Есүс Христийн сайн мэдээ гэж юу вэ? Ач холбогдол, агуулга, гол цөм

38948 읽음

Өнөө үед үй олон сүм Христийн сайн мэдээг тунхагладаг гэцгээдэг. Харин тэднээс сайн мэдээ гэж яг юу болохыг асуувал тэд тодорхой хариулт өгч чадахгүй л болов уу. Хэрэв сайн мэдээгээ юу гэдгийг нь мэдэхгүй бол яаж сайн мэдээ тунхаглах болж байна? Есүсийг Аврагчаа гэж итгэн, Түүнийг дагадаг итгэгч мөн л бол Есүс Христийн сайн мэдээ юу болохыг, яагаад чухлыг тодорхой мэдэж байх ёстой шүү дээ.

Сайн мэдээний ач холбогдол

Есүс бол махбодоор ирсэн Бурхан мөн. Төгс хүчит Бурхан тэнгэр элч нараа эсвэл эш үзүүлэгчийг хэдийд ч илгээж болно шүү дээ. Гэтэл тэгэхийн оронд Өөрөө хүний төрхөөр энэ дэлхийд ирээд сайн мэдээ тунхагласан юм. Эндээс сайн мэдээ ямар үнэ цэнэтэй, ямар чухал болох нь амархан ойлгогдох биз ээ. Бид Есүсийн тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээнд агуулагдаж буй ерөөлүүдийг судлаад үзэх юм бол түүний ач холбогдол бүр ч тодорхой болох юм.

“Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна. Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэнээр харийнхан энэхүү биеийн хамтран өвлөгчид ба хам бие болох агаад сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтын хамаатан болжээ.” Ефе 3:4-6

Бурханыг мэддэггүй байсан харь үндэстнүүд ч хүртэл сайн мэдээгээр дамжин хамтран өвлөгчид, хам бие, амлалтын хамаатан болно гэжээ. Бурханы амлалт нь мөнх амь шүү дээ (1Иох 2:25). Сайн мэдээг ухаарч, сахидаг хэн бүхэн тэнгэрийн хаанчлалын хамтран өвлөгч, ариун Христийн хам бие болж, мөнх амь авах болно. Өөрөөр хэлбэл энэ нь сайн мэдээгүйгээр тэнгэрийн хаанчлалд ч орохгүй, мөнх амь ч авах боломжгүй гэсэн үг юм. Сайн мэдээ нь тэнгэрийн хаанчлалын “мөнх амь” гэх агуу ерөөлийг дотроо шингээсэн, ерөөлтэй чухал мэдээ юм.

Есүс Христийн сайн мэдээ гэдэг нь

Сайн мэдээ нь “ерөөлтэй мэдээ” гэсэн утгатай. Өргөн утгаараа хуучин гэрээг ч мөн “сайн мэдээ” гэж хэлж болно. Учир нь хуучин гэрээнд Бурханы хүмүүсийг ерөөсөн үгс тэмдэглэгдсэн байдаг. Гэвч шинэ гэрээний Библид дурдсан сайн мэдээ нь Есүс Иоханаас баптисм хүртсэн үеэс эхэлсэн гэж бий (Лук 16:16, Мар 1:1, Мат 4:17). Тэр цагаас хойш тунхаглагдаж эхэлсэн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ загалмайгаар дуусгавар бололгүй, харин дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилнэ хэмээн айлджээ.

“Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” Мат 24:14

Тэгвэл Есүсийн тунхагласан сайн мэдээ яг юу вэ?

“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.” Мар 16:15

“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. …” Мат 28:19-20

Есүс амилсныхаа дараа шавь нартаа “Сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” гэсэн тушаалыг Матай “Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа” гэж тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл сайн мэдээ нь Есүсийн зааж, тушаасан бүх зүйл юм. Есүсийн гурван жилийн турш биечлэн жишээ үзүүлж, үйлдсэн зүйлсийг нарийвчлан судалж, Түүний ул мөрийг даган алхах нь чухал.

Есүс баптисм хүртэж (Лук 3:21), заншсан ёсоороо долоо дахь өдөр Амралтын өдрийг сахин (Лук 4:16), Майхан баяраар сүмд очиж, тунхаглан (Иох 7:2, 37-39), шинэ гэрээний Алгасал баярыг тогтоосон (Мат 26:17-28, Лук 22:15-20). Үүнчлэн Есүсийн биечлэн сахисан Бурханы баярууд нь орхигдуулж болшгүй тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ юм. Есүс “Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” хэмээн айлдсан нь Түүний бүх үйлдэл хүн төрөлхтний авралын төлөөх сургаал байсныг баталж байна (Иох 13:15).

Сайн мэдээний гол цөм нь шинэ гэрээний Алгасал баяр

Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг “шинэ гэрээ” гэж хэлж болно.

“… Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.” Кол 1:23

“Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. …” 2Кор 3:6

Колоссай болон 2Коринт номыг бичсэн элч Паул өөрийгөө сайн мэдээний үйлчлэгч, мөн шинэ гэрээний үйлчлэгч хэмээн хэлжээ. Эндээс харахад сайн мэдээ нь шинэ гэрээг хэлж байх нь. Шинэ гэрээний сайн мэдээний гол цөм болсон үнэн нь Алгасал баяр юм. Тиймээс Есүс сүүлчийнхээ Алгасал баярыг шавь нартайгаа цуг тэмдэглэж, шинэ гэрээ байгуулжээ.

“Цаг болоход Тэр тухлан суулаа. Элч нар Түүнтэй хамт байв. Есүс тэдэнд —Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ. … Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.” Лук 22:14-15, 19-20

Шинэ гэрээний Алгасал баярт Ефес 3-р бүлэгт бичигдсэн сайн мэдээний бүхий л ерөөл агуулагддаг. Эцэг эхийнхээ цусыг өвлөн авч байж үр хүүхэд нь болдог шиг шинэ гэрээний Алгасал баяраар Бурханы мах цусыг өвлөн авсан хүн Бурханы хүүхэд буюу өв залгамжлагч нь болох юм (Ром 8:16-17). Мөн шинэ гэрээний Алгасал баяр сахисан итгэгчид Христ дотор нэгэн бие болно (1Кор 10:16). Өөрөөр хэлбэл Христийн хам бие болно гэсэн үг. Түүнчлэн Есүс Өөрийнх нь махыг идэж, цусыг нь уусан хүн мөнх амьтай хэмээн айлдсан тул (Иох 6:53-54) шинэ гэрээний Алгасал баяр сахидаг итгэгчид мөнх амь авах юм.

Ийнхүү сайн мэдээн дотор амласан алив ерөөл шинэ гэрээний Алгасал баяраар өгөгдөх аж. Есүсийн тушаалыг хүлээн авч, сайн мэдээний үйлчлэгч хүний ёсоор өөрсдийгөө бүрэн зориулсан элч нар сайн мэдээний гол үнэн болсон Алгасал баярыг тунхаглан, үүнийг сахих ёстойг онцолж байжээ (1Кор 11:23-26). Мөн тэд Христийн сайн мэдээг дагадаггүй юм уу өөр сайн мэдээ дагадаг хүмүүсийг өшөө авалт, хараал дагалдахыг хэлсэн байдаг (2Тес 1:7-9, Гал 1:6-9). Тиймээс хэрэв энэ нь Христийн сайн мэдээг тунхагласан анхны сүмийг залгамжилсан сүм мөн л бол өөр сайн мэдээг биш гагцхүү Есүсийн зааж, жишээ үзүүлсэн Алгасал баяраас эхтэй шинэ гэрээний үнэнийг сахих учиртай.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기