Долоон аянга дунд нууцлагдсан нууц

33886 읽음

Илчлэл номноос харахад Бурхан долоон аянгыг яриулж, элч Иоханд тэдгээрийг бүү бич, битүүмжил гэж тушаасан байдаг.

“Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.” Илч 10:4

Долоон аянга үүрд битүүмжлэгдсэн чигтээ байх уу, эсвэл хэзээ нэгэн цагт дахин нээгдэх юм болов уу? Олон теологич, пасторууд “Энэхүү нууцыг битүүмжилсэн тул хэн ч мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй” гэж санал нэгтэй хэлдэг л дээ. Гэвч хэрэв долоон аянга нь итгэгчдийн мэдэх ёсгүй, мэдэх шаардлагагүй зүйл байсан бол анхнаасаа Библид ч бичигдэх ёсгүй байсан шүү дээ. Гэтэл долоон аянгыг яриулаад, ярьсныг нь битүүмжилж. Эндээс авч үзэхэд Бурхан Өөрийн хүмүүстээ долоон аянгаар мэдүүлэхийг хүссэн ямар нэг онцгой зүйл байгааг бид тодорхой ойлгож болох юм.

Битүүмжлэгдсэн долоон аянга нээгдэх цаг бий

Үнэндээ бид “битүүмжил” гэсэн үгнээс нээгдэх цаг байгааг таамаглаж болно. Дээхэн үед хүмүүс захиа илгээхдээ өөр бусад хүнд уншуулахгүйн тулд битүүмжилдэг байсан. Битүүмжилсэн захиа хэрэв хүлээн авагчид хүрэх л юм бол тэр үед хүлээн авагч нээж, юу бичсэнийг нь унших нь лавтай. Өөрөөр хэлбэл захиа нь зөвхөн хүлээн авагчийн гарт очих хүртэл л битүүмжлэгдэнэ гэсэн үг. Битүүмжилсэн гээд үүрд нээж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Долоон аянга ч адилхан.

“Харин долоо дахь тэнгэрэлчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.” Илч 10:7

Энд Бурханы нууц гэсэн нь уг бүлгийн 4-р ишлэл дэх битүүмжлэгдсэн долоон аянгыг зааж байна. Гэвч тэрхүү нууцыг “төгсөнө” гэж хэлжээ. Бурхан Өөрийн нууцаа илчлэхгүйгээр юу ч хийхгүй юм (Амо 3:7). Бурханы нууц төгсөхийн тулд тэрхүү нууц эхлээд нээгдэх ёстой шүү дээ. Битүүмжлэгдсэн долоон аянгын нууц ч гэсэн мөнхөд лацдагдсан чигтээ байх биш заавал нээгдэж, “төгсөх” учиртай.

Долоон аянга гэж юу вэ?

Төгс аянга, Арван тушаал

Библид Бурханы дуу хоолойг “аянга” гэж бичсэн байдаг. Учир нь Бурханы дуу хоолойг зөв сонсож чадахгүй хүмүүст тэрхүү дуу хоолой нь аянгын дуу мэт сонсогддог байжээ.

“Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан.” Иох 12:28-30

Бурханыг “Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна” гэж хэлэхэд бусад хүмүүс аянгын дуу гэж сонссон боловч элч Иохан үүнийг зөв ойлгоод, бичиж үлдээсэн юм. Бурхан элч Иоханд онцгойлон Бурханы дууг шууд сонсож чадах чих заяасан. Тиймээс Иохан элч долоон аянгыг зөв ойлгож, агуулгыг нь бичих гэсэн боловч Бурхан түүнд битүүмжлэхийг тушаасан тул тэрээр “долоон аянга” гэж л тэмдэглэсэн юм.

Долоогийн тоо бол төгс тоо. Учир нь Бурхан тэнгэр газар, түг түмнийг бүтээгээд долоо дахь өдрөө амарч, тэр өдрийг ерөөн, ариун болгосон шүү дээ. Тиймээс хэрэв бид долоог “төгс” гэдэг үгээр орлуулах юм бол долоон аянга нь “төгс аянга” болно гэсэн үг. Тэгэхлээр төгс аянга гэж юу юм бол? Ганц хоёрхон хүний өмнө цахисан аянга биш, харин Бурханы ард түмэнд бүгдэд нь тунхагласан аянгыг “төгс аянга” гэх юм.

Хэрэв бид Библийн түүхийг судлаад үзэх юм бол Бурхан ердөө ганц л удаа бүх ард түмнээ цуглуулж, тэдэнтэй ярилцсан байдаг. Мосегийн үед Бурхан Синаи ууланд галын дөл дундаас Арван тушаалаа тунхагласан. Тэрээр Синаи уулан дээр буун ирж, Арван тушаалаа аянгын дуугаар тунхагласан билээ.

“Бурхантай уулзахаар Мосе ард түмнийг хуарангаас дагуулан гарч, тэд уулын бэлд зогслоо. Бурхан галаар буун ирсэн учир Синаи уул бүхэлдээ утаанд автав. …” Гэт 19:17-18

“Бурхан энэ бүх үгийг айлдан хэлжээ. —Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй. … Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв. Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа…” Гэт 20:1-3, 17-18

Ийнхүү Бурхан эхнийхээс арав хүртэлх тушаалаа Израилийн нийт ард түмний өмнө биечлэн айлдсан юм. Тэгэхэд ард түмэн ихэд айж, “Бурхан бидэнтэй бүү яриг, эс тэгвэл бид үхнэ” гэцгээдэг (Гэт 20:19). Мосе аянгын дууг зөв ойлгож, Библид тэмдэглэж үлдээсэн боловч ард түмэн үүнийг ойлгоогүй, ердөө аянга дуугарахыг л сонсжээ. Тиймээс Синаи ууланд цахисан аянга нь Арван тушаалыг хэлж байна.

Арван тушаал ба Бурханы баяр

Арван тушаалын талаар олон хүн тодорхой мэддэг бөгөөд бүх христчүүд үүнийг сахих ёстой гэдэгт итгэдэг. Гэвч Библид яагаад долоон аянга болох Арван тушаалыг битүүмжилсэн гээ юм бол? Үнэн хэрэгтээ Библид Арван тушаалтай адилхан утга агуулгатай хууль байдаг бөгөөд уг хуулийг битүүмжилсэн гэсэн утгатай юм. Энэ нь гурван удаагийн долоон баяр юм.

“Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв. … Тэрээр Арван Хууль буюу гэрээний үгсийг хавтангууд дээр бичив.” Гэт 34:27-28

Бурхан гэрээний үгс болох Арван тушаалыг чулуун хавтан дээр бичихээсээ өмнө “Энэ үгсийн дагуу гэрээ байгуулсан” гэж айлджээ. “Энэ үгс” болон “гэрээ” нь өөрөөр хэлбэл Арван тушаал нь ижилхэн утгатайг бид харж байна. Хэрэв бид уг бүлгийн уялдаа холбоог ажиглавал Арван тушаалтай адилхан утгатай “энэ үгс” гэдэг нь Бурханы баярыг сахь гэсэн утга болох юм.

“Чи Исгээгүй талхны баярыг сахь. … Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ. … Дараа нь Мосед ЭЗЭН —Чи энэ үгсийг бичиж ав. Учир нь энэ үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ гэв.” Гэт 34:18-27

Бурхан ингэж бидэнд Исгээгүй талхны баяр, Долоо хоногуудын баяр, Ургац хураалтын баяр (Майхан баяр) гэх гурван удаагийн баяр сахихыг айлдаад, дараа нь “энэ үгс”-ийн утгын дагуу “Арван тушаал” гэх гэрээг байгуулна гэжээ. Тиймээс Бурханы баярыг сахиарай гэсэн үг ба Арван тушаал сахиарай гэсэн үг нь үндсэндээ ижилхэн утгатай юм.

Баяр сахиснаар бид Арван тушаалыг бүрэн дүүрэн сахиж чадна гэдгийг үүгээр баталж болох юм. Тухайлбал Алгасал баяр тэмдэглэснээр бид өөр бурхдад бүү үйлчил гэсэн эхний тушаалыг болон шүтээн бүү шүт гэсэн хоёр дахь тушаалыг биелүүлэх юм. Хэрэв бид Алгасал баяр сахих юм бол өөр бурхад шийтгэл амсан, ингэснээр бүх шүтээн устаж, улмаар бид зөвхөн Бурханд л үйлчлэх боломжтой болно (Гэт 12:11-12).

Гэсэн ч Библийн эдгээр сургаалыг мэддэггүй хүмүүс Арван тушаалыг нандигнадаг мөртлөө Бурханы баяруудыг тэмдэглэх шаардлагагүй гэж үздэг. Эндээс харсан ч бид Илчлэл 10-р бүлэгт гарч байгаа “битүүмжилсэн” долоон аянга нь Бурханы баяр гэдгийг ойлгоно.

Битүүмжилсэн долоон аянгын нууц нь “Шинэ гэрээний баярууд”

Илчлэл номд лацдагдсан гэх долоон аянга нь Есүсийн тогтоосон шинэ гэрээний баяр мөн болохыг тодорхой илэрхийлдэг. Есүс Мосегийн үед тунхагласан хуучин гэрээний баяруудыг шинэ гэрээний үед Бурханы ард түмний сахих ёстой байсан шинэ гэрээний баяр болгон гүйцэлдүүлжээ (Мат 5:17, Евр 7:12). Тэрээр шинэ гэрээний Алгасал баяраар нүглийн уучлал болон мөнх амийн ерөөл өгч (Мат 26:17-28), Пентэкостын өдрөөр Ариун Сүнс буулган (Үйл 2:1-4), Майхан баяраар амийн ус амласан юм (Иох 7:2, 37-38). Хүн төрөлхтний авралд зайлшгүй шаардлагатай алив ерөөл гагцхүү баяраар л зөвшөөрөгдөнө.

Гэвч шинэ гэрээний баярууд цаг хугацааны явцад замхарч алга болов. Есүс болон элч нар хорвоог орхисны дараа сүм ертөнцийн зан үйлд уусан, харийн шашны сургаал номлол нэвтэрч, улмаар Есүсийн сургаал биш хуурамч сургаал сүмд газар авсан юм. Энэ бүхэн Сатаны эсэргүүцэл сааднаас болж Бурханы цаг үе, хуулиуд (баяр) өөрчлөгдөнө гэж зөгнөсөн ёсоор болжээ.

“Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. …” Дан 7:25

Ийнхүү устаж үгүй болсон шинэ гэрээний баяруудыг өнөөг хүртэл хэн ч тэмдэглээгүй, эдгээрийг санадаг ч үгүй байв. Удаан хугацаанд битүүмжлэгдсэн болоод тэр л дээ. Тиймээс Библид долоон аянга битүүмжлэгдэнэ гэж зөгнөсөн хэрэг (Илч 10:4).

Битүүмжилсэн долоон аянгын нууцыг хэн нээх вэ?

Тэгэхээр долоон аянгын нууцыг хэн нээж чадах бол?

“Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном сэнтийд Залрагчийн баруун мутарт байхыг би үзэв. Мөн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэрт ч, газарт ч, газрын доор ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй. Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав.” Илч 5:1-4

Элч Иохан ном нээгдээгүйг хараад ихэд уйлсан байна. Битүүмжлэгдсэн тэрхүү нууц нь хүн төрөлхтний авралтай шууд холбоотой чухал асуудал байсныг эндээс бид таамаглаж болох нь. Харин дараа нь тэрхүү нууцыг тайлах Нэгэн гарч ирнэ.

“Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав.” Илч 5:5-6

Тэнгэр ч, газарт ч, газрын доор ч хэн ч Бурханы лацадсан нууцыг нээж чадаагүй бөгөөд гагцхүү Давидын Үндэс л нээж чадна гэжээ. Давидын Үндэс нь Есүсийг илтгэдэг (Илч 22:16). Гэтэл “Нядлуулсан Хурга” гэж бичсэн тул энэ нь загалмайн өвдөлт амссаны дараа гарч ирэх Есүсийг, өөрөөр хэлбэл Хоёрдугаар Есүсийг зааж байна. Тиймээс долоон аянгын нууцыг зөвхөн Хоёрдугаар Христ л нээж чадах аж.

2000 жилийн тэртээ хүн төрөлхтнийг аврахын тулд Есүсийн тогтоосон шинэ гэрээний баярууд Библид тодорхой бичигдсэн байдаг. Гэтэл шинэ гэрээний баярууд устаж үгүй болсноос хойш 1600 орчим жилийн хугацаанд үй олон шашин шинэчлэгч, теологич, пасторууд төрөн гарсан ч тэдний хэн нь ч шинэ гэрээний баярууд болон тэдгээрт нууцлагдаж байсан гайхалтай ерөөлүүдийг илчилж чадаагүй юм. Долоон аянгын нууцыг яагаад тэдний хэн нь ч илчилж чадаагүй юм бол? Учир нь тэд Давидын Үндэс биш юм.

Зөвхөн Ан Сан Хун Христ л Есүсийн жишээ үзүүлж, элч нарын сахиж байсан шинэ гэрээний Алгасал баяраас эхтэй гурван удаагийн долоон баярыг зааж, сахидаг байв. Тиймээс долоон аянгын нууцыг нээж, түүн дотор нууцлагдсан гүн хүслийг бүрэн төгс нээсэн Ан Сан Хун Христ бол Давидын Үндэс, Хоёрдугаар Христ гэдэг нь гарцаагүй байна.

FacebookXEmailLineMessage
Холбоотой бичвэрүүд
Буцах

Site Map

사이트맵 전체보기