
Амралтын өдөр нь Бурханы “Үүнийг санаж, ариунаар сахь” хэмээн тушаасан ариун өдөр юм. Эдүгээ ихэнх сүм ням гарагт мөргөл тэмдэглэдэг боловч Библид зааснаар жинхэнэ мөргөлийн өдөр нь бямба гараг буюу долоо дахь өдрийн Амралтын өдөр юм. Зарим хүн Амралтын өдрийг зүгээр л хүчингүй болсон хуучин гэрээний хууль гэж үздэг. Гэвч Есүс болон элч нар Амралтын өдөр сахидаг байсан тухай шинэ гэрээний Библид нэг бус удаа дурдсан байдаг. Энэ нь бид энэ үед ч Амралтын өдрийг сахих ёстой гэсэн үг юм. Хэрэв та Бурханд итгэдэг л бол мөргөлийн өдрийг зүй ёсоор мэдэж, ариунаар сахих учиртай. Бүтээгч Эзэний хүч чадлыг дурсдаг, ариун ерөөл амласан Амралтын өдрийн талаар мэдэж авцгаая.
Амралтын өдрийн үүсэл
Бурхан тэнгэр газар түг түмнийг эхний зургаан өдөр бүтээж, долоо дахь өдөртөө амарсан юм.
“… Долоо дахь өдөр гэхэд Бурхан хийж байсан ажилаа гүйцээгээд, хийж байсан бүх ажлаасаа Тэрээр долоо дахь өдөртөө амарчээ. Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.” Эхл 2:1-3
Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгон, Амралтын өдрөөр сонгоод, Арван тушаалынхаа дөрөв дэх тушаал болгон, улмаар санаж, ариунаар сахихыг зарлигдсан байдаг.
“Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь. … Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул… ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.” Гэт 20:8-11
Бурханы тусгайлан сахихыг бидэнд тушаасан Бүтээгч Эзэний дурсгалт өдөр болох Амралтын өдрийг бид дур зоргоороо сахихгүй байж болох нь уу? Бурханы үгэн дээр нэмж, Бурханы үгнээс хасах юм бол аврал авахгүй гэсэн байдаг. Гэтэл Амралтын өдөр нь Библид 100-аас дээш удаа дурдагдсан чухал тушаал юм.
Амралтын өдөр нь ямар гараг вэ?
Бурханы тушаал болох долоо дахь өдрийн Амралтын өдөр нь өнөөгийн гаргийн тогтолцооны дагуу долоо хоногийн аль өдөртэй таарч байгааг мэдүүлэх чухал сэжүүр Библид бий.
“Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, …” Мар 16:9
Есүс “долоо хоногийн эхний өдөр” буюу Амралтын өдрийн маргааш амилсан байдаг. Тиймээс өмнөх ишлэлд нь ч “Амралтын өдөр өнгөрөхөд долоо хоногийн эхний өдөр” болсон тухай тэмдэглэл бий. Өнөөгийн гаргийн тогтолцоогоор авч үзвэл Есүсийн амилсан өдөр нь ням гараг юм. Католик болон протестант шашныхны аль аль нь хүлээн зөвшөөрдөг, тэдний хамтран орчуулсан Библийн орчуулгад Есүсийг ням гарагт амилсан гэж бичсэн байдаг.
“Ням гаргийн өглөө эрт Есүс амилсны дараа…” Хамтран орчуулсан Библи, Мар 16:9
Амралтын өдрийн дараагийн өдөр нь ням гараг юм чинь Амралтын өдөр нь ням гаргийн өмнөх өдөр буюу бямба гараг байж таарна. Бурханы бидэнд сахихыг тушаасан Амралтын өдөр нь бямба гараг юм. Христийн шашин өнө удаан хугацаанд дэлгэрсэн Европ бүс нутгийн Библийн хувилбаруудад Бурханы амарсан долоо дахь өдрийг бямба гараг гэж орчуулсан байдгийг бид олонтаа харж болно. Гэтлэл 20:8-т “Бямба гаргийг санаж, ариунаар сахь” гэж бичсэн гэсэн үг. Грек, Португал, Итали, Орос, Украин, Словак, Болгар, Хорват гэх мэт олон хэл дээрх орчуулгын хувилбарт тийн бичсэн байдаг.
Дэлхийн олон сүмд тэмдэглэдэг ням гаргийн мөргөл нь Бурханы тушаасан Амралтын өдөр биш, харин долоо хоногийн эхний өдөр буюу Амралтын өдрийн маргааш нь юм. Өнөө үед ням гарагт мөргөл тэмдэглэдэг сүмүүд хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөг.
“Ням гаргийг ариунаар сахих ёстой гэсэн нь христчүүдийн сахих ёстой хамгийн чухал үүргүүдийн нэг боловч Библиэс үүнийг нотлох ишлэл нэг ч олдохгүй байна. Библийн Амралтын өдөр нь ням гараг биш, харин бямба гараг юм.” Жеймс Гиббонс, “Санваартнуудын итгэл (The Faith of the Church Fathers)”, Католик хэвлэлийн газар, 1876, 108хуу
Ням гаргийн мөргөлийг “Христчүүдийн сахих ёстой хамгийн чухал үүрэг” гэж үздэг католик сүм хүртэл ням гаргийн мөргөлийг Библид үндэслэгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Учир нь тэд “Библийн Амралтын өдөр нь ням гараг биш харин бямба гараг” гэж хэлсэн байна шүү дээ. Долоо хоногийн эхний өдөр буюу ням гарагт мөргөл тэмдэглэх юм бол ерөөл авна гэсэн үг Библийн хаана ч байхгүй юм. Хэрэв та Бурханы амласан ариун ерөөл авахыг хүсэж л байвал долоо дахь өдрийн Амралтын өдөр буюу бямба гарагт мөргөлөө тэмдэглэх нь зүйтэй.
Амралтын өдрийн утга учир, ач холбогдол
Бурханы бидэнд сахихыг тушаасан Амралтын өдөр нь Бурханд итгэдэг итгэгчдийн хувьд туйлын чухал тушаал юм. Амралтын өдрийг Бурхан болон ард түмнийх нь хоорондох тэмдэг хэмээн Бурхан айлдсан байдаг. Энэ нь Бурхан Амралтын өдөр сахидаггүй хүмүүсийг Бурханы ард түмэн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга юм.
“… Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд… Үүнийг бузарлах нэгэн үхэх ёстой. Энэ өдөр хэн ажил хийнэ, тэр хүн ард түмнийхээ дундаас таслагдана.” Гэт 31:13-14
“Амралтын өдрийг бузарласан хүн ард түмнийхээ дундаас таслагдана” гэсэн хатуу чанд тушаал ёсоор Амралтын өдөр зөрчигчдийг чулуугаар шидэж алдаг байсан тухай хуучин гэрээний Библид бичсэн байдаг (Тоо 15:32-36). Хуучин гэрээний үед Амралтын өдөр сахихгүй бол махан бие нь үхдэг байсан ч энэ үед үл үзэгдэх сүнс нь үхэж, авралаас холдох юм.
Шинэ гэрээний үед Амралтын өдөр хүчингүй болсон уу?
Зарим хүн Амралтын өдөр бол зүгээр нэг шинэ гэрээний үед хүчингүй болсон хуучин гэрээний хууль гэж үздэг. Гэвч тэдний энэ үзэл баримтлал шинэ гэрээний үед Аврагчаар ирсэн Есүсийн сургаалыг зөрчиж байна. Есүс Өөрийн биеэр Амралтын өдөр сахих жишээ үзүүлсэн.
“Есүс… заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.” Лук 4:16
Есүс Амралтын өдрийг “заншсан ёсоороо” сахисан. Хааяа нэг үйлдэхийг заншсан ёс гэхгүй биз дээ? Есүс долоо хоног бүр Амралтын өдөр тэмдэглэдэг байсан юм. Мөн Есүсийн шавь нар Түүний хоёр дахь ирэлтийн талаар болон үеийн төгсгөлийн талаар асуухад (Мат 24:3) Есүс тэдэнд ертөнцийн төгсгөл хүртэл Амралтын өдөр сахих ёстойг хэлдэг.
“Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно.” Мат 3:20-21
Итгэгчдийг зугтахаас өөр аргагүй болгох гамшиг, ертөнц үүссэн цагаас хойш тохиолдож байгаагүй, мөн дахиж давтагдахгүй их гай зовлон. Энэ нь ертөнцийн төгсгөлд тохиох сүүлчийн их гамшиг юм. Гэтэл Есүс яагаад сүүлчийн гамшгийг өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир гэсэн юм бол? Өвлийн хүйтэнд итгэгчдийн амсах зовлонг нимгэлэхийн тулд, мөн тэднийг гамшгаас болж Амралтын өдрөө бүрэн сахиж чадахааргүй байдалд оруулахгүйн тулд Тэрээр бидэнд ийн залбирахыг захисан юм. Энэ нь сүүлчийн гамшиг болох ертөнцийн төгсгөлийн өдөр хүртэл Амралтын өдрийг сахих ёстой гэсэн үг. Есүсийн эдгээр сургаалын дагуу элч Паул болон анхны сүмийн итгэгчид Түүнийг тэнгэрт одсоноос хойш ч Амралтын өдрийг санаж, ариунаар сахидаг байжээ (Үйл 17:2-3, 18:4).
Яагаад Библийн дагуу Амралтын өдөр сахих ёстой вэ?
Бурханд итгэж, Бурханд мөргөл тэмдэглэж байгаагийн зорилго нь аврал авч, тэнгэрийн хаанчлалд орохын тулд юм. Бурханы хүслийг үйлчдэгчид, өөрөөр хэлбэл Амралтын өдрийг сахигчид тэнгэрийн хаанчлалд орно хэмээн Библид сургадаг.
“Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ.” Мат 7:21-23
Хуучин шинэ гэрээний аль алинд нь Бурхан долоо дахь өдрийн Амралтын өдөр сахихыг тууштай сургасаар иржээ. Библид байдаггүй ням гаргийн мөргөл биш, харин бямба гарагт Амралтын өдрөө сахих нь Бурханы хүсэл гэдэг нь тун ойлгомжтой харагдаж байна. Тийм ч учраас Есүс Амралтын өдөр сахих жишээ үзүүлсэн бөгөөд элч нар болон анхны сүмийн итгэгчид ч Амралтын өдрийг хичээнгүйлэн сахидаг байжээ. Үүний нэгэн адил Бурханд итгэж, аврал аваад тэнгэрийн хаанчлалд орохыг хүсдэг хэн боловч Бурханы хүслийн дагуу Амралтын өдрийг ариунаар сахих учиртай.