нартайгаа хамт сахисан Алгасал баяр
Ингээд Алгасал баярын өдөр боллоо. Есүс “Миний цаг ойртож байна. Би шавь нартайгаа хамт Алгасал баяр тэмдэглэнэ” гэж айлдаад Алгасал баярт бэлтгүүлэхээр Петр, Иохан хоёрыг илгээв. Шавь нар Есүсийн айлдсанаар Алгасал баярт бэлтгэв (Мат 26:17-19, Мар 14:12-16, Лук 22:7-13).
Орой болоход Есүс болон шавь нар тэдэнд зориулан бэлтгэсэн дээд давхрын том өрөөнд цуглажээ. Алгасал баярын ариун зоогийн өмнө Есүс босож алчуур авч бүслээд саванд хийсэн усаар шавь нарынхаа хөлийг Өөрийн гараар угааж өглөө (Иох 13:1-5). Хөл угаана гэдэг нь боол хүний эзэндээ хийдэг үйл учраас Петр сандарч үүнээс татгалзав. Тэгэхэд нь Есүс “Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно (чи Надад хамаагүй болно, 2004 оны хэвлэлт)” гэж айлдлаа. Есүсийн үгэнд гайхсан Петр тэгвэл гар, толгойг минь ч угааж өгөөч гэхэд Есүс хэдийн усанд орсон өөрөөр хэлбэл баптисм хүртсэн хүн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй гэжээ. Шавь нарынхаа хөлийг угаасны дараа Есүс “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” хэмээлээ.
Есүс шавь нартаа “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн” гээд Алгасал баярын талх, дарсыг Өөрийнх нь мах, цус хэмээгээд үүнийг идэж уу хэмээн айлдав. Тэрээр Өөрийнхөө мах цусыг идүүлж уулган, нүглийн уучлал, мөнх амь өгөх гэсэндээ тэр байв. Мөн Тэрээр Алгасал баярыг Өөрийнх нь цусаар тогтоогдох шинэ гэрээ тул “Намайг дурсаж үүнийг үйлд” хэмээн захисан юм.
Хуучин гэрээний үед Ёхова Бурхан Египетэд боолчлогдож байсан израиль ард түмнийг Алгасал баяраар чөлөөлсөн шиг шинэ гэрээний үед Есүс ч мөн нүгэл ба үхлийн боол байсан Өөрийн ард түмнээ шинэ гэрээний Алгасал баяраар чөлөөлсөн юм (Иох 8:32-34, Илч 1:5). Мөн Алгасал баяраар Христ дотор нэг бие болсон шавь нартаа “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэж тушаасан юм (Иох 13:34).
Эл өдрийн үдэш Есүс шавь нарынх нь нэг Өөрийг нь зарна гэдгийг, шавь нар нь бүгд Өөрийг нь орхин зугтана гэдгийг ч зөгнөсөн юм. Тийн айлдахад нь Петр “Бусад нь бүгд Таныг орхисон ч би Таныг орхихгүй” гэж хэлэв. Гэвч Есүс “Өнөө шөнө тахиа донгодохоос өмнө Петр гурван удаа Намайг үгүйсгэх болно” гэжээ. Петрээс авхуулаад бүх шавь нь Есүстэй хамт үхэх болсон ч Есүсийг үгүйсгэхгүй гэдгээ амлацгаав.
2. Гетсеманид залбирсныхаа дараа баривчлагдсан нь

Алгасал баяр сахисны дараа Есүс шавь нартайгаа хамт Гетсемани гүвээн дээр гарав. Шавь нарынхаа дундаас Петр, Иохан, Иаков нарыг л дагуулж яван “Та нар энд Надтай хамт сэргэг бай” хэмээгээд тэднээс жаахан холдож, удахгүй амсах зовлонгоо бодон чин сэтгэлээсээ залбирлаа. Есүс гурван удаа залбирсны эцэст шавь нар дээрээ ирэв. Есүсийг загалмайн гаслант зовлон хүлээж байсан боловч тэрийг нь мэдэхгүй шавь нар унтаж байлаа. Есүс нойронд автсан шавь нараа сэрээж, Өөрийг нь зарах нэгэн ойрхон ирснийг тэдэнд мэдэгдэв.
Яг тэр үед тэргүүн тахилч нар болон ахлагчдын явуулсан бөөн хүн илд шийдэмтэй хүрч иржээ. Урьдчилан тохиролцсон ёсоор Искариотын Иудас Есүсийг үнсэж дохио өгмөгц өнөөх бөөн хүмүүс дайрч ирээд Есүсийг барьж авав. Есүсийн хажууд зогсож байсан Петр үүнийг хараад тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавчсанд Есүс энэ нь болох ёстой гэсэн Библийн зөгнөл дагуу болж байгааг өгүүлэн, Петрийг зэмлээд боолын чихэнд хүрч эдгээв.
Цугласан олон Есүсийг баривчилж, хүлж байх хооронд бүх шавь нь Түүнийг орхин зугтацгаалаа. Есүсийг тэргүүн тахилч Каиаф руу хүргэв. Тэнд хуулийн багш болон ахлагчид цугласан байжээ. Тэд Есүсийг алахын тулд худал гэрчлэл олох гэсэн боловч юу ч олж чадсангүй. Тэр үед Каиаф Есүсээс “Чи Бурханы Хүү Христ мөн юм уу?” гэж асуухад Есүс тийм гэж хариуллаа. Үүнийг сонссон Каиаф хувцсаа уран “Тэр доромжлолын үгээр Бурханыг доромжиллоо. Өөр гэрчийн хэрэг байна уу?” гэж хашхирлаа. Хөөрсөн олон түмэн Есүсийг цаазлахыг шаардан дуугаа өндөрсгөж, Есүсийн нүүр рүү цохиж, нударгалан, нулимав.
Есүсийг нэлээд хол зайтай дагаж явсан Петр гадаа хашаан дотор энэ бүхнийг харж байв. Тэр үед нэгэн шивэгчин түүнд ойртон ирээд “Есүстэй хамт явж байсан хүн биш үү?” гэж асуулаа. Петр тэвдэн үгүйсгэж, санд мэнд хашааны хаалгаар гарахад өөр нэг шивэгчин Петрийг заан “Тэр Есүстэй хамт байсан” гэж хүмүүст хэлэв. Тэгэхэд нь Петр үүнийг үгүйсгэж “Би энэ хүнийг танихгүй” гэж мэлзэв. Хэсэг хугацааны дараа ойролцоо байсан хүмүүс “Ярианаас чинь л илт байна. Чи гарцаагүй Есүстэй хамт байсан” гэлээ. Петр хараал тавин тангараглаж, үнэхээр Түүнийг танихгүй гэж эрс үгүйсгэв. Яг тэр үед тахиа донгодлоо. Петр эргэхдээ Есүстэй харц тулгармагц “Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ” гэж хэлж байсан Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлав (Мат 26:69-75, Лук 22:54-62).

[Зовлонгийн долоо хоног: Баасан гараг] Зовж тарчлан, загалмай дээр амьсгал хураасан нь
1. Давтан байцаалт, зовлон тарчлал
Алгасал баярын дараа маргааш, Исгээгүй талхны баярын үүрээр тэргүүн тахилч нар болон ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн Түүнийг захирагч Пилат руу аваачив (Мат 27:1). Түүний төрхийг харсан Искариотын Иудас буруугаа ойлгон Есүсийг зарсныхаа хөлсөнд авсан 30 мөнгөн зоосоо тэргүүн тахилчид буцааж өгөх гэлээ. Гэсэн ч тэд авахаас татгалзахад тэрээр мөнгөн зоосоо сүмд чулуудаад гарч яван, өөрийгөө дүүжилж амьдралаа эцэслэв.
Тэргүүн тахилч болон ахлагчид Есүсийг Пилат руу авч яван, “Энэ хүн ард олныг мэхэлж Ромын эзэн хаан Цезарьт татвар өгүүлэхгүй, өөрийгөө хаан гэдэг хүн” гэж зарга мэдүүлэв. Пилат Есүсээс “Та иудейчүүдийн Хаан мөн юм уу?” гэж асуухад Есүс тийм гэж хариуллаа. Тэргүүн тахилч нар болон ахлагчид Есүсийн эсрэг олон зүйл гэрчилж байсан ч Есүс ганц ч үг дуугарахгүй байсан нь Пилатыг ихээхэн гайхшируулжээ. Есүсээс ямар ч нүгэл олж чадаагүй Пилат Иерусалимд ирээд байсан Галил нутгийн захирагч Херод Антипас руу Түүнийг илгээв. Херод Есүсийг байцаасан боловч Есүс хариулаагүй тул Түүнийг доромжлоод дахин Пилат руу явууллаа.
Есүст цаазын ял өгөх хэмжээний үндэслэл олж чадаагүй Пилат Алгасал баяраар нэг хоригдлыг сулладаг хэвшсэн ёсоо санаж, олон түмнээс алуурчин Бараб болон Есүс хоёрын хэнийг нь суллуулахыг хүсэж байгааг асуулаа. Тэргүүн тахилч нар болон ахлагчид Барабыг суллаж, Есүсийг хөнөө гэж ард олныг уриалахад хүмүүс Есүсийг загалмайд цовдол гэж хашхиралдан байв. Пилат “Энэ хүн ямар нүгэл үйлдсэн юм бэ?” гэж дахин асуусан боловч ард олон улам чангаар хашхиралдан, загалмайд цовдлохыг шаардаж байлаа.
Хөөрсөн иудейчүүдийг хараад үймээн дэгдэж магад гэж бодсон Пилат ус авчруулж гараа угаагаад, энэ хүний цусны төлөө би хариуцлага хүлээхгүй, та нар өөрсдөө хариуцлагаа хүлээ гэв. Ард олон “Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг” гэж ихэмсэг гэгч нь хашхиралдан байв. Эцэст нь Пилат Барабыг суллаж, Есүсийг ташуурдсаны дараа загалмайд цовдлохыг тушаалаа. Иймд цэргүүд Есүсийг чирэн явж, ташуурдаад өргөст титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, нулимж, хулсаар тэргүүн рүү нь цохиж зүсэн бүрийн үгсээр доромжлов. Тэгээд Есүст загалмай үүрүүлэн Голгота өөд авч явлаа.
2. Загалмай дээрх хувь заяа
Өглөө 9 цагийн үед цэргүүд Есүсийн гар, хөлийг хадаасаар хадаж, загалмайд цовдлов. Толгойных нь дээд хэсэгт “Иудейчүүдийн Хаан” гэж бичсэн пайз хадлаа. Хүмүүс загалмайд цовдлогдон зовж тарчилж буй Есүсийг хараад “Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач” гэж доромжилно. Захирагчид нь “Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй” гэж элэглэнэ. Тэд Есүсийг ташуурдуулж, хадаасаар хадуулж цусаа урсгасан нь нүгэлтний хувьд мэдээжийн амсах ёстой ял шийтгэл гэж бодож байлаа. Гэвч хуучин гэрээний Библид тэр бүх зовлон нь хүмүүсийн гэм нүгэл, алдаа буруугаас болсныг бичсэн байдаг (Иса 53:3-8). Есүс хүн төрөлхтний амсах ёстой байсан нүглийн ялыг өмнөөс нь үүрч, Библийн зөгнөлийг биелүүлсэн юм.
Есүсийн баруун зүүн талд хоёр дээрэмчнийг загалмайд цовдоллоо. Тэдний нэг дээрэмчин нь Есүсийг доромжилж “Чи Христ юм бол Өөрийгөө болон биднийг авраач” гэж хэлэв. Тэр үед баруун талд байсан дээрэмчин нь нөгөө дээрэмчнээ зэмлэж, “Бид нүгэл үйлдсэн болохоор зохих шийтгэлээ амсаж байгаа ч энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү дээ” гэж хэлээд Есүсээс “Та Бурханы хаанчлалд орохдоо намайг санаарай” гэж гуйв. Зовж тарчлах зуураа баруун талын дээрэмчний гуйлтыг сонссон Есүс “Өнөөдөр чи Надтай хамт диваажинд байх болно” гэж айлдаад түүнд аврал амласан юм.
Үдийн үед нар харанхуйлж нийт нутгийг харанхуй бүрхэв. Өглөө 9 цагаас өдөр 3 цаг хүртэл загалмай дээр 6 цагийн турш зовлон тарчлалыг тэвчсэн Есүс “Бүгд гүйцэлдлээ” гэсэн сүүлчийн үгээ хэлээд амьсгал хураажээ. Тэр мөчид ариун газрын хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурав. Тэр өдөр нь Египетээс гарсан тухайн үеийн зовлонг үе уламжлан дурсдаг Исгээгүй талхны баяр байсны зэрэгцээ Амралтын өдрийн бэлтгэлийн өдөр, баасан гараг байлаа.
Орой нь Есүсийг дагаж байсан Иосеф гэдэг баян хүн Есүсийн цогцсыг Пилатаас гуйж авав. Тэрээр цэвэрхэн маалингаар Есүсийг ороож, хаданд ухсан шинэ булшинд тавиад том чулуу өнхрүүлэн булшийг таглажээ (Мат 27:57-60). Есүс дээрэмчинтэй хамт загалмайд цовдлогдон нас барж, баян хүний булшинд оршуулагдсанаараа “Булшийг нь буруутуудын хамт товлосон ч үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв” гэсэн Библийн зөгнөлийг биелүүлсэн ажээ (Иса 53:9).