
ТОВЧ АГУУЛГА
Бурхан хуучин гэрээний үед Мосегийн хуулийг (хуучин гэрээ), шинэ гэрээний үед Христийн хуулийг (шинэ гэрээ) тогтоожээ. Ан Сан Хун Христ энэхүү номондоо Арван тушаалын эхний дөрөв, тухайлбал “Бурханд хамааралтай тушаал” нь Бурханы баяраар биелдгийг илчилсэн юм. Улмаар тэдгээр баяр нь Христийн хууль (шинэ гэрээ) болж өөрчлөгдсөн гэдгийг ч бидэнд мэдүүлсэн. Мөн Тэрээр энэ үед шинэ гэрээний баяруудыг сахидаг Бурханы сүм л Библийн зөгнөлийг биелүүлсэн амлалтын үр удам болохын зэрэгцээ сүүлийн бороо Ариун Сүнсний ерөөл авах сүм болохыг гэрчилж үлдээжээ.
ӨМНӨХ ҮГ
Библийг судлах хамгийн гол зорилго нь Христийн үнэт цус бидэнд хэрхэн мөнх амь өгөх вэ гэдгийг ухаарах юм. Өнөө үед бид Христийн хайрыг биеэрээ мэдэрч, Бурханы өнө эртнээс нууцалсан авралын төлөвлөгөөг ойлгох гэсэндээ хуучин гэрээний хуулийг судалдаг билээ. Энэ нь бидэнд өнгөрснөөр дамжуулан өнөө үеийг, өнөө үеэр дамжуулан ирээдүйг ойлгуулах гэсэн Бурханы мэргэн ухаан, Бурханы хүсэл таалал юм.
Бурхан итгэлийн өвөг Абрахамын гэр бүлээр дамжуулан хожим гарах хоёр гэрээг харуулсан байдаг. Зарц бүсгүй Хагар Ишмаелыг төрүүлсэн нь Синаи уулнаас гарсан хуучин гэрээ буюу Мосегийн хуулийг бэлгэдэж (Иох 7:19), эрх чөлөөт эмэгтэй Сара Исаакийг төрүүлсэн нь Сионоос гарах шинэ гэрээ буюу Христийн хуулийг бэлгэддэг аж. Мосегийн хууль бол хожим гарах Христийн хуулийн сүүдэр болохоос бодит нь биш. Тиймд Бурхан Мосегийн хуулийн дор харанхуй байсан бидний сэтгэлийг гэрэлтүүлж, Христийн хуулийн ивээл дотор оршиж чадах замыг нээсэн юм.
Энэхүү номыг судалж үзвээс харанхуй дунд төөрөн байсан бидний сүнсийг амь болон баяр баясгалангийн зам руу хөтөлж, алдаж хагацсан тэнгэрийн хаанчлалд нь дагуулж явах гэсэн Бурханы үнэнхүү дуу хоолойг сонсох болно.
Энэхүү ном нь Ан Сан Хун Христийн бичсэн хэд хэдэн бяцхан номыг нэгтгэсэн товхимол юм. Үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл хичээнгүйлэн судлаад, мөнх амийн сүр жавхлант сэнтийд хамтран хуваалцагч болохыг чин сэтгэлээсээ хүсэх байна.
ГАРЧИГ
- 1-р бүлэг Арван тушаал ба үсгийн хууль
- 2-р бүлэг Шинэ гэрээ ба хуучин гэрээ
- 3-р бүлэг Шинэ гэрээний тогтолцоо
- 4-р бүлэг Амийн жимс ба Арван тушаал
- 5-р бүлэг Хуучин гэрээ шинэ гэрээгээр өөрчлөгдсөн нь
- 6-р бүлэг Тэнгэрийн Иерусалим ба газрын Иерусалим
- 7-р бүлэг Аароны хэргэм ба Мелхизедекийн хэргэм
- 8-р бүлэг Амлалтын үр удам
- 9-р бүлэг Сүүлийн борооны Ариун Сүнс
- 10-р бүлэг Хоолны талаарх Библийн сургаал
1-р бүлэг Арван тушаал ба үсгийн хууль
Арван тушаал болон шинэ гэрээнд “зааварчлага” гэж тайлбарлагддаг үсгийн хууль нь хоорондоо ямар холбоо хамааралтай юм бол? Мосег Синаи уулнаас Арван тушаал авах үед Бурхан ийн айлджээ.
Гэт 24:12 『… Би чамд чулуун хавтангуудыг, Өөрийн бичсэн хуулийг ч, тушаалуудыг ч тэдэнд заахын тулд өгье гэв.』 Элч Паул ромчуудад бичсэн захидалдаа ийн тэмдэглэсэн байна.
Ром 7:5-7 『Учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн (үсгийн, 2004 оны хэвлэлт) хуучрал дор биш, харин Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг. Тэгвэл бид юу ярих вэ? Хууль нь нүгэл үү? Огт үгүй! Гэхдээ хуулиар биш бол би нүглийг мэдэхгүй байхсан. Хэрэв хууль «Чи бүү шунахайр» гэж хэлээгүй байсан бол би шунахайрлын учрыг мэдэхгүй байхсан.』 Дээр ийнхүү дурдсанчлан хууль, судар бичгийн буюу үсгийн хууль, тушаал зэрэг нь бүгд адилхан утгатай юм. Библид мөн ийн айлджээ.
2Кор 3:6-7 『Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж. Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн…』
Ефе 2:15 『Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, …』
Евр 7:16 『Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, …』
Евр 7:18-19 『Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд (учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) …』 Энэ ишлэл нь чулуун дээр үсгээр сийлэгдсэн Арван тушаал дотор үсгийн хуулийн зарим хэсэг байгааг харуулж өгч байна.
Үсгийн хуультай холбоотой дээрх ишлэлүүдийг нухацтай судалж үзвэл Арван тушаал нь үсгийн хуулин дотор багтаж байгаа нь тодорхой юм. Дүгнэн хэлэхэд үсгийн хууль нь Арван тушаалыг агуулж байна гэсэн үг. Мөн Арван тушаалыг агуулж байдаг хуучин гэрээ нь шинэ гэрээгээр бүрэн өөрчлөгдсөн (Евр 7:12 үзэх).
Арван тушаал ба баяр
Мосегийн хуулинд Арван тушаалыг гэрээ гээд, баяруудыг ч мөн гэрээ гэж нэрлэсэн байдаг. Мосе хоёр дахь удаагаа Арван тушаал авахаар Синаи уул өөд өгсөн гарч, тэндээ дөч хоногийн турш байх хооронд Эзэн бүх хуулиудыг тунхаглан зарлахдаа 3 удаагийн 7 баярын талаар айлдахын сацуу уг баяруудын утга учрын дагуу гэрээ байгуулж, гэрээний хавтангуудыг Мосед өгчээ (Гэт 34:18-28 үзэх).
Гэт 34:27-28 『Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу (3 удаагийн 7 баярын дагуу) Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. Мосе тэнд ЭЗЭНтэй хамт дөчин өдөр, дөчин шөнө байлаа. Тэр талх ч идсэнгүй, ус ч уусангүй. Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.』
Дэд.Хуу 4:13-14 『Ингэж ЭЗЭН та нарт гэрээгээ зарлаж, даган мөрдөхийг тушаасан. Энэ нь Арван тушаал бөгөөд түүнийгээ хоёр чулуун хавтан дээр Өөрөө бичсэн билээ. Гатлан очиж эзлэх гэж буй газарт чинь та нараар эдгээрийг дагаж мөрдүүлэхийн тулд энэ зарлиг, шийдвэрүүдийг та нарт таниулан заахыг ЭЗЭН тэр үед надад тушаасан билээ.』
Дэд.Хуу 5:2-3 『ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ.』 2Хаад номонд Алгасал баярыг гэрээний үгсийн дагуу сахисан хэмээсэн (2Хаа 23:1-3, 21-23 үзэх). Элч Паул мөн еврейчүүдэд ийн захидал бичсэн байна.
Евр 9:1-7 『Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс (ариун газар, 2004 оны хэвлэлт) ба үйлчлэлийн тогтоолуудтай байж. …』
Паул Эвлэрүүлгийн өдрийн талаар дурдахдаа “Анхны гэрээ нь үйлчлэлийн тогтоолуудтай” гэсэн. Тиймд Арван тушаал нь Бурханы бидэнд өгсөн гэрээний үгс бөгөөд эхний дөрвөн тушаал нь цорын ганц Бурханд л үйлчлэхийн төлөөх гэрээ юм. Зөвхөн баяраар дамжуулан Бурханд итгэмжтэй байх боломжтой. Тодруулж хэлбэл Арван тушаал, баяр хийгээд ариун газар нь салгаж боломгүй нэг цогц юм. Библид ийн айлджээ.
Иса 33:20 『Манай баяр наадмын хот Сионыг харагтун! …』
Евр 9:1 『Тэгэхлээр анхны гэрээ нь энэ дэлхийн ариун юмс (ариун газар, 2004 оны хэвлэлт) ба үйлчлэлийн тогтоолуудтай байж.』
Евр 9:18-20 『Түүнчлэн анхны гэрээ ч цусгүйгээр батлагдаагүй юм. Учир нь хуулийн дагуу тушаал бүрийг Мосе бүх хүнд айлдсаны дараа тэрээр тугал [болон ямааны] цусыг ус, час улаан ноос, балууны мөчрийн хамт авч, уг ном дээр болон бүх хүн дээр цацаад, “Энэ бол Бурханы та нарт тушаасан гэрээний цус мөн” гэж хэлжээ.』 Арван тушаал байгаа учраас л ариун газар баригдсан. Мөн ариун газар байгаа учраас л баяр тогтоогдсон аж.
Эзэний агуу өдрүүд гэж баяруудыг хэлсэн юм (Лев 16:29-31, Иох 7:37, Иох 19:31 харьцуулах). Эрт үед израиль ард түмэн энэхүү гэрээг зөрчсөний улмаас хараагдаж (Иса 24:1-5 үзэх), баяруудын талаар дахин ухаарч, сахисан үедээ ерөөгдөж байсан юм.
Таваас арав дахь тушаал хүртэл хүн хоорондын харилцааны тухай хууль юм. Тиймд энэ хуулиудыг сахилаа гээд бид Бурханд итгэмжтэй байж чадахгүй. Эдгээр нь ердөө хүмүүс хоорондын сайхан харилцаанд тустай төдий болохоос Бурханы ашиг тусын төлөө биш юм (Иов 35:6-8 үзэх). Арван тушаал болон баярыг өөр гэж боддог хүмүүс одоо болтол хуучин гэрээ, шинэ гэрээ хоёрыг хооронд нь ялгаж чаддаггүй хүмүүс юм.
Зарим хүн гэрээний авдар дотор тавьсан Арван тушаалыг мөнхөд байна, харин гэрээний авдрын хажууд тавьсан хуулийн ном нь (Дэд.Хуу 31:24-26) Есүсийн загалмайгаар устаж, хүчингүй болсон гэж зүтгэдэг.
Тэгэхээр бид Арван тушаал болон хуулийн номны хоорондын холбоо хамаарлыг судалж үзэх хэрэгтэй. Гэрээний авдрын хажууд тавь гэсэн хуулийн ном нь Гэтлэл, Леви, Тооллого, түүнчлэн Дэд хууль ном юм. Израилийн ард түмнийг Египетээс гарснаас хойш дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр буюу Канаан нутагт орохын өмнөхөн Моабын нутагт Израилийн бүх чуулганыг цуглуулж, энэхүү Дэд хууль номын үгийг тайлбарлан, улмаар бичиж тэмдэглэсэн байна (Дэд.Хуу 1:1-5, 27:11, 31:22-26 харьцуулах).
Энэ Дэд хууль номонд Арван тушаал болон Арван тушаалын нарийвчилсан тайлбар байдаг (Дэд.Хуу 4:12-14, 5:1-21, 29:1 харьцуулах). Мөн хоолны тухай, аравны нэгийн тухай ч тэмдэглэсэн байдаг (Дэд.Хуу 14:3-21, 22-23). Тиймээс дотор нь Арван тушаал байдаг энэхүү хуулийн номыг хүчингүй болсон гэж ярьдаг хүмүүс аравны нэг болон хоолны талаарх хуулийг төдийгүй Арван тушаалыг ч хүртэл хүчингүй болсон гэж ярьсантай адил. Учир нь Дэд хууль номонд Арван тушаал, аравны нэг, хоолны талаарх хууль бүгд орсон. Тиймээс Дэд хууль ном хүчингүй болсон бол Арван тушаал, аравны нэг, хоолны талаарх хууль ч мөн бүгд хүчингүй болсон гэсэн үг болно шүү дээ. Тэрхүү хуулийн номыг гэрээний авдрын хажууд тавьсан нь гэрээний авдар дотор байгаа Арван тушаалын талаар нэг бүрчлэн бичиж тэмдэглэсэн ном болохоор тэр юм. Арван тушаалын зарим хэсэг, тэдгээрийн тайлбарыг доор дурдъя.
Хүнд хамааралтай тушаал
Гэт 20:12 『Эцэг эхээ хүндэл. …』 Уг тушаалтай холбогдуулан хуулийн номонд ийн нарийн тэмдэглэсэн байдаг.
Гэт 21:15 『Хэн эцэг эхээ цохино тэр заавал алуулах ёстой.』
Гэт 21:17 『Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.』
Дэд.Хуу 21:18-21 『Хэрвээ эцэг эхийнхээ дуу хоолойг дагадаггүй, зөрүүд, тэрслүү хүүтэй хүн хүүгээ зодож занчсан ч тэр нь дуулгаваргүй хэвээр байвал эцэг эх нь түүнийг барьж аваад, хотынхоо хаалга уруу хотын ахмадуудад хүргэж өгөөд, хотынхоо ахмадуудад “Манай энэ хүү зөрүүд, тэрслүү хүүхэд, бидний үгэнд ордоггүй танхай балмад, архичин” гэвээс хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Ийнхүү чи дундаасаа ёр мууг зайлуул. …』
Дэд.Хуу 27:16 『“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.』
Дэд.Хуу 5:17 『Чи хүн бүү ал.』 Уг тушаалтай холбогдуулан ийн тэмдэглэжээ.
Гэт 21:12-14 『Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой. Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө. Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг үхүүлэхийн тулд Миний тахилын ширээнээс салгаж ав.』
Гэт 22:2-3 『Хэрэв хулгайч үйлдэл дээрээ баригдан цохиулж үхвээс түүний төлөө цусан өшөө байхгүй. Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. …』
Дэд.Хуу 19:4-6 『Тийшээ зугтан очиж амь мултарч болох алуурчны хэрэг ийм байх юм. Тэр хөршөө урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд…』
Дэд.Хуу 5:18 『Чи бүү завхайр.』 Уг тушаалтай холбогдуулан ийн бичжээ.
Лев 20:10-22 『Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг. Эцгийнхээ эхнэртэй унтсан хүн эцгийнхээ нүцгэн биеийг гаргасантай адил тул тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой бөгөөд өөрсдийнхөө цусыг тэд өөрсдөө хариуцна. Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулаг. Тэд гаж явдалтнууд бөгөөд…』
Дэд.Хуу 22:23-30 『Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад хавьтвал та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. …』 Дээрх үгсээс гадна завхайрлын талаарх тайлбарууд ч тэмдэглэгдсэн байдаг.
Дэд.Хуу 5:19 『Чи бүү хулгайл.』 Уг тушаалтай холбогдуулан ийн бичжээ.
Гэт 22:1-9 『Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, … төлнө. … Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө өөрийг нь худалдах ёстой.』
Дэд.Хуу 24:7 『Хэрэв хэн нэг нь ах дүү Израилийн хөвгүүдээс хүн хулгайлж, түүнийгээ боолчилсон юмуу худалдсан нь мэдэгдвэл хулгайчийг ал. Та нар дотроосоо ёрын мууг ийнхүү зайлуул.』
Үүнээс гадна хулгайн талаарх нарийн тайлбарууд Мосегийн хуулийн номонд их тэмдэглэгдсэн байдаг (Дэд.Хуу 24:10-22, 28:1-68 үзэх).
Анхны тушаал ба түүний тайлбар
Хуулийн номонд хүнд хамааралтай тушаалуудын нарийн тодорхой тайлбарууд бичигдсэн шиг Бурханд үйлчлэхтэй хамаатай тушаалуудын нарийн тайлбар ч мөн бичигдсэн байдаг. Бурханы Мосед өгсөн Арван тушаал бол ар өвөргүй бичигдсэн хоёр чулуун хавтан юм (Гэт 32:15-16, 34:28-29). Нэгдүгээр хавтан дээр эхнийхээс дөрөв дэх тушаал хүртэл сийлэгдсэн байдаг ба эдгээр нь Бурханд үйлчлэхийн төлөөх тушаалууд юм. Хоёрдугаар хавтан дээр таваас арав дахь хүртэл тушаал бичигдсэн байдаг нь хүнд хамааралтай тушаал болно. Харин эхний дөрвөн тушаалыг Бурханд үйлчлэхийн төлөөх тушаал гэж нэрлэсэн учир нь Амралтын өдөр төдийгүй бүх баяр нь зарлигийн дагуу ариун газарт, цорын ганц Бурханд л үйлчлэх тушаал болохоор тэр юм.
Тэгвэл яаж, ямар арга замаар анхны тушаалыг сахих вэ?
Библид “Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Гэт 20:3) гэж айлдсан байдаг. Энэ тушаал нь зөвхөн “Өөр бурхдад үйлчилж болохгүй” гэсэн үг төдий биш, “Өөр бурхдад үйлчилж болохгүй” гэхийн зэрэгцээ “Зөвхөн Надад үйлчил” гэсэн хоёр тушаалыг өөртөө агуулж байдаг юм.
Тиймээс өөр бурхдад үйлчлэлгүй, зөвхөн Бурханд л үйлчлэх арга нь Алгасал баярын тахил юм. Учир нь Алгасал баяр нь боолчлол хийгээд үхлийн газар болсон Египетээс аврагдсан өдөр билээ.
“Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” гэсэн анхны тушаал нь Бурханы дарангуйлсан шаардлага биш. “Өөр бурхдад бүү үйлчил” гэсэн нь Бурханд л үйлчлэх ёстой зайлшгүй шалтгаан байгаа учраас тэр юм. Учир нь Бурхан “Египетээс, боолчлолын гэрээс гарсан тул энэ өдрийг дурсан сана” гэж айлдсан шүү дээ (Гэт 13:3-10, 12:17 харьцуулах). Мөн “Аврагдсан энэхүү өдрийг дурсан, Эзэний баяр болгон тогтоож, үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ” хэмээсэн.
Тиймээс Бурхан анхны тушаал болон Алгасал баярын талаар айлдахдаа эхэнд нь яг ижил үг хэрэглэжээ. “Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Дэд.Хуу 5:6-7, Гэт 20:2-3) гээд, Алгасал баярын талаар айлдахдаа ч “Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана!” (Гэт 13:3-10, 12:17, Дэд.Хуу 16:1-17 харьцуулах) гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ үг нь “Өөрийнхөө золиосын цусаар боолчлолын гэрээс, Египетийн нутгаас чамайг гаргаж авчирсан тул Би та нарын Аврагч биш гэж үү? Иймд Надаас өөр бурхдад үйлчилж болохгүй ээ. Чамайг аварч гаргасан тэр өдрийг дурсан санаж, тэр өдөр Надад үйлчил” гэсэн утгатай юм.
Бурханы анхны тушаалын талаар баттай мэддэг хүн олон байдаггүй. Бурханы хамгийн том нууц анхны тушаал дотор байдаг. Тиймээс энгийн хүн анхны тушаал гэж мэддэг ч, түүний зүй тогтлыг ойлгодоггүй. Тийм болохоор нэг хуульч Есүсийг сорьж, “Хэрэв Та жинхэнэ эш үзүүлэгч мөн юм бол аль тушаал нь агуу гэдгийг мэдэх үү?” гэж ийн асуудаг. Библид ийн айлджээ.
Мат 22:35-40 『Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. …』
Бүх эш үзүүлэгчийн бичсэн тэмдэглэлд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрла гэсэн анхны тушаалыг сахисан хүнийг Иудагийн Иосиа хааны түүхээс л олж харах боломжтой.
2Хаа 23:25 『Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа ЭЗЭН өөд эргэсэн түүн шиг хаан түүний өмнө ч байгаагүй, түүнээс хойш ч гарсангүй.』
Иосиа хааныг Мосегийн бүх хуулийг сахисан хаан гэж тэмдэглэсэн байна. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханы анхны тушаал болох Алгасал баярыг сахисан нь түүний агуу амжилт байсан юм. Библид ийн айлджээ.
2Хаа 23:21-25 『Тэгээд хаан бүх ард түмэнд —Гэрээний энэ номд бичигдсэн ёсоор өөрийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэгтүн гэж тушаав. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр Алгасалыг тэмдэглэж байгаагүй билээ. Харин Иосиа хааны арван наймдугаар онд Иерусалим хотноо ЭЗЭНд Алгасалыг сахисан юм. …』
Иосиа хааны үйлсээс харсанчлан Алгасал баяр сахих нь Бурханы анхны тушаал гэдгийг Есүс тодорхой нотолжээ. “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” (Мат 22:37-38, 2Хаа 23:21-25 харьцуулах) гэж айлдсан нь Есүс Алгасал баярыг заан хэлсэн юм. Мосе Израилийн бүх чуулганы өмнө Алгасал баярын талаар тайлбарлахдаа ийн хэлжээ. Библид ийн айлджээ.
Дэд.Хуу 6:4-9 『Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга. Мөн түүнийг гэрийнхээ хатавчин дээр ч, хаалган дээр ч бич.』
“Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга” гэсэн нь Алгасал баяр сахихыг хэлсэн үг болно.
Гэт 13:9-10 『Үүнийг (Алгасал баярыг) гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ. Тиймээс жил бүр, товлосон цагт нь энэ зарлигийг сахь.』
Тиймээс “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла” гэсэн үг нь Алгасал баярыг заасан аж.
Алгасал баяр нь бүх бурхдыг шүүх өдөр
“Чи Надаас өөр бурхдад үйлчилж болохгүй” хэмээх айлдлыг гүн гүнзгий судалж үзвээс энэхүү анхны тушаал нь Алгасал баяр сахих явдал гэдгийг ухаарч болно. Бурханы Алгасал баяр нь анхны тушаал бөгөөд бид үүнийг сахих аваас өөр бурхдад үйлчлэхгүй, боолчлолын Египет нутгаас хөтлөн гаргасан Бурханд л үйлчлэх нөхцөл болдог юм. Учир нь бид Бурханы Алгасал баяр сахихад өөр бурхад устдаг юм. Мөн Алгасал баярыг сахихгүй бол биднийг мэдээ ч үгүй байхад өөр бурхад халдан орж ирдэг юм. Библид ийн айлджээ.
Гэт 12:12, Тоо 33:4 『Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.』
Зарим хүн “Хамаг бурхдад ял шийтгэл буулгана” гэсэн үгийг зөвхөн Египетээс гарсан тэр үеийг л зааж хэлсэн гэж боддог. Гэвч ямар ч үед байсан израиль ард түмэн Алгасал баяр сахихгүй л бол өөр бурхдад татагдаж, мөргөлийн өндөрлөгүүд босгож, Ашерагийн модон шон бүтээн, Баалд үйлчилж, бөө, сүнс дуудагчид олширцгоодог байв. Харин Бурхан эш үзүүлэгчдийг илгээн, Алгасал баяраа дахин сахиулахад тэдгээр бүх бурхад, шүтээн, сүнс дуудагчид болон бөө нар устгагдаж байжээ.
Эрт үед Хезекиа болон Иосиа хааны үед ч удаан хугацаанд баяр сахиагүйгээс болоод шүтээнүүдээр дүүрсэн байсан юм. Харин Алгасал баярыг дахин сахихад тэдний нүд нээгдэж, Иерусалим, Иудагийн газраар дүүрсэн сүнс дуудагчид, шидтэнүүд, терафим, шүтээнүүдийг болон бүх л бузар юмсыг устгаж байжээ (2Хаа 23:21-24, 2Шас 30:1-5, 31:1). Улмаар Алгасал баяр сахисныхаа дараа тахилч нар ард түмний төлөө залбирахад тэр залбирал нь тэнгэрт хүрч байв.
2Шас 30:27 『Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу ЭЗЭНд сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.』
Хезекиа болон Иосиа хаан ч хүртэл удаан хугацаанд Алгасал баяр сахиагүйдээ болоод шүтээнүүдийг устгахаасаа өмнө тэдгээр шүтээнд мөргөдөг байсан. Харин Бурханы Алгасал баяр сахиад бүх шүтээнээ устгажээ. Учир нь Египетээс гарсан үед Алгасал баярыг Бурхан хэдийнээ “шүтээнүүдийг шүүх өдөр” болгон тогтоосон юм. Аль ч үед Бурханы ард түмэн Алгасал баярыг сахивал өөр бурхад шүүгдэн устгагдана. Харин Алгасал баяр сахихгүй бол өөрийн мэдэлгүй өөр бурхдад зайлшгүй үйлчлэх болдог.
Эрт цагт Израилийн хаан Иеробоам ард түмнээ Бурханы баяр сахиулахгүй гэж хоёр алтан тугал бүтээж, нэгийг нь Бетелд, нөгөөг нь Данд тавиад, ард түмэнд хандан “Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун” (1Хаа 12:25-33) гэсэн байдаг.
МЭӨ 975 оны үед Иеробоам ард түмнийг баяр сахиулахгүй гэж баярын оронд бүтээсэн тэрхүү алтан тугал, шүтээнүүд, мөргөлийн өндөрлөгүүд нь 300 жилийн туршид Иосиа хааны үеийг хүртэл шүтэгдэж иржээ. Иосиа хаан ариун газраас санаандгүй олдсон хуулийн номыг уншаад, Алгасал баярыг ухаарч, бүх шүтээн, тахилын ширээ болон мөргөлийн өндөрлөгүүдийг хүртэл бүгдийг устгасан юм (2Хаа 22:1-20, 23:15-20 үзэх). Мөн Алгасал баяр сахисныхаа дараа үлдсэн шүтээн, сүнс дуудагчдыг ч хүртэл бүрмөсөн устгасан аж (2Хаа 23:21-24).
Өнөө үед ч бас хүмүүс Есүсийн шинэ гэрээгээр тогтоосон тэр өдрийг хайхрахгүй, өөр өдөр тогтоон, түүнийгээ сахицгааж байна. Энэ нь Иеробоам шүтээн хийж, өөр өдөр баяр тогтоож байсантай адилхан юм. Энэ тухайд Езекиел эш үзүүлэгч ийн бичжээ.
Езе 11:12 『Тэгвэл Намайг ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно. Учир нь та нар Миний зарлигуудаар явалгүй, тогтоолуудыг минь гүйцэлдүүлэлгүй, харин эргэн тойронд чинь буй үндэстнүүдийн шийдвэрүүдийн дагуу үйлдсэн” гэв.』
Өнгөрсөнд ч, өнөө үед ч Бурханы тогтоосон зарлигийг сахихгүй л бол зайлшгүй өөр дурсгалын өдөр тогтоон, сахихад хүрдэг. Өөрөөр хэлбэл үндэстнүүдийн зарлиг шийдвэрүүдийг дагадаг. Тиймээс Бурханы тогтоосон зарлигийн дагуу Алгасал баяр сахихгүй бол өөр бурхдад үйлчлэх болдог.
Зарим хүн Алгасал баяр нь зөвхөн махан биеийн израиль ард түмэнд хамааралтай, Алгасал баярыг загалмайгаар хүчингүй болгосон гэцгээдэг. Хуучин гэрээний үед ч мөн Алгасал баяр сахидаггүй байсан хүмүүс “Алгасал баяр нь Египетээс гарсан үед л хэрэг болсон, харин одоо илүү сайн аргаар Бурханд үйлчлэх ёстой” гээд шүтээн хийж үйлчилдэг байв. Өнөө үед ч мөн авралын үйл хэргийн зүй тогтлыг ухаарахгүй бол тэгж бодоход хүрнэ. Харин Алгасал баяр нь зөвхөн махан биеийн израиль ард түмэнд хамаатай биш, үнэндээ дэлхий даяар байгаа сүнсний израиль ард түмэн аврагдах чухал өдөр юм.
Хуучин гэрээний үед махан биеийн израиль ард түмнийг Египетээс гарган, Канаан нутагт оруулсан Алгасал баяр нь ялзарч үгүй болох махан биеийн израиль ард түмний төлөө тогтоогдсон баяр биш, үнэн хэрэгтээ бол сүнсний израиль ард түмний төлөө тогтоогдсон баяр юм. Алгасал баярын шөнийг “Эзэнд зориулагдсан шөнө” хэмээжээ (Гэт 12:42).
Египетэд сахисан Алгасал баяр нь хуулбар байсан бөгөөд Есүс шавь нартайгаа сүүлчийн удаа шинэ тушаал буюу шинэ гэрээ болгон сахисан Алгасал баяр нь үүний бодит юм (Лук 22:20, Евр 9:15 харьцуулах). Энэ нь Есүс дэлхий даяар нүгэлд боолчлогдон байгаа Өөрийн ард түмнийг аварсан өдөр юм. Бид энэ өдрийг сахиснаар өөр бурхдад үйлчлэлгүй, биднийг аварсан Есүст л үйлчлэх нөхцөл бүрдэх юм. Алгасал баярыг загалмайгаар хүчингүй болгосон бус, харин ч тэр өдрийг гэрэлтүүлсэн болно.
Зарим хүн “Хуучин гэрээний үед баярыг чухал гэж үздэг байсан учраас тэр үед Алгасал баярыг анхны тушаал гэж тооцож болно л доо. Харин энэ баярыг шинэ гэрээний үед загалмайгаар хүчингүй болгосон” гэж ярьдаг. Гэвч Алгасал баяр нь хуучин гэрээний үед анхны тушаал байсан бол шинэ гэрээний үед ч мөн анхны тушаал байх ёстой. Учир нь хуучин гэрээ нь сүүдэр, шинэ гэрээ нь түүний бодит шүү дээ.
Хоёр дахь тушаал ба түүний тайлбар
Хоёр дахь тушаалд 『Өөртөө зориулан шүтээн… бүү хий. …』 (Дэд.Хуу 5:8-10) хэмээсэн.
Дэд.Хуу 4:15-19 『ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун. Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. …』
Гэт 20:22-24 『… “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа. Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий. Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.』 Энэ бүх үгс гэрээний авдрын хажууд тавигдсан хуулийн номонд бичигдсэн байдаг.
Мөн зөвхөн ямар нэг дүрсийг бүтээж, мөргөхөд л “Шүтээн бүү хий” гэсэн хоёр дахь тушаал зөрчигддөг юм биш. Анхны тушаалыг зөрчвөл хоёр дахь тушаалыг ч зайлшгүй зөрчих болдог. Бурханы анхны тушаалыг зөрчих үедээ шүтээн бүтээж, түүндээ үйлчилсэн Иеробоамын явдлаас энэ талаар бид ухаарч болно.
Түүнчлэн зөвхөн ямарваа нэг дүрс хийж, үйлчлэх нь л шүтээн шүтэж байгаа хэрэг биш. Бурханы тогтоосон зарлигийг зөрчиж, өөр нэг зарлиг тогтоож сахивал энэ нь ч бас Бурханы үнэний эсрэг шүтээн бүтээсэн хэрэг. Дахин хэлэхэд Бурхан Амралтын өдрийг тогтоосон байхад ням гаргийг Амралтын өдөр гээд тэмдэглэвэл энэ нь Амралтын өдрийн шүтээн бүтээж буй явдал юм.
Гурав дахь тушаал ба түүний тайлбар
Гурав дахь тушаалын “Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд” (Дэд.Хуу 5:11) гэсэн нь зүгээр л Бурханы нэрийг хамаагүй дуудахгүй байлаа гээд уг тушаалыг бүрэн биелүүлчихэж байгаа хэрэг биш. Бид Эзэн Бурханыхаа нэрийг хуурмаг хоосонд дурдахгүй байх ёстой ч мөн дээдлэн хүндэтгэж дурдах ёстой гэсэн үг. Эзэний нэрийг хуурмаг хоосонд дурдах болон ариунаар дурдах талаар судалж үзэцгээе. Библид ийн айлджээ.
2Шас 2:4 『Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, … Түүнд би өргөө босгож байна. …』
1Хаа 8:30, 34-36 『Энэ газарт (өргөөнд) хандсан Таны боол болон Таны ард түмэн Израилийн гуйлтыг Та сонсооч. Тэнгэр дэх Өөрийнхөө залрах газраас сонсооч, анхаарч өршөөн соёрхооч. … Та тэнгэрээс сонсон…』
1Хаа 9:3 『… Би Өөрийн нэрийг энд үүрд мөнхөд гаргахаар, чиний барьсан энэ өргөөг ариусган тусгаарлалаа. …』
Гэт 20:24 『… Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.』
Эзэн нэрээ тавьсан газар бол ариун газар. Зөвхөн тэр ариун газарт л Эзэний нэрийг дурдан, тогтоосон зарлигийн дагуу Эзэний нэрийг ариунаар дээдлэн хүндэтгэж байсан юм. Хэрэв Бурханы тогтоосон зарлигийг биш, харин “Энэ өдрүүд бол бүтэн жилийн турш үйлдсэн нүглээ уучлуулдаг залбирлын хоногууд”, эсвэл “Энэ өдөр бол Амралтын өдөр” гэцгээн, эсвэл ариун зоогийн ёслолыг өөрсдийнхөө дураар үйлдэж “Энэ талх, дарс нь биднийг аварсан Есүсийн бие ба үнэт цус” гэх зэргээр хүний тогтоосон зарлигийг сахивал энэ нь л Бурханы нэрийг хуурмаг хоосноор дурдаж байгаа хэрэг болох төдийгүй Бурханыг ч мөн гутааж байгаа үйлдэл болно. Библид ийн айлджээ.
Дэд.Хуу 16:1-6 『… Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт чи Египетээс гарч явсан тэр цагт буюу үдшээр, нар шингэх үед Алгасалын тахилыг өргө.』Хэрвээ бид ариун зоогийн ёслол үйлдэхдээ Есүсийн хамгийн сүүлд шинэ гэрээ болгон тогтоож өгсөн тэр өдөрт нь Эзэний нэрийг ариунаар өндөрт өргөвөл Бурханд хичнээн тааламжтай байх бол оо?
Анхны тушаалыг зөрчих л юм бол гурав дахь тушаал ч бас зэрэг зөрчигдөх болдог. Өөрөөр хэлбэл Эзэний Амралтын өдөр байсаар байхад хэн нэгэн ням гаргийг Амралтын өдөр хэмээн мөргөл сахиж “Энэ өдөр бол Эзэний ариун Амралтын өдөр” гэж өндөр дуугаар хашхирвал энэ нь шүтээн бүтээж байгаагийн зэрэгцээ Эзэний нэрийг хуурмаг хоосноор дурдсан үйлдэл болно. Харин Амралтын өдрийг сахидаг хүний хувьд зарим үед ням гарагт мөргөл тэмдэглэлээ гэхэд энэ нь ямар нэг асуудал болохгүй.
Үүнчлэн Есүсийн шинэ гэрээ болгон тогтоосон тэр өдөр ариун зоогийн ёслол үйлддэг хүний хувьд жирийн үед ариун зоогийн ёслол үйлдсэн бол энэ нь шүтээн ч болохгүй, мөн Эзэний нэрийг хуурмаг хоосноор дурдсан хэрэг ч болохгүй юм. Энэхүү гурав дахь тушаалын талаарх тайлбар ч мөн гэрээний авдрын хажууд тавигдсан хуулийн номонд тодорхой бичигдсэн байдаг.
Дөрөв дэх тушаал ба түүний тайлбар
Библид “ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь” (Дэд.Хуу 5:12-14) хэмээж, Амралтын өдрийг Бүтээгчийг дурсах өдөр гэсэн утгаар “Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм” (Гэт 20:11) хэмээн айлдсан байдаг.
Амралтын өдрийг сахих тухайд эрт үеийн хууль тушаалууд нь ийм ажээ.
Тоо 28:9-10 『Харин Амралтын өдөр согоггүй хоёр эр хурга ба идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурил, үүний ундаан өргөлийг өргөгтүн. Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна Амралтын өдөр бүрийн шатаалт тахил болой.』
Мөн “Амралтын өдөр бүр Израилийн хөвгүүдийн өмнөөс тэр үүнийг ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ” (Лев 24:5-8, 1Шас 9:32, 23:31, 2Шас 2:4, Езе 46:4 харьцуулах) хэмээн айлджээ.
Эрт үед Мосегийн хуулинд Амралтын өдөр үйлддэг ёслол байсан учраас Амралтын өдрийг баяр хэмээн нэрлэж ч байжээ.
Лев 23:2-3 『—Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭН Миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болой. Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.』
Дөрөв дэх тушаал болох Амралтын өдрийг баяр гэж айлдсан учир нь Амралтын өдрийн зарлигийн дагуу ариун газарт өглөө, орой шатаалт тахил болон тавиг талх, ундаан өргөл зэргийг өргөх ёслол байдагт юм. Мөн Амралтын өдрийг зөрчих тухайд ийн айлджээ.
Гэт 35:2-3 『… Амралтын өдөр та нар гэр орондоо гал асааж болохгүй гэв.』
Гэт 31:15 『… Амралтын өдөр ажил хийдэг хэн боловч заавал үхэх ёстой.』
Тоо 15:32-36 『Израилийн хөвгүүд цөлд байх зуураа Амралтын өдрөөр гишүү түүж буй хүнийг олов. … Тэр хүн заавал үхэх ёстой. …』
Амралтын өдрийн талаарх дээрх үгс болон нарийн тодорхой тайлбарууд гэрээний авдрын хажууд тавигдсан хуулийн номонд тэмдэглэгдсэн байдаг юм.
2-р бүлэг Шинэ гэрээ ба хуучин гэрээ
Библи нь хуучин гэрээ ба шинэ гэрээнээс бүрддэг. Хуучин гэрээ нь эрт тогтоосон гэрээ, шинэ гэрээ нь шинээр тогтоосон гэрээ гэсэн утгатай. Христчүүдийн дунд хуучин гэрээ загалмайгаар устаж хүчингүй болсон, харин шинэ гэрээг сахих ёстой гэсэн нийтлэг үзэл байдаг. Хэрэв бид хуучин гэрээнд заасныг яг тэр хэвээр нь авч, сахивал Христийн ивээлээс таслагдах болно. Тиймээс бид Библийн шинэ гэрээнд заасныг эрж олоод, түүнийг дагах хэрэгтэй.
Бүх сургаалын хэм хэмжүүр нь Есүс. Есүс бол бидний Багш, бас Аврагч билээ. Түүний биечлэн зааж сургаж, бодитоор хэрэгжүүлсэн бүхий л сургаалыг нь дагах ёстой. Мөн Есүсээр шууд заалгаж байсан элч нарын сургасан зүйлс, зам мөрийг нь тэр хэвээр нь дагахад болно. Хэрэв элч нарын заасныг үл тоомсорлож, илүү сайн хийнэ гэсэн хүний бодол нэмж дагавал тэр нь тэрс үзэл юм. Библид ийн айлджээ.
Гал 1:6-9 『… Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч гэсэн бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. … би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.』
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэн нэг нэгээрээ өөрчлөгдөж эхэлсэн. Есүс Өөрийг нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний үр тарьсны дараа дайсан диавол буудайн дунд нь үрийн сүүл тарих талаар эрт үед зөгнөж байсанчлан (Мат 13:24-30 үзэх) амь руу хөтлөх жинхэнэ үнэн нь элч нарын үеийн дараагаас эхлэн балартсаар МЭ 167 онд Алгасал баярын ариун зоогийн ёслол өөр өдөр болж өөрчлөгджээ. Христийн шашны гол эрх мэдлийг барьж байсан Папын засаглалынхан, доктор Кид (Kidd) нар элч нарын үеэс уламжлагдаж ирсэн Алгасал баярын ариун зоогийн ёслолыг ариун тооллын нисан буюу эхний сарын 14-ний өдөр үйлддэг хүмүүст “тэрс” гэсэн ял шийтгэл тулгасан юм (A History of the Early Church to A.D. 500, 83хуу үзэх).
Түүнээс хойш Сатан улам бүр хэрцгийрэн гаарч, эцэст нь Амралтын өдрийг хүртэл өөрчилжээ. Алгасал баярыг МЭ 167 онд, Амралтын өдрийг МЭ 321 онд өөрчилжээ. Гэвч Бурханы жинхэнэ үнэн мөнхөд Сатанд гишгэгдсэн чигтээ байх боломжгүй юм. Зөгнөл ёсоор үе тус бүрд үнэний гэрэл дахин гарч ирэх болов. Мартин Лютер итгэлийн эрх чөлөөг, Баптист сүм баптисмыг, долоо дахь өдрийн Адвентист сүм Амралтын өдрийг сэргээжээ. Тэгэхээр одоо сүүлчийн нэг үнэн үлдсэн нь биднийг аминд хүргэх Алгасал баярын ариун зоогийн ёслол юм. Бид энэ сүүлчийн үнэн болох Алгасал баярыг бүрэн төгс сэргээн, амийн үнэнийг хайж буй хүмүүст бүгдэд нь дамжуулаад, Есүсийн морилон ирэх замыг бэлтгэн, Алгасал баярын Хурганы цусаар угаагдаж, мөнх аминд орох хэрэгтэй.
Миний одоо дамжуулж буй энэ мэдээ бол шинэ мэдээ биш, харин Есүсийн зааж өгсөн, элч нарын тунхаглаж байсан сайн мэдээ юм. Библид ийн айлджээ.
Фил 4:9 『Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.』
1Кор 11:23-26 『Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад, талархал өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга нь Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсаж үүнийг үйлд” гэсэн. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг юм.』 (Лук 22:7-20 харьцуулах)
Шинэ гэрээний гол цөм бол Алгасал баярын ариун зоогийн ёслол юм. Есүс болон элч Паул Алгасал баярын ариун зоогийн ёслолыг “шинэ гэрээ” хэмээсэн байдаг.
3-р бүлэг Шинэ гэрээний тогтолцоо
Шинэ гэрээ нь хуучин гэрээг гүйцээдэг болохоор үсгийн хуучин тогтолцоо нь сүнслэг тогтолцоо болж өөрчлөгдсөн юм. Учир нь Библид ийн айлджээ.
1Кор 5:7-8 『… Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид… баяраа тэмдэглэе.』
Евр 7:12 『Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог.』
Өөрөөр хэлбэл үсгийн тахилчийн үүрэг нь Сүнсний тахилчийн үүргээр өөрчлөгдсөн. Есүс Христ энэ нүгэлт ертөнцөөс (Египетээс) гарсан өдрийг бидэнд сануулахын тулд Египетээс гарсан тухайн үед тэмдэглэсэн Алгасал баярыг сонгож, шавь нартайгаа цуг Алгасал баярын сүүлчийн ариун зоогийн ёслолоор шинэ гэрээ байгуулжээ (Лук 22:7-13, 19-20, Гэт 13:8-10 харьцуулах).
Алгасал баяраар бид хурганы оронд Есүсийн биеийг бэлгэдсэн талх идэж, хурганы цусыг тахилын ширээ болон ард түмэн рүү цацахын оронд Есүсийн цусыг бэлгэдсэн усан үзмийн дарс уудаг. Ийнхүү бидний биеийг “Ариун Сүнс орших Ариун Сүнсний өргөө” болгон ариусгадаг шинэ гэрээний тогтолцоог Есүс бидэнд өгсөн юм. Тиймээс бид энэ өдрийг дурсаж, энэ өдрийг тунхаглах ёстой (1Кор 11:23-26, Лук 22:15-20, Иох 6:53-55 харьцуулах).
Хэрвээ Алгасал баярыг товлож тогтсон нэг өдөр сахих ёсгүй байсан бол Есүс энэхүү баярыг дурын нэг өдөр сахиж жишээ үзүүлэх байсан. Тэгтэл Есүс бидэнд жишээ үзүүлэх гэж Алгасал баярыг хүлээн, “Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” хэмээсэн. “Би зовохоосоо өмнө энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” (Лук 22:15) гэсэн нь Есүс Алгасал баяргүйгээр Өөрийн ажил хэргээ гүйцэлдүүлж чадахгүй байсан учраас тэр өдрийг хүсэн хүлээж, Алгасал баярын зоогийг шавь нартайгаа хамт барихыг ихэд хүсэж байсан юм. Тиймээс тэр ёслолыг Алгасал баярын зоог барих ёслол гэж тодорхойлсон байдаг (Лук 22:8-15, Мат 26:17, Мар 14:12-14 үзэх).
Иудей тооллын эхний сарын 14-ний өдөр буюу 1500 жилийн урт удаан хугацаанд Алгасал баярын хургыг уламжлал болгон нядалсаар ирсэн тэр сарын тэр өдөр, Есүс Христ шавь нартайгаа хамт Алгасал баярын зоог барьсан төдийгүй ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга болохын хувьд энэхүү баярыг Өөрийнхөө үхлийг дурсах өдөр болгон тогтоосон. Есүс Христ Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр эвлэрүүлгийн золиосоор шинэ гэрээг тамгалсан юм.
Алгасал баярын талх нь загалмайд цовдлогдсон Есүсийн бие болж, усан үзмийн дарс нь загалмайд урссан Есүсийн үнэт цус болсон. Алгасал баярын ёслол нь биднийг гэсэн Бурханы эвлэрүүлгийн агуу их хайрыг тодорхой харуулдаг. Есүс Алгасал баярын ариун зоогийн талаарх агуу зүйлсийг ийн айлджээ.
Лук 22:19-20 『Тэр талх авч, талархал өргөөд, хуваан тэдэнд өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм.』
Иох 6:53-56 『Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна.』
Дээрх үгс нь Есүс Өөрөө Алгасал баярын Хурга болж, загалмайд цовдлогдох биеэрээ болон загалмайд урсгах үнэт цусаараа Алгасал баярын ариун зоогийн ёслолыг тамгалсан юм. Тиймээс бид Алгасал баярын энэхүү ёслолоор дамжуулан Есүсийн дотор байж, мөнх амьтай болохын зэрэгцээ сүүлчийн өдөр аврагдах амлалтыг авах юм.
“Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм” (Лук 22:20) хэмээн, Тэрээр усан үзмийн дарсны тухай ийнхүү нарийн тайлбарласан.
Иох 15:5 『Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.』
Энэ үг нь сүүлчийн ариун зоогийн ёслол дээр Есүс шавь нартаа усан үзмийн дарс өгч байхдаа айлдсан үг юм. Эвлэрүүлгийн агуу хайрын үйлсээрээ Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр Есүс шинэ гэрээ байгуулж, ийн айлджээ.
Иох 13:34 『Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.』
Иох 15:12 『Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал.』
Иох 13:13-15 『Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.』
Иохан 13:34 ишлэлийн “Шинэ тушаалыг Би та нарт өгч байна” хэмээсэн үг нь Лук 22:20 ишлэлийн 「Энэ аяга нь та нарын төлөө урсах Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм」 гэсэн үгтэй адил юм. Бусад гурван сайн мэдээний номонд нь “шинэ тушаал” гэхийн оронд “шинэ гэрээ”, “гэрээ” гэх мэтээр тэмдэглэсэн бол Иохан номонд “шинэ гэрээ” гэхийн оронд “шинэ тушаал” (Иох 13:34, 15:10-12) хэмээн тэмдэглэсэн байна. Энэхүү шинэ гэрээ буюу шинэ тушаал нь биднийг аварсан Аврагч Эзэний дурсгалын өдөр юм. Энэ нь Есүс биднийг хайрласны адил бид бас Есүсийг хайрлан, мөн ах дүүс хоорондоо Есүс дотор бие биеэ хайрлах хайрын Алгасал баяр юм.
1Кор 10:16-17 『Бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугачдаг талх нь Христийн бие доторх оролцоо биш үү? Талх нэг тул бид олуулаа ч нэг бие. Учир нь бүгд нэг талхнаас хуваалцдаг.』 Алгасал баярын ёслолоор ах дүүс бие биенээ хайрлаад зогсохгүй Есүс дотор нэгэн бие болдог ажээ.
Хэн ч бай өөрийн биеийг үзэн яддаг хүн байхгүй. Тиймд бид Есүс дотор нэгэн бие болбол ах дүүсийнхээ биеийг өөрийн бие адил хайрлах юм.
Алгасал баяр ба сүүлчийн зоог
Зарим нэг хүмүүс Есүс сүүлчийн ариун зоогийн ёслолыг Алгасал баярын өдөр үйлдээгүй, харин баярын өмнөх өдөр буюу эхний сарын 13-ны өдөр нар шингэснээс хойш, үдэш үйлдсэн гэж үздэг. Гэвч Матай, Марк, Лук гэсэн гурван сайн мэдээний номонд Есүс “Алгасал баярын зоогийг бэлд” мөн “Энэхүү Алгасал баярын зоогийг та нарын хамт барихсан гэж ихэд хүссэн билээ” (Мат 26:17, Мар 14:12, Лук 22:7-8, 13-15 харьцуулах) гэж тодорхой айлдсан байдаг. Есүсийн Өөрийн айлдсан үгийг хэн үгүйсгэж чадах билээ?
Зарим хүмүүс Есүсийг Алгасал баярын өдөр загалмайд өргөгдсөн гэж ярьцгаадаг. Учир нь Есүс Алгасал баярын Хурга болсон юм чинь Алгасал баярын хургыг нядалдаг өдөр загалмайд өргөгдөх ёстой биш үү гэлцдэг. Ингэж тайлбарлах нь Есүсийн авралын ажилтай холбоотой баяруудыг ч мэддэггүй, тахилуудын бодит болсон Есүсээр биелэгдсэн зөгнөлүүдийг ч мэддэггүйтэй нь холбоотой. Зөгнөлийн биеллээс харахад Алгасал баярын хурганаас эвлэрүүлгийн тахил нь илүү том юм. Эвлэрүүлгийн тахилыг ариун тооллын 7 сарын 10-ны өдөр нядалдаг (Евр 13:11-12, Лев 16:27-34 харьцуулах). Тэгвэл Есүс эвлэрүүлгийн тахил болсон тул 7 сарын 10-ны Эвлэрүүлгийн өдөр бас загалмайд цовдлогдох ёстой биш үү?
Үнэндээ Есүс бүх баярын тахил болсон юм. Өдөр бүр өргөдөг байнгын шатаалт тахил (Гэт 29:38-39), Амралтын өдөр өргөдөг Амралтын өдрийн тахилын хурга (Тоо 28:9-10), Алгасал баярын хурга (1Кор 5:7-8), мөн эвлэрүүлгийн тахил ч болсон юм. Харин Есүс ариун тооллын эхний сарын 15-ны өдөр нас барж байж л зөгнөл хэвийн биелэгдэх юм.
Иудейчүүдийн хувьд Алгасал баяр хамгийн агуу өдөр болохоор нүгэлтнийг загалмайд цовдолдоггүй. Элч нарын үед ч Петр элч шоронд хоригдож байхад Алгасал баяр болж байсан тул Алгасал баяр өнгөрөхийг хүлээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Эзэний тэнгэр элч Петрийг шоронгоос гаргасан өдөр нь Алгасал баярын шөнө байжээ (Үйл 12:1-10 үзэх). Харин ариун тооллын эхний сарын 15-ны өдөр буюу Исгээгүй талхны баяр нь израиль ард түмний Египетээс гарсан өдөр юм (Тоо 33:3). Мөн Египетийн уугануудыг оршуулж байсан өдөр учраас (Тоо 33:4) иудейчүүд энэ өдөр нүгэлтнүүдийг загалмайд цовдолдог байсан нь уламжлал болон иржээ. Есүс нүгэлтэн бидний төлөө загалмайд цовдлогдон, хараал болсноороо хараагдсан биднийг хуулийн хараалаас зольж, аварсан юм. Библид ийн айлджээ.
Гал 3:13 『Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг』 хэмээв (Дэд.Хуу 21:22-23 харьцуулах).
Библийн олон ишлэлийг сайтар судалж үзвэл Есүсийн загалмайд өргөгдсөн өдөр нь Алгасал баярын дараагийн өдөр буюу Исгээгүй талхны баяр байсныг мэдэж болно. Тиймээс Есүсийн сүүлчийн Алгасал баярын зоогийг барьсан өдөр нь Алгасал баярын хурга нядалдаг өдөр болох эхний сарын 14-ний орой байсан юм. Учир нь Библид ийн айлджээ.
Мар 14:12 『Исгээгүй талхны баярын эхний өдөр, Алгасалын хурга нядлах үеэр шавь нар нь —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна вэ? …』
Хуучин гэрээний Алгасал баяр нь шинэ гэрээний толины тусгал
Одоо хуучин гэрээний үед израильчуудын тэмдэглэж ирсэн Алгасал баярын түүхэн ул мөрийг олж харцгаая. Тэд Алгасал баярыг хамгийн анх Египетэд тэмдэглэж, Египетээс гарсан байдаг (Гэт 12:12-42). Египетээс гарсныхаа дараа хоёр дахь жилд, цөлд майхан асрыг босгоод Алгасал баяр тэмдэглэсэн юм (Гэт 40:1-25, Тоо 9:1-14 харьцуулах). Мөн цөлийн амьдралын 40 жилийн төгсгөлд Канаан нутаг орохын өмнөхөн Иерихогийн талд Алгасал баяр тэмдэглэж Канаан нутагт орсон түүх байдаг (Иош 5:10-15). Израиль ард түмэн Канаан нутагт орсныхоо дараа Бурханы тушаалд дуулгаваргүй хандаж, Алгасал баяр сахиагүй юм. Улмаар Бурханд үйлчилж байна гэж бодон шүтээнд үйлчилж байгаад эш үзүүлэгчдийн сануулгаар Алгасал баярыг ухаарч сахин, шүтээнүүдийг устгасан Иосиа хаан ба Хезекиа хааны үеийн түүх бий (2Хаа 23:1-25, 2Шас 30:1-27, 31:1 харьцуулах). Вавилоны цөллөгөөс буцаж ирсэн ард түмэн Бурханы өргөөг барьж, Алгасал баяр ариунаар сахисан түүх ч бий (Езр 6:14-22). Мөн Есүс шавь нартайгаа шинэ гэрээний Алгасал баяр тэмдэглэсэн (Лук 22:7-20, 1Кор 11:23-26 харьцуулах). Ийнхүү Бурханы агуу үйл хэрэг гүйцэлдэх бүрд Алгасал баяраар Бурханы хүсэл илчлэгдэж байсан билээ.
Хуучин гэрээний үеийн Алгасал баяр нь сүүдэр юм. Харин бодит Алгасал баярын чухал асуудлууд сайн мэдээний үед байдаг юм. Толины тусгал болон бодитынх нь хоорондын холбоо хамаарлын төгс төгөлдөр зүй тогтлыг бүрэн ойлговол Есүсийн авралын ажил чухам юу вэ гэдгийг бид олж мэдэх юм. Товчхондоо бол Египетээс гарсан израильчуудын цөлийн дөчин жилийн түүх нь сайн мэдээний үе болох 2000 жилийн хугацаанд өрнөх үйл явдлыг харуулж өгч байгаа юм. Цөлийн дөчин жилийн түүхийг нарийн авч үзэлгүйгээр зөвхөн Алгасал баяртай холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулж үзье.
Египетээс гарахад тэмдэглэсэн Алгасал баяр нь толины тусгал, Есүс шавь нарын хамт сүүлчийн Алгасал баярыг тэмдэглэсэн нь бодит болж байна. Синаин цөлд гараад хоёр дахь жилдээ тэмдэглэсэн Алгасал баяр нь (Тоо 9:1-14) толины тусгал болж, Есүсийг тэнгэрт одсоны дараа элч нар шинэ гэрээний дагуу сахисан нь бодит болж, цөлийн дөчин жилийн шувтаргаар Канаан нутагт орохын алдад израиль ард түмэн Иерихогийн харалдаах Гилгалд Алгасал баяр тэмдэглэсэн нь толины тусгал болж, сайн мэдээний үеийн төгсгөлд, үлдсэн үр удмын тэнгэрийн Канаан орох бэлтгэл болгон сахих Алгасал баяр нь бодит болох юм.
Египетэд тэмдэглэсэн Алгасал баяр нь Мосегоор дамжуулан махан биеийн израиль ард түмнийг Египетээс цөл рүү хөтөлсөн юм. Энэ нь ирж буй юмсын толины тусгал байсан бол Есүс шавь нарын хамт сүүлчийн Алгасал баярыг тэмдэглэж, загалмай үүрэн сүнсний израиль ард түмнийг итгэлийн цөл рүү хөтөлсөн нь бодит болсон юм.
Чөтгөрийн нутагладаг газрыг илчилдэг Алгасал баяр
Элч Иохан чөтгөрүүдийн нутагладаг газар болон бузар сүнс бүрийн орогнох газрыг илчилж чадах үнэн гарч ирэх тухай ийн тэмдэглэжээ.
Илч 18:1-3 『Үүний дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн тэнгэрэлч тэнгэрээс буухыг би харав. Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв. Тэр хүчит дуугаар хашхиран —Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнох газар, бүх төрлийн бузар, жигшүүрт араатнууд ба шувуудын үүр болсон байна. …』
“Дэлхий түүний цог жавхлангаар гэрэлтэв” гэжээ. Энд гарч буй “түүний цог жавхлан” нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар жигшүүрт сүнс бүрийн орогнох газрыг илчлэх гэрэл гэсэн үг юм.
Иосиа хаан Бурханы өргөө чөтгөрүүдийн нутагладаг газар болсныг мэдэлгүй, мөн бузар жигшүүрт сүнс бүрийн орогнох газар болсныг ч мэдэлгүй 18 жилийн турш элдэв бузар чөтгөрүүд болон Баалд үйлчилж байсан юм. Харин Алгасал баярыг тэмдэглэхдээ өөрийн нүдээр Бурханы өргөөг харж, элдэв янзын чөтгөрийн нутагладаг газар болсныг мэдэж, улмаар тэр даруй бүх чөтгөрийг устган (2Хаа 23:1-7), Алгасал баяр сахисны дараа нутаг бүрд байсан шүтээн болон сүнс дуудагчдыг хүртэл бүгдийг устгасан юм (2Хаа 23:21-25).
Иймд Илчлэл 18:1-3 ишлэлийн цог жавхлан нь Есүсийн загалмайд урсгасан үнэт цусаар тогтоосон Алгасал баярын ариун зоогийн үнэний цог жавхлан юм. Үнэхээр энэ үнэнийг ухаарвал чөтгөрүүдийн нутагладаг газар нүдээр харж буй мэт илчлэгдэх болно. Тиймээс аль ч үед амьдарч байсан ард түмэн Алгасал баярыг тэмдэглэвэл өөр бурхдыг устгаж, цорын ганц Бурханд үйлчилж, үүгээрээ анхны тушаалыг дуулгавартай дагах болдог юм. Өнөө үед ч мөн адил Алгасал баярын үнэнийг ухаарч сахивал сүнслэг нүд нээгдэж, өөрөө ч мэдэлгүй шүтэж байсан шүтээнээ мэдэх төдийгүй сүм дотор байгаа олон шүтээнийг харж жигших болно. Тиймээс Сатаны хамгийн дургүй зүйл нь Алгасал баяр юм.
Сатан эрт цагт ч, эдүгээ ч Алгасал баярыг устгах гэж элдэв арга, заль мэх бүгдийг хэрэглэж байна. Египетээс гарсан тэр үед Алгасал баярын шөнө бүх бурхдыг шүүдэг өдөр болгон тогтоосон учраас арга ч үгүй юм. Алгасал баярыг жил бүр тэмдэглэвэл өөр бурхад халдан ирж чадахгүй.
Есүс энэ өдөр сүүлчийн Алгасал баярын зоог барьж, загалмайд цовдлогдох Өөрийн бие ба Өөрийн үнэт цусыг шавь нартаа өгч, Сатаны эрх мэдлийг булаан авах шинэ гэрээг шавь нартаа өгсөн юм. Тиймд хэрэв бид шинэ гэрээний тогтолцооны зарлигуудыг сахивал Сатан устана. Тэр гэрээг сахихгүй бол Сатан сүмийн эрх мэдлийг гартаа авч, Бурханы ард түмнийг аврал авхуулахгүйн тулд дарамт шахалт үзүүлэн, биднийг аварсан Аврагчийн дурсгалт өдрийг мартуулах юм.
Мосе Израилийн бүх чуулганы өмнө эцсийн сануулгын үгээ тунхаглахдаа өөрийг нь үхсэний дараа гарч ирэх хуурамч эш үзүүлэгчдийн тухай анхааруулсан байдаг. Библид ийн айлджээ.
Дэд.Хуу 13:5 『Харин Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс гаргаж авсан ЭЗЭН Бурханаас чинь та нарыг урвуулж, ЭЗЭН Бурханы чинь чамд яв гэж тушаасан замаас гаргах гэж ятгасан учир тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийг алах ёстой. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү арилган зайлуулах ёстой.』
“Эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгч” гэсэн нь “Египет нутгаас авчирсан, боолчлолын гэрээс Алгасал баяраар гаргаж авсан Эзэн Бурханаас чинь урвуулагч” нэгнийг заасан хэрэг. Өөрөөр хэлбэл тэд Алгасал баярыг сахиж чадахгүйд хүргэсэн хүмүүс гэсэн үг.
Сайн мэдээний үед элч Петр хожим гарч ирэх хуурамч эш үзүүлэгчдийн талаар сануулга өгч, ийн тэмдэглэжээ.
2Пет 2:1 『Харин хуурамч эш үзүүлэгчид ард түмний дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна. Тэд өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна.』
“Өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж” гэсэн үг нь эвлэрүүлгийн агуу үйлсээр байгуулсан Алгасал баярын ариун зоогийн ёслолоос урвасан хүмүүс гэсэн үг юм. Энэ тухай элч Паул хэлэхдээ 『Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?』 (Евр 10:29) хэмээсэн байдаг.
“Өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож” гэсэн үг нь Алгасал баярын ариун ёслолыг бузар гэж үздэг хүмүүсийг зааж байгаа хэрэг. Өнөө үед ч мөн Сатан Есүст загалмайгаар булаалгасан эрх мэдлээ дахин булаах гэж Бурханы ард түмэнд шинэ гэрээний цусаар өөрсдийг нь ариусгасан Аврагч Эзэний өдрийг сануулахгүйн тулд элдэв заль мэх бүгдийг хэрэглэж байгаа. Ингэж авирласнаараа тэнгэрийн ариун газар үйлддэг Тэргүүн тахилчийн зуучлах ажлыг Бурханы ард түмэнд ухааруулахгүй, мөн биднийг Есүстэй харьцаж чадахгүй байлгах нь Сатаны зорилго юм.
Сатан бидний хамгийн сайн мэдэж, анхаарч байх ёстой зүйлсийг бодуулахгүйн тулд бидний сэтгэлийг өөр зүйлд хандуулах гэж элдэв бусын муу муухай арга мэх сүвэгчилнэ. Тэр мэхлэгчийн толгойлогч нь эвлэрүүлгийн золиос болон төгс хүчит Зуучлагчийн үүргийг тодорхой харуулдаг агуу үнэнд илт дургүй байдаг юм.
Газар дээрх ариун газар нь тэнгэр дэх ариун газрын сүүдэр юм. Есүс Христ 3 удаагийн 7 баярын дагуу Өөрөө гүйцэлдүүлсэн тэр өдрүүдэд, дэлхий дээр байгаа ард түмнийхээ төлөө зуучлан залбирч (Евр 7:25, Ром 8:26-27, Ром 8:34, Иса 53:12 үзэх), энэхүү үнэнийг ухаарч, сахидаг хүмүүсийг Есүстэй харилцаж чадахаар болгож, тэнгэр дэх Эцэгийн сэтгэлийг газар дахь хүүхдүүд нь ухаарахын зэрэгцээ газар дахь хүүхдүүдийнх нь сэтгэлийг тэнгэр дэх Эцэг рүү нь эргүүлдэг юм.
Тийм учраас Алгасал баяр нь үнэхээр ер бусын, гайхалтай амийн үнэн юм. Бид шинэ гэрээний Алгасал баярыг сахивал нэгдүгээрт, Есүсийн цусаар нүгэлт ертөнцөөс аврагдаж, хоёрдугаарт, өөр бүх бурхад устах тул зөвхөн Бурханд үйлчилснээрээ анхны тушаалыг сахих юм. Гуравдугаарт, Алгасал баярын Хурганы цусаар амийн мод руу болон ариун хот руу орох эрхтэй болох юм. Тийнхүү эцэст нь сүүлчийн долоон гамшгаас аврагдах тэмдэг ч бас болох юм (Евр 10:19-20, Гэт 12:13-14, Езе 9:4-7, Илч 7:14, Илч 22:14 үзэх).