Сүүлчийн гамшиг ба Бурханы тамга

14871 읽음

ТОВЧ АГУУЛГА

Библид гамшиг болон шүүлтийн тухай зөгнөлүүд бий. Гэвч Өөрийн ард түмнээ тэрхүү шүүлтээс аврахын төлөөх Бурханы соёрхсон үнэнийг ч мөн Библи агуулж байдаг. Ан Сан Хун Христ энэхүү номондоо Бурханы гэрээг сахиагүй хүмүүсийн шүүгдэж буй үйл явдлыг тусган, ингэснээрээ бидэнд гэрээний ач холбогдлыг ухааруулсан билээ. Улмаар сүүлчийн гамшгаас аврагдах хүмүүс бол Христийн тунхагласан шинэ гэрээний сайн мэдээг дагагчид, өөрөөр хэлбэл Бурханы тамга болох шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг хүмүүс гэдгийг Тэрээр бидэнд гэрчилсэн юм.

ӨМНӨХ ҮГ

Энэхүү ном нь Бурханы ард түмэн сүүлчийн гамшиг болон гай зовлонгоос аврагдаж чадах Бурханы тамгыг авах тухай баярт мэдээ юм.

Удахгүй долоон гамшиг ирнэ. Хүмүүс “Есүс хоёр дахь удаагаа ирэх нь тун ойрхон байна” гэж хэлэх хуурамч эш үзүүлэгчдийн болон хуурамч зөгнөгчдийн үгэнд одоо хэр нь хууртсаар ирсэн. Гэвч жинхэнэ үнэн байгаа газар үргэлж худал хуурмаг нь урьдчилан гарч ирээд ажилладгийг хэн хүнгүй мэднэ.

Худал хуурмаг байгаа газар жинхэнэ үнэн гарцаагүй нуугдаж байдгийг мартаж болохгүй. Үүнийг сэтгэл оюундаа шингээгээд энэхүү номыг судалж үзвэл амийн үнэнийг амархан гэгч нь олж илрүүлэх юм. Энэхүү номыг нухацтай судлаад мөдхөн нүүрлэх долоон гамшгаас зугтан зайлж, улмаар аврал авахыг хүсье.

Энэ номны баярт мэдээ Ноагийн бүхээгтэй адил энэ үнэнд хөл тавьсан хэн ч бай аврал авах болно. Ноагийн бүхээгт орсон төрөл бүрийн амьтад нүгэлгүйдээ тийш орсон юм биш. Түүнтэй адил нүгэлтэй ч бай, нүгэлгүй ч бай энэ үнэнд хөл тавивал аврал авна. Энэхүү номыг нухацтай судлаад, Бурханы тамга болон мөнх амийг аваарай.

ГАРЧИГ

  • 1-р бүлэг Сүүлчийн гамшиг ба шүүлт
  • 2-р бүлэг Алгасал баярын далд нууц
  • 3-р бүлэг Гэрээг зөрчсөнөөр Вавилонд олзлогдсон нь
  • 4-р бүлэг Арван тушаал ба Үсэг
  • 5-р бүлэг Хуучин гэрээ шинэ гэрээгээр өөрчлөгдсөн нь
  • 6-р бүлэг Хуучин гэрээ ба шинэ гэрээний харьцуулсан хүснэгт
  • 7-р бүлэг Мелхизедекийн хэргэм
  • 8-р бүлэг Шинэ гэрээний тогтолцоо
  • 9-р бүлэг Шинэ гэрээ нь сайн мэдээ юм
  • 10-р бүлэг Сайн мэдээний үйлчлэгч нь шинэ гэрээний үйлчлэгч
  • 11-р бүлэг Алгасал баяр ба сүүлчийн зоог
  • 12-р бүлэг Чөтгөрийн нутагладаг газрыг илчилдэг Алгасал баяр
  • 13-р бүлэг Шинэ гэрээ нүглийг зайлуулдаг
  • 14-р бүлэг Бурханы тамгалах ажил
  • 15-р бүлэг Амралтын өдөр нь Бурханы тамга мөн үү?
  • 16-р бүлэг Бурханы тамга нь юу вэ?
  • 17-р бүлэг Есүсийн бие бол Бурханы тамга юм
  • 18-р бүлэг Баярын талаар энэлэгсэд

1-р бүлэг Сүүлчийн гамшиг ба шүүлт

Мат 24:37-39 『Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.

Паул элч Тесалоник дахь итгэгчдэд захидал илгээхдээ ийн бичжээ.

1Тес 5:1-3 『Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. Учир нь Эзэний өдөр нь шөнийн хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ. “Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.』Петр элч дээрх “үеийн” талаар ийн зөгнөжээ.

2Пет 3:6-7 『Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.』

2Пет 3:10-13 『Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна. Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? Бурханы өдөр ирэхийг хүлээж, түргэлүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс түймэрт хайлах болно. Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.』 Элч Иохан сүүлчийн гамшиг буух үеийн дүр зургийг ийн тодорхойлжээ.

Илч 16:17-21 『Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс —Ингээд дууслаа гэх чанга дуу гарав. Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хөдлөв. Хүн дэлхий дээр байх болсноос хойш болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хөдлөлт болов. Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв. Арал бүр зугтаж, уулс эс олдов. …』

Хуучин гэрээнд ч мөн ийнхүү тэмдэглэжээ.

Зеф 1:14-18 『ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш шуурхай ирж байна. ЭЗЭНий өдөр, сонс! Тэнд дайчин нь цурхиран уйлж байна. Тэр өдөр бол хилэнгийн өдөр, шаналан, шахааны өдөр, эвдрэл, эзгүйрлийн өдөр, түнэр харанхуйн өдөр, үүлс, өтгөн харанхуйн өдөр, бүрээ, дайтах уухайн өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм. Би хүмүүст зовлон авчирна. Ингэснээр тэд сохор хүн шиг алхана. Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ. Тэдний цус нь шороо мэт, бие цогцос нь хоргол мэт асгагдах болно. ЭЗЭНий хилэнгийн өдөр алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.』

Мал 4:1-3 『“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно. Та нар буруутуудыг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.』

Дээр бичсэн олон эш үзүүлэгчийн зөгнөл бүгд дэлхийн төгсгөлд хамаатай зөгнөлүүд юм. Өнөө үеийг ажиглан харж байдаг хүмүүсийн “Товчлуур дарахад л ертөнцийн төгсгөл ирнэ” нийтлэл (“Гённам” өдөр тутмын сонины 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар), мөн “Гүгжэ” өдөр тутмын сонины 1976 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаарт гарсан “Цөмийн дайнд бэлтгэж, Америкийн Вашингтон хотын эргэн тойронд газар доор 97 хот барьсан байна” гэсэн мэдээлэл гэх зэрэг зарим мэдээ нийтлэлүүд ч хүмүүст анхааруулга өгсөөр байна.

Эдүгээ дэлхий мухардалд орж, яах учраа олохгүй найдвар тасарсан цөхрөлийн үед ирээд байгаа билээ. Харин сануулгын дохио ирэхэд авралын мэдээ ч бас ирэх нь дамжиггүй. Учир нь Библид ийн айлджээ.

Иер 4:5-6 『Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл. Сион тийш тугаа босго! Хоргодох газар хай, бүү зогс. Учир нь Би хойд зүгээс гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.』 Библид мөн ийн айлджээ.

Зеф 2:1-3 『Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа, тийм ээ, цуглар. Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч, зарлиг нь хэрэгжихээс өмнө, ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө, ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар. Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно.』

Ийм үед яаравчлах зүйл бол авралын сураг чимээнд чих тавих явдал. Ертөнцийн төгсгөл дэлхийн дайнаар ирдэг сэн үү эсвэл Бурханы хүч чадлаар ирдэг сэн үү аль нь ч бай, үеийн төгсгөлийг дайрах гамшгаас зугтаж болох зөгнөлүүд байдаг тул энэ тухай Библийн ишлэлүүдийг судалж үзэцгээе. Библид дэлхийн төгсгөлийн талаарх олон зөгнөл байдаг. Зөгнөлд туйлаас итгэж, дагадаг хэнд ч бай аврал өгөх юм.

Хэрэв хүн авралын мэдээнд итгэхгүй, өмч хөрөнгөө үрэн таран хийн газар доор орогнох байр хийх эсвэл пуужингаар (Rocket) өөр гараг руу явах, нам жим улс орон руу дүрвэх эсвэл цөмийн шумбагч онгоцонд сууж умард туйлын мөсөн уулын ёроол руу орох гэх мэт өөрсдийн арга мэхээр аврал олж авах гэж оролдлоо ч эдгээр нь түрхэн зуур л аюулаас зайлах арга болохоос мөнх амь авч чадахгүй хэмээсэн эш үзүүлэгчдийн тэмдэглэл ч байдаг.

Зеф 1:18 『ЭЗЭНий хилэнгийн өдөр алт мөнгө нь тэднийг чөлөөлж чадахгүй. …』 Амос эш үзүүлэгч ч мөн ийн тэмдэглэжээ.

Амо 9:2-4 『Үхэгсдийн орон (газар доор орогнох байр) уруу ухаад орсон ч мутар минь тэднийг тэндээс барина. Тэнгэр өөд гарсан ч тэднийг би эндээс буулгана. Кармелын оргилд нуугдсан ч тэндээс би тэднийг хайн олж, барина. Тэнгисийн ёроолд харцнаас минь өөрсдийгөө бас далдалсан ч тэнд Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно. Дайснуудынхаа өмнө бас олзлогдон явсан ч илдэнд Би тушааж, тэр тэднийг тэнд хядах болно. Сайны төлөө бус, харин хор хөнөөлийн төлөө мэлмийгээ Би тэдэнд чиглүүлнэ” гэж айлдав.』

Тиймээс одоо хүмүүсийн арга хэрэгслийг хэрэглэхийн оронд Бурханы удирдлаган дор Библийн зөгнөл дагуу авралын аргыг судлан, тэр хэвээр нь дагах ёстой үе ирээд байна.

Зөгнөлд итгэдэг хүмүүст аврал өгөхийн тулд Бурхан эрт үеийн түүхийг үеийн төгсгөлийн толь болгон харуулсан байдаг.

Гэт 12:12-14 『Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египет газрыг цохих үедээ цусыг хараад, та нарыг алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон үе уламжлан үүнийг үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.』

Шинэ гэрээний Библийн Еврей 11:28 ишлэлд 「Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.」 Дахин хэлбэл Алгасал баярын хурганы цус нь тэмдэг болж, гамшиг буулгахгүй гэсэн үг юм.

Египетээс гарсны дараа ч МЭӨ 586 оны үед Иуда улс Вавилон улсын довтолгоонд өртөн сүйрч, Иерусалим хоосорч сүйтгэгдэх үед Иеремиа эш үзүүлэгч Иуда улсын сүйрэх болсон шалтгааныг ийнхүү тунхагласан байдаг.

Иер 11:1-4 『ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг. “Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл. Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай. Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр (Египетээс гарган авчирсан өдөр нь Алгасал баяр юм) «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь』 Иеремиа хэдийн гэрчилсэн боловч израиль ард түмэн төдийг хүртэл сонсоогүй учраас Вавилон улсын довтолгоонд өртөж сүйрэх болсон юм. Энэ талаар Иеремиа дахин ийн гэрчилжээ.

Иер 16:10-11 『Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ. Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.』

Иер 44:23 『Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.』

Исаиа эш үзүүлэгч мөн хүмүүс мөнхийн гэрээг эвдсэн учраас дэлхий ертөнц сүйрнэ хэмээн ийн анхааруулсан.

Иса 24:3-5 『Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.』

Мөнхийн гэрээ нь Есүсийн байгуулсан шинэ гэрээ юм.

2-р бүлэг Алгасал баярын далд нууц

Лук 22:20 『… —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.』

Евр 13:20 『Хоньдын Хоньчин болох бидний Эзэн Есүсийг мөнх гэрээний цусаар үхэгсдээс амилуулсан амар амгалангийн Бурхан』

Хуучин гэрээний үед хуучин гэрээг сайн сахидаг хүмүүс гамшгаас аврагдаж байсан бол шинэ гэрээний үед шинэ гэрээг дуулгавартай дагадаг хүмүүс л гамшгаас аврагдана хэмээсэн. МЭӨ 1498 онд израильчуудыг Египетээс гарах үед Алгасал баярын хурганы цус нь тэмдэг болж, улмаар тэд аврагдаж байсан. Мөн Хезекиа хааны үед ч Алгасал баяр сахисан Хезекиа болон түүний ард түмэн Иерусалим хотод тэнгэр элчийн тусламжаар Ассири улсын халдлагаас аврагдсан түүх байдаг. Тэр түүх нь ийм юм.

2Шас 30:4-10 『Ингэх нь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв байв. Иймээс тэд Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалимд тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараах зарлиг гаргав. Учир нь тэд энэ баярыг зааврын дагуу ингэж тэмдэглээгүй удсан байжээ. Зарлагууд хааны тушаалын дагуу хаан хийгээд түүний ноёдын гараас авсан захидалтай, бүх Израиль, Иуда даяар явж, “Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН өөд эргэгтүн (Алгасал баяр тэмдэглэхээр ирэгтүн). Ингэх аваас Тэр Ассирийн хаадын хүчирхийллээс үлдсэн та нарын зүг эргэх болно. Эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд үнэнч бус байсан эцгүүд болон ах нар шигээ бүү байгтун. Тэр тэднийг хэрхэн аймшигтай болгосныг та нар бэлхнээ харсан билээ. Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн! Та нар ийнхүү ЭЗЭН өөд эргэснээр (Алгасал баяр тэмдэглэхээр ирвэл), та нарын ах дүүс болон хүүхдүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөл олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН (гэмшээд, Алгасал баяр тэмдэглэсэн хүмүүст) нигүүлсэнгүй, өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу эргэвэл та нараас нүүрээ Тэр буруулахгүй” гэж тунхаглав. Зарлагууд Ефраим болон Манассегийн нутаг даяар (Самари нутаг), Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явж байхад хүмүүс харин тэднийг (зарлагуудыг) зэвүүцэн, инээлдэж доромжилж байв.』

Дээрх үгсийг нарийвчлан тайлбарлавал Бурханы ариун баярыг удаан хугацааны турш сахиагүй байсан Иуда улс Хезекиа хааныг хаан ширээнд суумагц Исаиа эш үзүүлэгчийн зөвлөмжөөр, сүйрчихээд байсан ариун өргөөг засварлав (2Шас 29:1-3). МЭӨ 726 онд, ариун тооллын 2 дугаар сарын 14-ний өдөр хаан Алгасал баяр сахихаар шийдэн, зарлагуудыг Иуда ба Самари нутаг хүртэл илгээсэн юм. Гэвч 250 орчим жил гэх урт удаан хугацаанд Алгасал баяр сахиагүй байсан Самари нутагт Алгасал баярыг мэдэх нь байтугай Алгасал баярын үнэний талаар огт мэдээгүй байсан юм. Тиймдээ ч тийм баярт мэдээ авчирсан зарлагуудыг зэвүүцэн, инээлдэж доромжилж байсан юм (2Шас 30:10).

Түүнээс хойш 3 жилийн дараа Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авчээ. 3 дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэн авсан бөгөөд тэр үе нь МЭӨ 721 он байв. Ийнхүү Израилийн хаан Хошеагийн 9 дэх жилд Алгасал баярыг зэвүүцэн, инээлдэж доромжилцгоож байсан Самари нутаг төгсгөл болсон юм.

Хэдэн сая хүн амиа алдаж, хэдэн зуун мянган хүн олзлогдож, олон сая хүн улс үндэстнүүдэд тархан, хэрэн тэнүүчлэх болжээ. МЭӨ 975 оны орчимд Иеробоамыг Израилийн хаан болсны дараа Эзэний Алгасал баярыг орхигдуулж, эргээд л шүтээн шүтэх болсон Самари нутгийн хувь тавилан 254 дэх жилдээ төгсгөл болсон байна.

2Хаа 18:9-12 『Хезекиа хааны дөрөв дэх жил буюу Израилийн хаан Елагийн хүү Хошеагийн долдугаар онд Ассирийн хаан Шалманесер Самарийн эсрэг хөдлөн ирж, бүслэн авав. Гурав дахь жилийн шувтаргаар тэд түүнийг эзлэв. Ийнхүү Хезекиагийн зургадугаар он буюу Израилийн хаан Хошеагийн есдүгээр онд Самари эзлэгджээ. Тэгээд Ассирийн хаан израильчуудыг авч явж, тэднийг Гозаны голын дэргэдэх Хала болон Хаборт мөн Медегийн хотуудад суурьшуулжээ. Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.』

Мөн Иуда улсад ч Бурханы хуулийг сахиж байгаа мэт байсан боловч хуулийн доторх хамгийн чухал тушаал Алгасал баярыг ойлгоо ч үгүй, сахиа ч үгүй юм. Тийм учраас зарим үед өөр улсын халдлагад өртөн зовлон зүдгүүр амсаж байсан юм.

Гэвч Бурхан зарим үед тэдэн рүү эш үзүүлэгч нарыг илгээж, Алгасал баяр ба Бурханы хууль тогтоол, зарлигийг сахиулан, улмаар тэд Бурханы хамгаалалтыг авч иржээ.

Хезекиа хаан ч мөн Исаиа эш үзүүлэгчийн зөвлөсний дагуу хаан ширээнд суусан даруйдаа шууд Алгасал баяр тэмдэглэсэн нь Бурханаас ерөөл авч, улс орныхоо тогтвортой байдлыг олохын тулд байжээ. Мөн хожим аймшигт зовлонгийн үед Бурханаар хамгаалуулах гэсэн сэтгэлээр Алгасал баяр сахиж, тунхагласан юм. Тэрээр энэхүү итгэл, үйлсийнхээ дагуу Алгасал баяр сахиж байхдаа Бурханы хамгаалалт авсан, мөн зовлонгийн хүнд үед ч Бурханы хамгаалалт авч байжээ.

2Хаа 19:30-35 『Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно. Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ. Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. Тэр ирсэн замаараа буцах бөгөөд энэ хотод орж ирэхгүй» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг аврахаар хамгаалах болно гэв” гэлээ. Тэгтэл тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхдэл болсон байжээ.』

Алгасал баяр сахиагүйн улмаас сүйрсэн Самарийн Израиль улс эцэстээ төгсгөл болж, Иуда улс нь Алгасал баярын авралын тамга авч, үргэлж Бурханы хамгаалалтанд байсаар МЭӨ 586 оныг хүртэл оршин тогтносоор ирсэн юм. Гэвч тэдний хойч үе Бурханы гэрээг зөрчсөний улмаас хожим нь Иуда улс Вавилоны халдлагад өртөн, 70 жилийн турш Иерусалим эзгүй хоосон нутаг болов. Тэдний дундаас жинхэнэ эш үзүүлэгчийн үгийг дагасан хүмүүс нь дахин эх нутагтаа буцан ирж, харин хуурамч эш үзүүлэгчийн үгийг сонссон хүмүүс нь сүйрсэн юм.

Одоо тухайн үеийн үйл явдлуудыг илүү тодорхой судалъя. Тэгснээр өнөө үеийн тухай Бурханы хүслийг ухаарч ойлгох мэргэн ухааныг авах юм.

3-р бүлэг Гэрээг зөрчсөнөөр Вавилонд олзлогдсон нь

МЭӨ 587 оны үед Иуда улс Бурханы Алгасал баяр болон гэрээг зөрчсөний уршгаар Вавилон улсын халдлагад өртөж сүйрсэн юм. Иерусалим нурж, олон сая хүн үхэж, олон зуун мянган хүн олзлогдов. Тэд Иеремиагийн зөгнөсөн ёсоор 70 жил гүйцэх хүртэл олзлогдогсдын уйтгарт амьдралаар амьдарч ирсэн билээ. Тиймээс Библид ийн айлджээ.

Иер 44:22-23 『Тиймээс та нарын үйлдлүүдийн муу муухайгаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болсон. Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй тахилууд шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба гэрчлэлүүдийнх нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг энэ гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.』 Библид мөн ийн айлджээ.

2Хаа 24:14 『Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй.』

2Хаа 25:8-12 『Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан, Небухаднезар хааны арван есдүгээр онд Вавилоны хааны зарц, ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон Иерусалимын бүх байшинг шатаажээ. Том байшин бүрийг тэрээр галдан шатаав. Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав. Тэгээд ахлах хамгаалагч Небузарадан нь хотод үлдсэн бусад ард олон ба Вавилоны хааны талд дагаар орогсод зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ. Ахлах хамгаалагч тэр газрын үгээгүй ядуучуудаас заримыг нь усан үзмийн цэцэрлэгчээр мөн газар хагалагчаар үлдээв.』 Иеремиа эш үзүүлэгч ийн тэмдэглэжээ.

Иер 25:11-14 『Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ. Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна. Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө» хэмээв.”』

Үнэхээр Иеремиа эш үзүүлэгчийн үгийг сонсоод хэрэгжүүлсэн хүмүүс нь аюулгүй амьдран, зарим үед махан биеэр амжилт олж байсан ба эцэстээ эх орондоо буцаж, хот байгуулах, ариун өргөө засварлах зэрэг ажилд баяр хөөртэйгөөр зүтгэсэн байдаг. Харин Хананиа мэтийн хуурамч эш үзүүлэгчийн зөгнөлд итгэн, хичээл зүтгэл гаргаагүй хүмүүс бүгд сүйрсэн байдаг. Исаиа эш үзүүлэгч ийн тэмдэглэжээ.

Иса 9:16 『Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.』

Тиймээс хуурамч эш үзүүлэгчдээр удирдуулж, төөрөлдсөн хүмүүс Вавилон улсаас урван тэрслээд бүгд сүйрч, Иеремиа эш үзүүлэгчийн зөгнөлд итгэсэн хүмүүс нь тэвчээртэйгээр хүлээсний эцэст нутагтаа буцах яруу алдрыг харах болсон юм.

Буцах

Site Map

사이트맵 전체보기