Елохим Бурхан | Эцэг Бурхан, Эх Бурхан

10731 읽음

Ихэнх христчүүд Бурханы тухайд Ёхова эсвэл Есүс гэж мэддэг. Өөрөөр хэлбэл тэд эрэгтэй дүр төрхийг агуулсан Эцэг Бурханыг л мэднэ гэсэн үг. Харин Библийн оршил гэж хэлж болох Эхлэл номын 1-р бүлгээс эхлээд л Бурханыг олон тоон дээр “Елохим” гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Энэ нь Эцэг Бурхан л байдаг биш, хоёр буюу түүнээс дээш Бурхан оршдог гэсэн үг юм.

Бурханыг үнэн зөв мэднэ гэдэг туйлын чухал асуудал юм. Учир нь Бурханыг мэдэх нь мэргэн ухаан, хамгийн дээд ухаарал бөгөөд аврал нь Бурханыг таньж мэдэхээс эхтэй (Сур.Үгс 9:10, Иох 17:3). Тиймээс Библид итгэгч хүн мөн л бол Бурханыг мэдэхийн тулд шамдах ёстойг сургадаг (Хос 6:3). Аврал авахын тулд хэнийг мэдэх ёстойг, мөн Библид гэрчилж буй “Елохим Бурхан” гэж хэн болохыг олж мэдэцгээе.

Елохим Бурхан нь Эцэг Бурхан, Эх Бурхан юм

Ариун Сүнсээр хөдөлгөгдөн эш үзүүлэгчдийн бичсэн хуучин гэрээний Библид Бурханыг ганц тоогоор бус олон тоогоор илэрхийлсэн байдаг. Еврей эх хэлний Библид “Бурхан” гэдэг үгийг ихэвчлэн “Елохим” гэж бичсэн байдаг бөгөөд энэ нь “Бурхан” гэсэн утгатай “Ел”, “Елоах” гэдэг үгсийн олон тооны хэлбэр аж. Нэг үгээр хэлбэл энэ нь “Бурхад” гэсэн үг юм. “Елохим” гэж хуучин гэрээний Библид ойролцоогоор 2500 удаа гардаг. Зөвхөн “Эцэг Бурхан” л байдаг гэх хүмүүсийн нийтлэг ойлголтын дагуу авч үзвэл энэ нь асар том алдаа болохгүй гэж үү?

Библи нь Аврагч Бурханыг гэрчилдэг ном (Иох 5:39). Ийм зорилгоор бичигдсэн Библид Бурханыг олон тоогоор илэрхийлсэн нь нэг бус хоёр буюу түүнээс дээш Бурхан байдгийг илтгэж байна.

“Тэгээд Бурхан (Елохим) —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. …” Эхл 1:26

Эхлэл номд “Эхэнд тэнгэр газрыг бүтээсэн Бурхан”-ыг “Елохим” гэж бичсэн байдаг бөгөөд Бурхан “Бид хүнийг буй болгоё” гэж хэлдэг. Бурханыг цорын ганц “Эцэг” л гэж бодох юм бол ойлгоход хэцүү зүйл гарч ирнэ. Учир нь хэрэв тийм байсан бол “Би дүр төрхийнхөө дагуу Өөртэйгөө адилхан хүнийг буй болгоё” гэх ёстой байсан шүү дээ. Тиймээс “Энэ хэсэг нь Библи тайлбарлагчдын хувьд удаан хугацааны туршид оньсого байсаар ирсэн” (Reader’s Digest, Mysteries of Bible, p. 21) гэж бий.

Хэрэв бид зөвхөн Эцэг Бурхан л байдаг гэсэн хэвшмэл бодлоо орхиж, Библийг бичсэнийх нь дагуу харах юм бол уг оньсогын зөв хариуг дорхноо олно.

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.” Эхл 1:27

Өөрсдийгөө “Бид” хэмээсэн Бурхан дүр төрхийнхөө дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг буй болгохдоо эрэгтэй, эмэгтэй хүн бүтээжээ. Энэ нь Бурхан эрэгтэй болон эмэгтэй дүр төрхөөр оршдог гэсэн утгатай. Хүн төрөлхтөн эрэгтэй дүр төрхийн Бурханыг урт удаан хугацаанд “Эцэг” гэж дуудаж ирсэн. Тэгвэл эмэгтэй дүр төрхийн Бурханыг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж “Эх”. Бүх зүйлийг бүтээсэн Елохим Бурхан бол Эцэг Бурхан, Эх Бурхан гэсэн хоёр оршихуй юм.

Елохим Бурхан ертөнцийн сууриас хойш цуг ажиллаж байна

Библийн олон ишлэлээс Бурхан “Бид” хэмээн айлдаад хамтдаа ажиллаж буй дүр зураг харагддаг. Елохим Бурхан буюу Эцэг Бурхан, Эх Бурхан авралын ажлаа ертөнцийн сууриас хойш хамт гүйцэлдүүлсээр ирсэн.

ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно. Алив, (Бид, 2004 оны хэвлэлт) бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв. Тэгээд ЭЗЭН, тэднийг тэндээс бүх дэлхийгээр нэг тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ. ЭЗЭН бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан уг газрыг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхий даяар тараасан билээ. Эхл 11:6-9

Ноагийн үр удам Бабел цамхаг барихад Бурхан “Бид бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя” гэж айлддаг. Дараагийн 9-р ишлэлд нь Ёхова буюу Бурхан тэдний хэлийг хутгалдуулан самууруулсан тухай гардаг. Иймээс энд хэдийгээр Эцэг Бурханы нэрийг төлөөлөл болгон бичсэн ч Эцэг Бурхан, Эх Бурхан хамтдаа Бабел цамхаг барих ажлыг зогсоосныг илтгэж байна. Эш үзүүлэгч томилж илгээх ажлыг ч Эцэг Эх Бурхан хамтдаа гүйцэтгэжээ.

“—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд” Иса 6:8

Энд “Эзэний дуу” гэдэг нь Бурханы дуу хоолойг хэлсэн юм. Гэтэл Бурхан “Хэн Миний төлөө явах вэ?” гэлгүй, оронд нь “Хэн Бидний төлөө явах вэ?” гэж айлдсан байгаа юм. Тэнгэр газар түг түмнийг бүтээхдээ ч, Бабел цамхаг барих ажлыг зогсоохдоо ч, эш үзүүлэгч илгээхдээ ч Елохим Бурхан үргэлж хамтран ажиллаж байжээ.

Елохим Бурханыг “Эцэг Бурхан”-аар төлөөлүүлдэг

Бурханы дүр төрхийн дагуу Бурхантай адилхан бүтээгдсэн Адам Ева хоёрыг судлаад үзэх юм бол бид Елохим Бурханы тухай тодорхой ойлголт авч чадна. Учир нь Адам Ева хоёрыг “эх загвар” болсон Бурханы “хуулбарууд” гэж хэлж болно. Адам Ева хоёр тусдаа хүмүүс гэдэг нь тодорхой боловч Библид заримдаа тэднийг нэг хүн гэж илэрхийлдэг.

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, … Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, … Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ. … Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, …” Ром 5:12-15

Дээрх ишлэлд “ганц хүний алдаа зөрчил” гэсэн нь Адамын алдаа зөрчил юм. Эхлэл номын тэмдэглэлийг харах юм бол үнэн хэрэгтээ хамгийн түрүүнд нүгэл үйлдсэн хүн нь Адам биш харин Ева шүү дээ (Эхл 3:6). Тиймд уг нь “Ева” гэх ганц хүний алдаа зөрчил гэх юм уу эсвэл Адам Ева гэх “хоёр хүн”-ий алдаа зөрчил гэж хэлэх ёстой байсан. Гэтэл Библид төлөөлөл болгон Адамын нэрийг дурдсан байгаа юм. Энэ нь Адам Ева хоёрыг “нэг хүн” гэж үздэгийг илтгэж байгаа хэрэг (Эхл 2:22-24).

Адам Ева хоёрын “эх загвар” болсон Елохим Бурханы тухайд ч ялгаагүй юм. Бурханы хувьд ч Эцэг Бурхан болон Эх Бурхан гэж хоёр тусдаа оршдог ч Тэднийг “ганц Бурхан” гэж илэрхийлэхэд нэг их асуудал болохгүй юм. Мөн Библид Адам Ева хоёрын цугтаа хийсэн ажлыг Адам ганцаархнаа хийсэн мэтээр бичсэн байдаг. Тэгвэл Эцэг Бурхан ба Эх Бурханы хамтдаа гүйцэтгэсэн ажлыг ч Эцэг Бурхан ганцаараа хийсэн гэж хэлэхэд болохгүй нь юун.

Елохим Бурханыг мэдэхгүй байгаа шалтгаан

Дэлхийн олон хүн Бурханд итгэдэг гэдэг ч Елохим Бурханд, өөрөөр хэлбэл Эцэг Бурхан, Эх Бурханд итгэдэг хүнийг олох бэрх. Учир нь тэд шинэ гэрээний үнэн дотор байдаггүй. Библид шинэ гэрээ сахигчид л Бурханы талаар бүрэн дүүрэн мэднэ гэж зөгнөдөг.

“ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. … “Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.” Иер 31:31-33

Бурхан шинэ гэрээний хуулийг зүрхэндээ бичиж мөрддөг хүмүүсийн Бурхан нь болж, зөвхөн тэд л Елохим Бурханы ард түмэн болно хэмээн зөгнөсөн байна. Мөн тэднийг Бурханыг бүрэн дүүрэн мэдэх болно хэмээжээ.

“Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.” Иер 31:34

Шинэ гэрээний хуулийг зүрхэндээ сийлж, дагаж мөрддөг хүмүүс л дахиж “Бурханыг мэд” гэж заалгахгүй, өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Бурханыг мэдэх болно. Энэ нь шинэ гэрээний үнэнийг дагадаг итгэгчид Елохим Бурханыг бүрэн мэдэж, Тэдэнд итгэнэ гэсэн үг юм. Бурхан тэдэнд нүглийн уучлалын ерөөл өгнө гэжээ.

Ариун Эцэгийн үе болон Ариун Хүүгийн үеийн Аврагчдын нэрсийг гэрчилдэг Библийн ишлэлд Эх Бурханы оршихуй илчлэгдээгүй л дээ. Эх Бурханы оршихуй өнө удаан хугацаанд нууцлагдаж ирсэн. Гэвч Бурханы төлөвлөсөн цаг болж Елохим Бурханы оршихуй илчлэгдээд байна. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан шинэ гэрээний үнэний гэрлийг тод гэрэлтүүлэн, энэ үеийн ариун хүмүүсийн мэдэх учиртай Эцэг Бурхан, Эх Бурханы талаар тодорхой зааж өгсөн юм.

Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기