
Өнөө үед дэлхий дээр шашны өөр өөр зарчимтай үй олон сүм бий. Тэгэхээр 2000 жилийн өмнө христийн шашин анх бий болж байсан тухайн цаг үед ямар байсан юм бол? Есүсийн байгуулж, элч нарын явдаг сүм янз бүрийн урсгалтай байсан биш, ердөө ганцхан сүм байсан. Анхны сүм зөвхөн Есүсийн жишээг дагаж, итгэлийн зөв замаар замнасан юм. Христийн шашны жинхэнэ итгэлийн зарчмыг дагаж байсан анхны сүм чухам ямар нэртэй, ямар үнэнийг чандалдаг байсныг, мөн өнөө үед аль сүм тэрхүү уламжлалыг өвлөн авсныг Библиэс судалцгаая.
Анхны сүмийн нэр: Бурханы сүм
Ямар нэг компани юм уу дэлгүүр хоршоо заавал нэртэй байдаг шүү дээ. Үүнтэй адил Есүсийн байгуулсан сүм ч мөн нэртэй байжээ. Шинэ гэрээний Библид сүмийн нэрийг “Бурханы сүм” гэж тэмдэглэсэн байдаг.
“Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан,” 1Кор 1:2
1Коринт ном нь элч Паулын Коринт нутаг дахь анхны сүмийн итгэгчдэд илгээхээр бичсэн захидал юм. Тэгэхдээ Паул тухайн сүмийг “Коринт дахь Бурханы чуулган” гэж дурджээ.
“Учир нь иудеизм доторх миний урьдын амьдралын хэв маяг болон хэрхэн Бурханы чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байсныг минь та нар дуулсан.” Гал 1:13
Элч Паул мөн өөрийгөө “иудеизм”-д харьяатай байхдаа “Бурханы чуулган”-ыг хавчиж байснаа ч энд өчсөн байна. Паул Есүсийг хүлээн авахаасаа өмнө Есүсийн байгуулсан сүмийг ноцтой хавчиж байсныг хүмүүс мэднэ шүү. Энэ бүхэн нь Есүсийн байгуулсан сүмийн нэрийг “Бурханы чуулган” буюу “Бурханы сүм” гэдэг байсныг харуулж байна.
Анхны сүмийн үнэн
Гэвч нэр нь л “Бурханы сүм” байлаа гээд тэр сүмийг Есүсийн байгуулсан, элч нарын явдаг байсан сүм гэж хэлэх аргагүй шүү дээ. Бурханы жинхэнэ сүмд Бурханы тушаалууд байх учиртай. Бурханы мөн чанар бүхий Есүс үргэлж Өөрөө үйлдэн жишээ үзүүлж, итгэгчдийн сахих ёстой тушаал юу болохыг зааж сургасан байдаг (Иох 13:15). Есүсийн жишээ үзүүлж, элч нарын дагаж байсан үнэнд шинэ гэрээний Амралтын өдөр, Алгасал баяр, баптисм гэх мэт тушаал бий.
Шинэ гэрээний Амралтын өдөр
Долоо дахь өдрийн Амралтын өдөр бол Бүтээгч Эзэний ариун дурсгалт өдөр юм (Эхл 2:1-3, Гэт 20:8-11). Хуучин гэрээний үед мал амьтны цусыг тахил болгон Амралтын өдөр сахидаг байв. Шинэ гэрээний үед Есүс сүнсээрээ, үнэнээр мөргөдөг шинэ гэрээний Амралтын өдөр сахих жишээг бидэнд үзүүлсэн юм.
“Есүс Өөрийн өссөн хот Назарт ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Бичвэрээс уншихаар бослоо.” Лук 4:16
Амралтын өдрийг “заншсан ёс” болгон сахиж байсан Есүсийн жишээг дагаж, анхны сүмийн элч нар болон итгэгчид ч мөн Амралтын өдрийг сахидаг байв.
“Энэ нь Амралтын өдөр эхлэхийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн ба үнэрт тос бэлджээ. Амралтын өдөр тэд тушаалын дагуу амрав.” Лук 23:54-56
“Амралтын өдөр өнгөрөхөд… Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, …” Мар 16:1-9
Есүсийг “долоо хоногийн эхний өдөр” амилсан гэж Библид бичсэн байна. Есүс ням гарагт амилсан тул итгэгчдийн тэмдэглэдэг Амралтын өдөр нь өнөөгийн бямба гарагтай таарч байгаа юм. Анхны сүм Есүсийн жишээг дагаж, долоо дахь өдөр (бямба гарагт) шинэ гэрээний Амралтын өдөр сахидаг байжээ. Бурханы сүм Есүс болон элч нарын нэгэн адил Амралтын өдөр буюу бямба гарагт мөргөлөө тэмдэглэдэг нь ийм учиртай.
Шинэ гэрээний Алгасал баяр
Хүн төрөлхтөнд мөнх амь өгөхөөр энэ дэлхий дээр ирсэн Есүс (Иох 10:10) бидэнд мөнх амь хэрхэн авах аргыг биечлэн заасан юм.
“Есүс тэдэнд… Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай…” Иох 6:53-54
“Исгээгүй талхны баярын эхний өдөр… Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. … Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.” Мат 26:17-20, 26-28
Есүс Алгасал баярыг Библид тэмдэглэгдсэн огнооны дагуу (Лев 23:5) ариун тооллын эхний сарын 14-ний үдэш шавь нарын хамт тэмдэглэсэн юм. Мөн Тэрээр Алгасал баярын талх, дарсыг Өөрийнх нь мах, цус хэмээн гэрээлжээ. Иохан номд байгаа “Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай” гэсэн үгтэй харьцуулаад үзэхэд Алгасал баяр нь Есүсийн мах, цусанд оролцож, мөнх амь авах боломж бидэнд олгодог үнэн аж.
Есүс Алгасал баярыг “Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ” гэж нэрлээд, “Намайг дурсаж үүнийг үйлд” хэмээн айлдсан юм (Лук 22:15-20). Дээрх үгийн дагуу анхны сүмийн элч нар болон итгэгчид Есүсийн загалмайн дараа ч шинэ гэрээний Алгасал баяр сахидаг байжээ.
“Учир нь Алгасал баярын хурга маань болох Христ ч нядлуулсан. Иймд бид… баяраа (Алгасал баяр) тэмдэглэе.” 1Кор 5:7-8
Зарим хүн Алгасал баярын ариун зоогийг Амилалтын баяртай адилтган авч үздэг. Гэвч Алгасал баяр бол Есүс загалмай дээр зовохоосоо өмнө үйлдсэн ёслол юм (Лук 22:15). Тэгэхээр энэ өдөр нь загалмайд амьсгал хураасныхаа дараа үхлийн эрх мэдлийг устгаж, амилсан өдрөөс тэс өөр байна. Иймд Бурханы сүм Есүс болон элч нарын нэгэн адил ариун тооллын эхний сарын 14-ний үдэш Алгасал баярын ариун зоогийн ёслол үйлддэг юм.
Амилалтын баяр, Пентэкостын өдөр
2000 жилийн өмнө Есүсийн үзүүлсэн хүч чадлын үйл хэрэг дундаас амилалт болон Ариун Сүнс бууж ирсэнтэй холбоотой түүхийг орхигдуулж болохгүй юм. Анхны сүмийн итгэгчдийн итгэлийг бэхжүүлж, сайн мэдээний сэргэлтийг авчирсан энэхүү түүх Бурханы тушаасан баяруудаар биеллээ олсон билээ.
Ургацын анхны үрийн баяр (初實節) нь хуучин гэрээний үеэс хойш жил бүр тэмдэглэгдсэн, ургацынхаа анхны үр жимсийг Бурханд өргөдөг байсан баяр юм (Лев 23:10-11). Есүс амилснаараа “нойрсогсдоос анхны үр жимс” болсон байдаг (1Кор 15:20). Хуучин гэрээний баярын дагуу авч үзвэл Тэрээр Ургацын анхны үрийн баярын тахил болсон хэрэг. Анхны сүмийн итгэгчид Ургацын анхны үрийн баярын зөгнөлийг биелүүлсэн Есүсийн амилалтыг дурсан, сүнслэг нүд цэлийтэл нээх ерөөлтэй талх хуваан Амилалтын баяраа тэмдэглэдэг байв (Үйл 20:6-7).
Хуучин гэрээний Ургацын анхны үрийн баяраас хойш тавь дахь өдөрт нь Долоо хоногуудын баяр буюу Пентэкостын өдөр болдог байв (Лев 23:15-18). Есүс амилсныхаа дараа 40 дэх хоног дээрээ тэнгэрт одсон юм. Үүнээс хойш 10 хоногийн турш итгэгчид чин сэтгэлээсээ залбирч, эцэст нь Есүс Пентэкостын өдөр итгэгчдэд Ариун Сүнсний ерөөл буулгасан (Үйл 2:1-4). Тэр өдөр Ариун Сүнсний хүчээр 3000 хүн гэмшиж, Христийг хүлээн авах гайхамшигт үйл явдал тохиосон байдаг. Тэр цагаас хойш анхны сүм жил бүр Пентэкостын өдрийг тэмдэглэдэг байв (1Кор 16:8).
Баптисм, толгойны алчуурын зарлиг, Исгээгүй талхны баяр, Майхан баяр…
Есүс баптисм хүртэж ( Мат 3:13-16 ), баптисм хүртээхийг ч тушаасан (Мат 28:19). Элч нар Есүсийн сургасан ёсоор сайн мэдээ сонсоод ухаарсан хүмүүст тэр даруй баптисм хүртээдэг байжээ (Үйл 8, 10, 16-р бүлэг үзэх). Түүнчлэн Христийн жишээг дагадаг анхны сүмд залбирах эсвэл мөргөл тэмдэглэхдээ эрэгтэй хүн толгойгоо бүтээдэггүй, харин эмэгтэй хүн толгойны алчуур зүүдэг заншилтай байв (1Кор 11:1-16).
Есүсийн жишээгээр үзүүлж, заасан өөр олон үнэн бий. Есүс мөн “Хүргэн тэднээс аваачигдах өдөр” мацаг барихыг тушаагаад (Мар 2:19-20), Алгасал баярын маргааш нь буюу Исгээгүй талхны баяраар загалмайд амьсгал хураасан юм (Мар 15:1-37). Иймээс шинэ гэрээний үед Христийн зовлонд оролцохын тулд Исгээгүй талхны баяраар мацаг барьдаг. Есүс мөн Майхан баяр тэмдэглэж, амийн ус лугаа Ариун Сүнсний ерөөлөө амласан (Иох 7:2, 37-39). Энэ бүх үнэн Есүсийн байгуулж, элч нарын явж байсан Бурханы сүмд зайлшгүй байх ёстой шинэ гэрээ юм.
Бид анхны сүмийн итгэл рүү буцах учиртай
Бурханы тушаалыг орхигдуулан хүний тушаалыг сахиж, Бурханыг зөвхөн амаараа л хүндэтгэдэг хүмүүсийн тухайд Есүс тэднийг дэмий мөргөж байна хэмээн хэлсэн байдаг (Мат 15:7-9). Тэрээр мөн Бурханы хүслийг биш ёс бус үйлдэгчдийг тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй гэдгийг ч анхааруулсан (Мат 7:21-23). Тийм ч учраас анхны сүмийн элч нар Христийн сайн мэдээнээс өөр сайн мэдээг тунхаглах вий хэмээн анхааруулсан байдаг.
“[Христийн] нигүүлслээр та нарыг дуудсанаас ялгаатай сайнмэдээ уруу та нар ийм түргэн эргэсэнд би гайхаж байна. Өөр сайнмэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг үймүүлж, Христийн сайнмэдээг гуйвуулахыг хүсэж байна. Харин бид ч, эсвэл тэнгэрийн зарлага элч ч бидний [та нарт] тунхагласнаас өөр сайнмэдээг тунхаглавал тэрээр хараагдаг. … Хүлээж авснаас чинь өөр сайнмэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг.” Гал 1:6-9
Гэвч харамсалтай нь элч нар энэ хорвоог орхисны дараа сүм аажмаар ертөнцөд уусан, харийн шашны янз бүрийн зан үйлийг оновчтой болгон тайлбарлаад сүм дотор оруулж ирсэн байдаг. Үүний уршгаар ням гаргийн мөргөл, Христмас гэх мэт хүний үзэл бодол, нарны бурхны зан үйл хосолсон хуурамч сургаал номлол сүмд газар авав. Улмаар Есүсийн байгуулсан шинэ гэрээний үнэн ч мартагдсан байна.
Хэдийгээр үй олон хүн тэдгээр сургаал номлолыг дагасан ч хэрэв тэр нь Бурханы хүсэл биш л бол авралтай ямар ч холбогдолгүй юм. Хэрэв та Бурханд зүй ёсоор итгэж, аврал аваад тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэж л байгаа бол хүний тушаалуудыг биш Бурханы тушаалуудыг сахидаг сүм олох ёстой. Тийнхүү өөр сайн мэдээнээс татгалзаж, гагцхүү Христийн сайн мэдээг нандигнан сахиж байсан анхны сүмийн итгэлийг сэргээсэн тийм сүм олох учиртай юм шүү.
Өнөө үед шинэ гэрээний Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэт анхны сүмийн цэвэр үнэнийг чандлан хадгалж байгаа цорын ганц сүм бол Хоёрдугаар Христ Ан Сан Хун Бурханы үүсгэн байгуулсан Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг билээ. Тиймээс Бурханы сүм бол 2000 жилийн тэртээх анхны сүмийн уламжлалыг өвлөн авсан, энэ дэлхий дээр Бурханы байгуулсан цорын ганц үнэн сүм юм.