
ТОВЧ АГУУЛГА
Библи бидэнд махан биеэр ирсэн Бурханыг Бурханы нууц ба амийн усны ундарга гэж заадаг (Кол 1:26-27, 2:2, Иох 4:14, 7:37-38). Ан Сан Хун Христ энэ цаг үеийн Бурханы нууц, амийн усны ундарга болсон Сүнс ба Сүйт бүсгүйн талаар энэхүү номондоо гэрчилсэн юм. Элч нарын үеэс хойш амийн үнэн устаж үгүй болсон тул хэн ч аврагдах боломжгүй болсон юм. Шинэ гэрээний бүх үнэнийг сэргээж, Бурханы ард түмнийг аврах зорилгоор Христийг хоёр дахь удаагаа махан биеэр ирнэ гэж Библид зөгнөсөн байдаг. Ан Сан Хун Христ Библийн энэ бүх сургаалыг зааж мэдүүлэн, Хоёрдугаар Христтэй хамт ирэх Сүйт бүсгүйн талаар ч дурдсан юм. Тэрээр мөн шинэ гэрээний баярууд болон тэдгээрийн зөгнөлийн утга, өнгөрсөн түүхээс итгэгчдийн ойлгож мэдэх ёстой сургамж, Ариун Гуравын сэнтий нэг, сүнс, хуучин ба шинэ гэрээ, Бурханы тамга гэх мэт үнэний талаар ч тайлбарласан байдаг.
ӨМНӨХ ҮГ
Энэхүү ном нь хуучин гэрээний сүүлчийн бүлэг болох Малахи 4:5-6 ишлэлд бичигдсэн 「Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ」 хэмээх айлдал ба Амос эш үзүүлэгчийн 「Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй」 (Амо 3:7) хэмээх айлдал ёсоор Бурхан зөвхөн үлдсэн ард түмэндээ өгөхөөр нууцалж байсан Бурханы сүүлчийн нууцын тухай өгүүлэх болно.
Одоо цаг нь болж, Бурханы мөнхийн хаанчлал ойртсон учраас Библид битүүмжлэгдсэн бүх нууц (Иса 8:16, Дан 12:4, 9-10, Илч 10:4 үзэх) илчлэгдэх учиртай билээ (Илч 10:7, 22:10). Түүнчлэн энэ номонд бичигдсэн Мелхизедекийн хэргэм нь юу юм бол? Давид хааны түүх нь юуг заадаг юм бол? Есүсийн хоёр дахиа ирэх асуудлын тухайд Тэрээр шууд л галын дөлтэй хамт шүүлт буулгахаар ирэх юм болов уу? Эсвэл түр махан бие өмсөн нууц элчээр ирж, үнэнийг гэрчилснийхээ дараа сүүлчийн өдөр шүүхээр ирэх юм болов уу? Энэ бүгд нь хайхрамжгүй, хөнгөн хуумгай авч үзэх зүйл биш юм.
Бурханы үнэнийг хүсэмжлэгч хэн ч бай энэ номыг судлах хэрэгтэй. Жирийн итгэгчид төдийгүй пастор, Библийн сургуулийн багш нар хүртэл заавал нэг унших зохистой ном юм. Сүүлчийн өдрүүд нь баптисч Иоханы үе болон Анхны Есүсийн үетэй адилхан байх юм.Сүүлчийн үнэн нь том сүм дотроос гарч ирэх бус, элсэн цөлд хашхирах ёстой. Энэхүү номыг даруу сэтгэлээр сонсох, унших хэн ч бай ойлгоно.
Одоо сонгогдогсдыг дөрвөн зүгээс цуглуулж буй сүүлчийн үе. Үнэнийг хүсэмжлэгч хэн ч бай энэхүү номыг судлаад үзээрэй.Бүрэн гүйцэд ойлгохгүй бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр биднийг зориорой. Нүүр тулан уулзаад судалбал илүү сайн ойлгох болно.
Уг номын агуулгад гарах сэдвүүд нь эдүгээ бусад христийн сүмүүдэд болон теологийн аливаа сургуульд огт сонсож байгаагүй Бурханы нууц юм. Хэн ч бай энэ номыг судалбаас бүрэн ойлгож ухаарах юм. Бурханы хүслийн дагуу үйлдэхийг хүсдэг хэн ч бай энэхүү номыг Бурханаас илгээсэн сүүлчийн сураг чимээ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно (Иох 7:17). Нухацтай судлаад, бидэнтэй уулзахыг хүсэж байна.
ГАРЧИГ
- 1-р бүлэг Долоон аянгын нууцыг нээх нь
- 2-р бүлэг 3 удаагийн 7 баяр
- 3-р бүлэг Амийн жимс ба Арван тушаал
- 4-р бүлэг Мосе ба Есүс
- 5-р бүлэг Амлалтын үр удам ба үлдсэн ард түмэн
- 6-р бүлэг Зуун дөчин дөрвөн мянгын тухай
- 7-р бүлэг Сүүлчийн гамшиг ба шүүлт
- 8-р бүлэг Алгасал баярын далд нууц
- 9-р бүлэг Өнгөрсөн түүх нь ирээдүйд болох юмсын сүүдэр
- 10-р бүлэг Бурханы нууц
- 11-р бүлэг Есүсийн тухай
- 12-р бүлэг Ариун Гуравын сэнтий нэгийн тухай
- 13-р бүлэг Ариун Сүнсний тухай
- 14-р бүлэг Есүсийн анхны ирэлт ба хоёр дахь ирэлт
- 15-р бүлэг Хүний Хүү үүлэн дунд ирнэ
- 16-р бүлэг Хуурамч христ гарч ирсэн нь
- 17-р бүлэг Мелхизедекийн хэргэм
- 18-р бүлэг Сионд Бурхантай уулзана
- 19-р бүлэг Нууцаар гарч ирэх Христ ба Давид хаан
- 20-р бүлэг Сион хотод махан биеэр оршдог Бурхан
- 21-р бүлэг Арван тушаал ба Үсэг
- 22-р бүлэг Еден цэцэрлэгт сайн муугийн жимсийг Бурхан яагаад тавьсан бэ?
- 23-р бүлэг Амралтын өдөр ба Амралтын мянган жил
- 24-р бүлэг Төгс бүтээл ба төгс бус бүтээл
- 25-р бүлэг Хүний сүнс хаанаас ирдэг вэ?
- 26-р бүлэг Бурханы амин амьсгалаар сүнсийг бүтээсэн
- 27-р бүлэг Сүнсийг үгүйсгэдэг хүмүүсийн үзэл баримтлал
- 28-р бүлэг Газрын хүн ба тэнгэрлэг хүн
- 29-р бүлэг Тэнгэр элчийн ертөнцөд Бурхан яагаад биднээр нүгэл үйлдүүлсэн бэ?
- 30-р бүлэг Хуучин гэрээ шинэ гэрээгээр өөрчлөгдсөн нь
- 31-р бүлэг Шинэ гэрээний тогтолцоо
- 32-р бүлэг Алгасал баяр ба сүүлчийн зоог
- 33-р бүлэг Бурханы тамгалах ажил
- 34-р бүлэг Сүүлийн борооны Ариун Сүнсний тухай зөгнөл
- 35-р бүлэг Амийн усны ундарга
1-р бүлэг Долоон аянгын нууцыг нээх нь
Библид ийн айлджээ.
Илч 10:4 『Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.』
“Тэгвэл долоон аянга нь мөнхөд битүүмжилэгдсэн чигтээ байх юм болов уу, Эсвэл нээгдэх цаг үе байгаа юм болов уу? Библид утга учиргүй үг байж болохгүй. Битүүмжил гэсэн нь нээгдэх үе байгаа гэсэн утгыг агуулж байна. Яг энэ бүлгийнхээ 7-р ишлэлд битүүмжлэгдсэн долоон аянга нээгдэх талаар зааж өгч байна. Учир нь Библид ийн айлджээ.
Илч 10:7 『Харин долоо дахь тэнгэрэлчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.』
Энэ нууц нь анхны сүмийн үеийн элч нар болон эш үзүүлэгчдэд тунхагласан шинэ гэрээний сайн мэдээ юм. Энэхүү шинэ гэрээний сайн мэдээ нь элч нарын үеэс хойш шашны харанхуй үед Сатанд гишгэгдэн, өнөөг хүртэл битүүмжлэгдэж байсан юм. Харин 「ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно」 хэмээх айлдлын дагуу Бурханы нууц сүүлчийн үед тодорхой биелэгдсээр байна. Библид ийн айлджээ.
Илч 22:10 『Тэр надад ингэж хэлэв. —Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна.』
Иса 60:22 『Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно』 хэмээжээ.
“Аянга” гэсэн үг Библид олон газар тэмдэглэгдсэн. Tэр дуу хоолойг шууд сонсож чадаагүй хүнд уг дуу хоолой ердөө аянгын дуугаар л сонсогдсон. Библид ийн айлджээ.
Иох 12:28-30 『Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан.』
Элч Иоханд онцгойлон Бурханы дууг шууд сонсож чадах чих заяасан. Иохан номыг бичсэн хүн бол элч Иохан. Бусад хүмүүс аянгын дуу гэж сонсcoн байтал элч Иохан 「Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна」 хэмээн зөв сонсож, энэхүү Иохан номонд тэмдэглэсэн юм. Тиймээс долоон аянгыг ч мөн Иохан зөв сонсоод тэмдэглэх гэсэн боловч Бурхан түүнд “битүүмжил” гэж тушаасан тул агуулгыг нь тэмдэглэж чадалгүй, зөвхөн долоон аянга гэж тэмдэглэсэн.
Тэгвэл тэр долоон аянга нь юуг илэрхийлсэн юм бол? Өнөөг хүртэл товлосон цаг нь хараахан болоогүй байсан тул энэхүү долоон аянгын нууцыг хэн ч ойлгож чадаагүй. Харин одоо сүүлчийн үе болж, долоо дахь тэнгэр элчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үе ирсэн. Дараах тайлбарыг судалбал хэн ч бай баттай ойлгоно.
Энэ асуудлын тухайд авч үзэхдээ эхлээд долоогийн тоог, дараа нь аянгыг судлах нь зүйтэй. Долоогийн тоо нь төгс гэсэн утгатай юм. Тиймд долоогийн тооны оронд төгс гэж орлуулж хэлбэл “долоон аянга” нь “төгс аянга” болох юм.
Тэгвэл уг төгс аянга нь хаана дуугарсан юм бол? Төгс аянга нь нэг юм уу хоёр хүний өмнө дуугарсан аянга биш. Израилийн бүх чуулганы өмнө тунхагласан аянгыг төгс аянга гэх юм. Энэхүү төгс аянгын дуу тунхаглагдсан үе бол МЭӨ 1498 оны үе бөгөөд Синаи ууланд дүрэлзэх гал дотор Арван тушаал болон гэрээний үгсийг аянгын дуугаар тунхагласан билээ. Библид ийн айлджээ.
Гэт 20:18-19 『Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв. Мосед тэд —Та бидэнтэй яриач. Бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхнэ гэв.』
Тэр үед аянга мэт дууг Мосе сонсож ойлгож чадсан боловч, ард түмэн нь ойлгож чадалгүй зөвхөн долоон аянгыг сонсжээ. Тиймээс долоон аянгын дууг сонсож ойлгосон Мосе ард түмэнд ингэж тунхагласан юм. Библид ийн айлджээ.
Дэд.Хуу 5:5 『Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН хийгээд та нарын хооронд зогсож байсан. …』
Библийн үг ишлэлд заавал ижил үг нь байдаг бөгөөд тэрхүү ижлийг нь олж, Библиэр Библийг тайлбарлах ёстой.
Иса 34:16 『ЭЗЭНий номоос олоод уншигтун! Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй, нэг нь ч ижлээ алдахгүй. Учир нь Түүний ам айлдаж, Сүнс нь тэднийг цуглуулсан юм.』
“Битүүмжил” гэсэн үгийн ижлийнх нь тухайд дараах ишлэл тэмдэглэгджээ.
Иса 8:16 『Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн』 гээд, Хуучин орчуулгын Солонгос Библид 『Чи энэ гэрчлэлийн үгийг боож, хуулийг битүүмжилж, Миний шавь нарын дунд даалга』 гэж айлдсан.
Илчлэл 10:4 ишлэлд 「Долоон аянгыг битүүмжил」, Исаиа 8:16 ишлэлд 「Хуулийг битүүмжилж, Миний шавь нарын дунд даатга」 гэж айлдсан болохоор долоон аянга нь хууль дахь аль нэг хэсэг болох нь гарцаагүй юм. Хууль дотор өнөөг хүртэл битүүмжлэгдэж байсан зүйл бол зөвхөн 3 удаагийн 7 баяр юм. Энэхүү долоон аянгын нууц болох 3 удаагийн 7 баяраас тэнгэрийн ариунаас ариун газрын нууцыг олж мэдэн, диаволын үүрийг харж чадах ба сонгосон ард түмэндээ өгөхийн тулд олон мянган жилийн өмнө нууцалсан эрдэнэ юу болохыг мэдэх болно. Мөн сүмд хожим юу тохиолдох талаарх зөгнөл ч бий.
Дээр үед Иосиа хаан болон Хезекиа хаан баярыг мэдээгүй байхдаа шүтээнд үйлчилж байгаад, баярыг ухаарч сахисан үед шүтээнүүдийг бүгдийг устгасан (2Хаа 23:21-25, 2Шас 30:1-27, 2Шас 31:1 үзэх).
Зарим нэг хүн 「Бурхан яагаад тэдгээр асуудлыг битүүмжилж төвөгтэй болгосон юм бол?」 гэж асуудаг. Энэ талаар янз бүрээр бодогдож болох ч Библийн дагуу үзвэл энэ нь сонгосон ард түмэндээ өгөх онцгой бэлэг юм. Есүс ийн айлджээ.
Мат 13:10-11 『Шавь нар Түүн дээр ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.』
Долоон аянгын ярьсныг битүүмжилсэн нь сүүлчийн онц байдлын үед Бурхан ард түмэндээ өгч, тэднийг аврахын төлөөх Бурханы зорилго оршиж байсан юм. Учир нь Библид ийн айлджээ.
Дан 12:4 『Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн эргэцүүлэн мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.』 Хамтран орчуулсан Солонгос Библид 『Даниел аа, чи энэ үгсийг нууцлаад, сүүлчийн тэр үе иртэл энэ номыг битүүмжлэн тавь! Олон хүмүүс уншаад ухаарч, сайн мэдэх өдөр ирнэ. Гэвч будилан төөрөлдөх хүмүүс ч мөн олон байх болно.』
Дан 12:9-10 『Тэрээр —Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан. Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.』
Буруут хүний нэг нь ч ухаарч чадахгүй гэж байна. Тэрхүү буруутууд нь хэн юм бол? Хариуг нь бид Библиэс л олж чадна. Учир нь Библид ийн айлджээ.
Нех 13:17 『Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд —Та нар Амралтын өдрийг бузарласан юу гэгчийн ёрын мууг үйлдэнэ вэ?』
Амралтын өдрийг бузарлах явдлыг Библид ёрын муу үйлдэл гэсэн. Эш үзүүлэгч Исаиа хүний тушаалыг сахивал мэргэдийн мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь алга болно гэсэн байна.
Иса 29:13-14 『Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд Намайг эмээн хүндлэхэд хүний тушаалаар суралцжээ. Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.』 Харин нөгөөтэйгүүр Библид ийн айлджээ.
Илч 14:12 『Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна.』
Элч Паул мэргэн ухааныг авах хүмүүсийн талаар ийн тэмдэглэжээ.
Ефе 1:7-9 『Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий. Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ. Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв.』
Дан 12:10 『… Харин буруутууд буруугаа үйлдсээр тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно』 хэмээн айлдсан ёсоор шинэ гэрээний Алгасал баярын Хурганы цусаар аврал авсан хүмүүс нь мэргэн ухаан болон бодрол ухаарлаар бялхаж, Бурханы бүх нууцыг мэдэх болно.
Тэгэхдээ Бурхан нууцаа сонгосон эш үзүүлэгчид эхлээд мэдүүлсний дараа тэр хүнээр дамжуулан үнэнийг хүлээн авсан та бүхэнд мэдүүлэх болно. Библид ийн айлджээ.
Амо 3:7 『Зарц нар, эш үзүүлэгчдэдээ нууцаа илчлэлгүйгээр Эзэн БУРХАН үнэхээр юу ч хийхгүй.』
Бурханы нууц болгон нь тус тусын тогтоосон цаг бий. Сүүлчийн нууц болох долоон аянга ч мөн товлосон цагтаа, товлосон хүнээр дамжуулан лац нь тайлагдана. Учир нь хэрэв үүнийг битүүмжлээгүй байсан бол Бурханы сүүлчийн ажилд маш их саад гарах аюул байсан юм.
Энэхүү долоон аянгыг битүүмжилсэн нь эрт үед Вавилоны хаан Небухаднезар зүүдээ мартсантай адилхан шалтгаантай байсан юм. Хэрэв хаан зүүдээ мартаагүй бол Вавилоны бүхий л мэргэд, мэргэ төлөгчид болон илбэчид зүүдийг буруугаар тайлах байсан. Хааны зүүд нь үеийн төгсгөлд Бурханы ард түмэн мөнхийн орныг эзэлж авах тухай маш чухал асуудал байхад тэрхүү зүүдийг буруугаар тайлбал юу болох вэ? Тийм учраас хаанд зүүдийг нь мартуулж, үнэн зөв тайлбарлахыг Даниелд даалгасан юм.
Дан 2:9 『Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан лүндэн бий. Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг яригтун. Тэгвэл та нар тайллыг өгч чадна гэдгийг нь би мэдэх болно хэмээв.』
Тэрхүү зүүдийг хаанд мэдүүлж, зөв тайлж чадахгүй бол Вавилоны илбэчин, зурхайч, мэргэ төлөгч нар төдийгүй Бурханы ард түмэн болох Даниел, түүний гурван найз хүртэл үхэлд өртөх тийм ноцтой асуудал байв. Тиймээс Бурхан хаанд зүүдийг мартуулж, зүүдийг бусад хүмүүс тайлж чадахааргүй болгон, зөвхөн Даниелд л тэр зүүдийг мэдүүлж, Даниелын тайллыг зөв гэж хүлээн зөвшөөрүүлэхээр болгосон юм. Үүнтэй адил долоон аянгын ярьсан нь ч мөн сүмийн хувь заяаг шийдэх чухал үнэнг агуулж байгаа тул уг лац нээгдэхгүй бол энэ дэлхийн Вавилон дахь бүх мэргэд буюу хуурамч сүмийн мэргэд тэр байтугай Бурханы ард түмэн хүртэл бүгд сүнсний мөхөлд хүрнэ. Тиймээс хааны зүүдийг мартуулсан шигээ Бурхан долоон аянгын ярьсныг ч мөн битүүмжилж, зөвхөн лац нээх хүнээр л тэр доторх үнэнийг тайлбарлахаар болгон, тэрхүү үнэнийг хүлээн авч ухаарах хүнд баттай итгүүлэхийн тулд ийн лацадсан юм. Хэрэв долоон аянгыг битүүмжлээгүй байсан бол хуурамч багш нар худал тайлбар хийж, улмаар Бурханы хүслийг гажуудуулах байсан. Долоон аянга нь сүүлчийн сүмийн хувь заяанд хамаатай чухал үнэн учраас битүүмжлэх болсон юм.
Тэгвэл энэ долоон аянгын лацыг хэн эвдэж тайлах вэ? Элч Иохан ийн тэмдэглэжээ.
Илч 5:1-6 『Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. …』
Нядлуулсан мэт Хурга гэж хэлсэн тул сүүлчийн үед Давидын нэрээр нууцлагдан ирэх Хурга долоон лацыг тайлан, битүүмжлэгдсэн долоон аянгыг ч мөн нээх юм. Тиймээс 100 жил, 200 жилийн өмнө байгуулагдсан сүмд долоон аянга нээгдэх боломжгүй. Энэ нь сүүлчийн нэг үеийнхэнд биелэгдэхээр Библид зөгнөгдсөн байдаг.
Мат 24:31-34 『Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.』
Хэрэв аливаа нэг сүмийн итгэгч долоон аянгын нууцыг ойлгож, гэрчилж баталлаа ч тухайн сүмээс нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь сүм бүр өөрсдийн уламжлалд захирагдаж байдаг.
2-р бүлэг 3 удаагийн 7 баяр
Мосегийн хуульд жилд 3 хэсэг болон зохиогддог 3 удаагийн 7 баяр байдаг. Энэ 3 удаагийн баярыг Гэтлэл номонд 「Исгээгүй талхны баяр, Буудайн ургацын анхны үрийн баяр ба Ургац хураалтын баяр」 (Гэт 23:14-17, 34:18-23), Дэд хууль номонд 「Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр ба Майхан баяр」 (Дэд.Хуу 16:10, 16-17*), 2Шастир номонд 「Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Майхан баяр」 хэмээн тэмдэглэжээ (2Шас 8:13).
Тэгвэл 3 удаагийн баярын нэр яагаад тус тусдаа өөр байна вэ? Тухайн баярын утгыг зохих ёсоор нь илэрхийлэхийн тулд нэг баярын нэр хоёр гурван янз байгаа юм. Харин нэг баярыг өөр өөрөөр нэрлэлээ гээд тэр баяр өөр болохгүй. Жишээ нь Буудайн ургацын баяр ба Долоо хоногуудын баяр нь нэг баяр юм. Ургац хураалтын баяр ба Майхан баяр нь хоёулаа долдугаар сарын баяр юм.
Түүнчлэн 3 удаагийн баяр гээд гуравхан баяр байгаа биш, харин 3 удаагийн 7 баяр байдаг. Тэдгээр 7 баяр нь албан бус нэрийг нь оруулаад нийт 15 гаруй нэр байдаг. Мөн Мосегийн хуульд багтаагүй Пуримийн баяр, Сүмийг шинэтгэн ариусгасны баяр гэж ч бий (Ест 9:21, 31, Иох 10:22).
7 баярын албан ёсны нэр нь ийм юм. Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Ургацын анхны үрийн баяр, Пентэкостын өдөр, Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр болон Майхан баяр юм. Энэхүү 7 баяр нь дараах байдлаар 3 хуваагдсан байдаг.
Нэг дэх удаагийн баяр: Алгасал баяр ба Исгээгүй талхны баяр Хоёр дахь удаагийн баяр: Ургацын анхны үрийн баяр ба Пентэкостын өдөр Гурав дахь удаагийн баяр: Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр болон Майхан баяр
Мөн эдгээр 7 баярыг зарим үед өөрөөр ч нэрлэсэн байдаг байна. Исгээгүй талхны баярыг Долоо хоногийн баяр (Езе 45:21), Ургацын анхны үрийн баярыг Даллах өргөлийн баяр (Лев 23:11, Гэт 23:15-16, Гэт 34:22), Асрын баярыг Майхан баяр (Езр 3:4-6, Иох 7:2) хэмээж байв. Уг 7 баярыг янз бүрээр нэрлэдэг байсан ба баярын бүх нэр нь ийм юм.
Исгээгүй талхны баяр , Алгасал баяр, Долоо хоногийн баяр, Буудайн ургацын баяр, Ургацын анхны үрийн баяр, Даллах өргөлийн баяр, Долоо хоногуудын баяр, Пентэкостын өдөр, Ургац хураалтын баяр, Долдугаар сарын баяр, Асрын баяр, Майхан баяр , Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр.
Ийнхүү 3 удаагийн 7 баярыг янз бүрээр нэрлэж байжээ (Нех 8:2, 14, Гэт 23:15-17, 34:18-22, Лев 23:10-16, 39-41, Дэд.Хуу 16:9-10 үзэх).
Баяр ба зөгнөл
Ёхова 3 удаагийн 7 баярыг тогтоохдоо хожим Есүс загалмайнаас эхлэн Түүний дахин ирэх өдөр хүртэл биелэгдэх юмсыг Мосегийн үйлсээр тогтоосон юм. Эдгээр 7 баяр нь ийн 3 хуваагддаг.
Нэг дэх удаагийн баярт: Алгасал баяр, Исгээгүй талхны баяр нэг дор болдог ба ариун тооллын эхний сарын 14-ний оройноос эхлэн 21-ний орой хүртэл долоо хоногийн турш исгээгүй талх буюу хөрөнгө хийгээгүй талх идэж, жил бүр энэ өдрүүдийг дурсан санадаг байсан (Гэт 12:18). Бурхан израиль ард түмэнд Алгасал баярын орой Ёховагийн хүч чадлаар Египетээс гарч, Улаан тэнгисийг гатлах хүртэл амссан зовлонг нь болон Бурханы хүч чадлыг дурсан сануулахын тулд Алгасал баяр ба Исгээгүй талхны баярыг тогтоож, үеийн үед сахихыг тушаасан юм (Гэт 13:7-8). Энэ баяраар зовлонг нь сануулах үүднээс гашуун ногоо, исгээгүй талх хэрэглэсэн. Иймд исгээгүй талхыг зовлонгийн талх ч гэдэг байна (Дэд.Хуу 16:3, Гэт 12:17-18, Тоо 9:11, Лев 23:5-6, 2Шас 35:17, Мар 14:12).
Энэ баярын бодит нь Есүс шавь нарынхаа хамт сүүлчийн Алгасал баярын зоог барьсны дараа тэр шөнөөс зовлон нь эхэлсэн ба загалмай үүрч, махан бие нь амьсгал хураах хүртэл амссан зовлонг нь илэрхийлсэн юм. Мөн израильчууд Улаан тэнгист орсон нь Есүс булшинд орохыг, тэнгисээс гарсан нь Есүсийн амилалтыг илэрхийлсэн. Үүний утга нь эдүгээ бидний хүртэж буй баптисмаар харагдаж байдаг (1Кор 10:1-2, 1Пет 3:21).
Хоёр дахь удаагийн баярт: Буудайн ургацын баяр нь Исгээгүй талхны баярын дараах эхний Амралтын өдрийн дараагийн өдөр (ням гараг) юм. Эл өдөр буудайн ургацын анх боловсорсон үр жимсээс нэг багцыг даллах өргөл болгон тахилчид авчирдаг байв. Үүнээс хойш долоон Амралтын өдрийн дараагийн өдөр буюу нийт тавь дахь өдөр нь болох Пентэкостын өдөр шинэ идээн өргөл өргөдөг юм (Лев 23:10-16, Гэт 34:22, Тоо 28:26, Дэд.Хуу 16:9-10, Үйл 2:1). Баярыг ийнхүү тогтоосны учир нь энэ. Израиль ард түмэн Египетээс гарч, Улаан тэнгис гаталсан өдөр буюу эхний сарын 22-ны өдрөөс Мосе Арван тушаал авахаар Синаи уул өөд гарсан өдөр буюу 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 50 өдөр болдог (Гэт 19:16-25, 24:1-18). Иймд Бурхан энэ өдрүүдийг сануулах үүднээс Буудайн ургацын баяр тогтоож, үеийн үед дурсдаг болгожээ (Гэт 14:29-31, 19:1-2, 24:12-16). Энэхүү баярын зөгнөл нь Есүс амилсан өдрөөс тэнгэр дэх ариунаас ариун газарт орсон өдөр буюу Пентэкостын өдөр хүртэл нийлээд 50 дахь хоног болсон өдөртөө Ариун Сүнс цутгаж өгснөөр биелэгдсэн юм. . Мосе Синаи уул өөд гарч, Арван тушаал авчирсан нь хожим Есүс тэнгэр дэх ариунаас ариун газар ороод, Ариун Сүнс авч, шавь нартаа цутган өгөхийг бэлгэдсэн билээ (Үйл 2:1-4, Евр 9:11-12)
Мосе Улаан тэнгисээс гарсан өдөр буюу эхний сарын 22-ны өдрөөс 40 дэх өдөр нь болох ариун тооллын 3 дугаар сарын эхний өдөр тэрээр Синаи уулын урд майхан барьж, Бурхан өөд өгсөн очсон юм. Энэ үйлс нь Есүс амилаад 40 дэх өдөртөө тэнгэрт одохыг харуулжээ (Гэт 19:1-7, Үйл 1:3-9). Хамтран орчуулсан Солонгос Библид Гэтлэл 19:1 ишлэлд “3 дугаар сарын эхний өдөр” гэжээ. Тиймээс Мосегийн Синаи ууланд үйлдсэн нь хожим Есүс тэнгэрийн ариун газарт биелүүлэхийг харуулсан болно.
Гурав дахь удаагийн баярт: Ургац хураалтын баярыг Долдугаар сарын баяр ч гэдэг (Нех 8:13-14). Ариун тооллын 7 дугаар сарын эхний өдөр ард түмэн бүрээ чангаар үлээж, Эвлэрүүлгийн өдөрт бэлтгэдэг байв. Уг 7 дугаар сарын 10-ны өдөр тэргүүн тахилч өөрийнхөө болон ард түмнийхээ нүглийн төлөө бух ба ямааны цусаар эвлэрүүлгийн нүглийн тахил өргөж, жилд нэг удаа ариунаас ариун газарт орон утлага уугиулдаг байлаа. Улмаар ариун тооллын 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 7 хоногийн турш Майхан баяр тэмдэглэн, бүх ард түмэн ууланд гарч, чидун ба далдуу модны мөчир авчран, дээвэр дээрээ юм уу ариун өргөөний хашаанд майхан барьж, түүн дотроо амьдарч, Мосегоор дамжуулж баригдсан асрыг дурсаж, бие биедээ туслан, хөгжилдөн баярлацгаадаг байсан (Дэд.Хуу 16:11-15, Лев 23:39-43, Нех 8:9-18).
Баяр ийнхүү тогтжээ. Мосе эхний удаа Арван тушаал авахаар 3 дугаар сарын 11-ний өдөр Синаи ууланд гарч, Эзэний өмнө очоод (Гэт 24:15-18), 40 өдөр байх хооронд ард түмэн алтан тугал шүтээн хийж, түүндээ үйлчилж байжээ. Мосе 4 дүгээр сарын 21-ний өдөр Арван тушаал аваад бууж ирэхдээ тэдний эл байдлыг харж, авчирсан Арван тушаалаа уулын бэлд буталж хаядаг. Үүний уршгаар израиль ард түмний дунд үймээн самуун дэгдэж, үлэмжийн гамшигт нэрвэгдэн, гурван мянган хүн үхжээ (Гэт 32:1-28). Түүний дараа тэд бүх зүйлээ эмх цэгцэнд нь оруулж, сэтгэл санаагаа шинээр цэгцлэв. Мосе хуарангийн гадна, нэлээд зайдуу майхан нүүлгэв. Ард түмэн нь гоёл чимэглэл мэт зүйлсээ тайлж хаяад, сэтгэлээ ариусгасны дараа хуарангийн гаднах уг уулзалтын майхан руу очиж Эзэнд мөргөдөг байв (Гэт 33:1-11). Мосе Эзэнээс чин сэтгэлээр гуйсанд Эзэн тэдэнд дахин ивээлээ үзүүлж, өмнө нь буталсан шигээ хоёр чулуун хавтан хийж авчрахыг тушаажээ (Гэт 33:12-17).
Арван тушаал авсан өдөр
6 дугаар сарын 1-ний өдөр Мосе өмнө нь буталсан чулуун хавтан шигээ хоёр чулуун хавтан хийж, Синаи уул өөд Эзэний өмнө очиж, 40 өдрийн турш мацаг барьж байх хооронд Эзэн тэр чулуун хавтан дээр Арван тушаал бичиж өгчээ. Мосе ариун тооллын 7 дугаар сарын 10-ны өдөр Арван тушаал авч бууж ирээд, бүх ард түмэнд Эзэний тушаасан бүх айлдал болон асар барих алив үйл хэргийг тунхаглан зарлав. Уг сарын 15-ны өдрөөс эхлэн хүмүүс алт, мөнгө, даавуу, арьс, мод зэрэг асар барих материалыг сайн дураараа өргөж, хангалттай их болгов (Гэт 34:4-35, 36:5-7). Долоон хоног орчим ард түмэн бүхий л хүчээрээ зүтгэсэн юм. Ёхова энэ бүх үйлсийг үеийн үед сануулах үүднээс Мосегийн үйлсийн дагуу баяруудыг тогтоосон билээ. Мосе Синаи ууланд Арван тушаал хүлээн аваад бууж ирсэн өдрийг Эвлэрүүлгийн өдөр болгон тогтоож, ард түмэн асар барих материал өргөж эхэлсэн өдрийг Майхан баяр болгон тогтоож, тийнхүү ард түмэн долоон өдрийн турш ариунаар сахиж, асар барьсан үйлсээ дурсан санасан юм.
Бурхан Эвлэрүүлгийн өдрийн бэлтгэл болгон 7 дугаар сарын 1-ний өдрийг Бүрээдэлтийн өдөр болгон тогтоосон юм. Тиймээс Мосе эхний удаа Арван тушаал авахаар Синаи уул өөд гарсан өдрийг сонгож Пентэкостын өдөр болгон тогтоожээ. Учир нь Мосег Арван тушаал авахаар уул өөд өгсөхөөс өмнө Бурхан Өөрийн дуу хоолойгоор уг Арван тушаалыг хэдийн тунхаглачихсан байсан юм (Гэт 20:1-19, 24:15-18). Тиймд Арван тушаал авахаар гарсан өдрийг сонгож Пентэкостын өдөр болгон тогтоосон аж.
Харин хоёр дахь Арван тушаал авахаар гарахдаа Мосе ууланд 40 хоног мацаг барьсны эцэст Арван тушаал авсан тэр өдрийг Бурхан сонгож, ард түмэн нүглийн уучлал авдаг Эвлэрүүлгийн өдрөөр тогтоосон юм.
Майхан баяр ба зөгнөл
Баяр болгон хожим болох үйлсийн сүүдэр байдаг. Мосе Синаи ууланд Ёховагаас Арван тушаал авч, ард түмэнд өгсөн явдал нь хожим Есүс тэнгэр дэх ариунаас ариун газарт орж, Ариун Сүнс аван, улмаар элч нартаа цутган өгөхийг харуулсан юм (Үйл 2:32-33).
Харин Мосе анх авсан Арван тушаалаа буталсан явдал нь ард түмэн алтан тугал шүтээн хийж, түүндээ үйлчилсэн нүгэл үйлдсэнтэй адил Есүс анх удаа тэнгэр дэх ариунаас ариун газарт орсон Пентэкостын өдөр Бурханаас авч элч нартаа цутгаж өгсөн Ариун Сүнс нь сүм ялзран муудаж, нарны бурханд үйлчилснээс болж буцаан хураагдсан билээ. Гагцхүү Христийн төлөөх ганцхан гэрэл үлдэн бууж ирэхээр болгосон юм. Библид ийн бичжээ. 「Зарц Давид минь Миний өмнө үргэлж гэрэлтэж байхын тулд」 (1Хаа 11:36) хэмээх энэ айлдлаа Бурхан Давидын хүү Соломон нүгэл үйлдсэнээс хаанчлал нь хоёр хэсэгт хуваагдах үед айлдсан юм (1Хаа 11:1-13 үзэх).
Энэхүү зөгнөл нь элч нарын үеэс хойш биелэгдэхийг харуулжээ. Сүм хүнд хэцүү хавчлаганд орж, удаан хугацааны турш Сатанд гишгэгдсэн билээ. Мосе хоёр дахь удаагаа Синаи уул өөд гараад Арван тушаал авсан явдал нь хожим Есүс хоёр дахь удаагаа тэнгэр дэх ариунаас ариун газарт орсныг буюу сүүлчийн сайн мэдээний ажлын төлөө 1844 оны 10 сарын 22-ны өдөр өөрөөр хэлбэл ариун тооллын 7 сарын 10-ны Эвлэрүүлгийн өдөр тэнгэр дэх ариунаас ариун газарт орохыг харуулсан юм.
3 удаагийн 7 баяр нь Мосегийн үеэс эхлээд дэлхийн төгсгөл хүртэл биелэгдэх зүйлсийг харуулсан хязгааргүй үнэнийг агуулсан. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнсний үеийг илэрхийлдэг 3 удаагийн баяр тус бүрээр Бурхан Өөрийн хүч чадлаа илчлэн харуулдаг.
Нэгдүгээрт, Исгээгүй талхны баяр нь Ариун Эцэгийн үетэй дүйх юм. Учир нь Ёхова махан биеийн израиль ард түмнийг Өөрийн биеэр Египетээс хөтлөн гаргасан.
Хоёрдугаарт, Буудайн ургацын баяр нь Ариун Хүүгийн үеийг заадаг. Учир нь Есүс улаан буудайн анхны үр болж, нойрсогсдоос анхны үр жимс болон амилаад (1Кор 15:20) тэнгэрт одож, тэнгэр дэх ариунаас ариун газарт орсноороо эхний борооны Ариун Сүнс буулгаж, анхны сүмийн үеийн бүх буудайг хурааж авсан билээ.
Гуравдугаарт, Майхан баяр нь Ариун Сүнсний үеийг заадаг. Учир нь энэ баяр нь намрын тариалалтын сүүлчийн ургац хураалтын үеийг заадаг тул дэлхий даяар байгаа бүх буудайг хураан авч, тэнгэрийн амбаарт оруулна.
Харин баяруудын зөгнөлүүд өнөөг хүртэл бүгд биелсэн ба сүүлчийн үлдсэн ганц баяр бол Майхан баяр. Уг баяр нь Есүсийн ирэх товлосон цаг хугацааг зарлан тунхагласны дараа Есүс ирэхийг тунхаглах хөдөлгөөн өрнөнө гэдгийг зааж өгсөн юм. Эрт үеэс эхлэн сахисаар ирсэн Майхан баярын зөгнөлийн сүүлчийн биелэл нь сүүлчийн Есүсийн ирэх хөдөлгөөн юм.
Баяр ба загалмай
Одоо бид Есүс тэнгэрийн ариун газарт юу хийж байгааг болон өнөө үе нь аль үе болохыг онцгойлон мэдэж авах ёстой. Мосегийн хуулиар дамжуулан бид газар дээрх ариун газрыг судалснаараа тэнгэр дэх ариун газрын бүх зүйлийг мэдэж авах хэмжээнд Бурхан бүгдийг бэлдсэн юм. Мосег асар босгох тушаал авах үед нь түүнд хожим Есүс тэнгэрийн ариун газарт үйл хэргээ явуулах тэнгэрийн ариун газрыг харуулж, тэр загварын дагуу босгохыг зааварчилсан юм. Библид ийн айлджээ.
Евр 8:1-5 『Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм. Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм. Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахил өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг тахилчид байсан. Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм.』
Тиймээс Мосегийн харсан тэнгэрийн ариун газар нь тухайн үеийнх биш, харин шинэ гэрээний үед Есүсийн босгох тэнгэрийн асар байсан юм. Газар дээрх ариун газрыг судалснаар бид тэнгэрийн ариун газартай холбоотой маш чухал үнэн болон хүн төрөлхтний авралын төлөө тэнд үйл хэргээ явуулдаг Есүсийн үйлчлэл юу болохыг сурч чадна. Газар дээрх асар нь Бурханы өмнө бидний манлайлагч Христийн үйлчилдэг тэнгэрийн ариун газрыг хүн төрөлхтөн бид харж төсөөлж чадахуйц загвар юм. Тиймээс ариун газрын утга учрыг судлахгүйгээр бид Бурханы авралын төлөвлөгөөг ухаарч чадахгүй, авралын төлөвлөгөөг ухаарч чадахгүй бол бид авралд хүрч чадахгүй юм. 3 удаагийн 7 баярын дагуу өргөж байсан үсгийн тахил нь загалмайгаар сүнсээрээ болон үнэнээр мөргөх тахил болж өөрчлөгдсөн юм (Евр 7:12, 8:3, 1Кор 5:7-8, Иох 4:24).
Есүс хэдэн янзын тахил болсон бэ?
Загалмай нь бүх баярыг нэгмөсөн гүйцээсэн юм. Тиймд Есүсийн үнэт цус нь Алгасал баярын хурганы цус, тахилчдын төлөөх нүглийн тахил буюу бухын цус, ард түмний төлөөх нүглийн тахил буюу ухны цус ч болж, мөнхийн нүглийн тахил болсон юм (Евр 13:10-12, Ром 3:25). Есүсийн загалмайн зовлон ба махан биеийн үхэл нь махан биеийн израиль ард түмэн нүглийн газар Египетээс гарч байсан Исгээгүй талхны баярыг гүйцэлдүүлсэн юм. Харин Ургацын анхны үрийн баяраар амилснаараа буудайн ургацын анх боловсорсон үр жимс болж даллах өргөлийн тахилыг гүйцэлдүүлсэн. Амилалтынхаа дараа Есүс анхны Пентэкостын өдөр тэнгэр дэх ариунаас ариун газарт орсноороо Эцэгээс Ариун Сүнс аван, элч нартаа буулган өгсөн билээ (Евр 9:11-12, 24, 6:19-20, Үйл 2:33 харьцуулах). Мөн МЭ 1844 онд ариун тооллын 7 сарын 10-ны өдөр тэнгэр дэх ариунаас ариун газарт хоёр дахь удаа орсноороо Эвлэрүүлгийн өдрийг гүйцэлдүүлсэн юм. Тиймээс Есүс загалмайд цовдлогдсон нь үеийн төгсгөл хүртэл дурсах учиртай шинэ гэрээний мөнхийн тэмдэг болсон юм (1Кор 11:26, Иса 33:20, Зеф 3:18).
Мосегийн хуульд Бурхан энэ бүх тушаалыг амьдралынхаа туршид мөнхийн зарлиг болгон (Гэт 12:14, 24, Лев 23:21, Дэд.Хуу 16:3) сахихыг ард түмэнд тушаасан. Тиймээс баяр болгонд оролцсон хэн ч бай тухайн баярын үнэнийг ухаарах болно. Алгасал баярыг ариунаар сахидаг хүн нь Алгасал баярын үнэнийг ойлгож, Ургацын анхны үрийн баяр болон Пентэкостын өдрийг ариунаар сахидаг хүн нь энэ баяруудтай холбоотой үнэнийг ухаарах юм. Мосегийн хуулийн дагуух 3 удаагийн 7 баяр нь загалмайгаар биелсэн Бурханы хүч чадлын өдрүүд болон өөрчлөгдсөн юм. Тиймээс эртний израиль ард түмэн баяруудыг ариунаар сахиж ерөөл авсантай адил (Гэт 20:24, Зеф 3:18-20, Езр 6:19-22, Мал 2:4-9 харьцуулах) өнөө үед бид загалмайгаар биелсэн Бурханы хүч чадлын өдрүүдийг дурсан тэмдэглэснээрээ сүнслэг ерөөл авах юм.
Одоо бидний мөргөл тэмдэглэдэг газар бол тэнгэрийн ариун газар билээ. Зүрхэн дээр маань бичигдсэн Есүсийн шинэ гэрээний цусаар энэхүү ариун газарт бидний бие Бурханы Ариун Сүнсний өргөө болдог (Евр 12:18-24, 8:6-10, 2Кор 3:3 харьцуулах). Хаана ч бай гэрээ байгаа газар нь Бурханы ариун өргөө юм.
3-р бүлэг Амийн жимс ба Арван тушаал
Бурхан тэнгэр газрыг бүтээснийхээ дараа Еден цэцэрлэгт амийн жимс байрлуулан, хүн төрөлхтний өвөг болох Адам, Евад идүүлж, мөнх амьдруулах гэсэн боловч Адам Ева хоёр нүгэл үйлдсэн юм. Тиймээс Бурхан тэднийг Еден цэцэрлэгээс хөөж, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар хоёр херуб болон зүг бүрд эргэлддэг, гялалзсан галт илд байрлуулан тавьсан юм. Библид ийн айлджээ.
Эхл 3:22-24 『ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ. ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав. Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.』
Хэрэв нүгэлтэн гараа сунган, амийн модонд хүрвэл галт илдэнд өртөж үхэх болно. Адам нүгэл үйлдсэнээсээ хойш амийн жимсийг алдаад, Паулын 「Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?」 (Ром 7:24) хэмээн хэлсэн шиг харуусан халаглаж байсан юм. Тэгэхэд нь Бурхан түүнд Христийн загалмайд урсгасан үнэт цусаар дамжуулан амийн жимснээс дахин идэж болох үнэний замыг холоос харуулсан юм (Евр 11:4, 13).
Бурхан Каин Абел хоёрт тэрхүү үнэнийг гэрчилсэн боловч Каин тэрхүү үнэнийг хүлээж авалгүй өөрийнхөө бодлоор газар тариалангийн бүтээгдэхүүнээр тахил өргөж, Абел нь дуулгавартай сэтгэлээр үнэнийг хүлээн авч, Христийн үнэт цусыг бэлгэддэг хурганы цус урсгаж тахил өргөсөн юм (Эхл 4:1-4). Уг тогтолцоо Мосегийн үе xүртэл уламжлагдан ирж (Эхл 8:20-22, 12:7, 15:9), тэр үеэс эхлэн Бурхан төгс тушаал зарлигуудаа хуульчлан тогтоож, бичмэл болгосон юм. Улмаар Мосегоор дамжуулан 3 удаагийн 7 баярыг бичиж тэмдэглэн, хожим ирэх Христийг гэрчилсэн юм (Евр 3:5). Мосе газар дээрх асрыг босгохдоо хожим Христийн тэнгэр дэх ариун газарт гүйцэтгэх үйлсийг хараад, тэр загварын дагуу барьсан юм. Бурхан Мосед тухайн үед байсан зүйлсийг харуулсан биш, хожим Христ загалмайгаар дамжуулан босгох үнэний асрыг илчлэлээр харуулж, тэр загварын дагуу босго гэж тушаасан юм (Евр 8:2, 5, 9:11-12, 24, 10:1 харьцуулах).
Амийн жимс ба херуб
Газар дээрх ариун газрыг судалж үзвэл хоёр дахь хөшигний ард ариунаас ариун газар байдаг. Тэрхүү ариунаас ариун газар дотор гэрээний авдар байх бөгөөд гэрээний авдрын хоёр талд херубууд байдаг. Библид ийн айлджээ.
Гэт 25:18-21 『Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий. Нэг херубыг нэг үзүүрт, нөгөө херубыг нөгөө үзүүрт хийж, херубуудыг эвлэрүүлгийн тагны хоёр үзүүртэй нэгэн цул болго. Херубууд далавчаа дээгүүр дэлгэж эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байна. Тэд өөд өөдөөсөө харсан байх агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байна. Эвлэрүүлгийн тагийг чи авдран дээр тавьж, Миний чамд өгөх гэрчлэлийг авдар дотор хий.』
Тэгвэл Бурхан гэрээний авдар дээрх эвлэрүүлгийн тагны хоёр талд херубууд хийсэн нь ямар учиртай юм бол? Гэрээний авдар дотор мөнх амьтай болгох амийн жимс байгаа учраас тэр юм. Өөрөөр хэлбэл Адам Ева хоёрын авч идсэн амийн жимсний оронд Арван тушаал өгсөн хэрэг. Тийм учраас Есүс 「Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь」 (Мат 19:16-17) гэж айлдсан байдаг. Тэнгэрт буй амийн жимснээс идвэл мөнх амьдрах нь гарцаагүй. Гэвч нүглээсээ болж алдсан амийн жимс нь энэ муудах бие үл муудах биеэр өөрчлөгдөхөөс нааш зөвшөөрөгдөхгүй учир Бурхан амийн жимсний оронд Арван тушаал соёрхсон юм. Гэвч Арван тушаалыг хүртэл нүгэлтний биеэр авч чадахгүй учраас нүглийн тахилын цусаар ариусгагдсаныхаа дараа Арван тушаал хүлээн авахаар болгосон юм. Нүгэлтний биеэр гэрээний авдарт ойртох юм уу цэвэр бус гараар авдарт хүрвэл үхэлд өртдөг байв (Лев 10:1-2, Тоо 18:3, 1Сам 6:19, 2Сам 6:6-7 харьцуулах). Үүний учир нь тэнгэрийн амийн жимсний модыг хамгаалдаг хоёр херуб тэнгэр элч галт илдтэй байсны адил гэрээний авдрыг хамгаалдаг хоёр херуб тэнгэр элч ч мөн галт илдээр гэрээний авдрыг хамгаалдаг юм. Өөрөөр хэлбэл тэнгэрийн амийн жимсний модыг хамгаалсан гэсэн нь хожим Христийн үнэт цусаар босгогдох жинхэнэ асар доторх гэрээний авдрыг хамгаалахыг илэрхийлсэн хэрэг (Эхл 3:22-24, Гэт 25:16-22, 40). Библид ийн айлджээ.
Илч 11:19 『Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. …』
Тиймээс тэргүүн тахилч ч хүртэл нүглийн тахилын цусаар цэвэр болсныхоо дараа л ариунаас ариун газарт орж, утлага уугиулдаг байлаа (Лев 16:1-34, Евр 9:18-28).
Гэвч энэ бүхэн нь хожим болох үйлсийн сүүдэр гэсэн юм. Тиймд Мосегийн үеэс эхлэн уламжлагдаж ирсэн энэ хуулбар бүхий ёслол нь Христийн үнэт цусыг бэлгэдэж байсан тул цаашид бид амьтны цусаар ариусах биш, гагцхүү Есүс Христийн үнэт цусаар л ариусах юм. Есүс бүх хүн төрөлхтний нүглийн хөлс болгож үнэт цусаа загалмай дээр урсгасан тул хэн ч бай зөвхөн Түүний цусаар л ариунаас ариун газарт орж, Арван тушаал (амийн жимс) авснаар мөнх аминд орох юм (Евр 10:19-20, 6:19-20, Ром 3:22-25, 8:3-4 харьцуулах). Энэ дэлхий дээр хичнээн зөвт гэгддэг хүн байсан ч Христийн үнэт цусаар ариусахгүйгээр мөнх амь руу орж огт чадахгүй (Үйл 4:12, Иох 6:48-57, Евр 10:19-20 харьцуулах).
Тиймээс бид Христийн үнэт цусыг бэлгэддэг бүх баярыг сахиснаараа Арван тушаалын утга учрыг бүрэн биелүүлэх юм. Баяргүйгээр хэн ч Христийн үнэт цусаар ариусгагдаж чадахгүй. Хуучин гэрээний үед ч бай, шинэ гэрээний үед ч бай ард түмэн зөвхөн баяруудаар дамжуулан Христийн үнэт цусаар л ариусгагддаг юм. Тиймд Бурхан 「Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна」 (Езе 20:11, 18:9, Лев 18:4, 5) хэмээн айлджээ.
Газар дээрх ариун газарт үйлддэг байсан ёслол нь Христээр дамжуулан тэнгэр дэх ариун газарт үйлдэгдэх ёстой. Газар дээрх ариун газарт сүүдэр болгон үйлдсэн бүх үйлс нь тэнгэр дэх ариун газарт зайлшгүй биеллээ олох юм. Хэрэв баяр устгагдчихсан байсан бол Есүс тэргүүн тахилчийн үүргийг гүйцэтгэх шаардлагагүй байсан (Евр 8:3, Иса 33:20).
Зарим хүн баяр болон Арван тушаалыг хоорондоо холбоогүй гэж ярьдаг. Тийм хүмүүс бол Бурханы авралын төлөвлөгөөг ухаардаггүй хүмүүс юм. Үнэндээ Арван тушаал байгаа учраас л ариун газрыг босгож, ариун газрыг босгосон учраас л баяр шаардлагатай шүү дээ. Мосегоор дамжуулан өгсөн бүх баярын хууль тогтоол, тушаал зарлигуудыг Бурханы ард түмний ёсоор Бурханы анхны тушаал болгон зайлшгүй сахих үүрэгтэй юм.
Хэрэв бид Эзэний баяруудыг сахихгүй бол дэлхийн олон бурхдын дунд ямар бурхныг шүтэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүйгээр үйлчлэх болно. Дээр үед Израилийн хаан Иеробоам ард түмнээ Эзэний баярыг сахиулахгүй байх үедээ алтан тугал шүтээн бүтээсэн (1Хаа 12:25-33). Харин Хезекиа хаан болон Иосиа хаан Эзэний баярыг ухаарч, сахиснаараа бүх шүтээн болон мөргөлийн өндөрлөгүүд, сүнс дуудагчийг хүртэл устгасан юм (2Шас 30:1-5, 31:1-2, 2Хаа 23:1-4, 21-24). Иосиа хаан хүртэл Эзэний баярыг ухаарч сахихаасаа өмнө өөрийн өвөг эцэг Манассегийн босгосон мөргөлийн өндөрлөг болон шүтээнүүдэд үйлчилдэг байсан нь тодорхой юм. Хэн ч бай Бурханы үнэн хүслийг ухаарахгүй бол өөрийн эрхгүй шүтээнд мөргөж үйлчилдэг.