Христмасын үүсэл ба үүх түүх | Харийн шашны тэмдэглэлт өдөр

11785 읽음

Христмас (Christmas) гэх нэр томьёо нь “Христ (Christ)”, меса (Католик сүмийн мөргөл) буюу “масс (mass)” гэсэн хоёр үгний нийлбэр юм. Жил бүр үй олон сүмд Христмасыг Есүсийн төрсөн өдөр хэмээн тэмдэглэдэг ч анхны сүмийн үед Христмас гэж баяр байгаагүй юм. Учир нь Христмас нь хэдэн зуун жилийн дараа буюу 4-р зуунд үүсжээ. Өдгөө Христмас нь аль нэг улс үндэстний юм уу шашны баяр гэхээсээ илүүтэй дэлхий нийтийн баярт тооцогдох болжээ. Христмас баярын үүсэл, түүхэн утга учрыг сонирхоцгооё.

12 сарын 25 нь анхандаа нарны бурхны төрсөн өдөр байв

МЭӨ 1-р зууны үед Персийн Зороастерын шашнаас үүсэлтэй Митраизм Ромд нэвтэрч, “Ромын шашин” гэгдэн байр сууриа эзэлсэн байна. Митраизм нь нарны бурхан Митрад сүсэглэдэг шашин байв. Энэхүү нарны бурхан Митрагийн төрсөн өдөр 12 сарын 25-нд болдог байсан бөгөөд Эртний Ромын хуанлийн дагуу авч үзвэл жилийн хамгийн богино өдөр таарч байв.

Митраг “Сол Инвиктус (Sol Invictus)” буюу “Ялан дийлдэшгүй нарны бурхан” гэж нэрлэдэг байсан бөгөөд цэргүүдийн дунд ихээхэн шүтэгддэг байв. Помпейг (МЭӨ 106 – МЭӨ 48) дорно зүгт дайлаар мордсоны дараа Митраг “Ромын эзэнт гүрний хамгаалагч сахиус” гэж нэрийдэх болжээ. Эзэн хаан Аурелиан (МЭ 270-МЭ 275 онд хаанчилж байсан) нарны бурхан Митрагийн төрөлх хот Эмеса (Emesa)-д дайснаа дарсны дараа МЭ 274 оны 12 сарын 25-ны өдрийг “Ялан дийлдэшгүй нарны төрсөн өдөр” болгон тогтоож, Ромын эзэнт гүрний үндэсний баяр болгон зарлаж, эзэнт гүрэн даяар баяр ёслолын томоохон арга хэмжээ зохион байгуулсан байна.

Ром сүм нарны бурхны төрсөн өдрийг хүлээн зөвшөөрсөн нь

313 онд христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Константин эзэн хаан ч мөн “Ялан дийлдэшгүй нарны бурхан” Митраг ихэд таалдаг байв. Тэрээр христийн шашныг албан ёсоор хүлээн зөвшөөрснийхөө дараа ч Митраизмын нарны бурхан, христийн шашны Бурхан хоёрыг нэг бурханд үзэн, уг хоёр шашныг нэгтгэхийг оролдсон аж. Ийм нөхцөлд тухайн үед Ромын эзэнт гүрнээс олон ашиг тус хүртэж, ертөнцлөг зан үйлд уусаад байсан сүм цэвэр ариун байдлаа алдаж, харийн үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн авах болов. Тэдгээрийн нэг нь 12 сарын 25-нд нарны бурхны төрсөн өдрийг тэмдэглэх явдал юм.

Христийн шашин ба харийн шашны зан үйл

“Христийн сүм харийн олон үзэл санаа, бэлгэ тэмдгийг хүлээн авсан байна. Тухайлбал наранд мөргөхөөс авхуулаад Есүсийн мэндэлсэн өдрийг 12 сарын 25-нд буюу нарны тахилын өдөр тэмдэглэхээр тогтжээ.” Лайон хэвлэлийн газар, “Сүмийн түүхийн гарын авлага”, орчуулсан Сун Гуан Тэг, Амийн үг хэвлэлийн газар, 1991, 131хуу

Дээр өгүүлсэн “Нарны тахилын өдөр”-ийг англи хэл дээрх эх бичвэрт нь “the birthday of the Sun” буюу “нарны төрсөн өдөр” гэж бичсэн байдаг. Нарны бурхны төрсөн өдөр сүмд нэвтрэн, Есүсийн мэндэлсэн өдөр болж хувирав. Энэхүү Христмасыг тэмдэглэсэн анхны сүм нь Ром сүм байлаа.

“Энэ баярыг бүх католик шашинтнууд болон ихэнх ортодокс, протестант сүмүүд 12 сарын 25-нд тэмдэглэдэг. … Энэ нь “Ялан дийлдэшгүй нарны төрсөн өдөр” (Natale Solis Invicti)-ийг христийн шашинд нэвтрүүлсэн мэт харагдаж байна. … Энэхүү нарны бурхныг Христээр сольж, 354 онд Ромын хамба лам Либериус эл өдрийг Христийн мэндэлсний баяр хэмээн, тэр жилийнхээ Ромын тэмдэглэлт өдрийн жагсаалтанд бичсэн байдаг. 5-р зууны эхээр эл өдрийг Есүсийн мэндэлсэн өдөр болгон албан ёсоор зарлажээ. “Есүсийн мэндэлсэн өдөр”, 『Солонгосын Католик сүмийн их толь』, Солонгосын сүмийн түүх судлалын хүрээлэн, 1985

354 онд Ром сүм нарны төрсөн өдрийг тэмдэглэж эхэлжээ. Тэд Есүсийн мэндэлсэн өдөртэй огтхон ч хамааралгүй харийн бурхны төрсөн өдрийг хүлээн авч, шашны зан үйлээ болгожээ. Энэ нь элч нар болон анхны сүмийн итгэгчдийн хэн нь ч Христмас баяр тэмдэглэж байгаагүйг илтгэж байна. Үнэндээ Христмасын тухай Библийн хаана ч дурдаагүй байдаг юм.

Христмас нь харийн шашны баяраас үүсэлтэй

Өөр нэг номд Христмасыг Эртний Ромд 12-р сард зохиогддог байсан гурван том баяр наадмаас үүсэлтэй гэж тайлбарласан байдаг.

Христмас: 12 сарын 25-нд Христийн мэндэлсний баярыг тэмдэглэсэн тухай 354 оны тэмдэглэлд гардаг бөгөөд энэ нь Ромын хамба лам Либериусын үед юм. 379 онд уг баярыг Константинополь хотод тэмдэглэж, Египет, Палестинд тархжээ. Христмасын үүсэл онцгой анхаарал татдаг. Учир нь энэ нь Ромд бий болсон зан үйл ажээ. Ромд 12-р сард гурван том баяр наадам болдог байв.

Эхнийх нь Сатурналиа (Saturnalia) бөгөөд үүнийг 12 сарын 12-24 хүртэл тэмдэглэдэг байжээ. Нэгэн үе Сатурн бурхан захирч байхдаа алтан үеийг бий болгосныг санан дурсахын тулд тахил өргөдөг байжээ. Уг баяраар дээдэс доодос, баян ядуу хамаагүй бүх хүн зугаа цэнгэлд автацгаадаг байв.

Дараагийн баяр нь 12 сарын сүүлээр болдог Сигиллалиа (Sigillaria) баяр юм. Энэ баярын үеэр хүүхдүүдэд хүүхэлдэй өгч баярлуулдаг байжээ.

Гурав дахь баяр нь өвлийн туйлаас нар гарахад баярлан тэмдэглэдэг Брумалиа (Brumalia) юм.

Тэгтэл христийн шашинтнууд эдгээр баяруудад оролцож болдоггүй байсан тул Есүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх өөрсдийн гэсэн баяр наадмыг эрэлхийлсэн аж. Тэд нар мандсаны дараа Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь үндэслэлтэй гэж үзэн, улмаар Христийн мэндэлсэн өдөр болгон тэмдэглэх зан үйлийг эхлүүлсэн ажээ. Энэ нь Христмас баярын үүсэл юм. Сун Наг Вон, “Сүмийн түүх (교회사)”, Игон хэвлэлийн газар, 1981, 174-175хуу

Ийнхүү ертөнцлөг зан үйлд ууссан христчүүд Библид заагаагүй нарны бурхны төрсөн өдөр буюу 12 сарын 25-нийг Есүсийн төрсөн өдөр гэж тогтсоноос Христмас баяр үүсэлтэй юм. Нарны бурханд итгэдэг байсан үй олон харийн шашинтан Ромын католик шашинд орсон боловч үнэн хэрэгтээ тэд өөрсдийн үйлддэг байсан зарим нэг зан үйлийг өөрчилсөн ажээ.

16-р зуунаас хойш Ромын католик шашнаас салан гарсан протестантууд католикийн зан үйлийг тэр чигт нь хүлээн авсан байдаг. Тиймээс Ромын католик шашинд хэрэглэгддэг “меса (масс)” гэх үг агуулсан Христмас гэдэг нэр томьёо одоог хүртэл хэрэглэгдэн, уг баярыг бүгд тэмдэглэцгээж байна.

Христмас ба Бурханы хүсэл

Христмасыг дэлхий даяараа Есүсийн мэндэлсэн өдөр гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ нь нар шүтдэг харь шашинтнуудын зан үйлийг хүлээн авах явцад бий болсон аж. Христчүүд бүү хэл бусад шашныхан ч эл өдөр Христийн нэрийг дуудаж, амар амгалан, итгэл найдварын төлөө залбирдаг. Гэтэл уг баярын үүсэл христийн шашинтай огт холбоогүй байгаа нь тун хачирхалтай. Үй олон сүм “Бурхан хүн болж энэ дэлхий дээр мэндэлсэн” үйл явдлыг санан дурсаж, нарны бурхны төрсөн өдрийг сахиж байгаа нь ч мөн хачирхалтай хэрэг.

Христийн шашны итгэл үнэмшлийн үндэс нь аль нэг улс орны юм уу харийн шашны зан үйл биш харин Бурханы үг байх ёстой. Бурхан бидэнд өөр бурхдад үйлчилдэг хүмүүсийн үйлдлийг бүү дуурай хэмээсэн (Дэд.Хуу 12:30). Тэрээр мөн харь үндэстнүүдийн ёс заншлыг дагадаг хүмүүсийг шүүлтээр шийтгэнэ гэдгээ ч хэлсэн (Езе 11:8-12). Тийн атал хэрэв бид нарны шашны зан үйл болох 12 сарын 25-нийг “Есүсийн төрсөн өдөр” гэж зөрүүдлэн тэмдэглэх аваас Бурханы хүслийн эсрэг үйлдэл бөгөөд шүүлтийн шийтгэлийг өөрсдөдөө урин дуудсан үйлдэл болохыг санах хэрэгтэй.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기