Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс Ариун Гуравын сэнтий нэгийн тайлбар

17537 읽음

ТОВЧ АГУУЛГА

Ан Сан Хун Христ энэхүү номондоо Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс нь тусдаа оршихуй биш, харин нэг Эцэг Бурхан гэсэн Библийн сургаалыг тунхагласан юм. Тэнгэр газар, түг түмнийг бүтээж, Улаан тэнгис хуваасан Ариун Эцэг Ёхова Бурхан, хүн төрөлхтний эвлэрүүлгийн төлөө загалмай дээр цусаа урсгасан Есүс, ариун хүмүүстээ олон янзын бэлэг соёрхдог Ариун Сүнс нь өөр өөр оршихуй биш, харин нэг Оршихуй гэдгийг Тэрээр гэрчилсэн юм.

ӨМНӨХ ҮГ

Өнөө үед дэлхий дахины бүхий л христийн сүм Есүсийн нэрийг дууддаг боловч чухамдаа Есүсийн уг мөн чанар хэн бэ гэдгийг баттай мэддэг хүн цөөн байдаг. Үүний учир нь сүм тус бүр өөр өөрийн сургаал номлолын дагуу Библийг тайлбарладгаасаа болоод Есүс Христийн уг мөн чанарыг мэдэж чадахгүй байгаа хэрэг. Зарим сүмд Бурхан ба Есүсийг тусад нь авч үзэн, Есүсийг хүмүүн бидний нэгэн адил бүтээл гэж үздэг байхад, зарим нь Есүсийг тэнгэр элчийн нэг гэж үздэг. Тэр ч байтугай Бурхан ба Есүсийн хүсэл, зорилго хоёр нь адилхан ч, Тэд тус тусдаа гэж үздэг сүм ч байдаг. Түүгээр зогсохгүй Есүс 1900 жилийн өмнө загалмайд цовдлогдсон учраас Бурханы хүслийг биелүүлж чадалгүй бүтэлгүйтсэн гэдэг сүм ч бий. Мөн Есүсийг хараан зүхэж, нүгэлтэн гэж үздэг сүм хүртэл байдаг.

Тэгвэл нэг адилхан Библийг яагаад ийм тэс өөр өөрөөр тайлбарлаж байгаа юм бол оо? Үүний учир нь Ариун Сүнсээр хөдөлгөгдөн тэмдэглэгдсэн ариун бичээсийг нүглээр бузартсан махан биет хүний нүдээр харж, тайлбарладагт нь байгаа юм. Тиймдээ л зөв ялгаж салган харж чадахгүй байгаа хэрэг. Есүс 『Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ』(Иох 5:39) хэмээн айлдсан байдаг.

Есүсийн дурдсан Бичвэр нь шинэ гэрээний Библийг биш, харин хуучин гэрээний Библийг хэлсэн аж. Хуучин гэрээний бүх эш үзүүлэгчийн зөгнөлийн номыг нарийвчлан судалдаг хүн л Эзэн Ёхова Бурхан хожим махан биеэр ирнэ гэсэн зөгнөл болон мөн Тэрээр Өөрийн ард түмнээ нүглээс аврах Аврагч, Мессиа гэдгийг нь ухаарч чадах төдийгүй Өөрийг нь (Есүсийг) хэн болохыг баттай мэднэ гэсэн үг юм. Тиймээс бид энэ асуудлын талаар нэг нэгэнтэйгээ эцэс төгсгөлгүй маргаж мэтгэлцэн цаг үрэхийн оронд хуучин гэрээний зөгнөлийн номуудыг сайтар судлаад, Есүс хэн болохыг тодорхой мэдэх хэрэгтэй юм.

Хожим ирэх Христийн талаарх хуучин гэрээний зөгнөлүүдийг судлахгүйгээр Есүсийн уг мөн чанар хэн бэ гэдгийг мэдэж чадахгүй. Тэгвэл асуудлын гол баатар болсон Есүс энэ дэлхийд ирэхээс өмнө хаана байсан, бас хэн байсан бэ? Энэ талаарх хуучин гэрээний эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийг эхлээд судалж үзэцгээе.

ГАРЧИГ

  • 1-р бүлэг Есүсийн тухай
  • 2-р бүлэг Бурханы мөн чанар
  • 3-р бүлэг Эзэн Мессиа болж ирэх зөгнөл
  • 4-р бүлэг Есүс нь Аврагч гэсэн утгатай
  • 5-р бүлэг Хуучин гэрээний Ёхова бол шинэ гэрээний Есүс
  • 6-р бүлэг Бурханы Хүү Есүс
  • 7-р бүлэг Цохих чулуу, бүдрүүлгийн хад
  • 8-р бүлэг Ариун Сүнсний тухай
  • 9-р бүлэг Тэнгэр элч ба Ариун Сүнс

1-р бүлэг Есүсийн тухай

Библид Есүсийн тухай янз бүрээр зөгнөсөн байдаг. Зарим үед Бурханаар, зарим үед Бурханы Хүүгээр, зарим үед Бурханы зарцаар, зарим үед эш үзүүлэгч хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс нухацтай судалж үзэхгүй бол үнэн зөв тайлбарлахад хэцүү юм. Одоо хуучин гэрээний зөгнөлүүдийг шинэ гэрээн дэх зөгнөлийн биелэлттэй нь холбон судалж үзэцгээе.

Дэд.Хуу 18:18 『Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.』 Энэ зөгнөлийн биелэл нь Есүс гэдгийг Петр тодорхой гэрчилжээ.

Үйл 3:22-24 『Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.』

Дээрх зөгнөлүүдэд Есүсийг ч эш үзүүлэгч хэмээн зөгнөсөн байна. Мөн Исаиа эш үзүүлэгч ийн айлджээ.

Иса 42:1-4 『Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй. Бяцарсан зэгсийг хугалахгүй, бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.』 Энэ зөгнөлийн биеллийг нь Матай номонд ийн тэмдэглэжээ.

Мат 12:16-21 『Өөрийг нь илчилж болохгүйг тэдэнд сануулав. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийн хэлсэн байна. «Миний сонгосон Зарц, сэтгэлд минь нийцсэн хайртыг минь харагтун. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр харийнханд шударга ёсыг тунхаглана. Тэр мэтгэлцэхгүй, хашхирахгүй. Гудамжнуудад хэн ч дууг нь сонсохгүй. Тэрээр шударга ёсыг ялалтад хүргэтэл бяцарсан зэгсийг хугалахгүй, бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Түүний нэрд харийнхан найдах болно.»』

Дээрх ишлэлүүд дээр Есүсийг Бурханы зарц, мөн Бурханы сэтгэлд нийцсэн Нэгэн, Бурханы сонгосон Нэгэн хэмээсэн байна. Исаиа эш үзүүлэгч мөн ийн зөгнөжээ.

Иса 61:1-2 『Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна. Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж, шаналсан зүрхтэйг нь эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан бүх гашуудагчийг тайвшруулан』 Энэхүү зөгнөлийн биелэл нь Лук номтой холбогдож байна.

Лук 4:16-21 『Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод —Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу, Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж уншаад, номоо хуйлж харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд —Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.』

Уг зөгнөлийг сайтар судалж үзвэл Есүс нэгэн эш үзүүлэгчийн байр сууринд байна.

Тэгтэл мөн Исаиа эш үзүүлэгчийн бичсэн дараах зөгнөлд Эзэн Ёхова Өөрийн биеэр Есүс болж үзэгдэх тухай зөгнөжээ.

Иса 40:3, 9-11 『Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.』 Энэ зөгнөлийн биелэл ч бас баптисч Иохан болон Есүсээр биелсэн юм. Библид ийн айлджээ.

Мат 3:1-3 『Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг.』 Энэ үг нь Иса 40:3-11 ишлэлийн зөгнөлтэй холбоотой.

Баптисч Иохан Эзэний замыг бэлтгэхээр ирсэн нэгэн. Харин Эзэн нь махан бие өмсөөд Есүс болон ирсэн юм.

Исаиа эш үзүүлэгч мөн Эзэнийг Хөвгүүн болон төрнө ч гэж зөгнөсөн.

Иса 7:14 『Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.』 Уг зөгнөлийн биелэл нь Матай 1-р бүлгийн 18-23-р ишлэлтэй холбогдож байна.

Мат 1:18-23 『Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ. Нөхөр Иосеф нь зөвт хүн байсан бөгөөд Мариаг олны шившиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж. Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд гэв. Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэн айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» гэсэн юм.』

“Иммануел” гэдэг нэр нь “Бурхан бидэнтэй хамт байна” гэсэн утгатай. “Есүс” гэдэг нь “Ард түмнээ нүглээс нь аврах Нэгэн” гэсэн утгатай нэр. Иммануел, Есүс гэсэн нэрийн аль аль нь “Бурхан” гэдгийг нь илтгэж байна. Улмаар мөн ийн зөгнөжээ.

Иса 9:6-7 『Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.』

Дээрх үгийг ч нарийн судлаад үзэхэд Эзэн Ёхова Бурхан Хөвгүүн болж мэндлэх талаар зөгнөсөн нь илт байна. Мөн үүнээс гадна ч Бурхан ертөнцөд ирэх тухай янз бүрээр зөгнөгдсөн байдаг. Тэдгээрийг нухацтай биш энгийн бодлоор судалбал үнэн зөв тайлбарлахад хэцүү юм. Гэвч Христийг таньж мэдэх нь хүнээс хамаардаг юм биш, харин Бурханаас өгсөн онцгой бэлэг хэмээсэн. Библид ийн айлджээ.

Иох 1:10-13 『Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.』

Мат 16:16-17 『Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.』

2-р бүлэг Бурханы мөн чанар

Чадахгүй юмгүй, оршихгүй газаргүй Бурханы орших цар хүрээ нь сансар огторгуйг бүхэлд нь дүүргэж, бүх сансар огторгуйн од эрхэс ч багтааж чадахааргүй давчуу хэмээн ийн тэмдэглэсэн байдаг.

1Хаа 8:27 『Гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж үү! Харагтун, тэнгэр болон тэнгэрсийн тэнгэр ч Таныг багтааж чадахгүй билээ. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!』

Иер 23:24 『“Надад харагдахгүй байхаар хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.』

Тиймээс Бурханы нүднээс далд газар гэж байхгүй. Бурханы нүднээс хичнээн далд газар нуугдсан ч Бурханы өмнө юм бүхэн ив ил, тов тод байдаг. Сансар огторгуй бүхэлдээ Бурханы алган дотор хөдөлж байдаг юм. Энэ мэт Бурхан төгс хүчит бөгөөд хамгийн өчүүхэн зүйлсийг ч хүртэл хянаж байдаг.

Мөн бидний онцгойлон мэдэх ёстой зүйл нь Бурхан зөвхөн Сүнсээр оршдог биш, махан биеэр ч мөн оршдог. Улмаар зарим үед замын аянчин болж үзэгдэж ч мэднэ. Библид ийн айлджээ.

Эхл 18:1-4, 10 『ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна. Жаахан ус авчруулж та нар хөлөө угаагаад энэ модны доор амарна уу?』 Тийнхүү Абрахам бин хийж, тарган сайн бяруу барьж хоол хийгээд, цөцгий сүү их бэлтгэж Бурханы өмнө тавив. Бурхан зооглох зуураа 『Би зохих цагт нь чам дээр заавал эргэж ирнэ. Харагтун, эхнэр Сара чинь хүүтэй болно』 хэмээн амласан.

Өөрөөр хэлбэл Бурхан Исаак болж төрнө гэдгээ хэлж байна. Библид ийн айлджээ.

Иох 8:56 『Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв.』 Паул элч мөн ийн тэмдэглэжээ.

Гал 3:16 『Тийнхүү амлалтууд нь Абрахамд болон Үрд нь айлдагдсан юм. Тэр “үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үр удамд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.』

『Бурхан бол сүнс』 (Иох 4:24) гэсэн бөгөөд Бурханы Сүнс Мариагийн биеэс Есүс болон мэндэлсэн хэрэг.

Мат 1:18 『Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ.』

Мөн 『Түүний нэрийг Есүс хэмээн дууд』 гэсэн ба энэ нэр нь Өөрийн ард түмнийг нүглээс нь аврах Нэгэн гэсэн утгатай гэсэн байна. Исаиа эш үзүүлэгч мөн ийн зөгнөсөн байдаг.

Иса 7:14 『… Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.』 Уг нэрний утгыг Матай ийн бичжээ.

Мат 1:23 『… (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ» …』

Тиймээс Иохан элч болон Паул элч Есүсийг Бүтээгч Эзэн гэсэн байна.

Иох 1:1-3 『Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй.』

Иох 1:14 『Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.』 Элч Паул ийн тэмдэглэжээ.

Фил 2:6-8 『Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.』

Ром 9:5 『Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.』 Библид мөн ийн айлджээ.

Кол 1:16 『Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна.』

Төгс хүчит Бурханд чадахгүй зүйл байхгүй. Тэрээр ертөнцийн хүн болж мэндэлж ч чадна, аянчин болж эсвэл гуйлгачин болж үзэгдэж ч чадах юм. Тиймээс Бурхан энэ ертөнцөд дорд нэгнээр төрлөө гэхэд гайхах юм байхгүй.

3-р бүлэг Эзэн Мессиа болж ирэх зөгнөл

Хуучин гэрээний Библид хожим Эзэн Ёхова Өөрийн биеэр Мессиа болон энэ ертөнцөд ирэхийг зөгнөсөн байдаг. Малахи эш үзүүлэгч ийн тэмдэглэжээ.

Мал 3:1 『“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. …” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.』 Энэ үгийн утга нь Эзэн Өөрийн биеэр энэ ертөнцөд ирэхийн тулд зарлага элч болох баптисч Иоханыг түрүүлэн илгээж, Эзэний замыг бэлтгүүлнэ гэсэн үг юм.

Исаиа эш үзүүлэгч хожим ирэх Эзэний замыг бэлтгэх тухай мөн адил утгаар ийн зөгнөжээ.

Иса 40:3, 10-11 『Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань их замыг шулуун болгогтун. … Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.』

Дээрх зөгнөл нь Анхны Есүсийн тухай зөгнөл гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ (Мат 3:1-3, Лук 7:24-27 үзэх). Мөн Исаиа эш үзүүлэгч ийн айлджээ.

Иса 54:13 『Хамаг хөвгүүн чинь ЭЗЭНээр сургагдана, хөвгүүдийн чинь амар тайван нь агуу их болно.』 Энэ зөгнөлийн тухайд Есүс ийн айлджээ.

Иох 6:45-46 『“Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.』

Иох 14:7-9 『Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно. Одооноос эхлэн та нар Түүнийг мэддэг болов. Мөн Түүнийг харсан гэв. Филип Түүнд —Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есүс —Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?』

Тиймээс Исаиа 54:13 ишлэл дэх зөгнөл нь Эзэн Өөрийн биеэр Мессиа болж энэ ертөнцөд ирээд сургамжилна гэсэн айлдвар юм. Есүсээс сурсан хүн нь Бурханаас сурсан хүн, мөн Бурханыг харсан хүн болох юм. 『Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг』 гэсэн нь хялбараар хэлбэл Есүсээс сурсан хүн бүр Есүс рүү ирж чадна гэсэн утгатай.

Иох 6:46 『Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.』

Иох 14:9 『… Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ?』

Иох 10:30 『Би болон Эцэг нэг юм…』

Дээрх ишлэлүүдийг авч үзэхэд үүнээс илүү тайлбар хэрэггүй юм. Мөн Исаиа 7:14 зөгнөлийг дахиад нэг харцгаая.

Иса 7:14 『Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ』 гэсэн зөгнөлийг дахин харцгаая. Энэхүү зөгнөл нь Ариун Сүнсээр олдож Мариагийн биеэс Хөвгүүн болон мэндэлсэн Есүсээр биелсэн гэдгийг хэн бүхэн мэднэ шүү дээ.

Матай 1:18-23 ишлэлд Есүс Ариун Сүнсээр хэвлийд олдсон гэж бичигдэж, Түүний нэрийг Есүс гээд, 『Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул』, мөн 『Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж тэд нэрлэнэ»』 хэмээжээ.

Дахин хэлбэл “Иммануел”, “Есүс” гэсэн үгийн утгыг судалж үзвэл Ариун Сүнс Бурхан нь махан биеэр ирж, ард түмнээ нүглээс нь авран, тэдэнтэй хамт байна гэсэн үг юм. Тиймээс Исаиа тэр хөвгүүний тухай хүндэтгэлтэйгээр ийнхүү тэмдэглэжээ.

Иса 9:6 『Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.』

Есүс Өөрийгөө Бурханы Хүү гэсэн боловч фарисайчууд Бурханы Хүү Христ нь Бурхан байх ёстой гэдгийг мэдэж байсан тул Есүсийг ийнхүү буруутган шүүмжилж байв.

Иох 10:33 『иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.』 Иудейчүүдийн тэгж хэлж байсан учир нь тэд хуучин гэрээний Библид зөгнөгдсөн Христийг ертөнцөд ирэх ёстой Бурхан гэдгийг нь мэдэж байсанд юм.

Буцах

Site Map

사이트맵 전체보기