Шашин шинэчлэл ба Бурханы сүм: Лютерийн шинэчлэл яагаад бүрэн бус шинэчлэл байсан бэ?

11716 읽음

1517 онд Европыг бүхэлд нь хамарсан шинэчлэл сүмийн үүдэнд байрлуулсан зурагт хуудаснаас эхэлжээ. Тэрхүү зурагт хуудас нь христийн шашны ертөнцөд томоохон дуулиан дэгдээхийн зэрэгцээ Ромын католик сүмийн дарлалд байсан хүмүүсийг ч шинэчлэлийн төлөө дуу хоолойгоо өндөрсгөхөд хүргэжээ.

Сүмд шинэчлэлийн хүчит шуурга дэгдсэн ч бүрэн биелээгүй зүйл байсан нь үнэнийг зүй ёсоор сэргээх явдал байлаа. Ромын католик шашин элч нарыг хорвоогоос хальсны дараа Есүсийн тогтоосон шинэ гэрээний үнэнийг аажим аажмаар өөрчилж эхэлсэн бөгөөд эцэст нь үнэний ул мөр гэхээр юм үлдээгүй байна. Шашин шинэчлэлийн дараа шашны олон удирдагч Библи судалсан боловч тэдний хэн нь ч уламжлалт үнэнийг сэргээж дийлээгүй юм. Харин цаг нь болмогц Библийн зөгнөл дагуу үнэний гэрэл илчлэгдэж, бүрэн төгс шинэчлэл өрнөсөн юм. Христ Өөрийн биеэр шинэ гэрээний үнэнийг сэргээхээр хоёр дахиа ирсэн.

16-р зууны шинэчлэл ба протестант шашны үүсэл

Протестант шашин гэж 16-р зууны шашин шинэчлэлийн үр дүнд Ромын католик шашнаас салан гарсан христийн шашны үй олон урсгалыг хэлнэ. Англиар “Протестант (Protestant)” гэдэг нь шууд утгаараа “эсэргүүцэгч хүн” гэсэн утгатай юм. Энэ нь 1529 онд Германы эзэнт гүрний их чуулган дээр Лютерийн шинэчлэлийг дэмжиж байсан хүмүүс итгэл үнэмшлээ бахархалтайгаар илэрхийлэн, эзэн хаан V Чарльз болон Ромын католик шашны дарангуйллыг сөрж зогсон, “эсэргүүцсэн (латин хэл: Рrotestatio)” үйл явдлаас “Протестант” гэдэг үг үүсжээ.

Шашин шинэчлэлийн үндэс суурийг 16-р зуунд Германы Виттенбергийн их сургуулийн теологич Мартин Лютер тавьсан бөгөөд энэ нь протестант шашин үүсч бий болоход хүргэсэн юм. Тухайн үед Ромын пап лам X Лео авлига хээл хахуулын улмаас ядуурсан Ватиканыг санхүүжүүлэх, Гэгээн Петрийн сүмийг сэргээн засварлах зардал мөнгө босгох зорилготойгоор хүмүүсийн нүглийн уучилна гэсэн нэрийдлээр гэмээс хэлтрүүлэх бичиг худалдаалж байв. Лютер үүнийг нь эсэргүүцэж, улмаар 1517 онд Виттенбергийн их сургуулийн дэргэдэх сүмийн гол хаалган дээр ерэн таван тезис наан, гэмээс хэлтрүүлэх бичиг зарах нь буруу гэдгийг тунхаглажээ.

Лютер католик шашны болон пап ламын эрх мэдлийг үгүйсгэж, аврал зөвхөн итгэлээр хийгээд Бурханы нигүүлслээр өгөгддөг зүйл тул Библи төвт итгэл сүсгийг сэргээх ёстой хэмээн үзжээ. Өөрийгөө Ромын католик сүмийг хамгаалагч гэж зарласан пап лам болон Ариун Ромын эзэнт гүрний (Герман) эзэн хаан түүнийг хавчин дарамталж байсан ч Лютер өөрийн үзэл бодлыг няцаагаагүй юм. Германы язгууртнууд, чөлөөт хотууд Лютерийг аажим аажмаар дэмжсэний эцэст пап ламын ноёрхлоос ангид шинэ сүм буюу “протестант шашин” бий болсон түүхтэй.

Түүнчлэн Швейцарьт шашин шинэчлэгч Звингли гэдэг хүн Ромын католик шашны эрх мэдлийн эсрэг тэмцэж байгаад амиа алдсан явдал гарчээ. Түүний дараа Францын Калвин гэдэг хүн шинэчлэлийн амин сүнс, сургаал номлолыг системчлэн цэгцэлж, шинэчлэлийн үйл хэргийг удирдсан байна. Калвин Лютерээс ч илүүгээр Библи төвт итгэлийг чухалчлан, хүмүүний ​​авралыг Бурхан урьдаас тогтоодог гэдгийг онцолсон юм. Калвины үзэл баримтлал ард иргэдийн зүгээс ихээхэн талархал олж авч, Франц, Англи, Нидерланд зэрэг улсуудад улам хурдтай тархсан байна.

Шашин шинэчлэл тууштай хэрэгжсэн шалтгаан

16-р зууны шинэчлэл туйлын эрх мэдэлт Ромын католик шашин болон пап ламын эсрэг чиглэж байсан тул олон хүний ​​амь насыг эрсдэлд оруулж болзошгүй байлаа. Гэвч олон хүн сүмийг шинэчлэх шаардлага, итгэлийн эрх чөлөөг уриалан, шинэчлэлийн хөдөлгөөнд тууштай оролцсон нь католик сүмийн ертөнцлөг байдал, ноцтой ялзрал доройтол, үнэнийг мушгин гуйвуулдаг явдлыг цаашид зүгээр хараад суухын эцэсгүй болсныг илтгэж байна.

Шашин шинэчлэлийн гол шалтгаан болсон гэмээс хэлтрүүлэх бичгийн наймаа нь Ромын католик шашны завхралыг харуулах төлөөлөл бүхий жишээ юм. Библид нүглийн уучлалыг зөвхөн загалмай дээр урсгасан Христийн цусаар өгнө гэж мэдүүлдэг (Ефе 1:7). Бурханы ивээлээр бид гэм нүглээс үнэгүйгээр аврагдсан билээ. Гэтэл Ромын католик шашин гэмээс хэлтрүүлэх бичиг худалдаж авах л юм бол нүглийн шийтгэлээс чөлөөлөгдөнө хэмээн сурталчилж, Бурханы ивээл болох авралыг мөнгөөр наймаалцаж байв.

Католик сүм пап ламыг эрх мэдлийг хэвээр хадгалахын тулд шашны шүүх явуулан, тэдний сургаал болон пап ламыг дагадаггүй хүмүүсийг тэрс үзэлтэн хэмээн буруушааж, харгис хэрцгийгээр эрүүдэн, цаазалдаг байжээ. Тэд өөрсдийн байр сууриа бэхжүүлэхийн тулд энгийн итгэгчдийг Библи эзэмших юм уу уншихыг хатуу хориглодог байв. Итгэгчдэд Библийн үгсийг ойлгуулахгүй байх үүднээс меса буюу мөргөлөө бүгдийг нь латин хэл дээр явуулдаг байлаа.

Папын суудалд нэр дэвшигчид пап лам болж сонгогдохын тулд хамба лам нарт хээл хахууль өгч, хүний амь хөнөөх ч энүүхэнд байв. Санваартнууд нь хувьдаа эд хөрөнгө хуримтлуулахын тулд шашны алба наймаалцахаас буцдаггүй байсан бөгөөд сүм хийдүүдэд садар самуун үйлдэгддэг байжээ. Эрх мэдлийг гартаа авсан католик шашин энэ мэт бүх төрлийн авлига, хууль бус байдлын үүр уурхай болж байв. Тиймээс шашин шинэчлэгчид босч, католик шашны төөрөгдөл, завхралыг буруушаан, итгэлийн эрх чөлөө, шинэчлэлийг шаардсан юм. Тухайн үеийн олон европчууд тэдний дуу хоолойг хүлээн зөвшөөрч, шинэчлэлийн үйл хэргийг дэмжиж байлаа.

Бүрэн бус шинэчлэл

16-р зууны шинэчлэл нь олон хүнийг папын дарлалаас чөлөөлж, шашин шүтэх эрх чөлөө олгосон боловч энэ нь бүрэн төгс шинэчлэл болж чадаагүй. Учир нь тэд Есүсийн байгуулсан шинэ гэрээний үнэнийг сэргээгээгүй юм.

Ромын католик шашны хамгийн том алдаа нь хүн төрөлхтний авралын төлөө Есүсийн тогтоосон шинэ гэрээний үнэн болох анхны сүмийн үнэнийг устгаж, сүмд харийн шашны зан үйлийг нэвтрүүлсэн явдал байв. Есүс болон анхны сүм Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт шинэ гэрээний үнэнийг сахиж байжээ. Гэтэл Ромын католик сүм Бурханы хууль болох Амралтын өдрийг нарны бурхны шашны ариун өдөр, ням гарагт болгон өөрчилсөн (321 он). Амийн үнэн Алгасал баярыг устгаж (325 он), нарны бурхны төрсөн өдөр Христмасыг нэвтрүүлсэн юм (354 он). Тэд мөн эртний харийн шашны бэлгэ тэмдэг, Ромын эзэнт гүрний үеийн цаазын ялын хэрэгсэл болсон загалмайг сүмийн танхимд байрлуулж (431 он), харийн шашнаас үүдэлтэй эх хүүхдийн шүтээнийг хүлээн авч, Мариад мөргөхийг зөвтгөж байв. 5-р зуунд тэд өөрсдийн сургаалд нийцүүлэн Арван тушаалыг хүртэл өөрчилсөн байдаг.

16-р зууны шинэчлэгчид эдгээр хуурамч зан үйлийг халж чадаагүй юм. Протестант шашин ням гаргийн мөргөл гэх мэт Ромын католик шашны сургаалыг тэр чигт нь уламжлан авч мөрдсөн болохоос Амралтын өдөр, Алгасал баяр зэрэг Христийн сургаалыг дагадаггүй байв. Шинэчлэгчдийн зарим нь шинэчлэл хараахан дуусаагүй гэж бодон, хойч үедээ Библид тулгуурлан тасралтгүй шинэчлэл хийхийг захисан байдаг. Дараах латин хэл дээрх уриа лоозон тэдний оюун ухааныг харуулж байна. “Ecclesia Semper Reformanda.” Энэ нь “Сүм үргэлж шинэчлэгдэж байх ёстой” гэсэн утгатай.

Тэр цагаас хойш шашны чиглэлийн олон удирдагч болон эрдэмтэн судлаач Библи төвт итгэл үнэмшлийг онцолж, өөр өөрсдийнхөөрөө шинэчлэл хийхийг уриалцгааж байлаа. Үүний үр дүнд христийн шашны үй олон урсгал бий болсон ч тэдний хэн нь ч шинэ гэрээний үнэнийг сэргээж дийлээгүй юм. Энэ нь 16-р зууны шинэчлэл төдийгүй тэрнээс хойш хийгдсэн шинэчлэлүүд цөм бүрэн бус байсныг илтгэнэ.

Бүрэн шинэчлэл хийгдэх хэрэгтэйн учир

Шашин шинэчлэлийн халуун уур амьсгал хөрсний дараа протестант сүмүүд Ромын католик шашны дарангуйллаас ангижран, шашин шүтлэгийн эрх чөлөөгөө олж авч, үүндээ сэтгэл хангалуун амьдарч байна. Шинэчлэл хийхээ бүрэн зогсоосон протестант шашныхан жил ирэх тусам аажим аажмаар бурханлаг мөс чанараа гээж, ялзарч доройтсоор байна.

“Өнөөгийн сүмүүд дунд, ялангуяа томоохон протестант урсгалын сүмүүдээс Библид хэлсэнчлэн “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн хүмүүс амрах орон зай” олохуйяа бэрх болжээ. Зарим алдартай пастор болон сүмийн эрх мэдэлтнүүд сүмийн өмчийг хүүхдүүддээ өвлүүлэн өгч, ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцон, төрийн алба гэх мэт “олз цуглуулж”, одоогийн ерөнхийлөгчийг хүртэл сөхрүүлэх хэмжээнд эрх мэдлээрээ гайхуулцгаах болж. Сүмийн итгэгчид сүмээ ертөнцийн давс, гэрэл биш харин нийгмийн өвчин гэж үзэж байгаагийн шалтгааныг сайтар тунгаан бодож, сүмийн шинэчлэлийн төлөө зоригтой алхам хийх хэрэгтэй байна.” 「“Пасторын албан тушаал наймаалцдаг сүмд аврал бий гэж үү?”」, “Гёнхян” сонин, 2011. 06. 21

Өнөөгийн протестант сүмүүд 500 орчим жилийн өмнөх Ромын католик сүмээс нэг их ялгараад байх юмгүй. Тэд ёс суртахуун, ёс зүйгээ уландаа гишгэхэд амархан болсон энэхүү бохир ертөнцөд хүмүүст зөв амьдрах чиг хандлага санал болгох нь бүү хэл янз бүрийн авлига, хууль бус байдлын үүр уурхай болжээ. Шинэчлэлийн залгамжлагчид гэгдэх хүмүүс өөрсдөө харин шинэчлэгдэх шаардлага үүсээд байна.

Эндээс харахад Ромын католик шашин бүү хэл 16-р зууны шашин шинэчлэлийн үр дүнд бий болсон протестантуудаас ч Христийн бидэнд үлгэр дуурайл үзүүлж, Библид тэмдэглэгдсэн жинхэнэ үнэнийг яагаад ч олж чадахааргүй болж. Олон сүм хийд үнэнийг гэхээсээ илүү ертөнцийн юмсыг эрэлхийлж, завхралын замаар явцгаана. Есүс 2000 жилийн өмнө зөгнөсөнчлөн, аврал авахуйц бүрэн төгс итгэл олдохооргүй тийм цаг үе иржээ (Лук 18:8). Хэрэв ийм нөхцөл байдалд Бурхан дэлхийг шууд шүүвэл хэн ч аврагдахгүй шүү дээ. Учир нь тэд Бурханд хичнээн итгэдэг гэлээ ч Бурханы хүслийг бус, харин ёс бусыг үйлдвэл хэзээ ч тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй (Мат 7:21-23). Тиймээс энэ цаг үед итгэгчдийн авралын төлөө шашны бүрэн шинэчлэл хийгдэх учиртай юм.

Бүрэн шинэчлэл хийсэн Хоёрдугаар Есүс

Бүрэн шинэчлэлийн хөдөлгөөний Удирдагч

Шинэ гэрээний үнэнийг устгаж, харийн шашны зан үйлийг сургаалдаа нэвтрүүлсэн Ромын католик шашин ч, католик шашнаас бий болгосон сургаалыг дагадаг протестант сүмүүд ч аль аль нь бүрэн шинэчлэл хийх зохистой субьект болж чадахгүй. Бүрэн шинэчлэл хүний ​​бүрэн бус чадвар, дүгнэлтээр хийгдэхгүй юм. Зөвхөн Бурхан буюу Христ л үүнийг хийж чадна.

“Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг. … Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв. … Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.” Илч 19:11-16

“Цагаан морь унасан Нэгэн”-ийг хаадын Хаан, эздийн Эзэн гэдэг. Энэ нь Хурга болох Есүсийг хэлж байна (Илч 17:14 үзэх). Бүр тодруулбал Хоёрдугаар Есүс юм. Учир нь цагаан морь унасан Нэгэн болон Түүнийг дагаж буй тэнгэрийн дайчид “араатан”-тай дайтаж байна шүү дээ.

“Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. …” Илч 19:19-20

Илчлэл 13-р бүлэгт гарсан зөгнөлийн дагуу бол цагаан морь унасан Нэгэнтэй дайтах араатан дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдэл авч, Бурханы эсрэг ярьж, ариун хүмүүсийг дарлан туйлдуулна (Илч 13:5-7). Энэ нь Сатан шашны харанхуй үеийн турш ертөнцийн эрх мэдлийг гартаа авч, ноёлно гэсэн үг юм. Тэгэхлээр араатантай дайтаж буй цагаан морь унасан Нэгэн нь гарцаагүй Хоёрдугаар Есүс юм.

Хэрэв Хоёрдугаар Есүс сүүлчийн Шүүгчийн ёсоор сүр жавхлан дунд илчлэгдвэл хэн ч Түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй шүү дээ. Гэтэл Хоёрдугаар Есүс болон араатан “дайтна” гэж зөгнөсөн байсан. Тэгэхээр мэдээж Есүс хоёр дахь удаагаа махан биеэр ирэх нь. Харин дайнд хэн ялах бол оо?

“Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.” Илч 17:14

Библид Хурга буюу Хоёрдугаар Есүстэй хамт байгаа итгэгчдийг ялна гэж зөгнөсөн. Энэ дэлхий дээр махан бие өмсөн дахин ирсэн Есүс араатнаар илэрхийлэгдсэн Ромын католик шашны хуурамч зан үйлийг шүүж, дороо байгаа итгэгчдийг чөлөөлөх ажлыг удирдан явуулах ёстой юм. Тиймээс Есүс дахин ирж байж л бүрэн шинэчлэл хийгдэнэ.

Шашин шинэчлэл ба Алгасал баяр

Ромын католик шашин харийн шашны зан үйлийг хүлээн авч, өөрсдийн сургаалыг бий болгосон ба протестант сүмүүд тэдний сургаалыг тэр хэвээр нь дагадаг. Тэгвэл Хоёрдугаар Есүс ямар үнэнээр тэднийг шүүж, шашин шинэчлэл явуулах юм бол? Өөр бурхдыг шийтгэнэ гэсэн Бурханы амлалт бүхий Алгасал баяраар гүйцэлдүүлэх юм.

Бурхан 3500 жилийн өмнө Алгасал баяраар израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн. Тэр үед Египетийн хаан Фараон есөн гамшгийн дараа ч хүртэл израильчуудыг суллаж явуулаагүй. Үүний нэг шалтгаан нь египетчүүд ч гэсэн өөрсдийн итгэж, түшдэг бурхадтай байсан хэрэг (Гэт 7:10-13, 20-22, 8:6-7). Тийм ч учраас Бурхан Алгасал баяраар бусад бүх бурхдыг шийтгэсэн юм.

“… Энэ нь ЭЗЭНий Алгасал болой. Би тэр шөнө… Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.” Гэт 12:11-12

Бурхан Алгасал баярыг анх бий болгосноос хойш бусад бүх бурхдын шүүлтийн өдөр болгон тогтоосон. Ийм түүх зөвхөн Египетээс гарсан тухайн үед төдийгүй Хезекиа, Иосиа хаадын үед ч тохиолдож байжээ. Хезекиа хааны үед удаан хугацаанд тэмдэглэгдээгүй Алгасал баярыг дахин тэмдэглэмэгц ард түмэн өөрсдийн үйлчилж байсан бүх шүтээнээ устгасан байдаг (2Шас 30:1-5, 31:1). Иосиа хаан Бурханд итгэдэг байсан хэр нь шүтээн шүтэж байгаагаа мэддэггүй байв. Тэрээр Алгасал баярыг ухаарч тэмдэглэснийхээ дараа сая нэг өөрийн үйлчилж байсан зүйл нь шүтээн байсныг ойлгож, бүгдийг нь устгасан байдаг (2Хаа 23:1-25). Түүнийг Алгасал баяр тэмдэглэсний дараа Бурханы айлдсан ёсоор өөр бусад бурхад ял шийтгэл хүлээсэн хэрэг.

Хэдийгээр цаг хугацааны хувьд өөр ч Алгасал баяр тэмдэглэсний үр дүн ижил байв. Алгасал баяр бол бусад бүх бурхдыг устгадаг Бурханы хүч чадлын өдөр юм. Энэ үед ч бусад бүх бурхдыг шүүх Алгасал баярын үнэн илэрч байж л шашны бүрэн төгс шинэчлэл хийгдэх боломжтой юм.

“Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. … —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна.” Илч 18:1-2

Библид шувуу нь диаволыг илэрхийлдэг (Лук 8:4-5, 11-12). Чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс ба Сатаны орогнох хоргодох газар нь илчлэгдэж, нурах болно гэдгийг Библид гэрчилдэг. Энэхүү сүр жавхлангийн гэрэл нь бусад бурхдыг шүүх шинэ гэрээний Алгасал баярын үнэн юм.

Сүүлчийн шашин шинэчлэл ба Ан Сан Хун Христ

2000 жилийн өмнө Есүс Алгасал баяраар дамжуулан шинэ гэрээг байгуулсан (Лук 22:14-20). Гэсэн хэдий ч Есүсийн сахихыг ихэд хүсэж байсан шинэ гэрээний Алгасал баярыг Сатаны хорон явуулгын улмаас МЭ 325 онд Никеагийн шашны хурлаар устгасан юм. Үүний дараа хэн ч шинэ гэрээний Алгасал баярыг удаан хугацаанд сахиж чадаагүй. Бурханыг эсэргүүцэгч араатан ариун хүмүүсийг ялна гэсэн зөгнөлийн дагуу Есүсийн тогтоосон авралын үнэнийг хэн ч сахих боломжгүйд хүрсэн юм.

Ийм нөхцөлд араатны эсрэг дайнд ялсан хүн Нэгэн бол Илчлэл 19-р бүлэгт гардаг цагаан морь унасан Нэгэн буюу Хоёрдугаар Есүс юм. Есүс дахин махан биед ирж, Алгасал баярыг сэргээнэ. Хоёрдугаар Есүс өөр бурхдыг шийтгэх Алгасал баярын үнэнийг сэргээж, чөтгөрүүдийн орогнох газрыг илчилж, шүтээнүүдийг устгаж байгаа дүр зургийг Илчлэл 18:1-2 ишлэлд зөгнөсөн байдаг. Тиймээс Есүс шашин шинэчлэлийг гүйцээхийн тулд Алгасал баярын үнэнийг авч дахин ирэх ёстой.

Эдгээр зөгнөлийн дагуу шинэ гэрээний Алгасал баярыг авчирсан Нэгэн бол Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурхан юм. Ан Сан Хун Христ бидэнд 1600 орчим жилийн турш хэний ч мэддэггүй байсан шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зааж, католик сүм болон протестант сүмүүдийн шүтээн шүтэх алив сургаалыг бүрэн устгасан юм. Тэрээр Бүтээгч Эзэний дурсгалын өдөр Амралтын өдөр, Аврагчийг дурсах Алгасал баяр, мөн Амилалтын баяр, Пентэкостын өдөр, Майхан баяр, эмэгтэйчүүдийн толгойны алчуурын зарлиг гэх мэт шинэ гэрээний бүхий л баяр болон тушаалуудыг Библид заасны дагуу сэргээсэн юм. Ромын католик сүм үнэнийг өөрчлөхөөс өмнөх анхны сүмийн цэвэр ариун үнэн болон итгэл сүсгийг сэргээснээр Тэрээр шашин шинэчлэлийн үйл хэргийг гүйцээн, дахин авралын замыг нээжээ. Түүний бүх хүчин чармайлтын үндсэн дээр байгуулагдсан сүм бол Бурханы сүм юм. Бурханы сүм нь Библи төвт зөв итгэлийг баримталдаг бөгөөд ёс бус газар авсан энэ ертөнцөд авралын үнэн болон шинэ гэрээний сайн мэдээг тунхагладаг жинхэнэ шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлж байна.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기