Сүмийн түүх ба Бурханы сүм | Шинэ гэрээний үнэнийг устгасан ба сэргээсэн түүх

6576 읽음

2000 жилийн өмнө Бурхан хүн болж ирээд, сүмээ байгуулсан юм. Тэр сүмийн нэрийг “Бурханы сүм” гэдэг байв. Бурханы сүм Есүсийн байгуулсан шинэ гэрээний үнэнийг нандигнан сахиж, шинэ гэрээний сайн мэдээг хичээнгүйлэн тунхагладаг элч нарт тулгуурлан Ромын эзэнт гүрэн даяар тархсан юм. Цаг хугацаа өнгөрч, элч нарыг өөд болсны дараа янз бүрийн гарал үүсэл, үзэл бодолтой хүмүүс сүмд элсэн орж, улмаар анх сахиж байсан цэвэр ариун итгэл сүсэг алдагдаж эхэлсэн байна. Сүм ширүүн хавчлагад өртөн, улмаар ертөнцлөг зан үйлд уусан, ээдрээт үйл хэргийг туулах явцдаа Есүсийн байгуулж, шинэ гэрээний үнэнийг сахидаг байсан Бурханы сүм түүхэн дунд замхран алга болсон юм.

Өнөөгийн ертөнцөд Есүст итгэдэг гэх үй олон сүм байх. Тэдгээрээс аль сүм нь Бурханы жинхэнэ сүм юм бол? 2000 жилийн тэртээ Бурханы сүмийн сахиж байсан шинэ гэрээний үнэн, сүмийн түүх, Библийн зөгнөлүүд дээр тулгуурлан үүний хариултыг олцгооё.

Анхны сүмийн түүх: Есүс болон элч нарын үе

Есүс тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ тунхаглаж, сүмээ босгон байгуулав (Мат 16:18). Элч Петр, Иохан, Паул нарын явдаг байсан тэрхүү сүмийн нэрийг Бурханы сүм гэдэг байлаа (1Кор 1:2, 11:22, Гал 1:13). Бурханы сүмийн гол онцлог нь Есүсийн жишээ үзүүлсэн Амралтын өдөр1 , Алгасал баяр2 гэх мэт шинэ гэрээний үнэнийг сахих явдал байв.

  1. Амралтын өдөр: Хэдийгээр өнөө үед ихэнх сүм ням гаргийн мөргөл тэмдэглэдэг ч Есүс ням гаргийн мөргөл сахихыг хэзээ ч тушааж байгаагүй юм. Есүс үргэлж бямба гарагт буюу Амралтын өдрийн мөргөл сахидаг байв (Лук 4:16). Тэрээр мөн Амралтын өдөр бол Бурханы ард түмний ертөнцийн төгсгөл хүртэл сахих ёстой үнэн гэдгийг сургасан (Мат 24:20). Анхны сүм Есүсийн жишээг дагаж, Амралтын өдрийг заншил болгон сахидаг байв (Үйл 17:2).
  2. Алгасал баяр: Есүс Алгасал баяраар шинэ гэрээ байгуулж, нүглийн уучлал болон мөнх амийн ерөөл соёрхсон (Мат 26:17-28, Лук 22:14-20, Иох 6:53-54). Анхны сүм Христийн сайн мэдээнд байгаачлан шинэ гэрээний Алгасал баяр тэмдэглэдэг байв (1Кор 5:7-8, 11:23-26).

Гэтэл Есүс энэхүү шинэ гэрээний үнэн устаж алга болно гэдгийг үрийн сүүл болон буудайн тухай сургаалт зүйрлэлээрээ зөгнөсөн байдаг.

“Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. … Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.” Мат 13:24-30

Эзний сайн үр тарьсан талбайд дайсан үрийн сүүл тарьсан нь Есүсээс хойш Сатан энэ ертөнцийг ёс бусаар, өөрөөр хэлбэл хуурамч зан үйлээр дүүргэнэ гэсэн утгатай юм (Мат 13:36-42). Есүсийн зөгнөл яв цав биелсэн байна.

Ром дахь христчүүдийн хавчлага, сүмийн хуваагдал

Есүсийг тэнгэрт одсоны дараа шинэ гэрээний сайн мэдээ иудейчүүдийн бүс нутгаас хальж Ром хүртэл тархав. Өөр бусад бурхад, элдэв шүтээнээс эрс татгалзаж, зөвхөн Есүст л итгэдэг байсан христийн шашныхан ромчуудын дургүйцлийг хүргэв. Тийнхүү Неро хааны үеэс эхлэн МЭ 313 он хүртэл 250 орчим жилийн турш Ромын эзэнт гүрний зүгээс христийн шашныг ноцтойгоор хавчиж байлаа. Христийн шашны итгэл үнэмшлээсээ татгалзсангүй гэх шалтгаанаар үй олон итгэгчийг цовдлохыг нь цовдолж, шатаахыг нь шатааж, араатны идэш болгож байв.

Ямар ч зовлон бэрхшээл анхны сүмийн итгэгчдийн итгэлийг мохоож дийлээгүй юм. Тэд Есүсийн зааж, жишээ үзүүлсэн шинэ гэрээний үнэнийг тууштай сахисаар байлаа. Гэвч 2-р зуунд Есүсээр сургагдсан элч нарыг өөд болсны дараа итгэгчдийн итгэлийн амьдралд ан цав үүсч эхлэв. Зарим нэг нь Христийн сургаал дээр хувь хүний ​​үзэл бодлыг нэмсэн сургаал баримтлах болов. Улмаар элч нарын үеийн үнэнийг хатуу мөрддөг зүүний сүм, Бурханы хуулийг сахидаггүй барууны сүм гэж хоёр хуваагдсан байна.

Тэр үед Ромын эзэнт гүрэнд ням гаргийг ариун өдөр гэж үздэг нарны бурхны шашин Митраизм дэлгэрээд байжээ. Ромд төвтэй барууны сүм 2-р зуунаас эхлэн Амралтын өдрийг орхиж, ням гарагт мөргөл тэмдэглэдэг байв. Харин зүүний сүм 4-р зуунд Константины үе хүртэл Амралтын өдөр тэмдэглэсээр иржээ.

“Агуу Константин ням гарагт төрийн болон шүүхийн ажлыг түр зогсоох тухай зарлиг гаргаж, дараа нь тэр өдөр цэргийн сургуулилт хийх, урлагийн тоглолт үзэж сонирхохыг хориглов. Гэвч тэрээр хуучин гэрээний Амралтын өдрийг шууд ням гарагт шилжүүлэх гэсэнгүй. Зүүн нутгуудад бямба гаргийг Амралтын өдөр гэж үзэн, сахидаг байв.” “Сүмийн түүх (교회사)”, хянан тохиолдуулсан Ким Ы Хуан, “Сэжүн мүнхуа” хэвлэлийн газар, 2000, 145хуу

Түүнчлэн барууны сүмүүд Христийн сургаалаас гажиж, Алгасал баярын дараагийн ням гарагт өөрөөр хэлбэл Амилалтын баяраар ариун зоогийн ёслол үйлддэг байв. Энэ бүхний төвд байсан Ром сүм улмаар Есүс болон элч нарын жишээг даган Алгасал баярын ариун зоогийн ёслол үйлдэж байсан зүүнийг сүмүүдэд Алгасал баяраа орхиж, өөрсдийнх нь зан үйлийг дагахыг албаджээ. Зүүний сүм үүнийг няцаасан боловч хүний ​​үзэл бодлоос үүдэлтэй ёс бус аажмаар шинэ гэрээний үнэнийг устгахаас хамгаалж чадаагүй юм.

“Гэхдээ зүүн болон барууны сүмүүдийн хооронд ялгаа байв. Азид хамгийн чухал өдөр хэмээн тооцогдож байсан нь нисан (Nisan) сарын 14-ний өдөр байв. … Мөн талархлын ариун зоогийн ёслолыг (Eucharist) үйлдэх уламжлалыг ч мөн хадгалж байв. Гэвч барууны сүмүүд нисан сарын 14-нөөс хойш, ням гараг хүртэл мацгаа үргэлжлүүлээд, Алгасал баярын ариун зоогийн ёслол үйлдэж байсан бөгөөд… 155 онд Поликарп Ромын пап лам Аникетус (Anicetus)-тай энэ асуудлаар санал зөвлөлджээ. Гэвч талууд харилцан биенээ ятгаж дийлээгүйн улмаас өөр өөрсдийн баримталдаг өдөрт тэмдэглэхээр тогтов. … Энэ маргаанаас ч илүү ноцтой маргаан 197 онд Ромд дэгджээ. Аникетусаас ч илүү хүчирхэг байсан Ромын пап лам Виктор (Victor) үймээн самууныг намжааж, Амилалтын баярыг ням гарагт тэмдэглэдэг Доминикийн дүрэм (Dominical Rule)-ийг дагаж мөрдөхийг сүм болгонд тулган шаардав.” JWC. Wand, “Сүмийн түүх-анхны хэвлэл (Church History-Early Edition)”, орчуулсан И Жан Шиг, Солонгосын Христийн шашны утга зохиолын нийгэмлэг, 2000, 121-122хуу

Христийн шашин ертөнцлөг зан үйлд уусан, шинэ гэрээний үнэн устсан нь

313 онд Ромын эзэн хаан Константины Миланы зарлиг сүмийн түүхэнд эргэлт авчрав. Миланы зарлигаар христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Константин аажмаар христийн шашныг хөхүүлэн дэмжсэн бодлого баримтлах болжээ. Сүмийн байр суурь ихээхэн өсөж, христийн шашны талаар сайн мэддэггүй хүмүүс хүртэл сүм рүү хошуурцгаах болов. Ромын эзэн хаан христийн шашныг улс төрийн зорилгоор ашиглахыг санаархаж байсан юм.

Ийм нөхцөлд сүм ертөнцлөг зан үйлд уусан, шинэ гэрээний үнэн ч устаж алга болсон юм. 321 онд Константин ням гаргийг амрах өдрөөр тогтоох тухай зарлиг гаргахад барууны сүмүүд төдийгүй зүүний сүмүүд ч Амралтын өдрийг орхиж, ням гарагт мөргөлөө тэмдэглэдэг болов. 325 онд Константины хуралдуулсан Никеагийн шашны хурлаар Алгасал баярыг устгалаа. Ром сүмийн үзэл баримтлал ёсоор ариун зоогийн ёслолыг Амилалтын баярын өдөр үйлдэхээр шийдвэрлэв. Үүнээс гадна Ром сүм нарны бурхан Митрагийн төрсөн өдөр буюу 12-р сарын 25-ныг Есүсийн мэндэлсэн өдөр болгон өөрчилжээ.

Ийнхүү шинэ гэрээний үнэнийг орхин, нарны шашны зан үйлийг хүлээн авсан Ромын католик шашин 392 онд Ромын эзэнт гүрний төрийн шашнаар сонгогдсон аж. Христийн сургаалыг эцсээ хүртэл дагахыг хичээсэн итгэгчид уул, цөлд нуугдан шинэ гэрээний үнэнийг сахиж байсан боловч эцэст нь үнэний ул мөр бүрэн замхарч арилсан юм.

Дундад зууны сүмийн түүх: Папын эрх мэдлийн үе (Шашны харанхуй үе)

Ромын эзэнт гүрний хүч сулрахын хэрээр хойд зүгээс Германы овог аймгууд нүүдэллэн ирж, Ромын нутаг дэвсгэрт өөрсдийн гэсэн төр улсаа байгуулжээ. Тэд удаа дараа зовлон амссаны эцэст шүтлэгээ өөрчлөн Ромын католик сүмд элсэж, улмаар пап лам Европын улс орнуудын оюун санааны удирдагч хэмээн тодорлоо. Шинэ гэрээний бүх үнэнийг хуурамч зан үйлээр өөрчилсөн Ромын католик шашны тэргүүн үнэмлэхүй эрх мэдэл эдлэх болов. Ийнхүү үнэн үгүй болсон, шашны харанхуй үе буюу Папын эрх мэдлийн үетэй золгосон байна.

Энэ хугацаанд Ромын католик сүмийн ялзралыг шүүмжилсэн аливаа үзэл бодол бүрэн дарагдаж байлаа. Ромын католикчууд харин ч өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг устгаж, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Шашны шүүх (Инквизиц) байгуулсан байна. Тэд үй олон хүнийг “тэрс үзэлт” гэж буруутган, хэрцгийгээр тамлан зовоож, хөнөөдөг байв.

“Шашны шүүх (Inquisition)”-ийг Ромын пап III Инноцент үүсгэн байгуулж, дараагийн пап лам IX Григорий гүйцээжээ. … Ариун хувцас өмссөн хамба лам нар болон санваартнууд Христийн нэрээр юм уу “Христийн орлогч” гэсэн нэр зүүн, гэмгүй номхон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тарчлаан эрүүдэж, галд шатааж байсан гээд бод доо.

Шашны шүүх нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис хэрцгий, ад зэтгэрийн үйлдэл байв. Энэ бол Ромын папуудын эрх мэдлээ хадгалахын тулд санаачлан бий болгосон, 500 жилийн турш ашиглаж байсан систем юм.”

Henry H.Halley “Библийн гарын авлага (Halley’s Bible Handbook)”, орчуулсан Паг Ян Жу, Христийн шашны утга зохиол, 1972, 906хуу

Шашин шинэчлэлийн түүх: Бүрэн бус шинэчлэл

Гэмээс хэлтрүүлэх бичгийн наймаа дэлгэрч, Ромын католик сүмийн ялзрал дээд цэгтээ хүрэхэд Европт шинэчлэлийн гал асчээ. 1517 онд Германд Мартин Лютер гэгч хүн Виттенбергийн их сургуулийн сүмийн хаалган дээр 95 заалт бүхий ухуулах хуудас (95 тезис) нааснаас хойш шашин шинэчлэл эрчимжиж эхлэв. Звингли, Калвин зэрэг олон хүн шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо өргөжээ.

Ийнхүү 16-р зуунд олон шинэчлэгч төрөн гарч, Ромын католик шашны ялзралыг шүүмжлэн, өөрсдийн боловсруулсан Библийн сургаалыг дагуулахыг оролдсон юм. Үүний үр дүнд Лютериан, Пресбитериан, Баптист, Методист гэх мэт хэд хэдэн протестант урсгалын сүмүүд бий болжээ. Харин тэд зөвхөн итгэлийн шинэчлэлийг л уриалж байсан болохоос Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний үнэнийг сэргээж дийлээгүй. Протестант шашныхан ням гаргийн мөргөл гэх мэт Ромын католик шашны хуурамч зан үйлийг тэр чигт нь хуулбарласан юм.

Тэр цагаас хойш олон эрдэмтэн, шашны удирдагч Библи судалж, зааж сургаж ирсэн ч Есүс болон элч нарын сахиж байсан шинэ гэрээний үнэнийг хэн нь ч сэргээж чадсангүй. Ромын католик сүмийн эрх мэдэл уналтад орсон ч ням гаргийн мөргөл, Христмас зэрэг хуурамч зан үйл нь оршсоор л байна. Энэ нь 16-р зууны шашин шинэчлэл төдийгүй хожим гарч ирсэн шашны олон удирдагчийн хийсэн шинэчлэл бүрэн бус байсныг харуулж байна.

Сүүлчийн бүрэн шинэчлэл: Шинэ гэрээний сэргэлт, Бурханы сүм

Эхлэлээс төгсгөлийг нэвтэлдэг Бурхан дэлхийн түүхийг удирдан буй. Сүмийн түүхийг ч мөн ялгаагүй. Хэдийгээр хуурамч зан үйл түр зуур ноёлж, Сатан хүчээ авсан мэт харагдаж мэдэх ч Бурхан Өөрөө Сатаны хүчийг хугалан, ариун хүмүүсээ ёс бусаас чөлөөлнө хэмээн айлдсан байдаг. Энэ бүх түүхийг гүйцэлдүүлэх Христ буюу Хоёрдугаар Есүс ирэхийг Библид зөгнөсөн юм.

“Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно.” Дан 7:21-22

“Тэр эвэр” гэсэн нь Даниел 7:25-т дурдагдсан “жижиг эвэр” юм. Бурханы цаг үе болон хуулиудыг өөрчилж, ариун хүмүүстэй дайтаж ялсан жижиг эвэр гэсэн нь Бурханыг эсэргүүцэгч хүчнийг хэлж байна. Харин энд “Эртний Нэгэн” ирж ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөнө гэжээ. Энэ нь Бурхан бүхий л хуурамч зан үйлийг устгаж, ариун хүмүүсээ үнэн рүү хөтлөхийн тулд энэ дэлхий дээр ирнэ гэсэн үг юм.

“Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү? Би та нарт хэлье. Тэр даруйд Бурхан тэднийг өмгөөлөх болно. Харин Хүний Хүү ирэхдээ газар дээр итгэл олох болов уу? гэжээ.” Лук 18:7-8

Есүс хоёр дахиа ирэхдээ “газар дээр итгэл олохгүй” гэжээ. Үрийн сүүл болон буудайн сургаалт зүйрлэлд зөгнөсний нэгэн адил Сатаны улмаас шинэ гэрээний үнэнийг устаж, энэ газрыг ёс бус дүүргэсэн учраас ийн хэлжээ. Хэрэв ийм нөхцөлд Бурхан Сүүлчийн Шүүгчийн хувиар ирээд, ертөнцийг тэр даруй шүүх юм бол хэн ч аврал авахгүй шүү дээ. Тиймээс Есүс хоёр дахиа, Шүүгчээр бус Аврагчаар ирэх юм. Тэрээр сүүлчийн шүүлтийн өмнө ирээд, шинэ гэрээний бүх үнэнийг сэргээж, улмаар ариун хүмүүсээ ёс бусын гинжнээс чөлөөлөх юм. Энэ бүхэн эцсийн үед Бурханы Өөрийн биеэр гүйцэлдүүлэх шашны бүрэн шинэчлэл байх юм.

Давидын Үндэс болсон Есүс хоёр дахиа ирж байж лацадсан Библийг нээнэ (Илч 5:1-5, 22:16) хэмээн Илчлэл номд зөгнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл Хоёрдугаар Христ ирээд, Сатаны эсэргүүцлийн улмаас хэн ч сахих боломжгүй болоод байсан шинэ гэрээний үнэнийг сэргээнэ гэсэн үг юм. Тиймд Библид Христ хоёр дахиа ирж байж л итгэгчид аврал авна гэж бичигдсэн байдаг.

“Христ мөн олны нүглийг үүрэхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд бус, харин Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ.” Евр 9:28

Библийн дээрх бүх зөгнөлийг биелүүлсэн Нэгэн бол Ан Сан Хун Христ юм. Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг анхны сүмд сахигдаж байсан шинэ гэрээний үнэнийг бүрэн төгс сэргээж, Бурханы сүмээ дахин байгуулсан билээ. Өнөө үед Сатаны тарьсан хуурамч зан үйлийг биш, харин Есүс болон элч нарын үеийн үнэнийг дагадаг цорын ганц сүм бол Ан Сан Хун Христийн байгуулсан Бурханы сүм юм. Тиймээс Бурханы сүм нь шашны бүрэн шинэчлэл өрнүүлсэн, авралын амлалттай жинхэнэ сүм билээ.

FacebookTwitterEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기